Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02070

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01911 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 43 509 738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нямдорж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Энхбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т ХХК хэв хашмалын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Жунсон констракшн ХХК-тай 2018 оны 11 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилласан болно.

Жунсон констракшн ХХК нь одоо болтол төлбөрөө төлөөгүй байгаа тул 2019 оны 12 сарын 31-ний тооцоо нийлсэн актын дагуу хариуцагчаас 43 509 738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20 хоногийн хугацаатай Т ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хавсралт-1-д дурдагдсан бараа материалыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч түрээсэлж, 2018 оны 11 сарын 30-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн. Гэрээний үндсэн хугацаанд хариуцагч хавсралт-2-т дурдагдсан бараа материалыг өгөөгүй. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 469 090 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлөөд төлбөрөө дуусгасан.

Мөн бараа материалуудаа хүлээлгэж өгсөн. Үндсэн төлбөр 29 006 492 төгрөгийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ байгуулагдаагүй, гэрээний сунгалт хийгдээгүй учраас алданги болох 14 503 246 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жунсон констракшн ХХК-аас нийт 34 849 007/гучин дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдсэн 8 660 731/найман сая зургаан зуун жаран мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жунсон констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 332 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талууд түрээсийн гэрээг 20 хоногийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон. Гэрээг сунгах талаар гэрээнд заагаагүй, гэрээний хугацааг талууд сунгаагүй болно.

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2 954 250 төгрөгийн хэв хашмал түрээслэн авсныг шүүх 2018, 2019 оны эв хашмалын тооцоогооор тогтоосон. 2018 онд авсан хэв хашмалын тооцооны хүснэгтэд түрээсэлсэн хоног, буцаасан өдрийг заасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар түрээслэн авсан нийт 22 954 250 төгрөгийн хэв хашмалыгн буцаан өгсөн. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зохигчдын хооронд аман хэлбэрийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн, өөр хэв хашмалыг 2019 онд түрээслэн авсан байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болно.

Аман хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх алдангид 4 742 580 төгрөгийг гаргуулах хуулийн үндэслэлгүй болно.

Иймд алданги болох 4 742 580 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Жунсон констракшн ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 29 006 492 төгрөг, алданги 14 503 246 төгрөг, нийт 43 509 738 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алдангид 14 503 246 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

Т ХХК нь Жунсон констракшн ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Т ХХК нь гэрээний хавсралтад заасан хэв хашмал, дотор булан, гадна булан зэрэг материалыг 20 хоногийн хугацаатай түрээслэх, түрээслэгч Жунсон констракшн ХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд гэрээг бичгээр хийсэн тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. /хх10-17/

 

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх гэрээний дагуу хэв хашмал, дотор булан, гадна булан зэрэг материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, гэрээ дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй. Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 469 090 төгрөгийг тус тус төлсөнд мөн маргаагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний төлбөр төлөх үүргийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 24 080 093 төгрөгөөр, түрээсийн эд хөрөнгийг эвдсэн төлбөрийг 2 101 200 төгрөгөөр тус тус тодорхойлж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Гэрээний 8.1а-д түрээсийн эд хөрөнгийг хүлээн авах хугацааг хожимдуулсан бол уг эд хөрөнгийн үнийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хугацаа хожимдуулсан өдөр бүрт төлнө гэж, 8.1б-д түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө гэж тус тус тохиролцсон байх ба уг тохиролцооны агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцжээ. /хх11/

 

Анхан шатны шүүх алдангийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 сар хүртэл 57 хоног алдангийг гэрээнд заасан үүрэг болох 22 954 250 төгрөгөөс тооцож 3 925 134 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Харин 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 4 742 580 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байх ба давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Учир нь талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн ба уг баримтаас үзвэл Жунсон констракшн ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 39 006 492 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй болохыг тогтооож, талуудын эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 6/ Уг баримтад талууд алдангийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхээс татгалзсан гэж дүгнэнэ.

 

Иймд хариуцагч Жунсон констракшн ХХК-аас 30 106 427 /24 080 093+2 101 200+3 925 134/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01911 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг 34 849 007/гучин дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга долоо/ төгрөгийг гэснийг 30 106 427 төгрөгийг гэж, 8 660 731/найман сая зургаан зуун жаран мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гэснийг 13 403 311 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

2 дахь заалтын 332 195 төгрөгийг гэснийг 308 482 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 838 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА