| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2403007201018 |
| Дугаар | 2025/ДШМ/475 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/475
2025 04 29 2025/ДШМ/475
З.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч З.Н-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Н-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Н-д холбогдох эрүүгийн 2403007201018 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н-,
Шүүгдэгч З.Н- нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн тоот хашаанд иргэн Д.Э-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105 грамм/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын хавирга орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж түүний цагдан хоригдсон 286 (хоёр зуун наян зургаа) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Н-аас 4.384.800 (дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эсхүл гэр бүлийн гишүүн нь өөрт учирсан болон гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүгдэгч З.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие бага, залуу насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн, төлөв даруу зантай нэгэн. Төрсөн эгчээс минь өөр намайг гэх хамаатан садан байхгүй. Би ийм хэрэгт холбогдсон гэж дуулаад сэтгэл санаа маш их цочирдсон. Би хэдий согтууруулах ундаа уусан ч хүн цохиж амь насанд нь хүрэхээр зан ааш надад байхгүй. Намайг анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиход байцаагч нарын хажуу тусгай өрөөнд суух /цолыг нь мэдэхгүй байна/ Б гэх байцаагчид “би ямар ч үйлдэл хийгээгүй” гэхэд намайг бороохойдож унагаад “чи цохисон гэж хэл” гээд хэрэг хүлээлгэсэн. Гэрч нарын мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Хэргийн зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой. Байцаагч, прокурор зөвхөн нэг талыг баримтлан цагаатгах талын нотлох баримтыг нэгийг ч олж харахгүй байгаад гомдолтой байна. Иймд миний эрх зүйн байдлыг минь дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн эрүүл мэндэд хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулдаг бол хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас завсрын шалтгаанаар буюу бусад хүндрэл үүсэж, тухайлбал хоёрдогч халдварын үхлээр хохирогч нас барсан тохиолдолд “ Хүнийг алах’’ гэмт хэрэг гэж үзэхгүй гэж тодорхойлох хэсэгтээ үндэслэжээ.
Гэтэл шүүгдэгч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.М-, Н.Г- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүнийг амь насыг хохироох санаа сэдэлт, зорилго байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны 00.50 минутын байдлаар амь хохирогч нас бараад 40 орчим цаг болсон байх боломжтой гэж тодорхойлогдсон ба шинжээч эмч их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн булчинд голомтлог цус хуралт, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тодорхойлсон. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо, шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн № 661 дугаартай тогтоолд тодорхойлсон тайлбар, анхаарвал зохих хэм хэмжээг анхаараагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгч, шүүгдэгчийн саналыг хэлэлцээд завсарлуулах шийдвэр гаргахаас татгалзсан үндэслэл нь хууль зүйн хувьд ойлгомжгүй болсон. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ гэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзнэ. Харин ч эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад харшилсан шийдвэр болсон гэж үзэхээр байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан шүүгдэгч З.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч З.Н- хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй, оролцогчдын эрхийг зөрчөөгүй гэж үзсэн учраас яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтээ хэлсэн. Шүүгдэгчийн гомдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад “мөрдөгч н.Б намайг зодож байж хэрэг хүлээлгэсэн” гэж дурдсан байна. Хэрэв эрүүдэн шүүсэн асуудал байсан бол мөрдөгчтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрх хэмжээтэй. Энэ үйл баримт нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** тоот эзэнгүй хашаанд болсон. Амь хохирогчийн толгойн тус газар нэг удаа цохиж арагшаа савж унаснаар тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч н.Энхцолмон оролцсон бөгөөд “энэ гэмтэл нэг удаагийн цохилтоор үүсэх үү” гэж асуухад “толгойн тус газар цохисон нэг удаагийн цохилтоор энэ гэмтэл үүсэх боломжтой” гэж хариулсан. Хяналтын камерын бичлэгээр З.Н- 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед тухайн хашаа руу ороод 19 цагийн үед гарч ирж байгаа боловч 04 дүгээр сарын 24-ний өглөө 8-9 цагийн үед, мөн 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин очсон. Очих үед амь хохирогч хашаан дотор хэвтээд байгаа. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Санаатай гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай гэж байна. Шууд бус санаатай буюу санаатай үйлдлийн улмаас хохирол хор уршигт зориуд хүргэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлбөр төлөх завсарлага аваагүй гэж дурдсан. Шүүгдэгч болон амь хохирогчийн хувийн байдлын тухайд хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. 4.384.400 төгрөгийг оршуулгын зардал гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч З.Н- нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э-ыг “гар утсыг нь ломбарданд тавьж, дахин архи ууя” гэлээ гэх шалтгаанаар толгойн зүүн хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105 грамм/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж, дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-ын “...архи уудаг хүмүүстэй нийлээд архи дарс уудаг болсон байсан. ...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд явж байхад манай дүү залгаад Э- нас барсан байна гэж хэлсэн. ...2024 оны 04 дүгээр сарын 23-нд миний төрсөн өдөр болоод ээж дээрээ очсон, талийгаачийн хүүхэд орж ирэхээр “ээж чинь гэртээ байна уу” гэж асуухад “ээж гэртээ байхгүй байна” гэсэн. Ээж хэлэхдээ” 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ гараад ирээгүй байна” гэж хэлж байсан. ...” /1хх 16-17/,
гэрч Г.Б-ийн “...би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр салхинд алхаж байхад танихгүй хүүхэд гүйж ирээд “энд нэг хүн доошоо хараад унасан байна” гээд манай гудамжинд байдаг эзэнгүй хашаа руу заасан. Хашаанд ороод харахад доошоо харсан байдалтай хүн хэвтэж байсан. Би манай гудамжинд засвар хийдэг нэг залууг дуудаад “энд нэг хүн үхсэн юм уу яасан юм, хөдлөхгүй байна” гэж хэлсэн чинь “манай хэсгийн байцаагч байсан Нараад хэл” гээд би Нараад хэлсэн. Нараа тухайн хашаанд орж үзээд “та явж бай, би цагдаад дуудлага өгье” гээд би явсан. ...” /1хх 21/,
гэрч Д.М-ын “...би Д.Э-той 04 дүгээр сарын 23-ны өдөр ...байнга архи уудаг ...Сонгинохайрхан дүүргийн гудамжинд байдаг бор хүрэн өнгийн гүйдэг хаалгатай, эзэнгүй, дотроо урт төмөр хураачихсан хашаа руу орж хамт архи уусан. ...би нэлээн согтоод гэр лүүгээ харихаар болоод яг хэн хэнтэй цуг гарч явснаа санахгүй байна. ...Харин хашаанд ...Э- нэг эрэгтэй хүнтэй үлдсэн. ...Тухайн үед Э-ын биед болон нүүрэнд нь ил харагдах гэмтэл харагдаагүй. ... архи ууж байхад хэрүүл маргаан, зодоон болсон асуудал байхгүй. ...” /1хх 24-25/,
гэрч А.О-ийн “...Т, Х, Н, Э- бид тав авсан архиа хувааж уух гээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны замын эсрэг талын эзэнгүй хашаа руу ороод архиа хувааж уусан. ...би Т, Х нартай хамт хашаанаас гараад явсан, Н, Э- нар эзэнгүй хашаанд үлдсэн. ... Э-ын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...” /1хх 28-29/,
гэрч М.ын “...гэртээ хоночихоод 1 дэх өдрийн өглөө гараад явсан. Уг нь яаж ч архи уусан гэртээ ирдэг юм. 2-3 хоног гэртээ ирээгүй болохоор нь би төрсөн охин Б хэлсэн. ...” /1хх 34-35/,
гэрч Д.М-ийн “...жижиг Г, Н-, Б гэх залуу бид ... архи аваад эзэнгүй хашаанд очиж архи уухаар болоод тухайн хашаа руу ороход хашааны зүүн талд урт төмрүүдийн тэнд хар өнгийн хувцастай хүн хэвтэж байсан...Н- явъя гээд явцгаасан. ...Хашаа руу ороход хашааны зүүн талын хэсэгт урт төмрүүдийн тэнд нэг хар өнгийн хувцастай хүн хэвтэж байсан, яг ямархуу байдалтай байсныг нь хараагүй ба дуудаад хариу үйлдэл үзүүлээгүй, би тасраад хэвтэж байна л гэж ойлгосон. ...Би тухайн хашаанд дахиж очоогүй. ...Харахад эмэгтэй байрын л хүн байсан. ...” /2хх 19-20/,
гэрч Н.Г-ийн “...Би Н-, гилжгий Төрөө хоёртой “**” дэлгүүрийн тэнд уулзаад дэлгүүрээс архи аваад ууцгаасан ба дэлгүүрийн гудамж руу ороод төв замын үзүүр талаасаа 3 юм уу 4 дэх хашаа дотроо хоосон эзэнгүй, бид хэд архи уудаг хашаа байгаа юм. Тухайн хашаа руу ороход хашааны зүүн талын урт төмрүүдийн тэнд хар өнгийн хувцастай, эмэгтэй хүн доошоо харсан байдалтай байсан. Гилжгий Т-тэй яриад цагдаа дуудъя гэхэд Н- ах зөвшөөрөхгүй, уурлаад хэрэггүй гээд байсан. Яасан талаар асуухад энэ эмэгтэйтэй цуг архи уугаад салсан, тэгсэн ийм юм болчихож гэж хэлсэн. ... Э- гээд нэрээр нь дуудахаар хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. ...” /2хх 23-24/,
шинжээч Н.Энхцолмонгийн “...амь хохирогч Д.Э-ын цогцост учирсан их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доор цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй бөгөөд цохих, цохигдох үед үүснэ. ...Амь хохирогч Д.Э-ын биед учирсан гэмтэл нь учирснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжтой бөгөөд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хөдөлгөөн хийх хугацаа нь өөр, идэвхтэй хөдөлгөөн хийх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. ...” /1хх 147/,
З.Н-ын яллагдагчаар өгсөн “...хашаан дотор Э- бид хоёр үлдсэн. Энх- Од намайг “гар утсаа ломбарданд тавьчих, эсхүл дэлгүүрт барьцаанд тавиад мөнгө болгоод архи авч ууя” гээд шаналгаад байхаар /өмнө нь бас намайг ингээд шаналгаж байсан удаатай/ нь би “ямар даварчихсан хүүхэн бэ” гэж хэлээд Э-ын зүүн шанаа болон толгойны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй алгадсан чинь хойшоо саваад уначихсан. Тэгснээ Э- өндийгөөд /2 хөлөө жийчихсэн, баруун гараараа газар тулаад сууж байсан/ босож ирж чадахгүй, толгойгоо сэгсрээд байсан ба “би хүргээд өгье” гэхээр бас толгойгоо сэгсрээд явахгүй байсан. Тэгэхээр нь би “автобус зогслоо, би явлаа” гэсэн чинь толгойгоо дохих шиг болохоор нь би яваад өгсөн. Би 2-3 хоногийн дараа санагдаж байна тухайн эзэнгүй хашаа руу архи уух гээд гилжгий Төрөө, жижиг Ганаа нартай хамт ороход хашаанд байдаг урт төмрийн нүх рүү хоёр хөл харагдаж байсан ба “хүн байна” гээд буцаад яваад өгсөн. ...Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 64-65, 2хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,
“...амь хохирогч Д.Э-ын цогцост их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105 грамм/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын хавирга орчмын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105 грамм/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1694 дүгээр дүгнэлт /1хх 135-139, 143-144/,
“...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00:50 минутын цогцсын үзлэгээр нас бараад 40 орчим цаг болсон байх боломжтой. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1112 дугаар дүгнэлт /2хх 82-84/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-13/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр дүгнэлт /1хх 168-169/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2203 дугаар дүгнэлт /1хх 235-250, 2хх 1-11/, “**” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 126-131, 2хх 26-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч З.Н- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч З.Н- нь амь хохирогч Д.Э-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105 грамм/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт бүхий гэмтлийг учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч тархи дарагдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч З.Н- болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин “...З.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
Хэргийн үйл баримтаар З.Н- нь анх Д.Э-ыг зодож, улмаар тэр даруйд хэргийн газарт буюу хоосон хашаанд орхиж явсан, мөн хоёр хоногийн дараа Д.М-, Н.Г- нарын /гэрчээр мэдүүлэг өгсөн/ хамт тухайн хашаанд очиход хохирогч тэр газраа ухаангүй мэт хэвтэж байсныг мэдсэн атлаа ямар нэгэн тусламж үзүүлээгүй буюу зөнд нь орхиж явсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас эрсдэх бодит аюул учирсан байж болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа үхэлд зориуд хүргэсэн буюу түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болох гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр, амь насны ноцтой хохирол, тэдгээрийн шалтгаант холбооны үндэслэл, хамаарлын шинж хангагдсан гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч З.Н- нь “...цахилгаан бороохойгоор зодож хэрэг хүлээлгэсэн...” гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Н- болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Н-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН