Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/274

 

 

 

 

 

 

 

  2025             02           25                                         2025/ДШМ/274

 

 

В.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Агар,

яллагдагч В.Г, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/3083 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн В.Гд холбогдох эрүүгийн 240300000613 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн В-ийн Г, 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /,

В.Г нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамжны “Шинэ зуун айл” худалдааны төвийн баруун урд замд 23:48 цагийн үед “Toyota alphard” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөнд дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3. 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж зорчих хэсэг дээр үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийсний улмаас жолооч Э.Т-ийн жолоодож явсан ... УАР улсын дугаартай “KIA-K5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Мөнх-Оргилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: В.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн: 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Т-ийн өгсөн: “Тухайн өдөр би kia К-5 маркийн ...УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гэр лүүгээ харих гээд Дунжингаравын замаар зүүнээс баруун зүгт явж байтал Шинэ зуун айл хотхоны урд замаар замын 2-р эгнээгээр явж байтал 1-р эгнээнд тоормосны улаан гэрэл нь ассан нэг цагаан өнгийн Alphard маркийн машин зогсоод ч байгаа юм шиг удаан яваад ч байгаа юм шиг байдалтай байсан. Гэтэл тэр машин ямар нэгэн дохио өгөлгүй урд зүг рүү буюу 1-р эгнээнээс гэнэт 2-р эгнээ руу огцом эргэх үйлдэл хийсэн, тэгэхээр нь би тэр машиныг мөргөхгүйн үүднээс зугтаад урдуур нь гарах гээд тоормос гишгэн жолооны хүрдийг эргүүлж эсрэг урсгал руу орсон боловч тэр машин эргэх үйлдэл хийхээ зогсоолгүй, бид эсрэг урсгал дээр хоорондоо мөргөлдчихсөн. Би тухайн үед 70 орчим км/цагийн хурдтай явж байсан учир мөргөхгүйгээр зогсож амжаагүй. Тэр машин буцаж эргэх гэж байсан байх, 2-р эгнээ руу хөндлөн дараад ороод ирэх үед миний машинаас 4-5 метрийн зайтай байсан. Тэр машины зүүн урд талын хаалга хэсэгт нь миний машины урд талын баруун буфер, их гэрэл орчим мөргөгдсөн. Би тухайн үед суудлын бүсээ зүүсэн байсан, мөн мөргөлдөх үед аюулгүйн дэр ажиллаж дэр гарч ирсэн. Ослын дараа Шинэ зуун айл хотхоны зогсоол дээр байсан бололтой хэсэг хүмүүс ирээд 102, 103-т дуудлага өгсөн. Нөгөө машинд 1 том хүн нэг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-З7/-ээс үзэхэд тухайн хэрэг ослын үед 70 орчим км/цагийн хурдтай явж байсан, мөн автозамын хөдөлгөөний эсрэг урсгалд орж мөргөлдсөн гэх kia К-5 маркийн ...УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Т- нь Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаан, энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж” шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэлэлцэгдсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлууд, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан цагийн байдал, гэрчийн мэдүүлэг мөрдөгчийн магадлагаа зэргээр В.Г нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамж “Шинэ зуун айл” худалдааны төвийн баруун урд замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны оройн 23 цаг 48 минутын орчим “Toyota Alphard” маркийн ... СУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж зорчих хэсэг дээр үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийсний улмаас жолооч Э.Т-ийн жолоодож явсан ... УАР улсын дугаартай “kia-k5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч ...Мөнх-Оргилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой бөгөөд шүүх холбогдогчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсаны дагуу тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 1365 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачлагаар эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно гэж тус тус заасан бөгөөд мөрдөгчийн 1365 дугаартай магадлагаа хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий магадлагаа байх тул шинжээч томилох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил нотлох баримтаар үнэлсэн, мөрдөгчийн магадлагаа нь хэрэгт цугларсан үйл баримтуудтай харилцан хамааралтай, уялдаа холбоотойг хоорондоо зөрүүгүй тул түүнийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, мөн хэргийн оролцогч нарт танилцуулахад магадлагааг эс зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж яллах дүгнэлтэнд дурдаж шүүхэд хүргүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ болон хэргийн оролцогч нарын тэгш эрхийн байдлыг хэрхэн хангасан бэ гэдгийг прокурор хянах ёстой. Гэтэл анхнаасаа мөрдөгч, прокурор нь В.Г гэм буруутай учраас шинжээч томилох шаардлагагүй гэж дөнгөж сая хэлээд дууслаа. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Ганцхан миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан. Нөгөө жолоочийн хувьд буруутай ажиллагаа байгаа. Хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд Э.Т- эхний мэдүүлэгтээ “би 70 километр цагийн хурдтай явж байсан учраас мөргөхгүйгээр зогсоож амжаагүй, тэр машин буцаж эргэх гэж байсан байх, хоёрдугаар эгнээ рүү хөндлөн дараад ороод ирэх үед нь би машинаас 4-5 метрийн зайтай байсан тэгээд тэр машины зүүн урд талын хаалга хэсгийг мөргөсөн” гэж мэдүүлдэг. Тэгэхээр машинаа зогсоох арга хэмжээ Э.Т- аваагүй, маш их хурдтай нисээд явж байсан. Э.Т- 70 километр цагийн хурдтай явж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлж явж байсан гэдгээ тухайн оролцогч мэдүүлчихээд байхад мөрдөгч аль алийг нь яллагдагчаар татах үндэслэл байсан. В.Г үргэлжилсэн цагаан шугам давсан байж болно. Гэхдээ эсрэг машин хурдаа зөв тохируулаад машинаа зогсоох арга хэмжээ авчихсан бол тэр машинд сууж явсан насанд хүрээгүй хохирогч буюу бага насны хүүхэд хүнд гэмтэхгүй байсан. Тухайн хүүхдийн ирээдүй маш бүрхэг, тархины яс нь хүнд гэмтэлтэй яаралтай хагалгаанд орсон. В.Гийн дагавар хүүхэд нь байгаа юм. Тэгээд бүхэл бүтэн гэр бүлийн амьдралыг ингээд сүйрүүлчихсэн, тэр хүүхдийн ирээдүй цаашид яах нь тодорхойгүй байж байна. Тэгэхээр зүйлчлэлд өөрчлөлт орохгүй ч гэсэн тухайн хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоохын тулд зайлшгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолбол зохих ажиллагаануудыг хийх ёстой гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 8-10 дугаар хуудсанд фото зургууд авагдсан. Схем зураг дээр В.Гийн машинаас Э.Т-ийн машин бүүр 11 метрийн зайд зүүнээс баруун чиглэлд очоод зогсчихсон байгаа. В.Гийн машин буцаж эргэх үйлдлийн төгсгөл дээр нь тэр машин сөрөг эгнээний нэгдүгээр эгнээнд очоод мөргөсөн байгаа. Тэгэхээр нөгөө жолооч хурд хэтрүүлээд явж байсан, дээрээс нь үргэлжилсэн цагаан шугам давж адилхан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, өөрөө хурд хэтрүүлснээ илэрхийлчхээд байхад яагаад мөрдөгч магадалгаандаа ганцхан талыг буруутгаад нэг тал нь буруутай байна, нөгөө тал нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гээд худлаа дүгнэлт гаргаад байгаа юм. Мөрдөгчийн магадалгаа хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгч миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн магадалгааг эсэргүүцэж, шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргасан. Гэтэл миний хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар танилцуулаагүй шууд хэргийг прокурорт шилжүүлчихсэн. Тэгээд би бүх шатны прокурорт нь гомдол, хүсэлтээ гаргасан боловч Улсын ерөнхий прокурор шат шатныхаа прокурорын хууль бус ажиллагааг хаацайлаад миний гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Шинжээч томилоод дүгнэлт гаргуулчих л даа. Прокурор машины тоормосны мөр байхгүй, зам устай байсан учраас тоормосны мөр байхгүй байхад шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гээд буруу зүйл яриад байна. Бид нар олон жил ажилласан төмөр замын хэрэг байна уу, зам тээврийн хэрэг байна уу, эсрэг талаас нь харвал тоормосны зам гараагүй байна гэдэг чинь тэр машин ямар хурдтай явж байсныг илэрхийлж байгаа нэг жишээ юм. Энэ схем зураг дээр Э.Т-ийн тээврийн хэрэгсэл 11 метрийн зайд очиж зогссон байгаа. Хэрэв хурдаа тааруулаад явж байсан бол сөрөг урсгалд орох шаардлагагүй, машинаа тоормосолж зогсоогоод өөрийнхөө явж байсан эгнээндээ зогсоочихсон бол тэр хайран хүүхэд гэмтэхгүй байлаа. Шинжээч ажиллах бүрэн боломжтой буюу тухайн зам дээр ажиллах боломжгүй ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан схем зураг, фото зургийн үзүүлэлт, хэмжилтийн метрүүдийг хараад бүрэн дүгнэлтээ гаргах боломжтой. Дээрээс нь тухайн машины мөргөсөн цэгийн асуудал дээр бол яригдана. В.Гийн машины зүүн урд талын багана тулгуур хэсэг бүүр ямбийтлаа орчихсон байгаа. Фото зураг дээрээс та бүхэн хараарай. Буцаж эргэх үйлдлийнх нь төгсгөл дээр сөрөг урсгалын нэгдүгээр эгнээнд мөргөсөн байгаа. Тэгэхээр энэ жолоочийг яагаад буруугүй гэж үзээд байгаа юм бэ. Адилхан давхар буруутай учраас аль алийг нь яллагдагчаар татаж байж өнөөдөр шударга ёс, хүний тэгш эрхийн байдал хангагдана. Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд шинжээчид танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй мөрдөгчийн тогтоол, 60 дугаар хуудсанд шинжээчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа дээр гарын үсэг зуруулаагүй баримтууд авагдсан байдаг. Мөн хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 574 дугаартай албан бичиг буюу Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвөөс Б гэдэг даргын гарын үсэгтэй “их хэмжээний эвдрэлтэй учраас “KIA-K5” маркийн тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэлтэй учраас дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн худлаа албан тоот өгсөн. Гэтэл 62, 63 дугаар хуудсанд авагдсан эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа дээр Бямбацогтоор гарын үсэг зуруулаагүй нь процессын хууль ноцтой зөрчсөн. Тухайн шинжээчийг эрх, үүргийг нь тайлбарлаагүй юм чинь тэр шинжээч хууль бус дүгнэлт гаргасан ч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учраас хууль бус албан тоот гаргаж өгсөн. Гэтэл фото зургаас харахад аль алинд нь шинжээч томилох боломжтой байхад зөвхөн Э.Т-ийн машин дээр хөрөнгийн үнэлгээ буюу хохирлын үнэлгээ тогтоосон, В.Гийн машины хохирлын үнэлгээ одоог хүртэл тогтоогоогүй байх жишээтэй. Энэ нь мөрдөгч, прокурор анхнаасаа В.Гийг илтэд буруутгаад, бараг гэм буруутайд тооцчихсон. Адилхан шинжээч томилоод үнэлгээг нь хийлгэх ёстой. Ийм хууль зөрчсөн ажиллагаа хийчихээд өнөөдөр шүүхээр шийдүүлнэ гээд зогсож байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Тээврийн хэрэгсэлд явж байсан хүүхдийн эрүүл мэндийн асуудал дордвол яах вэ. Хэн алийг нь яллагдагчаар татаж, хариуцлагыг нь 50, 50 хувь үүрүүлээд явбал  шударга ёсонд нийцэх юм. Тэгэхээр мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэй хүмүүс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой. Шинжээч томилуулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

Яллагдагч В.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т- “би 70 км/цагийн хурдтай явж байсан” гэж байгаа боловч түүнээс илүү хурдтай явж байсан гэдэг нь миний тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс харагдана. Миний машины хамгийн доод талын багана төмрийг тасраад урагдтал нь айхтар мөргөсөн фото зураг байгаа. Би шинжээч томилбол дүгнэлт гаргах боломжгүй болчих юм болов уу гэдэг үүднээс одоог хүртэл журмын хашаанаас машинаа аваагүй, төлбөр гараад байдаг. Мөн гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бодит  байдлаар тогтоох үндэслэл, шаардлага үүссэн байна.  

Тус хэрэгт мөрдөгч нь мөрдөгчийн магадлагаа гаргасан байх боловч яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, техникийн тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг мөрдөгч, прокурор хэрэгсэхгүй болгосон байгааг зөвтгөх үндэслэлгүй гэж үзнэ.  

Учир нь, шүүгч, прокурор, мөрдөгч нь тусгай мэдлэгийн аливаа асуудлаар нарийн  мэргэшээгүй байдгаас гадна мөрдөгч, прокурор нь тухайн хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд учраас нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай оролцогчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байх нь мөрдөгчийн магадлагааны үндэслэлийг үгүйсгэх, эргэлзээ, сонирхлын зөрчилтэй мэт ойлгогдохуйц байдлыг үүсгэх, түүнчлэн оролцогчийн эрхийг зарим талаар хязгаарлахад хүргэхээр байна.        

Мөрдөгчийн магадлагаа нь нотлох баримтын давуу талтай эх сурвалж бишээс гадна    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоох, яллагдагчиийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй” учраас хэргийн оролцогчоос мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй тухай хүсэлт гаргасан л бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд тухайн хүсэлтийнх нь дагуу тусгай мэдлэгийн шинжээч томилох шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй.

Тодруулбал, “тусгай мэдлэгийн” хүрээнд хийгдвэл зохих асуудлыг бодитой шалган тогтоолгохгүйгээр тусгай мэдлэгтэй мэт урьдчилан таамаглан дүгнэх байдлаар яллагдагчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Тийм учраас, тухайн эрүүгийн хэрэгт цугларсан хамаарах бүхий л нотлох баримт, тухайлбал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-09/, гэрч Э.Т-ийн “...Би тухайн үед 70 орчим км/цагийн хурдтай явж байсан учир мөргөхгүйгээр зогсож амжаагүй...” /хх37/ гэх мэдүүлэг, “...Toyota Alphard-h10 маркийн ...СҮА улсын дугаартай, KIA-K5 маркийн ...УАР улсын дугаартай автотээврийн хэрэгслүүдийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа...” гэх албан тоот /хх-58, 61/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  яллагдагчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэх хүрээнд нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар дүгнэлтийг таамаглан үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.    

2. Тухайн хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй буюу нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул энэ нь зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлснээр шийдвэрлэгдэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Түүнчлэн тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад нэг мөр  шалгаж тогтоовол зохих зарим зөрүүтэй, эргэлзээтэй байдал үүсч болохыг үгүйсгэхгүй болно.      

Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/3083 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Яллагдагч В.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :     

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/3083 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Ц.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

                      ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР