Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02438

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02438

 

 

Ж.Баасандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Баасандуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Очирхүүд холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Эрдэнэсувд

Хариуцагч: Т.Очирхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Баасандулам нь Т.Очирхүүтэй 2005 онд анх танилцаж үерхсэн бөгөөд Англи Улсын Лондон хотноо 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин О.Этүгэныг төрүүлж, Т.Очирхүүтэй 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яаманд гэр бүлээ батлуулсан.

2011 оноос 2013 оны хооронд Лондонд Ж.Баасандуламын өөрийн түрээсэлж байсан байранд, 2013 оноос 2014 оны хооронд Улаанбаатарт түүний эцэг, эхийн байранд хамт амьдрах хугацаанд гэр бүлийн халуун дотно харилцаа байхгүй, гэр бүлээ батлуулсан хэрнээ бүх зүйлээ тус тусдаа хийдэг буюу цалин мөнгө буусан ч нэг нэгэндээ мэдэгддэггүй, үзэл бодол нийлэхгүй, хамтын зорилго тэмүүлэл байхгүй, бүхий л зүйлийг тусдаа хийдэг байсан.

Хамт амьдарч байсан гэх энэ хугацаанд Т.Очирхүү нь хүссэн цагтаа яваад өгчихдөг, айлд ирсэн зочин шиг л байдаг зэрэг нөхцөл байдлын улмаас 2015 оноос тус тусдаа амьдрах болсон.

2016 оны 08 дугаар сард БНХАУ-д томилогдон ажиллахаар болсонтой холбогдуулан өнөөг хүртэл Т.Очирхүү ирж, очин байсан. Энэ хугацаанд гэр бүлийн амьдралд ямар нэг ахиц гараагүй. Олон жилийн ойлгомжгүй, хөндий харилцааны улмаас халуун дулаан уур амьсгал бүрдээгүй, нэг гэр бүл, эхнэр нөхөр байх төсөөлсөн амьдрал байгаагүй олон жил болсон тул миний бие өөр амьдрал зохиож эхэлсэн. Цаашид гэр бүл байх боломжгүй болсон.

О.Этүгэн охиныгоо төрснөөс эхлэн өөрийн ээж болох Ё.Хандмаагийн дэмжлэгтэйгээр асран хамгаалж ирсэн бөгөөд цаашид ч хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гэрлэлт цуцлуулах асуудлаар хандсан боловч талууд эвлэрээгүй.

Иймд Ж.Баасандулам нь Т.Очирхүүгээс гэрлэлт цуцлуулж, охин О.Этүгэнийг өөрийн асрамжид хэвээр үлдээж, Т.Очирхүүгээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Талуудын хооронд эд хөрөнгийн маргаан байгүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд анх танилцсан бөгөөд уулзаж дотносож, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний бие нь эхнэртэйгээ анх танилцсан цаг үеэс эхлэн өдийг хүртэлх хугацаанд Улаанбаатар, Бээжин хотын хооронд тогтмол явж ирсэн бөгөөд бидний амьдралын хамгийн аз жаргалтай үе маань миний охин мэндэлсэн өдөр юм.

2016 оны 8 дугаар сараас миний эхнэр Ж.Баасандулам нь БНХАУ-д томилогдон ажиллахтай холбогдуулан түүнийг үдэн гаргах бүхий л үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулсан. Гэр бүлээсээ хол, хүүхдээ санах зэргээс шалгааж, миний бие 2017 оны 08 дугаар сараас ажлаас чөлөөлөгдөн Бээжин хотод хамтдаа амьдарсан. Гэвч 2018 оны 01 дүгээр сард миний аав Ч.Тогтохын бие эрс муудаж, асрах зайлшгүй шаардлагын улмаас Улаанбаатар хот руу буцсан. Аав минь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр элэгний хавдартай гэсэн онош тавигдсан бөгөөд үүнтэй зэрэгцээд түнхний ясны хагалгаанд энэ өдрөө орсон бөгөөд удтал хүндээр өвчилж байгаад 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагт нас барсан. Аавыгаа асрахад хэдий хугацаа шаардлагатайг мэдэхгүй тул энэхүү хугацаанд гэр бүлээ санахын эрхээр 1 удаа Бээжин хот руу буцсан байдаг.

Хамгийн сүүлд миний бие нь 2018 оны 8,9 дүгээр сарын хооронд БНХАУ-ын Бээжин хотод эхнэр, охин, хадам ээжийн хамт амьдарч байгаад Улаанбаатар хотод 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буцаж ирсэн болно. Миний бие нь эхнэр Ж.Баасандуламтай танилцсан цаг хугацаанаас эхлээд өнөөг хүртэл хамтдаа амьдарч байгаа ба гэр бүл цуцлуулах шаардлага үүссэн гэж үзэхгүй байгаа бөгөөд түүнчлэн охиноосоо тусдаа амьдарна гэж миний ой санаанд багтахгүй байна.

Би гэр бүлийн хамт аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд цаашдын хамтын амьдралын төлөвлөгөө зэрэг бий тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Лаалаг овогт Тогтохын Очирхүүд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай Монгол овогт Жамбажамцын Баасандуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Гэр бүлийн харилцааны сэтгэл зүйчийн дүгнэлтээр "Хариуцагч тал болох нөхөр нь нээлттэй биш, дотогшоо... хамт байсан хугацаа богино учраас нийтлэг зүйлийг бий болгож чадаагүй. Хоорондоо харилцах ярилцах, ойлголцох байдалд суралцаагүй, мөн санхүүгийн хувьд нэгдмэл бус, ойлгомжгүй байдалтай, өөрсдийн гэсэн орон гэргүй, дотно харилцааны талаар ялгаатай ойлголттой зэргээс хамаарч тусдаа амьдрах болсон " гэжээ.

Хүүхэд өсч торних орчин нь тайван амгалан, элдэв зөрчилгүй, айдас дарамтгүй байх учиртай. Тэрхүү зөв орчныг гэр бүлийн гишүүд болох нөхөр, эхнэр бүрдүүлэх ёстой. Хүүхэд нь байгаа хүрээлэл, орчноосоо үлгэр дуурайлал авч, түүний зан байдал төлөвшдөг. Хэдий хүүхэд нь аав, ээжийн хамт амьдарч, эцэг эх нь эрх ашгийг нь хамгаалах нь зүйн хэрэг боловч нэхэмжлэгчийн тайлбар болон гэр бүлийн сэтгэл зүйчийн дүгнэлтээс үзвэл нөхрийн зүгээс гэр бүлээ гэсэн эерэг хандлагагүй бөгөөд олон жилийн ойлгомжгүй, хүйтэн хөндий харилцаа нь эргээд эсрэгээрээ хүүхдийн хүмүүжил, өсөлт, ёс суртахууны төлөвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсч байна.

Талууд хамт амьдарсан гэх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс үр хөндүүлж байсан, хариуцагч өөр хүнтэй болсны улмаас тусдаа байсан, тэр мөчөөс эхлэн сэтгэл нь хөрсөн, хариуцагч нь гэртээ дуртай үедээ ирж, дургүй үедээ аавындаа очиж хонохоор явдаг байсан, ирээдүйн зорилго, төлөвлөгөөг хуваалцдаггүй зэрэг хүнд нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн төсөөлж байсан амьдралаас эрс өөр байсан талаарх тайлбарыг шүүх анхаарч үзээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлын улмаас өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд өгч, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан болно. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцох үүрэгтэй хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс зохигчдийг эвлэрэх талаар хугацаа заагаагүй бөгөөд гэрлэлт цуцлах болсон шалтгааныг огт тогтоогоогүй, шийдвэр гаргасан болно. Тус хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд эвлэрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад мөн эвлэрээгүй байтал шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргаагүй нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд хүргүүлсэн тайлбартаа "нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос хойш хамтын амьдралгүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлт цуцлах асуудал дээр харилцаагаа эргэн харах, эерэг талаас нь өөрчлөлт хийх ямарваа нэгэн сонирхолгүй бөгөөд гэрлэлтийг цуцлана гэсэн шаардлага хэвээр байгаа, тусдаа амьдрал зохиосон" талаар дурьдаж, энэ талаарх тайлбарыг шүүхэд өгсөн бөгөөд хариуцагч нь Т.Очирхүү нь "нэхэмжлэгчийг өөр амьдрал зохиосон талаар мэдэж байгаа талаараа шүүхэд хэлсээр байтал хариуцагчийн "2018 оны 09 сар хүртэл хамт амьдарч байсан" мэтээр тайлбарласан бодит байдалд үл нийцэх тайлбарыг шүүх үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлт цуцлуулах үндэслэл, тайлбарыг өгсөн боловч шүүхээс нэхэмжлэгчийн байр суурийг анхаар үзээгүй. Нэгэнт талууд эвлэрэх боломжгүй нөхцөл байдалтай байхад шүүхээс гэрлэлт цуцлах болсон үндэслэл шалтгааныг тогтоолгүй, харин эсрэгээр гэрлэлт цуцлах үндэслэл алга хэмээн үзэж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харгалзан үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ж.Баасандулам нь хариуцагч Т.Очирхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.Баасандулам, Т.Очирхүү нар нь 2005 онд танилцаж, тэдний дундаас 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин О.Этүгэн төрсөн бөгөөд тэд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулж байгаагаас үл хамааран гэрлэгчид шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс шүүхэд хандаж шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй бөгөөд тухайн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь БНХАУлсад ажиллаж байгаа талаарх баримтыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй байхад хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ж.Баасандуламд мэдэгдэлгүй зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хуралдааны тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт тайлбар гаргахдаа өөр амьдрал зохиосон гэсэн зүйл бичсэнээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн байх боломжтой байхад хариуцагч талд гардуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхой бус байна.

 

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 153 тоот тэмдэглэл гарчээ. Уг ажиллагаа үр дүнгүй болсон, улмаар талууд шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулах хүсэлтэй талаар тэмдэглэсэн.

 

Түүнчлэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрэх боломжгүй талаар гаргасан сэтгэл зүйчийн дүгнэлт /хх 12-13 дахь тал/-д эрх бүхий этгээд гарын үсэг зураагүйгээс уг баримтыг хэн, хэдийд, ямар ажиллагааны явцад үйлдсэн болох нь тодорхойгүй байх тул уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.

 

Иймд гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ, ажиллагааг явуулах ёстой. Уг ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1681.1, 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 1681.1, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА