Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 73

 

“Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г аймгийн ЗД-д холбогдох

 захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь                                        

       Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                               П.Соёл-Эрдэнэ

                                               Ч.Тунгалаг           

       Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Э м” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, уг өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах”

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е, өмгөөлөгч Ж.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...Э м” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е, өмгөөлөгч Ж.С: ...Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр “Э м” ХХК-ийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” буюу “Б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс манай компанид олгосон тусгай  зөвшөөрлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй шалтгаан нь захиргаа буюу аймгийн Засаг дарга манайд тусгай зөвшөөрөл гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байсан.

5. Гэхдээ захиргааны хэргийн шүүхээс “Э м” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох ёстой гэсэн шийдвэр гаргаагүй. “Э м” ХХК ч нэхэмжлэлдээ өргөдөл шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргаагүй учир дахин тусгай зөвшөөрөл хүсэх, тусгай зөвшөөрөл олгоход нээлттэй гэж ойлгосон, шүүхээс ч тэгж тайлбарласан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Б” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс “энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд танай эрх, ашиг сонирхол яаж сэргэх юм бэ” гэдгийг “Э м” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тодруулж асуусан, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлттэйгээр мэтгэлцэж оролцсон. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлалд, мөн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “...өмнөх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 113/ШШ2019/0003 дугаарт шийдвэрт гуравдагч этгээд, хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг захиргааны байгууллагад үүснэ... ” гэж тайлбарладаг.

6. Давж заалдах шатны шүүхийн дээрх тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэж байна. 1-д. “Э м” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхдээ аймгийн Засаг даргын эс үйлдэхүй гаргасан, мөн өргөдлөө шийдвэрлүүлэх талаар даалгах нэхэмжлэл огт гаргаж байгаагүй, зөвхөн “Б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор маргасан, шүүх ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн, 2-т. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн тайлбарласны дагуу захиргааны байгууллагад “Э м” ХХК-ийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг үүсэх ёстой бол энэ асуудлыг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэж шийдвэрлэх ёсгүй, аль хэдийнээ шийдвэрлэгдсэн гэж ойлгогдохоор байна, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус асуудлыг хариуцах ёстой юм.

7. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу шийдвэрийг  мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. “Э м” ХХК нь хамгийн анх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 175 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “Э м” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах...” гэж тодорхойлсон байдаг. Үндэслэлдээ аймгийн Засаг даргын “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 тоот хариуг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан гэж дурдсан.

8. “Э м” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 113/ШШ2018/0124 дүгээр захирамжаар “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа” тогтоосон. “Э м” ХХК-иас нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ ханган 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж шаардлагаа өөрчилсөн байдаг. Үүнээс үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 тоот хариуг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн, мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өргөдлийг хуулийг дагуу шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан ч өөрчилсөн.

9. “Э м” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын хариуг хүлээн авч мэдсэнээс хойш аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эсхүл нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байсан боловч ийм шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл огт гаргаж байгаагүй. 2019 оны  03 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Говьсүмбэр аймгийн Засаг дарга “Б” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгож маргаан бүхий талбай дээр дахин талуудаас тусгай зөвшөөрөл хүссэн  өргөдөл хүлээн авахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн.

10. “Э м” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралд хэлсэн тайлбартаа: өргөдөл гаргахаар бэлдэж байсан ч “Б” ХХК түрүүлж өргөдөл гаргасан байсан тул бид анхны өргөдлөө  шийдвэрлүүлээгүй гэдгээр маргасан гэж тайлбарладаг буюу анхнаасаа “Э м” ХХК нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын хариуг хүлээн авч мэдэж байсан ч маргаагүй, маргах бодолгүй байсан байна, харин дахин материал хүлээн авч эхлэх үед “Б” ХХК нь түрүүлж өргөдөл гаргасан учраас маргаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу захиргааны тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хариуг хүлээн авч мэдсэнээс хойш 30 хоногийн дотор “Э м” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, харин 2019 оны 04 дүгээр сард шийдвэрийг хүлээн авснаас хойш 6 сарын дараа маргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний үндэслэлийг огт шийдвэр, магадлалдаа дурдаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тооцохгүй байгаа талаар тайлбарлаагүй.

11. Давж заалдах шатны шүүхээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын сонгох эрхийн хүрээнд гаргасан шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, эс үйлдэхүй байхын тулд 1-д. Эс үйлдэхүй нь захиргааны актын шинжтэй байх, 2-т. Өргөдөл гаргаснаас хойш хариу үйлдэл хийлгүй хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх хууль зүйн шаардлага тавигддаг ч “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өргөдлийг аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэн татгалзсан хариу өгсөн буюу өргөдлийг хуулийн хугацаанд, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн татгалзах санал гаргасныг харгалзан үзэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу татгалзсан учир эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй.

12. Мөн давж заалдах шатны шүүхийн 596 дугаар магадлалд “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасныг үзвэл хамгийн түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд тус хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор байна...” гэж тайлбарласан. Энэ тайлбараас үзэхэд хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж байгаа нь “Э м” ХХК-д тусгай зөвшөөрөл  олгохыг шууд даалгаж байгаа мэт ойлгогдож байна. Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зохицуулсан, харин 14 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэж, шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан.

13. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэх сонгох эрхийг олгосон, энэ эрхийн хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэрээ гаргасан. Аймгийн Засаг даргаас дахин өргөдөл гаргахад нээлттэй гэдгийг мэдсэнээр “Б” ХХК нь хүсэлт гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга А/180 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ГСА00009 тоот тусгай зөвшөөрөл, 3211321046 дугаартай гэрчилгээ тус тус олгон манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг тайлбарлан хэрэглээгүй, түүнчлэн мөн хуулийн суурь зарчим болох шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчиж өөрсдөө шаардлагыг нь засаж тодорхойлох, маргааны зүйл болоогүй асуудлыг хууль бус үйлдэл гаргасан гэж дүгнэн тэр хүрээндээ нэхэмжлэлийг хангах байдлаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

15. Тодруулбал, нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага маш тодорхой “ ... хамгийн түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, шийдвэрлэхийг даалгуулах" гэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн  магадлалын Тогтоох хэсэгт “эс үйлдэхүйг”, “үйлдэл" болгон тодорхойлж, даалгаж шийдвэрлэн өөрчлөлт оруулсан.

16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль  ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус тодорхойлон зааснаар хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргаж өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэх зүйлийг шүүхээр тогтоолгоё гэж ойлгогдохоор байхад уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

17. Давж заалдах шатны шүүхээс өөрөө дур мэдэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, маргаагүй хариуцагч байгууллагын өгсөн хариуг нь хууль бус үйлдэл гаргасан гэж үзэн даалгах өөрчлөлт оруулж байгаа нь хэт нэг талыг барьж хуулийг зөрчин гомдлыг хангаж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан гэж үзэж байна.

18. Өөрөөр хэлбэл, хууль бус эс үйлдэхүйг гаргаагүй боловч хууль бус үйлдэл гаргаж татгалзсан гэж дүгнээд энэ агуулгаараа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байгаа юм шиг, эсхүл нэхэмжлэгчийн маргаагүй асуудлыг шүүх өөрөө дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байгаа юм шиг ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийг ямар хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл бий болоогүй байна.

19. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан 1 дэх шаардлагыг өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн гэж үзсэн атлаа 2 болон 3 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь 1 дэх шаардлагыг шийдсэн агуулгатай илэрхий зөрчилтэй, өмнө нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн зүйл дээр дахин маргаж байгаа нь илэрхий байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг хэрэглээгүй нь буруу. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

21. Нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд уг үйл баримт нь Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ... байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

22. Харин нэхэмжлэлийн “түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хууль бус эс үйлдэхүй байхгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэсэн байна” хэмээн хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үүнийг нь давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

23. Тодруулбал, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “...хамгийн түрүүлж гаргасан “Э м” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан давхцалтай эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандаж хариу авсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх байжээ...” гэж дүгнэсэн байхад хариуцагчаас тус компанийн буюу нэхэмжлэгчийн түрүүлж гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүйгээр, харин 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/294 дүгээр албан бичгээр “...Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 дүгээр албан бичгээр “...аймгийн Засаг даргын зүгээс ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдсэн албан бичгээр хариу хүргүүлсэн... Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хэрэгжүүлнэ үү” гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн бус, харин шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл байна.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь захиргааны акт гаргуулахад орших бөгөөд захиргааны хууль бус эс үйлдэхүй нь зөвхөн захиргааны идэвхгүй үйлдлээр хязгаарлагдахгүй, харин хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр “татгалзсан шийдвэр” мөн хамаарна /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/.

25. Иймд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох,...” гэсэн нь агуулгын хувьд хариуцагчийн дээрх албан бичгүүдээр үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үйлдэл буюу татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийг зорьж байх тул “давж заалдах шатны шүүх хуулийн суурь зарчим болох шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчиж өөрсдөө шаардлагыг нь засаж тодорхойлох, маргааны зүйл болоогүй асуудлыг хууль бус үйлдэл гаргасан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 11, 14-19-д заасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

26. Мөн “...нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн гэж үзсэн атлаа 2 болон 3 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын зөрчилтэй, ... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах ёстой байсан” /Тодорхойлох хэсгийн 19/ гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, учир нь дээр дурдсанчлан “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн төрөл бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрээр /Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны №03/ уг шаардлагыг шийдвэрлээгүй байна.

27. Түүнчлэн, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түрүүлж гаргасан” хууль зүйн фактыг өөрчлөхгүй буюу үгүйсгэхгүй, харин ч нэхэмжлэгчийн түрүүлж гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээд “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж дүгнэн, холбогдох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл уг шийдвэрийн дагуу хариуцагч түрүүлж өргөдөл гаргасан “Э м” ХХК-ийн өргөдлийг эхэлж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой байтал, “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь дахин өргөдөл гаргах ёстой” гэсэн татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг буруугаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

28. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд журам зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор нэхэмжлэгчийн хувьд түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрх зүйн үр дагавар үүссэн тул “тухайн хэргийг шийдвэрлэх үед тус компанийн зүгээс өргөдлөө шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, эрхээ эдлээгүй, эсхүл шаардлагаа өөрчилсөн” гэж буруутгах боломжгүй, мөн “ийм шаардлага гаргаагүй учир дахин өргөдөл гаргах ажиллагаа шинээр эхэлнэ” гэж үзэхгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчээс анх гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхээр хүсэхэд “дахин өргөдөл гаргана уу” гэж хариуцагч хууль бусаар татгалзсан учир даалгах шаардлага гаргасан, иймээс “уг асуудал нь шүүхийн шийдвэрлэх маргаан бус, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаатай” гэж үзэхгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6, 8-9-д заасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.   

29. Мөн,  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 03-нд “... “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... талбайд түгээмэл тархацтай ордын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг ... хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөлд хариуцагчаас тухайн өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн, иймд нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журмыг зөрчөөгүй учир “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 7, 10/ гуравдагч этгээдийн хяналтын гомдол үндэслэлгүй, тодруулбал нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн татгалзсан хариу өгсөн өдрөөс хойш тооцохгүй юм.

30. Нэхэмжлэгчийн зүгээс “түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхийг” хүссэн бөгөөд давж заалдах шатны шүүх энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснийг “Э м” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгасан гэж ойлгохгүй, харин нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид үүрэг болгосон тул энэ талаарх гуравдагч этгээдийн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 12/ үндэслэлгүй.           

31. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ