Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/1028/З |
Дугаар | 221/МА2018/0315 |
Огноо | 2018-06-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2018/0315
2018 оны 06 сарын 05 өдөр |
Дугаар 221/МА2018/0315 |
Улаанбаатар хот |
“Б д х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Б б д” ХХК-ийн захирал З.Д давж заалдах гомдлоор, “Б д х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Б д х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрээр:
“Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.3, 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б д х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд “Б б д” ХХК-ийн захирал З.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар талд маргаан бүхий 2017 оны 01/515 дугаар албан бичгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр 9.13-д “Зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4-д заасан захиргааны акт гаргах шаардлагыг тус тус зөрчсөн гэж тогтоосон байна.
Хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн буюу Захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн асуудлаар “Тогтоол” хэлбэрээр акт гаргах байсныг зөрчиж албан бичиг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар илэрхий алдаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд захиргааны актын илэрхий хэлбэрийн алдааг зөвтгөн, шүүхээс хариуцагч байгууллагад тогтоол гаргахыг даалгах боломжтой байсан. Шинэчлэн найруулсан Захиргааны ерөнхий хуулийн энэхүү боломж нь захиргааны байгууллагаас гаргасан акт нь бичилт, түүнтэй адилтгаж болох илэрхий алдаа буюу хэлбэрийн шаардлагыг зөрчсөнөөс шалтгаалан хүчингүй болох, үр дагавар нь илэрхий актыг хүчингүй болгож, дахин гаргах ажиллагааг хийхтэй холбогдуулан хүн, хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхолд хохирол, чирэгдэл учруулах явдлыг арилгах шаардлагаар нэмж оруулсан ач холбогдол бүхий зохицуулалт юм.
Гэтэл хуульд байгаа боломж буюу хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүйгээр албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг хэрэглэн бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “Б д” ХХК-ийн эрх ашиг төдийгүй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 41А, 41Б, 41В байрны нийт 241 айл өрхийн ус, дулаан хангамж, түүнтэй холбоотой үйлчилгээнд хүндрэл, хохирол учруулахуйц шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрээс болж “Б д” ХХК-ийн УБДС ТӨХК, УСУГ, тус орон сууцны оршин суугчидтай байгуулсан хангах гэрээнүүдийг цуцлах, дахин шинээр байгуулах болон түүнтэй холбоотой хэрэглэгчийн ус, дулааны төлбөрийг гэрээний дагуу УБДС ТӨХК, УСУГ-т шилжүүлэх үүргийн гүйцэтгэлд саад учруулах, гэрээний дагуу торгууль төлөх нөхцөл байдлыг үүсэхээр байгаа юм.
2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр талд хариуцагч байгууллага нь “М и” ХХК-ийг “Б д” ХХК-д маргаан бүхий инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийг шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэх нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, И хотхоны 41А, 41Б, 41В байрны 241 айлын орон сууцны байрнуудын гадна шугам сүлжээ, узель зэргийн өмчлөгч нь “М и” ХХК-ийнх мөн эсэх, “Б д х” ХХК, “Б д” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн талаар дүгнэлт өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь “Б д х” ХХК маргаан бүхий орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ, тоноглолын зөвхөн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан ба хэрэгт авагдсан баримтаар өмчийн эзэн “М и” ХХК-иас хөрөнгийг шилжүүлж авсан акт, гэрээ, хүсэлт, нотлох баримт огт байхгүй зөвхөн өөрсдийн санаачлагаар компанийнхаа хөрөнгөнд бүртгэсэн баримт, нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээ байгаа юм.
Гэтэл уг асуудлаар зохицуулах зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хоёр ч удаа сонсох ажиллагааг хийж, “М и” ХХК-ийн барьсан 41-ийн А, Б, В байрнуудыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт, “М и” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлээр түүний өмч гэдгийг тогтоон, “Б б д” ХХК-тай байгуулсан Ус дулаан дамжуулах төв шилжүүлэх гэрээ, Орон сууцны ашиглалт шилжүүлэх гэрээ, тэдгээртэй холбогдох акт, хөрөнгө шилжүүлэх шийдвэр, хүсэлт, блансаас блансад шилжүүлсэн санхүүгийн баримт зэргийг үндэслэн шугам сүлжээ, тоноглолыг гуравдагч этгээд “Б б д” ХХК-д хуулийн дагуу шилжүүлснийг тогтоон шийдвэр гаргасан байтал хөрөнгийн маргаан бүхий байдлыг шалгаж тогтоогоогүй, захиргааны акт үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нотлох баримтыг зөв үнэлээгүй гэж харагдаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Гэтэл шүүхээс хөрөнгийг шилжүүлсэн эсэх асуудал маргаантай, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн атлаа уг асуудлаар хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, нотлох үүрэг, зарчмаа өөрөө биелүүлээгүй байна.
Угтаа “М и” ХХК-ийн барьсан маргаан бүхий 41А, 41Б, 41В орон сууцнуудыг ашиглалтанд оруулсан улсын комиссын акт, “М и” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн тайлан зэрэг нотлох баримтыг шалгаж маргаан бүхий 41А, 41Б, 41В орон сууцнууд хэний өмч болох, инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэхийг тогтоох боломжтой байсан.
Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх хүчин төгөлдөр бусад тооцох эсэх асуудал нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байтал хариуцагч дүгнэлт өгөх, тогтоох үүрэгтэй мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т зааснаар "шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн", 121.3.5 дахь хэсэгт заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, түүнчлэн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т заасны дагуу Зохицуулах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хурлаар хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаагүй гэж хариуцагчийг буруутгадаг боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйгээс гадна ийнхүү тогтоол гаргаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Б д х” ХХК-ийн хувьд “М и” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан И хотхоны 41а,б,в байрны нийт 243 айлын цэвэр бохир ус хангамж болон гадна инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар тус компанитай 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Анх уг гэрээний хугацааг цаашид сунгах нөхцөлтэйгээр 6 сарын хугацаагаар тогтоосон, гэвч “М и” ХХК-иас гэрээгээ дүгнээгүй атлаа гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дээрх орон сууцны ус хангамж, засвар үйлчилгээний ашиглалтыг “Б д х” ХХК-д шилжүүлж өгөх хүсэлт гаргасныг Зохицуулах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэн, “Б б д” ХХК-д И хотхоны 41 а,б,в байрны цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг хариуцуулахаар шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг компанийн хариуцаж буй орон сууцны барилга байгууламжийн бүртгэлд нэмж бүртгэн баталгаажуулсныг буруутгах боломжгүй.
Учир нь нийтийн орон сууцны инженерийн байгууламж болох цэвэр, бохир усны шугам сүлжээ, холбогдох байгууламжийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль нь байхаас үл хамаарах үндсэн хөрөнгийн блансад бүртгэсэн ч гэсэн энэ нь захиран зарцуулах эрхтэйгээр өмчлөх үр дагаврыг бий болгохгүй, өөрөөр хэлбэл уг байгууламжийг ашиглаж орон сууцны айл өрхөд үйлчилгээ үзүүлэх, улмаар түүний засвар үйлчилгээг хариуцан эрхэлж буй Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилгоор уг байгууламжийн ашиглалтыг хариуцахаар байна.
Энэ тохиолдолд “М и” ХХК-иас И хотхоныг захиалагчийн хувьд “Б д х” ХХК-тай байгуулсан гэрээгээ дуусгавар болгон, улмаар “Б д” ХХК-д ус дулаан дамжуулах шугам сүлжээг шилжүүлэх гэрээ байгуулсан, түүнчлэн тус хорооллын “Ш” СӨХ-оос гаргасан хүсэлт зэргийг үндэслэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, ая тухтай байдлыг хангах үүднээс И хотхоны 41а, б, в байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б д х” ХХК-ийн бүртгэлээс хасч, “Б д” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Үндсэндээ хариуцагчийн зүгээс захиалагчийн шийдвэр, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн орон сууцны ашиглалтыг хариуцуулахаар бүртгэл хийгддэг, бүртгэлд өөрчлөлт оруулдаг байх бөгөөд анх мөн л “М и” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Б д х” ХХК-д И хотхоны ашиглалтыг хариуцуулах бүртгэл хийгдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б д х” ХХК-ийн Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Бат баян дулаан” ХХК-ийн захирал З.Д гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН