| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04990/И |
| Дугаар | 192/ШШ2025/08482 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/08482
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/08482 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **********дүүрэг, ******* дүгээр хороо, ******** зам, ******** дугаар байр, ****** тоот хаягт оршин суух **** овогт ******** ************ /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** дүүрэг, *********** дүгээр хороо, **********г хороолол, өлзийтийн зам ************* /РД:**************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 16,369,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,
хариуцагчийн өмгөөлөгч ***********,
гэрч ********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* миний бие 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус сургуультай "цайны газар түрээслэх гэрээ” байгуулж сургуулийн цайны газрыг түрээсэлж эхэлсэн. Цайны газрыг түрээслэхэд өөрсдөө тоног төхөөрөмжөө авч ирж ажиллуул гэсэн учраас манайх БНХАУ-с нийт 16,369,925 төгрөгийн зардал гаргаж, тоног төхөөрөмж худалдан авч ажиллуулж эхэлсэн байдаг юм. Үүнд Хятадаас цайны газрын тоног төхөөрөмжийг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөн Монголоос цайны газар ажиллуулахад шаардлагатай эд зүйлийн 2,095,000 төгрөгөөр авсан, Хятадаас тоног төхөөрөмж ачуулж ирсэн унааны зардал 1,600,000 төгрөг, Хятадаас тоног төхөөрөмж авахаар явсан хүний замын зардал 674,925 төгрөг болсон. Ингээд бид дээрх зардлыг гарган, тоног төхөөрөмж авч 3 сар үйл ажиллагаа явуулахад ашиг орлого муу байсан тул нэхэмжлэгтэй талтай тохиролцож гэрээгээ цуцлахаар болсон бөгөөд хариуцагч талаас биднийг тоног төхөөрөмжөө үлдээгээд яв, дараагийн түрээслэгчээс мөнгийг нь аваад өгье гэсэн. Ингээд бид тоног төхөөрөмжөө үлдээсэн. Хариуцагч тал ч 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн тоног төхөөрөмжтэй цайны газар түрээслүүлнэ гэсэн зараа тавьсан. Гэтэл одоог хүртэл тус цайны газарт үлдээсэн тоног төхөөрөмжийн үнэ болох 16,369,925 төгрөгийг өгөхгүй байна. Иймд хариуцагч байгууллагаас 16,369,925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай ********* нь нэхэмжлэгч********ай цайны газар түрээсийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн 2024 оны 10 сарын 20-ны өдрийн гэрээнд хариуцагч тал гарын үсэг зураагүй тул гэрээний аль ч тал биш, эрх, үүрэг үүсэх боломжгүй. Бид цайны газрын түрээсийн гэрээг *********тай байгуулсан. Б.Буянбаатар нь 3 сар тус цайны газрыг ажиллуулаад 2024 оны 12 дугаар сарын сүүлээр ажиллуулахаа болилоо гэж хэлсэн. Ингээд бид гэрээг дуусгавар болгосон бөгөөд ******* нь цайны газрын тоног төхөөрөмж хийх газаргүй байна. Удахгүй манай найз ирж түрээслэх байх гэж хэлээд цайны газрын тоног төхөөрөмжүүдээ үлдээгээд явсан. Ийнхүү түрээслэгч *********** нь цайны газрыг чөлөөлж өгөөгүйгээс манай сургууль цайны газрыг түрээсэлж, орлого олох боломжийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: Цайны газар түрээслэх гэрээ /нотлох баримтын шаардлага хангаагүй/ /хх4-6 тал/, цайны газарт ашиглаж байсан гэх эд зүйлсийн фото зураг, хариуцагч байгууллагын цайны газар түрээслүүлэх тухай зар /хх7-11/, нэхэмжлэгчийн дансны хуулга /хх-48-52/, санхүүгийн анхан шатны баримтууд /зарлагын баримт, тооцооны хуудас/ хх-82-88/зэрэг болно.
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд өгсөн байна. Үүнд: Цайны газар түрээслэх гэрээ /хх-66-68/, нэхэмжлэх /хх-34/, цайны газарт ашиглаж байсан гэх эд зүйлсийн фото зураг /хх35-47/, зэрэг болно
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч**********д холбогдуулан 16,369,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. 1.1. **********тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цайны газар ажиллуулахаар харилцан тохиролцож, нийт 16,369,925 төгрөгийн зардал гарган, тоног төхөөрөмж худалдан авч, тус сургуулийн цайны газрыг ажиллуулж эхэлсэн боловч ашиггүй байсан тул 2025 оны 12 дугаар сард хариуцагчтай харилцан тохиролцож, түрээсийн гэрээг дуусгавар болгосон.
1.2.Ийнхүү түрээсийн гэрээ дуусгавар болоход хариуцагч талаас цайны газрын тоног төхөөрөмжөө үлдээгээд яваарай, дараагийн түрээслэгчээс тоног төхөөрөмжийн мөнгийг авч өгнө гэсэн боловч өнөөдөр хүртэл өгөөгүй гэх агуулгаар тайлбарласан.
2. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1 ********** нь нэхэмжлэгч ********ай цайны газар түрээслүүлэх талаар гэрээ байгуулаагүй.
2.2 Харин Б.Буянбаатартай цайны газар түрээслүүлэх тухай гэрээг байгуулсан боловч тэрээр 2024 оны 12 сарын сүүлээр тус цайны газрыг ажиллуулахаа болилоо гээд явсан бөгөөд явахдаа тоног төхөөрөмж хадгалах газар байхгүй байна, удахгүй манай найз ирж түрээслэх байх гээд орхиод явсан.
2.3 Өнөөдрийг хүртэл Б.Буянбаатар нь ирж, тоног төхөөрөмжөө аваагүй, бидний орлого олох боломжийг хааж байна гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.
4. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******р нь мэдүүлэхдээ ... ***********ийн цайны газрыг түрээслүүлнэ гэх зарыг би олж хараад тус сургуультай очиж уулзаж, гэрээ байгуулсан.Гэрээ байгуулахад тус сургуулийн захиралтай ерөнхий тохиролцоог би хийсэн. Гэрээнд би гарын үсэг зурснаа санаж байна. ******** бас зурсан байх ёстой. Тухайн цайны газрыг ажиллуулахдаа ах тогоочийг нь хийж, би зөвлөж, *********а цалингийн зээл авч, санхүүг нь гаргаж ажилласан бөгөөд гэр бүлийн бизнес гэж ойлгож болно. Ингээд 2025 оны 01 дүгээр сард бид тус цайны газрыг ажиллуулахаа больж, тоног төхөөрөмжөө зарна гэхэд тус сургуулийн захирал нь надтай ирж уулзаарай гэсэн. Ингээд би очиж уулзахад тоног төхөөрөмжөө 8,000,000 төгрөгөөр зарчих гэхэд нь би 16,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхэд тус сургуулийн захирал нь гал тогтоо түрээслэхээр ирсэн хүмүүс авч магадгүй, байлгаж бай гэсний дагуу бид тус тоног төхөөрөмжөө үлдээгээд явсан гэжээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 *********, ******** нар нь цайны газрыг хамтран ажиллуулахаар харилцан тохиролцож, улмаар хариуцагч Үндэсний биеийн тамирын дээд сургуультай цайны газрын түрээсийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, тус гэрээнд ********** болон хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна.
3.2 Талуудын хооронд байгуулагдсан дээрх цайны газрын түрээсийн гэрээ 2025 оны 12 дугаар сарын сүүлээр дуусгавар болж, тус цайны газрын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан тоног, төхөөрөмж, эд зүйлүүд хариуцагчийн эзэмшилд үлдсэн байх ба тус тоног төхөөрөмж, эд зүйлүүдийг түрээслэгч тал авч ирсэн гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Талууд дээрх түрээсийн гэрээний түрээслэгч тал нь нэхэмжлэгч ********* мөн эсэх, хариуцагчийн эзэмшилд үлдсэн гэх тоног төхөөрөмжүүдийг хариуцагч тал нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон эсэх талаар маргаж байна.
5.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын маргааны зүйл болох түрээсийн гэрээг хэн хэнтэй байгуулсан талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Учир нь: талууд цайны газар түрээсийн гэрээг байгуулж, тодорхой хугацааны дараа буюу 2024 оны 12 дугаар сарын сүүлээр гэрээний талууд харилцан тохиролцож, тус түрээсийн гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
6.Харин нэхэмжлэгч нь дээрх цайны газрын түрээсийн гэрээг дуусгавар болох үед хариуцагч нь цайны газрын тоног төхөөрөмж болон эд зүйлийг 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тоног төхөөрөмжийг авч үлдсэн боловч үнийг төлөөгүй гэж тайлбарлаж байх тул шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэлт өгч энэхүү маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд тус гэрээний гол нөхцөлүүд болох хэн хэний хооронд, ямар эд зүйлийг хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болохоо нотлох учиртай.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагч талаас биднийг тоног төхөөрөмжөө үлдээгээд яв, дараагийн түрээслэгчээс мөнгийг нь аваад өгье гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна.
Мөн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан ********* нь ... би тус сургуулийн захиралтай очиж уулзахад тоног төхөөрөмжөө 8,000,000 төгрөгөөр зарчих гэхэд нь би 16,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхэд тус сургуулийн захирал нь гал тогтоо түрээслэхээр ирсэн хүмүүс авч магадгүй, байлгаж бай гэсний дагуу бид тус тоног төхөөрөмжөө үлдээгээд явсан гэж мэдүүлсэн зэргээс үзэх нэхэмжлэгч *********, хариуцагч ************сургууль нарын хооронд цайны газрын тоног төхөөрөмжийг 16,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
8.Иймд нэхэмжлэгч ********* нь хариуцагч **********иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт цайны газрын тоног төхөөрөмжийн үнэд 16,369,925 төгрөг шаардах эрхгүй байна гэж дүгнэв.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хариуцагчийн эзэмшилд байгаа гэх цайны газрын зориулалттай тоног төхөөрөмжийг шаардах эрх бүхий этгээд нь хариуцагчаас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********н хариуцагч *********д холбогдуулан гаргасан 16,369,925 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА