| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2018/01631/И |
| Дугаар | 210/МА2019/00073 |
| Огноо | 2019-01-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2019/00073
| 2019 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2019/00073 |
Б.Өийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Өийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б сургуульд холбогдох
Б сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123, 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтайван
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Ө нь Б сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын даргын албан тушаалыг эрхэлдэг. Б сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/45 дугаартай тушаалаар оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх дүгнэлт гаргахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, хавсралтаар удирдамжийг баталсан. Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 2 дугаар сарын 12-ноос 2018 оны 3 дугаар сарын 6-ны хооронд нийт 24 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр товлосон. Энэ тухай манай албанд 2018 оны 2 дугаар сарын 21-ны 16 цагт мэдэгдсэн. Тус удирдамжийг ажилчдад танилцуулахад Б сургуулийн оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажилчдаас 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч тус ажлын хэсгийн ахлагч Б сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Баяртогтоход хандаж шинэчлэн байгуулагдаад 4 сарын нүүр үзэж байхад хяналт, шинжилгээг ямар үндэслэлээр оруулж байгаа нь тодорхой бус бөгөөд Б сургуулийн дотоод журмаар хяналт шинжилгээ хийх асуудлыг зохицуулаагүй, үнэлэх аргачлал шалгуур үзүүлэлтүүд, дүрэм журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай, үнэлэх үзүүлэлтүүд нь тодорхойгүй байх тул дээрх дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, үнэлэх аргачлалыг тодорхой болгосны дараа хяналт үнэлгээ хийхийг санал болгож тайлбар гаргасан. Гэвч дээрх байдлаар хяналт шинжилгээг хууль ёсны дагуу аливаа субьектив нөлөөлөл, дүгнэлтгүйгээр гүйцэтгүүлэх тухай зүй ёсны санал тавьсаныг үл хүлээн авч улмаар Б сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б/123 тоот тушаалаар миний биед сануулах шийтгэл ногдуулсан. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 26-наас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны хугацаанд хяналт шинжилгээ үнэлгээг гүйцэтгэж, дүгнэлт, санал зөвлөмж гаргасан бөгөөд өмнө урьдчилан анхааруулж байснаар ямар ч шалгуур үзүүлэлтгүй, үнэлэх аргачлалгүйгэээр субьектив дүгнэлтүүд хийсэн. Б сургуулийн захирал тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалаар миний биеийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж үндсэн цалинг нэг сар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалд байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан гэж дурдсан нь Б сургуулийн 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Б сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд ороогүй байсан хяналт, шинжилгээ, үнэлгээг оруулсан тул үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-д заасныг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй. Захирлын 2018 оны 5 дугаар сарын 08-ны Б/202 тоот тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б сургуулийн дотоод журмын 9.1-д заасан Б сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, Б сургуулийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүй ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан үйлдэл байхгүй тул дүрэмд заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчил" гаргаагүй. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр "Үр дүнгийн гэрээ байгуулсан" бөгөөд тус гэрээгээр оюутанд хүргэх үйлчилгээг 3.1.1-д нийт 88 ажил үйлчилгээг, нэрлэн зааж хэрэгжүүлэх хугацаа, тоо, чанар, цаг хугацааны шалгуур үзүүлэлт тус бүрээр тогтоосон бөгөөд гэрээний 4.2-д зааснаар миний ажлын тайланг 2018 оны 6 дугаар сарын 30-нд хүлээн авч дээрх 88 ажил тус бүрээр тухайн хугацаанд тогтоосон чанар, тоон шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж үр дүнг үнэлэх ёстой. Гэвч үр дүнгийн гэрээ байгуулаад сар ч болоогүй, дээрх 88 ажлыг гүйцэтгэж эхэлж байгаа, үр дүн гараагүй, зарим үе шаттай ажлын гүйцэтгэл болоогүй улмаар гэрээнд зааснаар дүгнэх цаг хугацаа болоогүй байхад оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй гэж дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаалдаа удирдлага болон зарим ажилтаны харилцаа ёс зүйн асуудал сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцээгүй гэж дүгнэжээ. Б сургуулийн захирлын 2010 оны 2 дугаар сарын 25-ны 119 дүгээр тушаалаар батласан " Б сургуулийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1-д заасан зөрчлийг нэхэмжлэгчийг болон тус албаны ажилтнуудыг ёс зүйн зөрчил гаргасан гэх дээрх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Б сургуулийн дотоод дүрэм, журамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбоотой заалт байдаггүй бөгөөд үүнээс шалтгаалан захирлын 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар батлагдсан ажлын хэсгийн статус тодорхой бус болсон. Гэвч тус ажлын хэсгийн ямар аргачлал, ямар нотолгоо, ямар үнэлгээний системээр үнэлсэн нь тодорхойгүй дүгнэлтийг шууд үндэслэл болгож, миний ажлыг хангалтгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заасан үүргээ биелүүлж ажилласан бөгөөд үүний аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар баримт бүхий үндэслэл байхгүй. Ийнхүү Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, Б сургуулийн хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй байтал Б сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаал гарч сахилгын хариуцлага ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул тус шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Б сургуулийн 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөө баталж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг болно. 2018 оны төлөвлөгөөний дагуу Б сургуулийн бүтцийн бүх нэгжид хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хичээлийн жилд гадаад харилцааны хэлтсийн ажилд хяналт үнэлгээ хийх ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах нэгжүүд хамрагдаад байна. Гадаад харилцааны хэлтэс, Оюутны хөгжил үйлчилгээний газар, Хангамж, үйлчилгээний газар, Санхүү эдийн засгийн газар, Сургалтын нэгдсэн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс гэх мэт оюутны хөгжил, үйлчилгээний газраас бусад нэгжид Б сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал гарч ажлын хэсэг томилогдон хэвийн ажилласан болно. Оюутны хөгжил, үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа хэсэгт "...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн" хэмээн заасан байна. Мөн Б.Өтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т зааснаар ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Захиргааны зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд тухайн нэгж дээр ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллах бололцоогүй байдал үүссэн тухай ажлын хэсгийн ахлагч танилцуулж, цаашид хэрхэн ажиллах зүйтэй талаар захиргааны зөвлөлийн хуралдаанаас хүссэн байдаг. Захиргааны зөвлөлийн гишүүд нэгжээ удирдан зохион байгуулах үүргээ биелэхгүй байгаа нь бодит фактаар ил байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Иймд дарга Б.Ө нь ажлын хэсгийг ажиллах нөхцлөөр хангаж, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд хийгддэг чиг үүргийг хэрэгжүүлж, ажиллаагүй буюу хөдөлмөрийн гэрээн дэх үүрэг хүлээсэн заалт буюу 3.1.2-т заасныг зөрчсөн байх тул захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаар үүсэн нөхцөл байдлыг судалж үзээд ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон гэж үзсэн. Захиргааны зөвлөлийн шийдвэрийн дагуу ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажилуулах тухай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаал гаргасан байдаг. Ажлын хэсэг тушаалд заагдсан хугацаанд ажиллаж, холбогдох дүгнэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсэг дүгнэлтдээ удирдлагын удаа дараагийн тушаал шийдвэр, мэдэгдлийг үл тоомсорлон хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээс татгалзсан нэр бүхий ажилтнуудад хариуцлага тооцох, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудаа нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй, ОХҮГ-т хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг эсэргүүцэхэд оролцож удаан хугацаагаар саатуулсан, үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж чадаагүй тус газрын дарга Б.Өд хариуцлага тооцох гэсэн саналыг Захирлын зөвлөлийн хуралдаанд оруулсан болно. Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 дугаар тушаал нь тухайн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг үндэслэж авсан арга хэмжээ юм.Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалууд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд нь оноосон өөр өөр зөрчилд авсан шийтгэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МУИС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б\123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах гомдолдоо:
... Б сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/45 тушаалаар тус газарт үнэлгээ, хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдаад уг ажлыг 2018 оны 2 сдугаар арын 12-ны өдрөөс 2018 оны 3 сарын 6-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ёстой байсан. Уг удирдамжийнхаа дагуу 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажилтангуудтай уулзалт зохион байгуулсан байдаг. Уулзалтын хурлын тэмдэглэлд мониторинг оруулахгүй байх, түүнийг эсэргүүцсэн гэх зүйл байдаггүй. Б.Ө нь газрын удирдлагын хувьд ажилтнуудын санал бодол, мониторингийн үр өгөөж, түүнийг хийх процесс асуудлын талаар ярилцаж, санал тайлбараа хэлсэн байдаг. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахдаа ажилтнуудтай нэг л удаа уулзсан байх бөгөөд он цагийн хувьд дүгнэлтийн хариу гарах хугацаа болсон байхад уг уулзалтыг хийж байгаа, удирдамжийг тухайн өдрөө танилцуулж байгаа зэрэг байдлаас ажлын хэсэг өөрөө дүгнэлт гаргах хугацаагаа удаашруулсан үйлдлээ бусдаас болсон мэтээр тайлбар гаргаж, түүний бурууг Б.Өээс болсон мэтээр төлөвлөгөөт ажил тасалдуулсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Мониторонгийн ажлын хэсгийг ажлуулаагүй гэх нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Б.Өтэй 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тушаалыг биелүүлээгүй, албан хаагчдаа удирдлагаар хангаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн, Б сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар мониторингийг 2018 оны 3 дугаар сараас эхлэн 6 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан бөгөөд ингэхдээ тухайн газрын байгуулагдсан хугацаа, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд нийцүүлэн шалгалтын хуваариа батлах, энэ ч үүднээсээ харилцан уялдаатайгаар 3-6 саруудад мониторинг хийнэ гэж төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Гэтэл оюутны хөгжил, үйлчилгээний газарт 2018 оны 2 дугаар сард шалгалт эхлүүлж тухайн саруудад гүйцэтгэх ажилд шалгалт хийх бус 7, 8 сард хийх ажил зэрэгт дүгнэлт гаргаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэн тэрхүү дүгнэлтийг сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болгосон. Уг тушаалд ерөнхий 5 зөрчлийг дурьдсан ба зөрчил болгон тогтоогдсон байх учиртай. Дээрх 5 зөрчил тогтоогдоогүй бөгөөд ажил олгогч тушаалынхаа үндэслэлд заасан 5 зөрчлийг нотлоогүй. Б.Өд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг боловч 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн нэг сарын цалинг 15 хувиар бууруулах арга хэмжээг авахдаа мөн л үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм, журмуудыг зөрчсөн үйлдэл байхгүй атал ажил олгогчийн давуу байдлаа ашиглан зохиомлоор дүгнэлт гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулсныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123, 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.
Ажил олгогч талаас сургалт оюутан хариуцсан дэд захирал нөгөө талаас Б.Ө нар 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б.Өийг Оюутны хөгжил, үйлчилгээний газрын даргын албан тушаалд ажиллуулах, түүнийг энэхүү гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. /1хх-ийн 6-17 тал/
Нэг: Б сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 тоот тушаалын тухай
Б сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Өд сануулах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 9.2 (1)дэх заалтыг үндэслэжээ. /1хх-ийн 60 тал/
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажилчдаас гомдол гарсантай холбогдуулан хяналт шинжилгээг хууль ёсны дагуу субектив нөлөөлөл, дүгнэлтгүйгээр гүйцэтгүүлэх санал тавьсныг үл хүлээн авч сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан байна. Б сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус сургуулийн захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаанд ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 3-6 дугаар саруудад хийхээр төлөвлөж уг төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулжээ. /1хх-ийн 153-156 тал/ 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тус сургуулийн захирал А/45 дугаартай тушаал гаргаж, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг баталсан байна. /1хх-ийн 151-152 тал/
Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар өр Б сургуулийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Дашдуламд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хандан тус газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийхийг эсэргүүцэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тус сургуулийн захирал А/45 тушаалыг цуцлахыг шаардсан хүсэлт хүргүүлж байсан байх бөгөөд дээрх тушаалаар батлагдсан комиссын үйл ажиллагааг тасалдуулж байгаа талаар Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 тоот тушаалаар өмнө томилогдсон ажлын хэсгийн хугацааг сунган, удирдамжийг шинээр баталсан үйл баримт тогтоогджээ. / 2хх-ийн 1-2 тал/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ө нь хөдөлмөрийн гэрээний 3.2.1, хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.2-т заасан заалтыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын хэсгийн ажлыг тасалдуулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, харъяалах нэгжийг удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй, ажлын байранд хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэх ажлыг эсэргүүцсэн үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Хоёр: Б сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалын тухай
Өмнө томилогдсон ажлын хэсэг ажиллаж чадаагүйгээс Б сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/89 тоот тушаалаар ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгаж, удирдамжийг шинэчлэн баталж, уг удирдамжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллаж 4 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ./1хх-ийн 97-98, 149-150 тал/
Дээрх тушаалар батлагдсан ажлын хэсгийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын тайланг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. /1хх-ийн 109-129 тал/
Түүнчлэн дээрх ажлын хэсгийн хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний ажилд Оюуны хөгжил, үйлчилгээний газрын 13 ажилтанаас дарга Б.Ө болон нэр бүхий хүмүүс хамраагдаагүй болох нь тус газарт хийсэн ажлын тайлан, захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогджээ.
Б сургуулийн захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнгийн тайлан, мэдээллийг хэлэлцэж, тус хуралдааны шийдвэрийг үндэслэсэн Б сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалаар Б.Өд үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан байна. /1хх-ийн 61 тал/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Өийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зураагүй байх боловч 2018 оны 9 дүгээр сарын 25, 10 дугаар сарын 2, 10 дугаар сарын 16, 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд болсон шүүх хуралдаануудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайванд хэргийн оролцогчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн байсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан байна. /1хх-ийн 209, 232, 2хх-ийн 7, 12 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО