| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2403008280995 |
| Дугаар | 2025/ДШМ/275 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/275
2025 02 25 2025/ДШМ/275
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403008280995 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-гийн Б-, 1959 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын ашиглалтын технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:... /,
Шүүгдэгч Т.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цаг уурын баруун урд замд “Тоyота Prius” загварын ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 7.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдооо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”. 10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Xiamen" загварын ... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г “...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, мөн “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би хүний биед хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э- надаас 600,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд төлбөрийг төлж барагдуулсан. Одоо биеийн байдал нь сайн байгаа бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон юм. Би одоо 66 настай, эхнэрийн хамт Багануур дүүрэгт амьдардаг. Миний бие “Эрүүл хүнс” хөтөлбөрийн хүрээнд үхрийн фермер ажиллуулж, мөн ногоо тарьж, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг, сувиллын газруудад ногоо, сүү нийлүүлдэг гэрээт ажил хийдэг юм. Гэтэл Багануур дүүргээс гарч явж болохгүй байгаа болохоор ажлаа хийхэд хүндрэлтэй байгаа юм. Иймд миний хувийн байдал, эрүүл мэндийн байдал, нас өндөр болж байгааг минь харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Торгуулийг заасан хугацаанд нь төлж барагдуулах болно.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас Г.Б-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэргийн үйл баримтын тухайд Г.Б- охин нь ухаан алдахаар нь сандраад автобустай шүргэлцэж тус автобус зорчигч 60 гаруй настай эмэгтэй хүндэвтэр гэмтэл авсан. Хохирогч 600.000 төгрөг төлчих, миний бие зүгээр, эдгэчихсэн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг орхиж явсан үйлдлийн хувьд санаатай биш юм уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Учир нь, охин нь ухаан алдаад, үхэр нь алга болсон байсан. Г.Б- нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл хүнс” хөтөлбөрт оролцож нарийн ногоо тарьж, үхэр малладаг. Багануур дүүргийн эмнэлэг, сувилал, цэцэрлэг, сургууль болон Улаанбаатар хотод гэрээт салбаруудад сүүгээ хүргэдэг. Мөн үхрийн тэжээл авах гэж Дорнод аймаг зэрэг орон нутаг руу явдаг. Хэдийгээр Г.Б- нь тэтгэвэрт гарсан ч гэсэн ажил хөдөлмөр хийх хүсэлтэй. Тэгэхээр Багануур дүүргээс зорчих эрхийг хязгаарлахаар түүний ажилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэж яриад байгаа юм. Хэдэн хүнийг ажлын байраар хангадаг. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол саналгүй, харин хийж буй ажилтай холбоотойгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгөхийг хүсэж байгаа юм. Иймд Г.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Г.Б-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Ял хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан хэлэх саналгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цаг уурын баруун урд замд “Тоyота Prius” загварын ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.5. а”, г/, 7.2, 10.1, 10.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас “Xiamen” загварын ... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн тус автотээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо цаг уурын баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 35 минутын орчимд “Toyota prius” маркийн ...УНС болон Xiamen маркийн ... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж зорчигч Д.Э-ын эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх /хх-03, 04/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-06-13/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дэлгэцийн баруун доод талын хяналтын камерт зорчих хэсэг харагдах ба автобус замын 3-р эгнээгээр явж байв. Уг 3-р эгнээ нь чигээрээ болон зүүн гар тийш эргэх тэмдэглэгээтэй байв. Бичлэгийн 11 цаг 35 минутад автобус уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж автобусны баруун урд талын буланг шүргэх шиг болоод зогсолгүй зүүн гар тийш эргэв. Энэ үед дотор заалны хяналтын камерт зорчигч нарыг харахад автобус огцом тормос гишгэсэн байдалтай харагдаж, автобус зогсож жолооч бууж харагдана...” /хх-14-15/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэлмэнгийн “... T.Prius маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 7.2.“Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”. 10.5, Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах үндэслэл болсон нь тогтоогдож байна. Б.Xiamen маркийн ... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Шижирбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-59-60/,
- хохирогч Д.Э-ын “...Тухайн өдөр би Ардын эрхийн автобусны буудлаас автобусанд суусан, суудалд сууж байсан учир би ямар нэгэн бариул багананаас бариагүй явж байсан. Гэтэл автобус гэнэт огцом тооромслосон ба би энэ үед урд талын баганыг нүүрээрээ мөргөөд зүүн хөлөөрөө урд талын суудлын ирмэгийг мөргөсөн. Тэгээд автобусны жолооч 102, 103-т дуудлага өгсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх-22/,
- гэрч Ц.Ш-ын “...Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд ... УЕЕ улсын дугаартай автобусаа унаад цаг уурын уулзвараар урдаас хойшоо чиглэлд замын 3-р эгнээгээр явж байгаад уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс гэнэт нэг приус машин миний автобусны баруун гар талаас 3-р эгнээ руу дарж ороод автобусны баруун урд буланг шүргэж яваад цаана түгжрэлд зогссон. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад шүргэсэн машины араас очтол хөгшин настай ах байсан, тэгээд цагдаа дуудна та байж байгаараа гэж хэлсэн боловч тэр хүн яваад өгчихсөн. Тэгээд автобусандаа буцаж ортол 1 хүн сандал дээрээ сууж байгаад унасан гээд хөлөө бариад сууж байсан. Миний автобусны урдуур гэнэт приус маркийн машин дарж орж ирсэн учраас би шууд тоормос гишгэх үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-42/,
- шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн NQ13127 дугаартай “Д.Э-ын биед зүүн шилбэний урд булчингийн өнгөц урагдал, зүүн хацар, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-52-53/,
- Г.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “... 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо цаг уурын баруун урд замд Т.Prius маркийн ...УНС улсын дугаартай хүүгийнхээ өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдээ яаралтай эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байсан... Хурдхан эмнэлэг рүү явах гээд автобусны урд хэсгийг зүүн хойд хэсгээрээ шүргэсэн. Тэгээд түгжрээд явж байхад автобусны жолооч ирээд миний автобусны урд буфер салж унасан гэсэн. Надтай автобусны жолооч зууралдаж байгаад охиныг дагуулаад явсан. Манай охин очоод уулзаж, зургийг нь дараад ирээд зүгээр байна гэсэн. Тэгээд бид хэд хөдлөөд явсан. Дотор нь цөөхөн хэдэн зорчигч байсан. Миний ойролцоо насны эмэгтэй хүрч ирээд миний дух ингээд бондоочихлоо гэж хэлэхээр нь би учир байдлаа хэлэхэд яваад өгсөн... Хан-Уулын и-мартын хажуу талаас 3 дугаар эмнэлэг рүү явсан. Уулзвараас хоёрдугаар эгнээнээс 3 дугаар эгнээнд зогсож байсан автобусны урдуур удаан явна гэж бодоод гэрлэн дохио асахаар нь ухас хийтэл шүргэлдсэн... Цагдаагийн байгууллагаас намайг дуудахад би асуудалтай байсан болохоор мартаад хөдөө явчихсан. Дараа нь манай Эрдэнэд байдаг бага охин руу залгасан байна лээ. Буяны ажилтай, нааш, цааш их явсан болохоор ирж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-39, 72/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Б- “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тус автотээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжүүд тус тус хангагдсан гэж үзнэ.
Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон, тус тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүгдэгч Г.Б- нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад төлбөл зохих хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэх баримт ирүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Г.Б-гийн “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн, тус хэргийн улмаас учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлж барагдуулсан, мөн түүний ар гэрийн болон бусад хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр өөрчилж, харин шүүгдэгч Г.Б-гийн “тухайн автотээврийн гэмт хэргийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай хэлбэр, тус хэргийн нөхцөл байдал байдал” зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалт нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байдлыг үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэр”-ийг давхардуулж хэрэглэсэн агуулгаар бичсэн, улмаар биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн зэрэг алдаатай байх тул зөвтгөсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлий 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлий 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,...” гэж,
“мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар…” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар…” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,
4 болон 5 дахь заалтыг хүчингүй болгож,
8 дахь заалтад: “...эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс...” гэснийг “...эрх хасах ялыг торгох, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төрүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР