Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/292

 

 

 

 

 

 

 

 2025            03             06                                         2025/ДШМ/292

 

Н.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Дэлгэрмаа,

яллагдагч Н.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/503 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сэлэнгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Г-т холбогдох 2407 00000 0298 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн Н-ийн Г-, 1970 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, … тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: …/,

Н.Г- нь зохих зөвшөөрөлгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотод хадгалж байсан 44 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн “78-01” УНГ улсын дугаартай “Хюундай Портер” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” ХХК-ийн хашаанд нийт 44 ширхэг шуудай бүхий 1918,7 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Н.Г- нь зарын дагуу “Эмээлт худалдааны төв”-өөс 2023 оны 11 дүгээр сарын дундуур үл таних хүнээс самар худалдаж авсан байх бөгөөд дээрх худалдаж авсан хүнээс зохих зөвшөөрөл нь байна уу гэж асуухад ... 2 зөвшөөрөл буюу ойн дагалдах баялаг ашиглах эрхийн бичгийг өгсөн байдаг. Тэгээд Н.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 1918.7 килограмм самар буюу 1.694.212.100 төгрөгийн хохирол учирсан гэж яллан дээрх мөнгийг нэхэмжилж байгаа боловч зарим самар буюу нийт 1260 килограмм самар нь зөвшөөрлийн үндсэн дээр түүгдсэн самар байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нарийн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ” зааснаас нөхцөл байдлыг тогтоогоогүйг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Прокурор М.Сэлэнгэ бичсэн эсэргүүцэлдээ: “…Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянган шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг зааснаар явуулж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход хангалттайн гадна нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Нийслэлийн шүүх шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3043 дугаартай дүгнэлтээр хэрэгт хураагдсан 1918,7 киллограмм Сибирь хуш модны самар буюу үр нь ойн дагалт баялагт хамаарах, экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, мөн “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЭК-24-35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнэлгээг тус тус тогтоосон. Гэтэл шүүх, яллагдагчийн гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “...самар зарсан хүн нь манай үйлчлүүлэгчид тусгай 2 зөвшөөрөл буюу ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг өгсөн байдаг. Тэгээд Н.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 1918.7 килограмм самар тээвэрлэж хадгалан 1.694.212.100 төгрөгийн хохирол учирсан гэж яллан дээрх мөнгийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа боловч зарим самар буюу нийт 1260 килограмм самар нь зөвшөөрлийн үндсэн дээр түүгдсэн самар байсан. ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нарийн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна...” гэх мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх атал хэрэгт хууль ёсны үндэслэл журмын дагуу авагдаагүй, өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлаар хэргийг буцаасан үндэслэлгүй гэж үзнэ.

Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичигтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд яллагдагч Н.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2023 оны 11 дүгээр сард фейсбүүк орчинд явж байсан самар зарна гэсэн зар хараад утасны дугаараар холбогдоод 22-ын товчоо эмээлт зах дээр очиж зарын дагуу танихгүй 20 гаруй насны залуутай уулзаад 1тн гаруй 44 шуудай самрыг 1кг нь 12,500 төгрөгөөр нийт 21 орчим сая төгрөгөөр худалдан аваад цааш үнэ нэмж зарах гэсэн боловч тухайн үед самрын үнэ буурсан... зөвшөөрөл шаардлагатай гэдгийг мэднээ, мөнгөний хэрэг гарсан тул хямд үнээр аваад үнэ нэмж зарах гэж байсан юм... миний бие самар түүж бэлтгээгүй худалдан авсан... ” гэж мэдүүлсэн нь ойн дагалт баялгийг зарын дагуу үл таних хүнээс авсан буюу зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, ач холбогдолгүй, хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй.  Нөгөөтээгүүр, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нарийн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна...” гэснээс өөрөөр ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тусгаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй байна.

Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/503 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Учир нь, хаана, хэзээ, хэн, ямар хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан болохыг нарийн тогтоосон. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчны тухай хуульд заасны дагуу тогтоосон хэмжээгээр эрх бүхий тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээр тогтоолгосон. Мөн тухайн самрын зах зээлийн үнэлгээг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээр давхар тогтоолгосон байгаа. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс “тусгай зөвшөөрөлтэй самрыг бэлтгэсэн, худалдан авсан” гэх байдлаар материалыг гаргаж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан. Иргэнд хувийн хэрэгцээнд 50 кг самрыг бэлтгэх эрхийг олгосон. Тэр эрхийг хэн нэгэн буюу Н.Г-т шилжүүлсэнээр Н.Г- самрыг түүж бэлтгэх эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Прокуророос Н.Г-ийг ойн дагалдах баялаг болох хуш модны самар буюу үрийг хадгалж тээвэрлэсэн гэдэг зүйл ангиар гэм буруутай асуудлыг хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүж бэлтгэсэн асуудлыг эрх шилжсэн буюу эрхтэй байсан гэх байдлаар хандаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх үнэлээд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Н.Г- нь ховор ургамлын үрийг хадгалсан уу, тээвэрлэсэн үү гэх үйл баримтыг хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоосон тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Нийт 38 хүний талаарх баримт байгаа. Үүнийг мөрдөн байцаагчид гаргаж өгсөн боловч мөрдөгчөөс “наад баримтаараа яах гээд байгаа юм бэ. Одоо хэрэг шүүх рүү шилжих гэж байна” гээд аваагүй. Тэгэхээр нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед уг баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримттай холбоотой асуудлыг шалгаж байж хохирол хор уршгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Хэрвээ хуулийн дагуу худалдан авсан байх юм бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой. Мөн машиныг хураан аваад хохирол төлбөрт тооцуулах саналтай байна. Дараа нь хэт өндөр үнэлээд нэхэмжлэх боломжтой харагддаг...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдалд хамаарах “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-г заавал тогтоосон байх хууль зүйн үндэслэл, журмыг бүрэн биелүүлээгүй, яллах дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1.1. “Ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хуш модны самар”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан эсхүл түүсэн гэх үндсэн үйлдэлд хамаарах нотолбол зохих байдлыг хангалттай нотлохгүйгээр орхигдуулсан байна.

Н.Г- гэрчээр “...Би амралтаа 2024 оны 8 сарын 19-ний өдөр аваад  тухайн самрыг Тэрэлжийн уулнаас ирэн, очин түүсэн, тэгээд түүсэн самраа хадгалах гэж тээвэрлэж яваад баригдсан тухай мэдүүлэг /хх-53-54/, дахин гэрч, яллагдагчаар “...2023 оны 11 дүгээр сард фейсбүүк орчинд явж байсан самар зарна гэсэн зар хараад утасны дугаараар холбогдоод 22-ын товчоо эмээлт зах дээр очиж зарын дагуу танихгүй 20 гаруй насны залуутай уулзаад 1тн гаруй 44 шуудай самрыг 1кг нь 12,500 төгрөгөөр нийт 21 орчим сая төгрөгөөр худалдан аваад цааш үнэ нэмж зарах гэсэн боловч тухайн үед самрын үнэ буурсан тул зарж чадаагүй, Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотод хадгалсан...зөвшөөрөл шаардлагатай гэдгийг мэднээ, мөнгөний хэрэг гарсан тул хямд үнээр аваад үнэ нэмж зарах гэж байсан юм... миний бие самар түүж бэлтгээгүй худалдан авсан...” /хх-49-50, 135-136/ гэх зэргээр мэдүүлсэн байх тул дээрх мэдүүлгийн эх сурвалж бүрийг нь заавал нотолж тогтоосны эцэст “хууль бусаар худалдан авсан эсхүл түүсэн” гэх улмаар хадгалсан, тээвэрлэсэн гэх зэрэг бүх үйлдлүүдийг нь бүрэн хамааруулж хууль зүйн дүгнэлт хийх замаар зөв зүйлчлэх зайлшгүй шаардлагатай.  

1.2. Хэрэв яллагдагч Н.Г- нь “Ховор ургамал болох Сибирь хуш модны самар”-ыг хууль бусаар худалдан авсан эсхүл түүсэн гэх үндсэн үйлдлийг орхигдуулсан буюу хууль ёсны дагуу мэт үзсэн тухайн тохиолдолд “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн” гэх үйлдлийг шалгах, үнэлж дүгнэх, зүйлчлэх талаар хууль зүйн дүгнэлт хийх бодит боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.   

1.3. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт дэх /хх-128-131, 144-150/ яллагдагч Н.Г-т холбогдох хэргийн зүйлчлэл хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй  байна.   

Прокурор яллах дүгнэлтдээ “Н.Г- нь зохих зөвшөөрөлгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотод хадгалж байсан 44 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн “78-01” УНГ улсын дугаартай “Хюундай Портер” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай Чандмань” ХХК-ийн хашаанд нийт 44 ширхэг шуудай бүхий 1918,7 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон” гэж ялласан нь илтэд тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Ховор ургамал болох 44 ширхэг шуудай бүхий Сибирь хуш модны самрыг Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотод хадгалсан гэх боловч энэ нь хэзээ тээвэрлэгдэж, тухайн газарт хадгалагдаж байсан эсэх, тийнхүү тээвэрлэж, хадгалсан нь хууль ёсны зөвшөөрөлтэй эсэх асуудлыг нотолж дүгнээгүй атлаа эсрэгээр “Ховор ургамал болох 44 ширхэг шуудай бүхий Сибирь хуш модны самар”-ыг Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотод хадгалж байсан нь хууль ёсны мэт, харин тухайн самрыг Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жанжин 20-132а тоотоос Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай Чандмань” ХХК-ийн хашаанд тээвэрлэн авчирч, хадгалахдаа хууль ёсны дагуу зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилготой нь гэмт хэргийн шинж хангасан мэт утгаар бичсэн байгаа зэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзэхгүй.    

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “яллагдагч, түүний өмгөөлөгч” нараас “...ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг...” гэх баримтуудыг /хх162-192/ нэгэнт гаргасан байх тул хууль ёсны эсэх буюу хуурамч эсэх асуудлыг нэг мөр шалгаж тогтоох бодит шаардлага үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоох, яллагдагчиийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй” учраас мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж (энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинж)-ийг нотлох, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоохын тулд нотолбол зохих байдлыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолж тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзнэ.

Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хууль бус шинжтэй зарим асуудлууд үүссэн бол нэг мөр хянан шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.   

3.  Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.5, 32.10 дугаар зүйл зэрэгт зааснаар, мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавих, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу прокурорт даалгавар өгөх хүрээнд “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх” боломжгүй тул тухайн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах үндэслэл, журмын хүрээнд шийдвэрлүүлэх үндэслэлтэй болно.   

5. Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗЗ/503 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сэлэнгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.      

Харин анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа “тухайн хэрэгт нотолбол зохих байдлыг иж бүрэн, үндэслэл бүхий байдлаар дүгнээгүй” орхигдуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗЗ/503 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР