| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2402005861476 |
| Дугаар | 2025/ДШМ/476 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/476
2025 04 29 2025/ДШМ/476
Г.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат,
шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2402005861476 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А-,
Шүүгдэгч Г.А- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох 635 кг хуш модны цайруулсан самрыг “Lexus RX400h” загварын ***** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ургамлын аймагт 314.007.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А-ийг "Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Lexus RX400h” загварын УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 635 килограмм Сибирь хушны үр, идээг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.А-ээс 314.007.500 (гурван зуун арван дөрвөн сая долоон мянга таван зуу) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр "уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 314.007.500 төгрөгийг нэхэмжилж байна..." гэсний дагуу шүүх шийдвэрлэж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл 635 кг хуш модны самрыг хураан авсан, самрын түүсэн хугацааг тодорхойлох боломжгүй гэж үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт уг самрыг хурааж авсан тул зохих үнэлгээний дагуу тооцож төлбөр суутгаж авах боломжтой гэж үзэж байна. Иймд тус тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8-д өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх 635 кг хуш модны цайруулсан самрын 1 кг самрыг 98.900 төгрөгөөр бодож нийт 62.801.500 төгрөгөөр тооцож гаргаагүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Гомдлыг дэмжиж байгаа. ...” гэв.
Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.А- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өвөр зайсангийн ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 635 кг хуш модны цайруулсан самрыг “Lexus RX400h” загварын **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөр болох 314.007.500 төгрөгийг нэхэмжилж байна. ...”/хх 77-79/,
Г.А-ийн яллагдагчаар өгсөн “...надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...самар ачсан газрыг зааж өгч чадна. Би хийсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 116-118/ гэсэн мэдүүлгүүд,
“...Шинжилгээнд ирүүлсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du Тuor-ны самар байна. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du Тuor нь “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du Тuor самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Тuor нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй.
Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 44.7% байх тул нойтон байна.
Хуш /Pinus sibirica Du Тuor/ модны самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй.
1 кг нойтон Хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. 98.900х635кг=62.801.500. 635 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900х5х635кг=314.007.500 төгрөг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3140 дүгээр дүгнэлт /хх 88-91/,
“Lexus RX400h” загварын 85-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, тухайн тээврийн хэрэгслээс 13 ширхэг шуудайтай 686.1 кг цайруулсан самрыг хураан авсан тэмдэглэл /хх 6-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-35/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх 103/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.А- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.А-ийг 635 килограмм Сибирь хуш модны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-ийг "Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Lexus RX400h” загварын 85-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Одончимэгийн өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 39/-аар тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 635 кг Сибирь хуш цайруулсан самар зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, ашигласан тээврийн хэрэгсэл мөн байх тул тус тээврийн хэрэгслийн үнэ болох 34.000.000 төгрөг болон 635 кг самрыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А- “...цайруулсан самрын экологи эдийн засгийн үнэлгээг буруу тооцсон тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8-д өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ 635 кг цайруулсан самрын зах зээлийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгчээс 62.801.500х5=314.007.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялагт хамаарч байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлнө...”, 42.1.3 “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;” гэж, 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэж тус тус нарийвчлан зохицуулсны дагуу гэмт хэргийн хохирол хор уршгийг зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 88-91 дүгээр талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт”-д “...Сибирь хуш модны үр болох цайруулсан самар нь 1 кг нь 98.900 төгрөг байна. 635 кг самрын зах зээлийн үнэлгээ 62.801.500 төгрөг байна...” гэж үнэлсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 62.801.500 төгрөгөөр тооцож шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.А-ээс 62.801.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН