2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод байрлах, Б а и т р к ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод байрлах Ш зХХК /РД:/-д холбогдох,

 

90,288,670 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б а и т р к ХХК нь хариуцагч Ш з ХХК-д холбогдуулан 90,288,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Манай компани Б а и т р к ХХК нь 2024 оны 9 сарын 03-ны өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр суманд хэрэгжиж буй Орхон аймгийн засаг даргын тамгын газрын захиалгатай, Ш зххк гүйцэтгэгчтэй Эрдэнэт Булганы А1001 авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилд туслан гүйцэтгэгч гэрээгээр ажил гүйцэтгэн хийсэн билээ. Манай компани нь ажлын үр дүнг 2024 оны 10 сарын 30-ны өдөр тооцоо нийлэн баталгаажуулж ажил гүйцэтгэлийн төлбөр болох 155,288,670 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-ны өдөр барагдуулахаар тооцоо нийлэн акт үйлдэн баталгаажуулсан байдаг. Ш зХХК 2025 он гарсаар гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл 9 сарын турш шалтаг гарган утсаа авахгүй бага багаар хувааж төлөх элдэв янзаар арга хэрэглэн байгаа нь манай компанийн нөхцөл байдалд хүндрэл учруулж байна. Иймд бид компани хоорондын төлбөр барагдуулахтай холбоотой дараах асуудлыг иргэний хэргийн тойргийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Мөн гэрээний дагуух ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоог тулган нийт 155.288.670 төгрөгийн дүнгээс хасаж тооцохоор дараах мөнгийг манай компанид шилжүүлсэн нь баримттай байна. 2025 оны 2 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг 6 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг 6 сарын 17-ны өдөр 10 тн түлшийг 1л 2500 төгрөгт бодож 25,000,000 төгрөг 7 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж тооцоод 2025-08-10-ны өдрийн байдлаар үлдэгдэл 90,288,670 төгрөгийг хариуцагч Ш зХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Ш зХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх бодит хүний нөөцтэй техник тоног төхөөрөмжтэй ийм компани юм. Нэхэмжлэгч манайд газар шорооны ажил гүйцэтгэхдээ манайхаас геодезын бригад түрээсэлсэн тэрний ажлын хөлсийг тооцож бодуулан хасуулах хэрэгтэй байна. газар шорооны ажлын түвшин зөрсөн. Энэ төслөөс болж бид Орхон аймгийн Засаг дарга Тамгын газар, иргэдийн төлөөлөгчид 3 удаа дуудагдсан. Үүнээс болж бид гүйцэтгэлээ аваагүй байгаа. Эвлэрлийн санал тавьсан нь үнэн, гэхдээ бодит санал тавихгүй бол хэцүү биелэгдэшгүй зүйл яриад байж болохгүй, аливаа зүйлд хүндэтгэлтэй ханд. Танайхаас өөрсдөө манай компанийн захирал Баярсайханд ажил хиймээр байна дэмжээчээ гээд энэ ажилд орсон. 1 м.куб 20,000 төгрөг гэдгийг Наранбаатар захирал тооцож байж гаргаж ирсэн, бид бусдын хөдөлмөрийг шулаагүй. гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ажлын тооцоо нийлсэн акт, Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах ажил гүйцэтгэх гэрээ, Нэхэмжлэх, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Итгэмжлэлийг шүүхэд өгсөн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б а и т р к ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2024 оны 9 сарын 03-ны өдрөөс эхлэн авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилд туслан гүйцэтгэгч гэрээгээр ажил гүйцэтгэсэн. Манай компани нь ажлын үр дүнг 2024 оны 10 сарын 30-ны өдөр тооцоо нийлэн баталгаажуулж ажил гүйцэтгэлийн төлбөр болох 155,288,670 төгрөгийг баталгаажуулсан. Хариуцагчийн төлсөн 2025 оны 2 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 6 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 6 сарын 17-ны өдөр 10 тн түлшийг 1л 2500 төгрөгт бодож 25,000,000 төгрөг, 7 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж тооцоод 2025.08.10-ны өдрийн байдлаар үлдэгдэл 90,288,670 төгрөгийг хариуцагч Ш зХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч Ш зХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх бодит хүний нөөцтэй техник тоног төхөөрөмжтэй ийм компани юм. Нэхэмжлэгч манайд газар шорооны ажил гүйцэтгэхдээ манайхаас геодезын бригад түрээсэлсэн тэрний ажлын хөлсийг тооцож бодуулан хасуулах хэрэгтэй байна. Газар шорооны ажлын түвшин зөрсөн. Энэ төслөөс болж бид Орхон аймгийн Засаг дарга Тамгын газар, иргэдийн төлөөлөгчид 3 удаа дуудагдсан. Үүнээс болж бид гүйцэтгэлээ аваагүй байгаа... гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Б а и т р к ХХК нь хариуцагч Ш зХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь захиалагч талын заасан газарт өөрийн техник машин механизмаар газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тухайн газар шорооны ажлыг шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ. /хх9-14/

 

4.2 Талууд дээрх гэрээг дүгнэж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд ПК 13+20 -ПК 19+80 хооронд хийсэн далангийн ажлын тооцоо нийлэх акт гэх баримтуудыг үйлдсэн. Уг баримтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 1,700,000 төгрөг, 172,042,000 төгрөг, 30,689,670 төгрөг нийт 204,431,670 төгрөгийн өр төлбөртэй болох талаар баталгаа үйлдсэн байна. /хх-5, 6, 7/

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний зохицуулалтад нийцжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

6. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин ажлын үлдэгдэл хөлс төлөх эсэх нь маргааны зүйл байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Б а и т р к ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн талууд тооцоо нийлсэн актыг үйлдэж хариуцагч нь нийт 204,431,670 төгрөгийн өр төлбөртэй болох нь Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд ПК 13+20 -ПК 19+80 хооронд хийсэн далангийн ажлын тооцоо нийлэх актаар тогтоогдож байна. /хх-6/

 

8. Харин хэргийн 8 дугаар талд авагдсан замын далан байгуулах ажилд зарцуулсан түлшний нийт үнэ 49,143,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгөх төлбөр бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 204,431,670 төгрөгөөс хасч тооцож үлдэгдэл 155,288,670 төгрөгийг шаардсанаас хариуцагч нь 2025.02.08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.6.17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025.6.17-ны өдөр 10 тн түлшний үнэ 25,000,000 төгрөг, 2025.07.09-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь үлдэгдэл 90,288,670 төгрөгийг хариуцагч Ш зХХК-аас шаардах эрхтэй гэж тайлбар гаргасныг хариуцагч Ш зХХК баримтаар үгүйсгээгүй болно.

 

9. Хариуцагч нь ...манайд газар шорооны ажил гүйцэтгэхдээ манайхаас геодезын бригад түрээсэлсэн тэрний ажлын хөлсийг тооцож бодуулан хасуулах хэрэгтэй байна... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Ш зХХК нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 90,288,670 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б а и т р к ХХК нь хариуцагч Ш зХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

11. Иймд дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 90,288,670 төгрөгийг хариуцагч Ш зХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б а и т р к ХХК-д олгох нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 609,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш зХХК-аас 90,288,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б а и т р к ХХК-д олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 609,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ