Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/273

 

 

 

 

 

 

 

2025             02            25                                         2025/ДШМ/273

 

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х- болон түүний өмгөөлөгч Л.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Х-д холбогдох эрүүгийн 2305016651169 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г-ын Х-, 1993 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ...г гэх хоолны газарт ахлах тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:... /,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнссэн,

            Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлж, урьд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаар захирамжаар 01 жил 02 сарын хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Г.Х- нь 2023 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” нэртэй зочид буудлын 312 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, тухайн буудлын өрөөнд унтаж байсан иргэн Д.Д-ын өмчлөлийн “айфоне 13 про макс” загварын нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар авсны улмаас, түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ын урьд цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тухайн үед хохирогч Д-аас зөвшөөрөл авч өрөөнд нь орсон байхад шүүхээс намайг хохирогч Д-ын түр амьдарч байсан буудлын өрөөнд орсон нь хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан объектод хууль бусаар нэвтэрч гар утсыг хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн зорилго нь хүнийг цээрлүүлэх эс бөгөөс нийгэмшүүлэх. Иймд ял өгөхдөө бус асуудлыг олон талаас нь харж бодит үнэн байдалд тулгуурлан аль болох иргэндээ ээлтэй хүнлэг, энэрэнгүй шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Миний бие өнөөдөр амьдралаа авч яваа явдал бол хулгай хийж биш ямар ч нөхцөлд өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэн эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, албан тушаал дэвшиж амьдралаа дээшлүүлж олон уралдаан тэмцээнд орж өөрийгөө хөгжүүлэх бодол сэтгэлээр амьдарч яваа юм. Нэг өдрийн зугаа цэнгэлээс болж амьдралдаа дахин нэг удаагийн алдаа гаргасан минь миний хувьд байж боломгүй зүйл болсон билээ. ... иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулвал миний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлж, зөвхөн хуулийн дор амьдралаа авч явах, сурч боловсрох, шүүхээс оноосон ялаа давхар эдэлж, нийгэмд байх боломжийг минь хангаж өгөөч гэж шүүгч нараас дахин дахин гуйж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Х- нь хохирогч Д.Д-ын түр хугацаагаар амьдарч, тухайн үед унтаж байх буудлын өрөө рүү нэвтрэн орж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухармсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Х- нь 2023 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй зочид буудалд байрлаж байгаад хажуу талын 312 тоот өрөөний хаалга нь онгорхой нохой хуцаад байхаар нь хаалгыг тогшоод “нохой чинь хуцаад байна, би нохойг чинь саатуулаад өгөх үү” гэж хэлэхэд хохирогч Д.Д- “аан за ороод ир” гэж хэлж зөвшөөрснөөр өрөөнд нь ороход хохирогч орон дээрээ согтуу хэвтэж байсан. Тэгээд би “нохойд чинь хоол өгчөөд ирье” гээд нохойг нь тэврээд гарахад “за” гэсэн. Тэгээд нохойг авч гараад өөрийнхөө өрөөнд оруулж хоол өгчихөөд буцаад өрөөнд нь ороход хохирогч унтаж байсан. Тэгээд би нохойг нь саатуулж өрөөнөөс гарч өөрийнхөө байрлаж байсан өрөөндөө байлгаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад буцаад нохойг нь хохирогчийн өрөөнд оруулж орхиод “нохойг чинь үлдээлээ шүү” гэхэд сэрэхгүй байхаар нь ширээн дээр байсан пивоноос 1 лааз пиво ууж байгаад “би гарлаа” гэж хэлээд л гарсан. Харин гар утсыг нь авч гарсан үгүйгээ бол мэдэхгүй, тэгэхдээ гар утсыг нь хулгайлсан талаараа бол маргахгүй гэсэн. Иймд хохирогч нь шүүгдэгч Г.Х-ыг нохой чинь хуцаад байна гэж хэлэхэд “аан за ороод ир” гэж хэлж зөвшөөрснөөр орсон байхад шүүх шүүгдэгч Г.Х- нь хохирогч Д.Д-ын түр амьдарч байсан буудлын өрөөнд орсон нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан гэх үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж” хуулчилсан шүүгдэгч Г.Х- нь үйлдсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж ухамсарлаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийн зүгээс нийгмээс тусгаарлуулахгүйгээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Учир нь, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн түр амьдарч байсан байр буюу зочид буудлын өрөөнд хууль бусаар удаа дараа нэвтэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Г.Х- нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон, өөрийн гэмт зан үйлээ засаж чадахгүй нөхцөл байдал болон түүний хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан байгааг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдах нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, гэм буруугийн дүгнэлт зэргээс /хх-66-69, 125-128, 149-150/ үзэхэд: Г.Х-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн гэх боловч “тухайн хууль бусаар нэвтэрсэн гэх зочид буудлын тухайн өрөө”-г :  

- хүн байнга амьдрах зориулалттай орон байр, эсхүл

- үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, эсхүл

- тусгайлан хамгаалсан байрны чухам алинд хамааруулж ялласан эсэх нь тодорхойгүй орхигдсон буюу хууль ёсны нотлох баримт, үндэслэлийн хүрээнд яллаагүй байх тул шүүхээс таамаглах байдлаар нөхөн гүйцэтгэх, зөвтгөх үндэслэлгүй.     

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

 

Прокурор хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар ял сонсгож, яллаагүй байхад анхан шатны шүүхээс “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” гэж үзсэн нь, мөн Эрүүгийн хууль дахь орон байрны талаарх “аутентик тайлбар”-ыг иш татсан атлаа тус тайлбараас зөрүүтэйгээр “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэж дүгнэсэн зэрэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.    

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн аутентик тайлбарт: “-Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд зочид буудлыг бүхэлд нь хүн байнга эсхүл түр амьдрах зориулалттай орон байр гэж үзэх эсэх, эсвэл зөвхөн зочид буудлын зарим өрөөг нь хүн байнга эсхүл түр амьдрах зориулалттай орон байр гэж үзэх эсэхийг гагцхүү зочид буудлыг анх барьсан зориулалтын шинж байдал, стандарт шаардлага, зочид буудлуудын ялгаа зааг бүхий төрөл зэрэгт хамаарах нотлох баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тухайлбал, Монгол Улс дахь “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008” стандарт мөрдөгдөж байх ба тус стандартад зааснаар “Зочид буудал” гэдэг нь байр, хоолны үйлчилгээ үзүүлэх, нэмэлт тоноглолтой, тусгай төрөлжсөн албад бүхий үйлчилгээний байгууламж гэж тодорхойлохоос гадна бусад байгууламжийн бүтэц, өрөө, үйлчилгээний төрөл, тэдгээрийн стандарт зэргийг заасан байна.

Мөн зочид буудлыг тодорой шалгуур, шаардлагын хүрээнд тодорхой төрөлд ангилан үздэг байна.

Тийм учраас, тухайн зочид буудалд хамаарах нотлох баримтыг цуглуулж, шалгасны эцэст тухайн нэвтэрсэн гэх өрөөг хүн байнга эсхүл түр амьдрах зориулалттай орон байр, эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, эсхүл тусгайлан хамгаалсан байрны чухам алинд нь хамаарахыг шийдвэрлэх үндэслэл бүхий гэж үзэхээр байна.  

3. Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (гэмт хэрэг үйлдэгдсэн газар), 2.4 дахь заалтад тус тус заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.         

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” агуулга бүхий гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.    

Шүүгдэгч Г.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :       

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.МӨНХТУЛГА

 

                                  ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

                                  ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР