Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/291

 

 

 

 

 

 

2025            03             06                                         2025/ДШМ/291

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

цагаатгагдсан этгээд Д.Б-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох 2310000001980 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ү овгийн Д-ийн Б-, 1972 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт … тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:…/,

Д.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 55 дугаар байрны 16 тоотод П.Ц-той маргалдан нүүр рүү нь цохих, хүзүүг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь 35 дугаар шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үнэгэд овогт Дагвадоржийн Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүгдэгч Д.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 55 дугаар байр 16 тоотод П.Ц-той маргалдан нүүр лүү нь цохих, хүзүүг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь 35 дугаар шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт:   хохирогч П.Ц-ын “... Б- гэдэг хүн эхлээд миний эрүүн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон чинь Б- миний хүзүүг гараараа боосон...” гэх, гэрч Билэгбарьмалын /хэрэг гарах үед хамт байсан/ “... хоорондоо барьцалдаж аваад зууралдаад байсан... Яг л адилхан бие биеэ боогоод байсан...” гэх, гэрч Д.Нарангэрэлийн “... Намайг ирсэн чинь нөхөр маань сандал дээр суугаад нэлээн согтуу би зодуулсан шүү дээ гээд үглээд суугаад байсан. Ингээд би нөхрөө аваад машинд суулгаад явсан чинь нөхөр дуугүй суугаад байсан. Гэрийн гадаа очоод нөхөр маань машинаас буусан чинь хөл өвдөөд байна гэж хэлсэн. Би өглөө нь ажилтай байсан учраас ажилдаа явсан. Нөхрийн өмсөж байсан футболк нь урагдаад хүзүү нь улайсан байдалтай байсан... Нөхөр маань надаа хэлэхдээ Билэгбарьмалын гэрт ирээд нэг хүнтэй маргалдаад зодолдсон гэж хэлж байсан. Надад хэлэхдээ бол хамт архи уугаад сууж байхдаа зодуулсан нэг мэдсэн чинь ухаан алдсан гэж хэлсэн. Согтуу байсан учраас би сайн лавлаж асуугаагүй. Ямар ч байсан хоолой хүзүү нь улайгаад зулгарсан байсан...” гэх мэдүүлгүүд, шинжээчийн “П.Ц-ын биед 35-р шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../ дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан байна. Дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтууд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”- ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хууль зүйн хувьд тодруулбал аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.

Хэрэгт авагдсан яллагдагч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, мөн мэдүүлгүүдэд “П.Ц-ыг түлхэж, хоолойг нь түлхэж боссон” талаар мэдүүлсэн байхад шүүх “... П.Ц-той ноцолдож цохих үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн гэж үзэхээр байна” гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй үйлдлийг дурдаж, бусад баримтуудаар давхар нотлогдоогүй яллагдагчийн мэдүүлгийг дангаар үнэлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Мөн хэрэг гарахад нөлөөлсөн хохирогч П.Ц-ын айлд архи асгасан, бурхан тахил сүйтгэсэн, агсан тавьсан зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “... хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байхад Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт гэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ыг цагаатгасан гэж үзэж байна.

Мөн хууль сануулж авсан хохирогч П.Ц-ын “Б- гэдэг хүн эхлээд миний эрүүн тус газарт гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг нь шинжээчийн 35-р шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ гэх дүгнэлт, гэрч Б-ын “...хоорондоо барьцалдсан, бие биеэ боосон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Н-ийн “... би зодуулсан шүү дээ гээд үглээд сууж байсан ...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт “хохирогч П.Ц- “чи намайг эхэлж цохио биз дээ” гэхэд шүүгдэгч Д.Б- дуугарахгүй, хариулалгүй өөр юмны талаар ярьж байгаа байдал” зэрэг баримтуудаар давхар нотлогдож байхад шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор өөрийн биеэр оролцох хүсэлтээ үүгээр уламжилж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор үндэслэлгүй зүйл ярьж байна. Би айлд ганцаараа очсон. Би Ц- гэх хүн тэр айлд байгаа болохыг мэдээгүй. Намайг тэр айлд байхад Ц- гэх хүн айлын хойморт суучихаад архи асгаад байхаар нь би “боль” гэж л хэлсэн. Тэгж хэлээд дуусаагүй байтал Ц- намайг цохиж унагаагаад боосон. Түүнээс биш би өөрөө Ц- гэх хүнийг барьж аваад цохиж унагаасан зүйл байхгүй. Бичлэгээс тодорхой харагдана. Би биеэ хамгаалахын тулд босч ирсэн. Дахиад намайг цохих гээд байхаар нь би цагдаа дуудсан. Цагаатгах тогтоолыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос давж заалдах журмаар бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:        

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, шинжлэн судалсан нотлох баримт болон тэдний санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “аргагүй хамгаалалт” хийсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтын эх сурвалжид  үндэслэж, хэргийн бодит байдлын талаар дүгнэсэн байх бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.           

2.1. П.Ц-ын хууль бус довтолгооны улмаас Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус хүчин төгөлдөр шийдвэрийг дахин шинжлэн судлахгүй буюу дахин нотлохыг шаардахгүй тул Д.Б-д холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийн үндэслэлд нэгэн зэрэг хамаарч байгаа болно.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч П.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхонд хохирогч Д.Б-тай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний цовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх ба тус тогтоолд авагдсан:  

- шүүгдэгч П.Ц-ын: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийг урьд таньдаггүй байсан ба анх удаа айлд таарсан. Тухайн үед яг юунаас болоод маргаан цохион болсныг сайн санахгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогчид учирсан гэмтлийг гараараа цохих байдлаар учруулсан... Миний шүд бас хөдөлж хугарсан байсан, уг асуудалд би гомдолгүй гэж мэдүүлсэн, хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйсан...” ,

- Д.Б-ы хохирогчоор өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найзындаа очихдоо эхнэрт нь сүү, тараг бариад очсон. Манай найз яриад “Хадаа ах ирсэн, ганц юм бариад ир” гэхээр нь 5 буудлаас такси бариад очсон. Би найз нартайгаа жаахан юм уусан байсан. Гэхдээ тийм их согтоогүй байсан. Ц- гуай барьж байсан архиа асгаад байхаар нь “айлын хивсэн дээр битгий асгаад бай” гэж хэлсэн чин “чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохиод авсан. Ц- гуай эхлээд цохихдоо уучлалт гуйсан. Дараагийн цохилт дээрээ уучлалт гуйгаагүй. Тухайн үед шөнө орой болсон байхад “ална” энэ тэр гээд айлд агсам согтуу тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...”,..тухайн өдөр найзындаа ороход гэрт нь Билгээ, Билгээгийй найз ах болон намайг цохидог залуу нар байсан Билгээгийн эхнэр нь жижиг өрөөндөө унтаж байсан. Би ороод том өрөөнд нь мах шарж идээд юм яриад сууж байтал надтай маргалдсан залуу гэв гэнэт босож ирээд “юу юм хэн юм“ гээд миний зүүн хацар руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дуугүй өнгөрөөсөн. Тэгээд би нойлын өрөө ороод цусаа угаах гэхэд миний араас аяга шидэх шиг болсон. Би цусаа угаагаад нүүрнийхээ зургийг дараад нойлын өрөөнөөс гарч ирээд, том өрөө руу нь орсон чинь босож ирээд дахиад зүүн хацар руу нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн өөдөөс гутлаа шидсэн. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Бид маргасан зүйл байхгүй, гэв гэнэт босож ирээд цохиод авсан. Одоо миний толгой дүүрээд, зүүн нүдний доод хэсэгт хавдсан, хацар зүсэгдсэн юм шиг байна...”,  

- гэрч Д.Б-ын “...Ц- гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн, гэрийн маань хойморьт гарч суучихаад эхнэр болон Б-, миний хуурай дүү Х нар руу “эд нар чиний барлагууд биз дээ” гээд...мөн “чи миний найзынд орж ирдэг хэн бэ” гээд томроод хараал хэлээд Б-тай маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зууралдаад, бие биеэ боогоод байсан...Миний санаж байгаагаар бол Ц- нь Б-ыг боож унагаасанг нь санаж байна. Нэг мэдсэн Б-ы хацар нь цус болсон байсан. Ц- гэдэг хүн гэрт маань ирээд маш их агсарч агсам согтуу тавьж байсан... Удалгүй Б- цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирсэн...” /хх-24-25/, 

- шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13205 дугаартай дүгнэлтэд: “Д.Б-ы биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-82/,

- П.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд би найз Билэгбарьмалын гэр болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод очсон чинь Б-ын эхнэр болон ах нь зээтэйгээ байсан. Ингээд намайг ороод удаагүй байхад Б- гэдэг залуу орж ирсэн. Би Билэгбарьмалын гэрт нь очихдоо нэлээн согтуу очсон. Ингээд бид нар юм яриад архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Миний санаж байгаагаар бол би Б-тай маргалдаад заамдалцаж аваад намайг боосон...Тог тасарчихлаа гэж бодсон чинь би ухаан алдсан байсан... Би Б-д хандаж “та нар найзыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б- гэдэг залуугийн хацар нь шалбарсан байдалтай цус нь гараад хатсан байсан. Б- гэдэг залуу “чи намайг цохисон” гээд байхаар нь “чамайг цохиогүй” гэж хэлсэн... Удалгүй цагдаа нар орж ирээд Б- бид хоёрыг цагдаагийн хэлтэс руу авч явсан. Б-ыг цохисноо санахгүй байна.” /хх80-82/ гэсэн мэдүүлгүүд, 

2.2. Мөн шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан:

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... хохирогч Ц- нь чи миний гарын аяыг даах уу гэхэд Д.Б- би чиний гарын аяыг даагаад ингээд сууж байна, чи энэ цохисон нүүрээ хардаа гэх...” үйл баримт /хх-08-10/,  

- гэрч Д.Б-ын мэдүүлэг /хх-24-25/,  

- гэрч Д.Н-ийн “...Ц- согтуу найзынхаа гэрт очиж архи уугаад маргаан үүсгээд ирсэн байна, та ирж авах уу гэж цагдаагийн газраас утасдсан...” /хх-28-30/,

- хохирогч П.Ц-ын өгсөн “...би гадуур хүнтэй жаахан архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэхэд Билэгбарьмал хамаагүй, гэрт хүрээд ирээч гэсэн... Гэрт нь очтол ширээн дээр нэг том шилтэй архи тавьсан, зээ охиноос бусад нь согтуу байсан... бид архи ууж байхад урьд харж байгаагүй Б- гэж хүн орж ирсэн, цуг сууж, архи уугаад юунаас болоод маргалдсанаа санахгүй байна... Б- эхлэн миний эрүү тус газар цохиод би зөрүүлээд нүүрэн тус газар нь цохиход Б- намайг боосон... Би Б, Х гэх хүмүүстэй маргаагүй, миний бодлоор Б-тай маргалдсанаас болсон болов уу, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан... Гомдол саналгүй /хх-15, 20/,  

- хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тухай шинжээчийн дүгнэлт /хх-36-37/,

- Д.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Ингээд бид нар юм яриад танилцаад архи согтууруулах ундаа хэрэглээд удаа ч үгүй байж байсан чин Ц- гэх залуу айлын гэрт архи асгаад байхаар нь “одоо боль гэж согтсон байна айлд байж ингэж болохгүй шүү” гэж хэлсэн чинь босч ирээд намайг цохиод миний дээр гараад хоолойг боосон, би зөрүүлээд өөрийгөө хамгаалж түлхэж хоолойг нь түлхээд боссон. Би ариун цэврийн өрөө ороод нүүр гараа угаах гэхэд миний зүүн талын хацар шалбараад цус гарсан байсан. Ингээд би тухайн Ц- гэдэг залууд хандаж яаж байгаа юм бэ, айлд ирээд ингэж болж байгаа юм уу айлын гал голомтыг хүндлэх хэрэгтэй гэдэг зүйл ярьсан чинь намайг дахиад цохиж авахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ц- намайг цохиод миний дээр гараад хоолойг боохоор нь би босох гэж би хоолой руу болон цээж рүү нь түлхэж боссон бусдаар бол би цохисон зүйл байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцлаа, би өөрөөсөө холдуулах гэж тухайн хүний биед гэмтэл учруулсан...” /хх53-54/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд Д.Б- нь П.Ц-ын хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж үйлдэл хийсэн  болох нь тогтоогдсон байна гэж дүгнэв.        

Д.Б- нь П.Ц-ын хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж үйлдэл хийсэн болохыг нотолж буй дээр дурдсан нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан гэж үзэв.     

Д.Б-ы өөрийгөө хамгаалсан хамгаалалтын шинж чанар ба П.Ц-ын хууль бус довтолгооны хооронд илт нийцэж тохирохгүй байдал тогтоогдоогүй ба Д.Б- нь довтлогч П.Ц-ын тухайн довтолгооноос зугтаах, бусдаас тусламж хүсэх боломж байсан эсэх, аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн эсэх нь тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх иргэний эрхэд нөлөөлөхгүй болно.     

Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус ба тулгарсан довтолгоонд өртөж биедээ шархи, сорви заавал авсан байхыг шаардахгүй, харин өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол, бусад эрсдэл учрахаас хамгаалахын төлөө довтлогчийн эсрэг боломжит арга, хэлбэрээр шуурхай үйлдэл буюу хамгаалалт хийх эрхтэй.       

Тодруулбал, П.Ц- нь согтууруулах ундаа бага бус хэмжээгээр хэрэглэсэн үедээ  бусдын гэрт “...ууж байсан архи асгах, хэрүүл маргаан өдөөж барлагууд биз дээ, чи миний найзынд орж ирдэг хэн бэ, чи юу гээд байгаа юм бэ, чи юу юм, хэн юм...“ гэх мэтээр зүй бус авирлаж, тухайн зүй бус үйлдлээ зогсоох бусдын шаардлагыг нь эсэргүүцэн удаа дараагийн хууль  бус, зүй бус үргэлжилсэн үйлдлээр Д.Б-ы эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хүч хэрэглэсэн довтолгооныг эхлүүлж, үргэлжлүүлсэн, тухайн довтолсон үйлдлийн улмаас Д.Б-ы эрүүл мэндэд учруулсан хохирол болон хууль бус довтолгоон  хэрэгжиж, үргэлжилсэн үйлдлийн нөхцөл, арга хэлбэр зэргээс үзэхэд Д.Б-ы хувьд аргагүй хамгаалалтын бодитой нөхцөлд буюу П.Ц-ын дээрх хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахад чиглэгдсэн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Мөн хэрэгт авагдсан гэрч Д.Билэгбарьмал, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг бүхий л баримтуудыг харьцуулан шалгахад:     

- тус хэрэг үйдэгдэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн байх төдийгүй П.Ц-ын хувьд согтууруулах ундааны зүйл бага бусаар хэрэглэсэн байсан нь үгүйсгэгдэхгүй, тэрээр бусдын гэрт бусдын эсрэг удаа дараагийн хууль бус, зүй бус үргэлжилсэн үйлдлээр хэрүүл маргаан өдөөж, зүй ёсны шаардлагыг нь эсэргүүцэж улмаар Д.Б-ы амь бие, эрүүл мэндэд аюултайгаар халдан довтолсон нь тэр даруйд аргагүй хамгаалалт хийх шууд эх сурвалж, нөхцөлт шалтгаан болсон,            

- П.Ц-ын хувьд яллагдагч, шүүгдэгч, хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгсөн байх ба тийнхүү согтуурсны улмаас өөрийн гаргасан хууль бус, зүй бус үйлдлээ зөвшөөрсөн байх боловч заримыг нь бүрэн санахгүй байгаа болохоо, мөн зарим талаар түүний мэдүүлэг эх сурвалжгүй болох нь тус тус тогтоогдсон байгаа нь аргагүй хамгаалалт хийсэн үндэслэл, нөхцөл байдлыг бүрэн үгүйсгэх үндэслэл болохгүй байхаас гадна,   

- Д.Б- нь удаа дараа зүй ёсны шаардлага тавьсан байх боловч П.Ц- нь  эсэргүүцэн хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн улмаар төгсгөл нь тодорхой бус нөхцөл байдал дахин үүсмэгц цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар П.Ц-ын хууль бус  үйлдлийг таслан зогсоолгох арга хэмжээ авсан зэрэг нь Д.Б-ы хувьд аргагүй хамгаалалтын бодитой нөхцөлд өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус довтолгооноос хамгаалах сэдэлт, зорилгын хүрээнд үйлдэл хийсэн болохыг тодотгон илэрхийлж байгааг тус тус дурдах нь зүйтэй.         

Д.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан, тэрээр шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалт”-д хамаарах үндэслэлийг хэргийн үйл баримтын хүрээнд дүгнэж хэрэглэхэд нөлөөлөхгүй болно.   

3. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон буюу аргагүй хамгаалалт хийсэн гэх үндэслэлийн талаар дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/62 дугаар шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/62 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЧ

 

       ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР