| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/00050/И |
| Дугаар | 191/ШШ2025/09997 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09997
2025 11 17 191/ШШ2025/09997
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: .........н дүүрэг, ......... хороо, ............дугаар байр, ................тоотод оршин суух Б овогт Ө.Г /РД:../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........ дүүрэг, 1............... хороо, ...............гудамж, ............ тоотод оршин суух М овогт Б.Ө /РД:......../,
хариуцагч: ...............дүүрэг, ............ хороо, ........... тоотод оршин суухД овогт С.Н /РД:............/ нарт холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Г түүний өмгөөлөгч Б.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
/Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...миний бие 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Ө тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ....... улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлэх байдлаар бүрэн төлж дуусгасан. Бидний ажлын цаг, боломж тохирохгүй хойшлуулж явсаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх боломж бүрдээгүй юм.
2022 оны 12 дугаар сард танил Д.Б х ...7 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавиад өгөөч... гэж гуйсаар миний тээврийн хэрэгслийг авч явсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Б хийн хамт явсан С.Н П.Б , Ч.М г нар нь хоорондоо 20,000,000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцож, бүртгэлийн 2758 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ.
С.Н нь зээлийн гэрээний үүрэгт 2 ширхэг тээврийн хэрэгсэл барьцаалсан гээд миний тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгасаар байна. Гэвч ийнхүү зээл олгохдоо барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй. Ийнхүү өнөөг хүртэл миний тээврийн хэрэгслийг буцааж өгөхөөс татгалзан хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул шүүхэд хандсан.
Б.Ө нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрдөг боловч одоо гэрчилгээ нь тээврийн хэрэгсэл дотроо байгаа тул шилжүүлж чадахгүй байна.
Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Б.Ө т даалгаж, мөн уг тээврийн хэрэгслийг С.Н ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...миний бие 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ө.Г той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн ....... улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг худалдсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ө.Г ын нэр дээр шилжүүлж чадаагүй байсан. Бидний хооронд ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй тул Ө.Г ыг өөрийн эзэмшилдээ авахыг зөвшөөрч байна. ... гэжээ.
3. Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр П.Б , Ч.М г нартай бүртгэлийн 2758 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Тэд мөнгө зээлэх үедээ бусдын ....... улсын дугаартай, Nissan Caravan маркийн болон ....... улсын дугаартай, Hyundai Porter маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг манай хашаанд үлдээсэн. Ингэхдээ 7 хоногийн хугацаанд зээл авч, мөнгийг чинь хүүгийн хамт өгнө, ийнхүү өгөхдөө тээврийн хэрэгслүүдээ буцааж авна гэж аман гэрээ хийсэн бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн эздүүд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Nissan Caravan маркийн тээврийн хэрэгслийн эзний эх болох н.Цэрэннадмид гэгч нь зээл 7 хоногийн дотор найдвартай гарна, энэ мөнгийг өгч байж зээл гарах гээд байна гэж батлан хэлж байсан.
Үүнээс хойш тэдний зээл бүтээгүй, удаа дараа худал ярьсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд би болон манай гэр бүл ихээхэн хэмжээний хохирол амссан нь үнэн. Мөнгө зээлэх үед Цэрэннадмид, Д.Б х, П.Б , Ч.М г, Ира, Ө.Г нар хамт байсан бөгөөд эдгээр хүмүүстэй холбоотойгоор мөнгөө буцаан авах зорилгоор би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ө.Г нь эдгээр хүмүүсийг надаас өмнө таньдаг байсан бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч, үгсэн тохирон тээврийн хэрэгслээ авчирч тавьсан. Би энэ хүмүүсээс мөнгөө авахаас нааш тээврийн хэрэгслийг нь өгөх боломжгүй.
Мөн уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэхэд та бичгээр болон аман гэрээтэй учир өгөхгүй байж болно гэсэн. ... гэжээ.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ө болон Ө.Г нарын хоорондох 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5806 дугаартай Худалдах, худалдах авах гэрээ /тээврийн хэрэгсэл/, Хаан банк дахь У.О /Ө.Г ын эхнэр/-ийн .......... дугаартай харилцах дансны хуулга /хамрах хугацаа: 2020.12.15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хамрах хугацаа: 2020.12.15/, С.Н болон П.Б , Ч.М г нарын хоорондох 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2758 дугаартай Зээлийн гэрээ /хувилсан хувь/, Ulzii Uujig гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /гэрэл зураг/, Б.О д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/22277 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Б.Ө ын өмчлөлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлаагаа /хх 3-13, 25/-г гаргаж өгсөн.
4.2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/17956 дугаартай захирамжийн дагуу:
- Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай албан бичиг, хавсралтаар ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 40-41/-ыг бүрдүүлсэн.
4.3. Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй ба тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Б.Ө т холбогдуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай, хариуцагч С.Н т холбогдуулан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч С.Н эс зөвшөөрч маргаж байна.
3. Шүүх хариуцагч Б.Ө ын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, дараах үндэслэлээр хариуцагч С.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Хариуцагч Б.Ө , нэхэмжлэгч Ө.Г нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5806 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /цаашид гэрээ гэх/-г бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч Б.Ө нь өөрийн ....... улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Ө.Г ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь мөн өдрөө 4,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.
5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдийн хүсэл зоригоор чөлөөтэй тодорхойлон байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангасан байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсныг илтгэнэ.
6. Гэрээний 3.1-3.4-т заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, үнийг бүрэн төлсөн болох нь зохигчийн тайлбар, мөнгөн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
7. Зохигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжээгүй шалтгаан, нөхцөл байдлын талаар нэгэн адил тайлбарласан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь өмчлөх эрхийг шууд нотлох баримт биш, харин тээврийн хэрэгслийн бүртгэлийн байдлыг тодорхойлох баримт бичиг мөн.
8. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасан тул нэхэмжлэгч Ө.Г нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзнэ.
9. Хариуцагч С.Н нь П.Б , Ч.М г нартай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2758 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 20,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэх бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөгч, зээлдэгч нартай амаар хэлэлцэн тохиролцож, мөн өдрөө тухайн тээврийн хэрэгслийг барьцаалсан гэжээ.
10. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ч ийнхүү гэрээ байгуулахдаа 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болох зохицуулалттай.
11. Хариуцагч С.Н ийн татгалзал бүхий тайлбарт дурдсан барьцааны тохиролцоо нь хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус байх тул барьцааны эрх үүсээгүй гэж үзэв.
12. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Г нь тээврийн хэрэгслийг хариуцагч С.Н ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
13. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ө нь ....... улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Ө.Г ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Г ын ....... улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Н ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН