2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/10411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18 тоотод оршин байрлах, Т ХК /РД: ***********/,

Хариуцагч: ***** дүүрэг, 4 дүгээр хороо, туул риверийн 102 байр, 12 тоот хаягт оршин байрлах, Д ХХК /РД: ***********/,

Нэхэмжлэлийн шаардлага: 266,739,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,

хариуцагчийн төлөөлөгч С.Г,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 266,739,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д ХХК-ийн захирал С.Г нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Т ХК-тай АГ/2023-06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өвөр гүнт дэх зуслангийн газарт TINY HOUSE буюу иж бүрэн барилга барих гэрээ байгуулснаар гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа 50 хувь болох 177,826,000 төгрөгийг шилжүүлж авснаас хойш гэрээнд заагдсан хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 177,826,000 төгрөгийг Д ХХК-ийн Хас банкин дахь 5005605097 дугаарын дансанд 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлснээс хойш Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан нэг ч ажлыг хийж гүйцэтгээгүй тул 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Т ХК-иас 72 дугаартай Мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Тогтосон нэмэлт хугацааны туршид гэрээгээр хүлээсэн үүргээ дахин биелүүлээгүй тул 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Д ХХК-иас 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 21 дугаартай Барилгын ажлын явцын тухай албан бичиг ирүүлж байсан бөгөөд барилгын улирал эхэлмэгц 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлж 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгаж хүлээлгэж өгөхөө мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.2-д заасан TINY HOUSE буюу иж бүрэн барилгын нэг ч байшин баригдаагүй тул гэрээний урьдчилгаа төлбөр 177,826,000 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д заасан алданги 88,913,000 төгрөг, нийт 266,739,000 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Тухайн үед 01 дүгээр сарын 20-ны өдөр орчим тухайн үеийн Т ХХК-ийн тухай үеийн ерөнхий захирал болох н.Энхнасан нь өөрийн танил Дүдү Зон компанийн захирал н.Мөнхтулгад зээл олгохдоо манай компанид хаус бариулах гэрээ болгон манай компаниар дамжуулан мөнгө зээлдсэн. Надад Мөнхтулга би удахгүй 30 хоногийн дараа мөнгийг нь чамд гаргаад өгчихнө гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрсөн, тэгээд гэрээ хийгдсэн. Богино хугацаанд зээлээд буцаан мөнгийг хийхээр барилга санхүүжилт хийсэн 50% хүртэл барих тохироотой байсан. Гэтэл Мөнхтулга нь зээлсэн мөнгөө одоо болтол бүрэн өгч дуусаагүй бөгөөд ажлыг 50% хүртэл хийх боломжгүйгээс үүсэн цаг хугацаа алдсан учир нэхэмжилсэн алданги үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх аман тохиролцооны фэйсбүүк чат болон мэссэнжэр бичигдсэн баримтууд байгаа. Мөн үндсэн үнийн дүн дээр төслийн талбай дээр хийгдсэн 2 ширхэг байшингийн суурь болон бохирын систем ажил хийгдсэн бөгөөд тэрхүү ажлын үнийн дүнг хасаагүй байгаа учир дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй Суурийн ажил болон газар доогуурх байгууламж, бохирын системийг туслан гүйцэтгэсэн. Гэрээ хойшлогдож шинэчилж байсан тохиолдол нь Дүдү Зон компани болон н.Мөнхтулга зээлсэн мөнгөө буцааж өгөөд, санхүүжилтийг нь өгөхөөр барилгыг нь барина гэсэн ийм төлөвлөгөөтэй байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх 4-8/, Худалдаа хөгжлийн банкгы шилжүүлгийн мэдээлэл /хх 9-10/, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/, Т ХК-ийн 72 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 12/, Т ХК-ийн 137 тоот Гэрээ цуцлах тухай албан бичиг /хх 13/, Д ХХК-ийн 21 тоот Барилгын ажлын явцын тухай албан бичиг /хх 14/, Д ХХК-ийн 25 тоот Гэрээт ажлын тухай тайлбар болон хүсэлт /хх 15/, Шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай Мөрдөгчийн санал /хх 19/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 510 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 20-22/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 49-51/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Д ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 27-28/, Хариу тайлбар гаргах нь /хх 35/,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан АГ/2023-06 тоот Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 177,826,000 төгрөг, мөн алданги төлбөрт 88,913,000 төгрөг нийт 266,739,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь өөрийн танил М-аа мөнгө зээлэхдээ компанид хаус бариулах гэрээг хийсэн. Гэрээний мөнгийг авсан Мөнхтулга нь буцаан өгөөгүйгээс барилгын ажлыг хийх боломжгүй болж хугацаа алдсан тул алданги төлбөрийг зөвшөөрөхгүй. Мөн барилгын талбай дээр хийгдсэн суурь болон бохирын системийн ажлын үнийн дүнг хасаагүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Д ХХК нарын хооронд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр АГ/2023-06 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр хариуцагч буюу Д ХХК нь гүйцэтгэгчийн зохиогчийн эрх, зураг төсөл бүхий TINY HOUSE иж бүрэн барилгыг шинээр барих ажил /Кубик төрлийн 62,18 м.кв байшин, Студио төрлийн 28,34 м.кв байшин, сентик савны систем 1,3 м.кв, Нарны системээс гадуурх сүлжээ 3,5 кВт/ц зайтай, гадна талын цэвэр ус, цахилгааны ажил/-ыг гүйцэтгэх, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч буюу Т ХК нь гүйцэтгэх ажлын урьдчилгаанд нийт ажлын зардлын 50 хувь буюу 177,826,000 төгрөг, эсгүүрийн ажил дууссан үед нийт зардлын 20 хувь буюу 71,130,400 төгрөг, барилгын угсралтын ажил дууссан үед нийт зардлын 20 хувь буюу 71,130,400 төгрөг, ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж гэрээ дүгнэж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн акт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажлын нийт зардлын 5 хувь буюу 17,782,600 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн АГ/2023-06 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.2. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 177,826,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-д төлсөн боловч хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, цаашид гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д ХХК үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, цаашид хэрхэн биелүүлэх, үр дүн тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 177,826,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас буцаан шаардах эрхтэй.

 

4.3. Гэрээний 7.6-д Гүйцэтгэгч тал засварын ажлыг энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд гүйцэтгээгүй буюу дуусгаж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь алданги 88,913,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ гэрээний уг заалтаар тодорхойлсон.

Хариуцагч Д ХХК нь барилгыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор буюу хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, хохирол шаардах агуулгаар гэрээний 7.6-д заасан алданги шаардсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 7.6-д заасан үндэслэлээр 88,913,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Д ХХК-иас нийт 266,739,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,491,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,491,645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дүгээр зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 266,739,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,491,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,491,645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН