Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0447/З |
Дугаар | 894 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 894
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн С.Д*******ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн С.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 тоот тушаалыг илт хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан байхад намайг Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: " Миний бие 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр "Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Шадар сайд У.Х 7 тоот хууль бус тушаал гарган намайг худалдан авах ажиллагааны газрын дэд даргын ажлаас халж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүхээс 2015 оны 12-р сарын 11-нд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Монгол Улсын Шадар сайд У.Хийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 тоот тушаалыг илт хууль бус болохыг нь хүлээн зөвшөөрсөн” шийдвэр гарч уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2015 оны 2-р сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д******* Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 1440 тоот захирамж гарган мөн өдөр 34 тоот гүйцэтгэх хуудас бичсэн.
Намайг хууль бусаар ажлаас халагдсан болохыг шүүх тогтоосон боловч би
өнөөдрийг хүртэл өмнө хашиж байсан ажил, албан тушаалдаа эргэн томилогдож
чадахгүй байдалд хүрээд байна. Үүнээс шалтгаалан тэтгэвэрээ тогтоолгох, 36 сарын
цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авах боломжгүй байдалд хүрч миний эрх,
хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.
Намайг Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын ажлаас халсан
тушаал илт хууль бус болохыг шүүх нэгэнт хүлээн зөвшөөрсөн тул Худалдан авах
ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд намайг эргүүлэн томилох, миний
ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Захиргааны шүүхээс намайг халсан захиргааны актыг хууль бус гэж үзэж намайг ажлаас халсан захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Намайг хуучин ажилд томилсон тушаал хэвээрээ гэж ойлгосон. Гэтэл тухайн үеийн Шадар сайд томилоогүй. Тэгээд өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын төлөлтийн бичилтүүд хийгдээгүй. Тэтгэвэрт гарах боломжгүй болсон. Учир нь намайг халсан тушаал хүчингүй болсон учраас томилсон тушаал хүчинтэй хэвээрээ үлдсэн. Тэгээд Нийгмийн даатгалын газар очтол тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн. Учир нь халагдаагүй байна. Халсан шийдвэр чинь хууль бус гэж үзсэн учраас та халагдаагүй байх тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэсэн. Би төрд 30 гаруй жил зүтгэсэн. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой. Энэ тэтгэмж олгогдоогүй. Яагаад эргүүлэн томилуулах гээд байна гэхээр цалин олгогдохгүй, тэтгэвэрт гарах боломж олдохгүй, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олдохгүй байна. Ийм үндэслэлээр эрх, ашиг зөрчигдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ажлаас халсан тушаал хүчингүй болж, ажилд томилсон тушаалыг хүчин төгөлдөр байгаа. Иймд намайг эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох ёстой гэж үзэж байна. Мөн ажилаагүй хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг биелүүлэх ёстой. Өнөөдөр бол Ерөнхий сайд хариуцдаг болсон. Энэ нь Шадар сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдад шилжсэн учраас Төрийн залгамж халааны дагуу Ерөнхий сайд хариуцах үүрэгтэй тийм учраас шүүхээс Ерөнхий сайдыг татаж шүүн таслах ажиллагаа явуулж байгаа. Мөн байгууллага алга болсон гэсэн асуудал яригдаж байна. Энэ нь нэгдэж нийлсэн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу чиг үүрэг, үүрэг хариуцлага, орон тоо нь шилжсэн байгаа. Тиймээс энэ байгууллага алга болоогүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу явж байгаа.
Өөрөө хүсэлт гаргаж халагдсан гэж хэлж байна. Би халагдъя гэж хэлээгүй байгаа. Орон тоо алга болох гэж байна тэхээр миний 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг шийдэж өгнө гэсэн. Тэтгэмжийн асуудал бол төсөвт суугаад олгогддог” гэжээ.
2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Иргэн С.Д*******ийн Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгах, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрээс хойшхи хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгуулах, эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулах, төрийн алба хаасны нэг удаагийн тэтгэмж олгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна:
1.Төрийн албаны тухай хуулийн 7.1.7-д “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал;” гэж зааснаар Засгийн газрын агентлагийн дэд даргын албан тушаал нь “төрийн жинхэнэ албан тушаал”-д хамаарах бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд “35.1 .б.төрийн захиргааны ... албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дугнэлтээ уг ажилтныг томилох эрх бухий байгууллагад өгөх”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд “З.Агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэжээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд агентлагийн дэд даргыг томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг харгалзахыг хуулиар тогтоож өгсөн байна.
Шадар сайдын 2012 оны 23 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн
дүгнэлтгүй, төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй,
төрийн албаны нөөцөд бүртгэлгүй С.Д*******ийг Худалдан авах ажиллагааны
газрын дэд даргыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг
зөрчсөн байна.
Шадар сайдын 2012 оны 23 дугаар тушаал нь хуулиар тогтоосон дээрх хэм
хэмжээг зөрчсөнөөс гадна уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай болон
Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь хууль зөрчиж
гаргасныг нотолж байна.
Төрийн албаны тухай хуулийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан
үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн
дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй
тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж
хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв
байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасны дагуу
тусламжийг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид олгох журамтай. С.Д*******ийг Худалдан авах ажиллагааны газрын дэд даргаар томилохдоо болон ажпаас чөлөөлөгдөх үедээ Төрийн албаны тухай хуулиар тогтоосон “төрийн жинхэнэ албан хаагч” байх шаардлагыг хангаагүй тул түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хуулийн үндэслэлгүй юм.
“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах” гэж заасан байна.
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Худалдан авах ажиллагааны газрыг 55 орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Шадар сайд энэхүү тогтоолд нийцүүлэн 2015 оны 1 дүгээр сарын 7 ны өдрийн 03 дугаар тушаалаараа Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтыг баталж, тус газрыг дэд даргагүй байхаар тогтоожээ.
Худалдан авах ажиллагааны газрыг 55 орон тоотой байхаар тогтоосон Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул С.Д*******ийг хуучин эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилох боломжгүй болно.
Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 183.3-т “Хуульд өөрөөр заагаагүй
бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна.” гэсэн нь агентлагийн орлогч
даргын орон тооны дээд хязгаарыг заасан зохицуулалт бөгөөд энэ нь агентлаг
заавал орлогч даргатай байх тухай заалт биш юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12
дугаар сарын 11-ний өдрийн 881 дүгээр шийдвэрээр С.Д*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан.
Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагад хариуцагчаас гаргасан тайлбар, хууль зүйн үндэсэлэлийг хайхраагүй, төрийн албан хаагчин эрх зүйн байдлын талаарх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.
Түүнчлэн шүүх нэхэмжпэгчид эрхэлж байсан албан тушаалын цалинг нөхөж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахдаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.9 дэх заалт” буюу хамааралгүй заалтыг баримталсан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй болно.
Мөн С.Д******* төрийн албаны удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй, төрийн албаны тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй болно. Иймд иргэн С.Д*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн С.Д*******ийн Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд буцаан томилуулах, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрээс хойшхи хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгуулах, эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хуулийн ундэслэлгүй гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна:
Төрийн албаны тухай хуулийн 7.1.7-д “Монгол Улсын яамны Төрийн
нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах,
хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал;” гэж зааснаар Засгийн газрын агентлагийн дэд даргын албан тушаал нь “төрийн жинхэнэ албан тушаал”-д хамаарах бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд “35.1.6.төрийн захиргааны ... албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дугнэлтээ уг ажилтныг томилох эрх бухий байгууллагад өгөх”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд “Агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэжээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд агентлагийн дэд даргыг томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг харгалзахыг хуулиар тогтоож өгсөн байна.
Шадар сайдын 2012 оны 23 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн
дүгнэлтгүй, төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй,
төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад С.Д*******ийг Төрийн албаны тухай
хуулийн дээрх заалтыг анхнаасаа зөрчиж Худалдан авах ажиллагааны газрын
дэд даргаар томилсон тул уг албан тушаалд нь буцаан томилох үндэслэлгүй юм.
Түүнчлэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий
бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний
өдрийн 12 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг Засгийн газрын
бүтцээс хассан тул С.Д*******ийн хуучин эрхэлж байсан албан тушаал одоо
байхгүй болсон.
Мөн С.Д******* нь 1953 оны 7 дугаар сарын 1-нд төрж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд уг хуулийн дагуу түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээлттэй байгаа болно.
С.Д******* урьд нь Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор
“Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга”-ын албан тушаал 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байхгүй болсны дараа буюу 12 дугаар сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Шадар сайдад гаргаж байсан болно.
Худалдан авах ажиллагааны газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 8-
ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн албан хаагчдын тооцоо, тэтгэлгийн хэмжээг баталсан байх бөгөөд С.Д******* ажпаас чөлөөлөгдсөний тэтгэлэгт албан тушаалын сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцон нийт 5.165.985 төгрөгийг баталж, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрт нь олгосон байна.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд С.Д******* нь албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ сайтар ухамсарлаж байсан, тэтгэврээ тогтоолгох хүсэлтэйгээ илэрхийлсэн, ажпаас чөлөөлөгдсөний тэтгэлэгээ авсан зэрэг нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно. Иймд иргэн С.Д*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй өмнөх шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа гэсэн асуудал нь одоо хэлэлцэж буй хэрэгт хамааралгүй. Өмнөх шүүхийн шийдвэр Шадар сайд Ц.О*******ын ажиллаж байх үед гарсан. Тухайн үед Шадар сайд Ц.О******* шүүхийн шийдвэр хүргэгдсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ асуудлыг шийдвэрлэхгүй. Шадар сайд шийдвэрлэх байсан. Гэвч Шадар сайд асуудлыг шийдвэрлэлгүй явсан гэж ойлгож байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх этгээд нь Ерөнхий сайд биш. Өнөөдрийн хувьд шүүх хуралдаанд миний бие Ерөнхий сайдыг төлөөлөн оролцож байгаа. Шадар сайд Ц.О******* тухайн үед асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Өмнөх шүүхийн шийдвэрийг энэ шүүх хуралдаанд яригдах ёсгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн одоогийн шаардлагын хувьд нэхэмжлэгч С.Д*******ийн өмнө ажил эрхэлж байсан байгууллага татан буугдсан. Энэ талаарх баримтыг өмнөх шүүх хуралдаанд гарган өгч тайлбар өгсөн байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Худалдан авах ажиллагааны газрын чиг үүрэг шилжсэн боловч одоогийн тус байгууллагын дэд дарга худалдан авах ажиллагааны чиг үүргийг хариуцдаггүй. Ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.
Нэхэмжлэгч Шадар сайдын шийдвэр хууль зөрчсөнөөс шалтгаалан тэтгэвэр тогтоолгох боломжгүй боллоо гэсэн асуудал ярьж байгаа. Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын орон тоог хассан Шадар сайдын тушаал гарсан. Энэ үед нэхэмжлэгч өөрөө тэтгэвэр тогтоолгох гэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж, бусад тэтгэмжийг олгож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэлгийг олгосон. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх хүсэлтийн дагуу хийгдсэн. Тийм учраас Шадар сайд өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд учраас ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна.
Чиг үүрэг нь шилжсэн боловч цаад байгууллага нь зөвхөн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага биш төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудлын чиг үүргийг харуулсан байгууллага. Чиг үүрэг нь хэвээрээ байгаа гэхдээ Худалдан авах ажиллагааны газар, мөн дэд дарга гэсэн албан тушаал байхгүй.
Ерөнхий сайд бол ерөнхий бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ерөнхий сайд хариуцагч болон оролцож байгаа. Тэгэхээр өмнөх шийдвэр дээр Ерөнхий сайд хариуцаж байгаагүй. Чиг үүрэг нь шилжсэн боловч цаад байгууллага нь зөвхөн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага биш төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудлын чиг үүргийг харуулсан байгууллага. Чиг үүрэг нь хэвээрээ байгаа гэхдээ Худалдан авах ажиллагааны газар, мөн дэд дарга гэсэн албан тушаал байхгүй.
Нэхэмжлэгч гаргасан гомдол болгонд өөр өөр тайлбар хэлэх юм. Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж дэд даргын орон тоо хасагдах болсонтой холбогдуулан миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгож байгаа тул Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон бусад тэтгэмжийг надад олгох асуудлыг 2014 онд шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Төсөвт тусгагдсан тиймээс урьдчилан гэсэн асуудал бичигдээгүй байна. 2014 оны эхнээс би тэтгэврээ тогтоолгоно тиймээс 2015 оны төсөв дээр миний 36 сарын тэтгэврийг тусгаж өгнө үү гэдэг хүсэлтээ албан ёсоор гаргаад байгуулаад дараагын төсөвт тусгаж байж шийдвэрлэгдэх ёстой байсан. Байгуулагдаагүй бол шийдэх эрх мэдэлтэй биш. Иймээс Монгол Улсын Шадар сайд уг хүсэлтийг үндэслээд ажлаас нь чөлөөлсөн бусад тэтгэмжүүдийг Төрийн албаны хуульд заасны дагуу 6 дугаар сарын 01-нд тэтгэмжийг олгосон.
36 сарын тэтгэмж буюу төрийн албан хаагчид олгох нэг удаагын буцалтгүй тусламжийг олгох асуудлыг судлах үүрэг нь худалдан авах ажиллагааны газрын дарга чиглэл өгсний дагуу цохолт нь хэрэгт авагдсан байгаа. Түүний дагуу Худалдан авах ажиллагааны газраас Сангийн яамруу, Сангийн яам Төрийн албаны зөвлөлд хандаад энэ нь харилцан хууль зөрчиж тэмдэгдсэн өмнөх хэрэгт авагдсан материалаар асуудал маргаантай явсаар өдийг хүрсэн.
С.Д******* тэтгэвэр тогтоолгох асуудал, 36 сарын тэтгэмж авах асуудал бол тусдаа асуудал. Яагаад гэвэл Шадар сайд хүсэлтийн дагуу чөлөөлөх тушаал гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь чөлөөлөх тэр тушаалд үндэслэлдээ тэтгэврээ тогтоолгох эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч өөрөө Шадар сайдын тушаал хүчингүй болгох асуудлаар шүүхэд хандсан. Тэтгэмжээ авсны дараа тэтгэврээ тогтоолгосноор 36 сарын тэтгэмж авах асуудлаар шүүхэд хандах боломж нь байсан. Тэгэхээр өөрөө шийдвэрлэгдсэн тушаалаа хүчингүй болгосноос шалтгаалаад уг маргаан үргэлжлээд явж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр очоод тэрийг биелүүлээгүй бол Шадар сайдад холбоотой асуудал байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудал нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байхгүй. Мөн хууль ёсны хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлээд шийдвэр гаргаад тэтгэвэр тогтоолгох боломжийг нь нээж өгсөн. Нэг удаагын буцалтгүй тусламжийг нь олгосон. Гол нь нэхэмжлэгч өөрөө тэтгэвэр тогтоолгох байсан үндэслэл бүхий шийдвэрээ өөрөө шүүхээр яваад хүчингүй болгосон. Хэрвээ тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байсан бол шүүхийн захирамжийг татан оруулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэдэг асуудал бол тусдаа асуудал. Тиймээс хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д******* “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “тэтгэврээ тогтоолгож 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулах асуудлыг шийдвэрлүүлэх” гэж нэмэгдүүлсэн /хх 218/ боловч уг шаардлагаа багасгажээ /хх 228/.
Нэхэмжлэгч “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсан байхад дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа нь хууль бус..., шүүхээс ажлаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус гэж үзсэн тул анх томилсон тушаал хүчинтэй хэвээр гэж үзэх үндэстэй,...ажилдаа эргэж орж чадаагүйгээс шалтгаалж тэтгэврээ тогтоолгож, төрийн албанд ажилласны тэтгэмжээ авч чадаагүй” гэж маргажээ.
1.Албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар:
Нэхэмжлэгч С.Д******* нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны 23 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын Худалдан авах ажиллагааны газрын Тендер хариуцсан дэд даргаар томилогджээ /хх 93/.
Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 6.1 д “Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай: ...100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлжээ /хх 101, 109/.
Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолыг үндэслэн Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж дэд даргагүй болсон гэдэг нь уг тушаал /хх 214-215/, хариуцагчийн тайлбар /хх 26-27/ зэргээр тогтоогдож байна.
Цаашлаад, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3 дахь хэсгээр Худалдан авах ажиллагааны газар татан буугдаж, энэ агентлагын чиг үүрэг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжсэн гэдэг нь уг тогтоол /хх 186-192/, хариуцагчын тайлбар/хх 66-67/ зэргээс тогтоогдож байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дэд даргатай байхаар /хх 193/ байгаа боловч уг дэд даргын чиг үүрэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын эрхэлж байсан чиг үүрэгтэй хамааралгүй, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг нь 2 агентлагын дэд даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна /хх 86-88, 194-197/.
Худалдан авах ажиллагааны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч С.Д******* 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн /хх 68-70/ гэдэг нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаал гаргасан үеэс нэхэмжлэгчийн ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалын орон тоо бодит байдалд дээр /байхгүй болж/ хасагдсан байна. Нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар ажиллаж байсан орон тоо нь хасагдсан учир хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 1 удаагийн тэтгэлэг олгосон гэдэг нь тогтоогдож байна
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Худалдан авах ажиллагааны газар татан буугдаж, өөр байгууллагатай нэгдсэн боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд даргын албан тушаал байхгүй байгаа гэдэг нь тогтоогдов.
Цаашлаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.Д*******ийг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Шадар сайд У.Хийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07 тоот тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалган шийдвэрлэжээ /хх 7-14/.
Энэ үйл баримтаас үзэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гараагүй, харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус болохыг тогтоожээ.
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо бодит нөхцөл байдалд дээр хасагдсан /байхгүй болсон/ байхад дэд даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн томилох шийдвэр хариуцагчаас гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллалгаанд баримтлах зарчимд нийцэхгүй юм.
Үүний учир нэхэмжлэгчийн “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2.Цалин хөлс нөхөн олгуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч С.Д******* нь өөрийг албан тушаалаас чөлөөлсөн Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаал гарахаас өмнө Монгол Улсын Шадар сайдад 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дэд даргын орон тоо хасагдах болсонтой холбогдуулан тэтгэврээ тогтоолгох гэж байгаа тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон бусад тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг гаргажээ /хх 198/.
Уг өргөдөлд дурдсан тэтгэмж олгох асуудлыг хариуцагчаас шийдвэрлээгүй. Тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөөгүй харин албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэвч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалыг илт хууль бус болохыг тогтоосон.
Нэхэмжлэгч С.Д******* нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны 23 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын Худалдан авах ажиллагааны газрын Тендер хариуцсан дэд дарга буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж цалин хөлс авч, уг албан тушаалын бүрэн эрхийг нийт 2 жил 2 сар 15 өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлж байсан гэдэг нь тогтоогдож байна.
Үүний учир нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д заасны дагуу төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн албан хаагч гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Д******* нь 1953 оны 12 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 62 настай насанд хүрсэн гэдэг нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр /хх 102-103/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсчээ.
Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд хуульд заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх, цаашлаад тэтгэвэрээ тогтоолгох эрхтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 24.1.1.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 24.1.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 24.1.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.” гэжээ.
Нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгч Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд томилсон шийдвэр хэвээр үйлдэж, эрх зүйн байдлын хувьд нэхэмжлэгч төрийн албан хаагч гэж үзэхээр байна.
Ийнхүү нэхэмжлэгчийг төрийн захиргааны албанд томилсон шийдвэр хэвээр хадгалагдаж, хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд нэхэмжлэгч хүрсэн байтал төрийн албанаас чөлөөлөх аливаа шийдвэр хариуцагч захиргааны байгууллагаас өнөөдрийг хүртэл гаргаагүй байна. Энэ байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа, тэтгэврээ тогтоолгох эрх зүйн байдлын хувьд ойлгомжгүй байдал бий болж улмаар нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй, аливаа төрлийн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс аваагүйгээс шалтгаалж түүний эрх зүйн байдал дорджээ.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тэтгэвэр, тэтгэмж авах төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан С.Д*******ийн “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан С.Д*******ийн “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ханган, С.Д******* 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу тооцон гаргахыг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ