Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00655

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00655

 

 

 

Өү Жи фамили ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/00158 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өү Жи фамили ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: В.Цогбадрахад холбогдох

Компанид учруулсан хохиролд 380 056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Өү Жи фамили ХХК нь В.Цогбадрахтай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Туршилтын хугацаанд ажиллах хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-нүүдийг тус тус байгуулан түгээгч жолоочийн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулсан болно. В.Цогбадрах нь ажил үүргийн дагуу сүлжээ дэлгүүрүүдэд өдөр тутамд зарлагын падааны дагуу бараа хүргэж өгөх, дэлгүүрүүдээс буцсан барааг падааны дагуу хүлээн авч агуулах руу тоо ширхгээр нь нэг бүрчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. В.Цогбадрах нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа сүлжээ дэлгүүрийн барааг дутуу хүлээлгэн өгөх, сүлжээ дэлгүүрээс буцсан барааг агуулах руу өгөөгүй барааны дутагдал болох 545 895 төгрөг, утасны ярианы лимитээс хэтэрсэн 9 260 төгрөг, замын цагдаагийн торгууль 20 000 төгрөг, нийт 575 155 төгрөгийн хохирол гаргаснаас 2017 оны 07 дугаар сарын цалингаас 135 099 төгрөг, 8 дугаар сарын цалингаас 60 000 төгрөгийг тус тус төлж өнөөдрийн байдлаар манай байгууллагад 380 056 төгрөгийн хохирол учруулаад байна. В.Цогбадрах нь ажиллах явцдаа Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.4.1-д зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу биелүүлэх чадваргүй нь тогтоогдсон тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халагдсан. Иймд иргэн В.Цогбадрахын манай компанид учруулсан хохирол болох 380 056 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: В.Цогбадрах нь Өү Жи фамили ХХК-д түгээгч жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсан. Бараа материал бүх зүйлээ тоолж хүлээлгэж өгсөн. Өү Жи фамили ХХК-ийн нэхэмжилж байгаа 389 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. В.Цогбадрахын 9 дүгээр сарын сарын цалин, мөн 7, 8, 9 дүгээр саруудын цалингаас суутгаж авсан барьцааны мөнгө өгөөгүй. Ажлаас өөрсдөө халчхаад бүхэл бүтэн 2 сарын дараа яагаад ийм зүйл яриад байгаа юм. Сар болгон тухайн сарынхаа тайлан тооцоог хийж цалин дээрээс бүх суутгалаа хийж байсан. В.Цогбадрах нийт хохирлоос 7, 8 сард дутаасан барааны мөнгийг өгсөн. 380 056 төгрөгийн бараа дутсан асуудал байхгүй. 7, 8-р саруудын цалингаас суутгуулсан байгаа үнийн дүн бүхий бараа дутаасан болохоо хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед мөнгө өгөөд хариуцлагаа хүлээсэн. Сүүлд гаргаж ирээд байгаа 380 056 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаасаа халагдчихаад дээрээс нь цалингаа, барьцаа мөнгөө авч чадахгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Цогбадрахаас 143 785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өү Жи фамили-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 236 271 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Цогбадрахаас 4 963 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өү Жи фамили-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135.1.2-д заасныг зөрчөөгүй байгууллагаас гарахдаа тойрох хуудас зурж бараа бүтээгдэхүүнийг бүрэн хүлээлгэн өгсөн. Үүгээр үл барам 9 дүгээр сарын ажилласан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос аваагүй, ажилд орсон цагаас эхлэн cap бүрийн цалин дээрээс барьцаа болгож авсан 50 000 нийт 200 000 төгрөгийг ажил олгогчоос авч чадалгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. 9 дүгээр сарын цалин хөлс өгөөгүй талаар нэхэмжлэгч маргадаггүй. Шүүхийн шийдвэрээр гаргасан 143 785 төгрөгөөс илүү хэмжээний цалин хөлс авах ёстой атал аваагүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бараа дутаасан гэх төлбөрийг үлдэгдэл цалин барьцаа мөнгөнөөс суутгасан гээд өгөөгүй тул дээрх төлбөрийг хариуцагчийн авах цалин хөлсөөс суутгаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй юм. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуулийн 132 зүйл болон 135 дугаар зүйлд заасныг нэгэнт зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Өү Жи фамили ХХК нь хариуцагч В.Цогбадрахад холбогдуулан компанид учруулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хохиролд 380 056 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч компани нь хариуцагчтай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Туршилтын хугацаанд ажиллах хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулан, Ерөнхий захирлын 17/114 тоот тушаалаар түгээгч-жолоочийн ажил, албан тушаалд томилон ажиллуулсан, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.4.1-д заасныг удирдлага болгон дээрх хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнийг үүрэгт ажлаас халсан үйл баримт тогтоогдсон. /хх-14-18,19-20,21, 22/

Нэхэмжлэгч байгууллагын Ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 17/27 тоот тушаалаар батлагдсан Бараа бүтээгдэхүүний борлуулалт, түгээлтийн журам-ын 4.1-4.6-т зааснаар В.Цогбадрах нь түгээч-жолоочийн хувьд захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг агуулахын няраваас хүлээн авч харилцагч бүрт зарлагын баримтын дагуу хүлээлгэн өгөх, харилцагчаас буцаасан барааг баримтын дагуу хүлээн авч агуулахын няравт хүлээлгэн өгөх үүрэгтэй байна./хх-143/

Хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтад тусгагдсан харилцагчаас буцаасан барааны үлдэгдэл тооцоо нь харилцагч тус бүрээр тооцож гаргасан нэхэмжлэгчийн тооцооны тайлангийн баримтад буцаалт хэлбэрээр бичигдсэнтэй тохирч давхар нотлогдсон /хх-23,49,50,51,56,61,64,66,77,79/ ба шүүх баримтаар тогтоогдсон 143 785 төгрөгийн үнийн дүн бүхий барааг хариуцагч нь харилцагч байгууллагад хүргэх явцад уг барааг буцаан түгээч жолоочид өгснийг агуулахын няравт хүлээлгэн өгөөгүй гэж үзэн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 болон талуудын Хөдөлмөрийн гэрээний 7.3, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1.4-т заасантай тус тус нийцжээ. Хариуцагчийн тооцоо дууссан гэх тайлбар, гомдол нь харилцагч тус бүрээр гаргасан тооцоогоор үгүйсгэгдэж байх тул хүлээн авах боломжгүй.

Харилцагч байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэж барааны дутагдалд хамааруулан шаардаж буй харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтад сүлжээний барааны дутагдал гэж тэмдэглэгдсэн тооцооны үлдэгдлийн төлбөрүүд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, талуудын хоорондын Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний 2.1-д заасны дагуу ажилтны хариуцах бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгсөн, авсан баримт бичиг байхгүй, нэхэмжлэгчийн агуулахаас барааг жолооч-түгээгчид шилжүүлсэн гэх баримтгүй тул хариуцагчийг 207 011 төгрөгийн барааг дутаасан гэж буруутгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь хэргийн 112-119 дүгээр талд авагдсан зарлагын баримтыг үндэслэн дээрх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчээс барааг жолооч-түгээчид хүлээлгэн өгсөн нөхцөл байдлыг нотлохгүй байгаа бөгөөд баримтын доод хэсэгт бичигдсэн хүлээлгэн өгсөн В.Цогоо, Цогбадрах гэх бичилтээс үзвэл харин жолооч-түгээч харилцагч байгууллагад бараа хүлээлгэн өгсөн талаарх баримт гэж үзэхээр байгаа ба энэхүү баримтад гараар нэмж бичигдсэн бичвэрээр сүлжээний барааны дутагдалд хамаарах төлбөрийг ажилтан хариуцах үндэслэлтэй гэж эргэлзээгүй дүгнэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дутагдуулсан гэх барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн ажил олгогч Замын цагдаагийн байгууллагад хариуцагчийн өмнөөс 20 000 төгрөгийн торгуулийг төлж бодитоор хохирол учирсан гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дурдсан ... хариуцагч нь дутагдуулсан барааг агуулахаас хүлээн авсан нь хэрэгт авагдсан зарлагын баримт болох нотлох баримтаар нотлогдоно, шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн ... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн ба буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/00158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 8 865 төгрөг, нэхэмжлэгчийн 7 739 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ