Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/02418

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/02418

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг ......4/-ын,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ./-д холбогдох,

 ....

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн аав болох Одболдыг баярлуулах зорилгоор *******аас Тоёота ланд крузер прадо 95 машиныг худалдаж авсан. ******* нь автомашинаа зарахдаа ах нь олон жил унаж байгаа машинаа мөнгөний хэрэг гараад зарж байгаа, эвдрэл гэмтлийн хувьд ямар ч асуудалгүй, санаа зоволтгүй гэж хэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аавдаа бэлэглээд, аав унаж үзээд машины доорх эд ангиуд дуугараад байна гээд засварын газар очиж үзүүлтэл аваарт ороод хөрвөөгөөд засагдсан машин байсан. Мөн урд наклад, резин түлк, гурван бул аягатай нь солино, хойд хоёр татуурганы түлк, рулийн аппарат, босоо резин, хойд амартизатор шаавь байхгүй гэх мэт доод эд ангиуд эвдрэлтэй байна гэсэн. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр машин зарсан ******* руу залгаад хэлтэл хотод явж байна гэсэн. Мөнгөө авмаар байна гэхэд эхнэрт хэлчих мөнгөний асуудлаа Эрдэнэт хотод очиж байгаа шийдье гэж хэлсэн. Удалгүй эхнэр нь залгаад машин буцаахгүй гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Түүнээс хойш *******тай утсаар яриагүй, ярих гэтэл эхнэр нь хэрүүлийн шинжтэй хэл ам хийж яриулаагүй. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******ын Хаан банкны 5098034870 данс руу машины мөнгө болох 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд *******ад машиныг буцаан өгч, худалдан авсан 14,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******од Тоёота ланд крузер прадо 95 машиныг 14,000,000 төгрөгөөр зарсан. ******* нь машиныг худалдан авахдаа үзэж харж, шалгаж, унаж үзсэн. Тухайн үед ямар нэгэн доголдол эвдрэл гэмтэл байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Зохигчийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзаж, 14,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөг болгож бууруулсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч уг мөнгийг шүүхийн шийдвэр бичгээр гарахаар төлж барагдуулна. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашины үнэнд төлсөн 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь эвлэрлэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: нэхэмжлэгч тал 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 11,000,000 төгрөгөөр бууруулж, 3,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 3,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр бичгээр гарахаар төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ад холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 3,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлийн гэрээ байгуулж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ