| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0049/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Ц.Уранчимэг,
шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Уртнасангийн Баттүшигт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706002000419 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1982 оны 03 дугаар сарын 22-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Бьюти-климакс” арьс гоо заслын эмнэлэгт менежер ажилтай байсан, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 20-р гудамжны 289 /б/ тоотод оршин суух хаятай, бие эрүүл, ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан санаа бүрэн. Б овогт У.Б /РД:АЭ82032217/.
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
У.Б нь 2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүргийн 90 /В/-8 тоотод хамтран амьдрагч Ц.Уранчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өглөө босоод эхнэртэйгээ ахуйн хүрээний асуудлаас болж маргалдсан. Намайг утсаар ярьж байхад чихэн дээр эхнэр орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц:.Уранчимэгийн мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр энэ хэрэг гарсан. Би өөрөө нойр муутай, манай хүн их хурхирдаг юм. Тэгээд би өглөө босоод нөхөртөө чи их хурхирлаа гэж хэлэхэд маргаан эхэлсэн. Нөхрийгөө утсаар ярьж байхад нь би хашгирсан юм. Намайг түлхэхэд би буйдан болон тек мөргөж унасан. Энэ хэрэг гарахад миний буруу байсан. Надад 1.000.000 төгрөг өгөхөд нь эмчилгээ хийлгэж томографикийн зураг авахуулсан. Би одоо хоёр сартай жирэмсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Уранчимэгийн...2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр миний хамтран амьдрагч У.Б нь ямар ч шалтгаангүйгээр намайг зодож, тархи доргиож, үс зулгаасан. Чих рүү 2 удаа алгадсан бөөр, давсаг, аарцаг руу хөлөөрөө өшиглөсөн. Ингэж зодсоны улмаас толгой өвдөж, чих шуугиж бөөр, нуруу өвдөөд унтаж, хэвтэж чадахгүй байна. 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 ой 5 сартай 1 охинтой. Би өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй, энэ удаа л мэдэгдэж байна. Өмнө нь болохоор гэр бүлээ, нэр хүндээ, ажил төрлөө бодоод бас гайгүй болчих байх гээд тэвчээд цагдаад хэлдэггүй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/.
Мөрдөн байцаалтанд гэрч М.Болорын:..Ц.Уранчимэг гэгч нь манай хорооны цагдаагийн хэсэгт огт хандаж байгаагүй. Уг хаяганд өмнө нь дуудлага ирж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ ,
Мөрдөн байцаалтанд гэрч М.Мөнхцэцэгийн :..Би Уранчимэг, Баттүшиг гэх оршин суугчдийг танихгүй. Надад Ц.Уранчимэг гэх хүн гэр бүлийн хүчирхийлэл болон өөр бусад асуудлаар хандаж байгаагүй. гэх мэдүүлэг /хх-н 20--р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 8567 тоот дүгнэлтэнд:
1. Ц.Уранчимэгийн биед тарх доргилт, баруун ташаа, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/,
-шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 41-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Б нь 2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүргийн 90 в-8 тоотод хамтран амьдрагч Ц.Уранчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул У.Бт холбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч У.Б нь 2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүргийн 9 / В/ -8 тоотод хамтран амьдрагч Ц.Уранчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж үзэв.
У.Баттүшигийн бусдын эрх чөлөөнд санаатайгаар халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Ц.Уранчимэг нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч У. Баттүшигт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Уртнасангийн Баттүшигийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Уртнасангийн Баттүшигийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 / зургаан/ сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ