| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03708/И |
| Дугаар | 192/ШШ2025/09232 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09232
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/09232 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: ******** дүүрэг, ********* дүгээр хороо, *********гудамж *********тоот хаягт байрлах "********" ХХК /РД:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ********хотхоны ******* блок барилгын ** давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 22/*** дугаартай Орон сууц захиалгын гэрээний алдангид 7,828,461 төгрөг, хохиролд 25,500,000 төгрөг, нийт 33,328,461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргас С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч миний бие хариуцагч “******** ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 22/***дугаар "Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Хан-уул дүүргийн ******хороонд баригдаж буй ****** хотхонд *** блок, **** давхарт 47 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,990,000 төгрөг, нийт орон сууцны үнэ 93,530,000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч тал захиалсан орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд зураг төслийн дагуу барьж, байнгын ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр харилцан тохролцож байгуулсан.
Нэхэмжлэгч миний бие 22/*** дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрийн урьдчилгаа болох 56,000,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банкны 3665105387 тоот дансанд, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг өөрийн эцэг эхээс зээлэн 37,530,000 төгрөгийг хариуцагчийн хаан банкны ******** тоот дансанд тус тус шилжүүлж гэрээний үүрэгт нийт 93,530,000 төгрөгийг төлсөн.
Гэвч хариуцагч "********н" ХХК 22/** дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-ний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж, 2022 оны 04-р улиралд захиалагч талд хүлээлгэн өгнө гэж тус тус заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээний гүйцэтгэл 837 хоногийн зөрчилтэй, хоцрогдолтой явж байна.
Маргаан бүхий гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нийт төлсөн 93,530,000 төгрөгийн нэг өдрийн алданги 0.01 хувьд 9,353 төгрөг ногдож байх бөгөөд гэрээний үүргийг зөрчил болох 837 хоногт үржүүлбэл 7,828,461 төгрөгийн алданги тооцогдож байна. Тиймээс нэхэмжлэгч тал үл маргах журмаар 22/50 дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-ний алдангид 7,828,461 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлсэн байх тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч миний бие 22/***** дугаар "Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу гүйцэтгэгч талд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн 2022 оны 04 дүгээр улиралд ****** хотхонд*******блок, ******** давхарт 47 м.кв 2 өрөө байрыг хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж түр хугацаанд буюу байр ашиглалтад орох хүртэл өөрийн эмээгийнд хамт амьдарч байсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *********** гэх хүний улсын бүртгэлийн ********, ******** тоот 56,36 м.кв 2 өрөө орон сууцыг 1 сарын 1,5000,000 төгрөг, гэрээний төлбөрийг эхний удаа 3+1 нөхцөлөөр, цаашид сар бүрийн 15-ны өдөр сарын төлбөрийг төлж байхаар нэг жилийн хугацаатайгаар бүртгэлийн 1500 дугаар "Орон сууц хөлслөх гэрээ”-ээг байгуулан байр хөлслөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөр 19,500,000 төгрөг болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрийг сар бүрийн 15-д ******* гэх хүний Хаан банкны ********* тоот дансанд шилжүүлж байсан. Дээрх байрыг хүлээлгэж өгөх үед хариуцагч "**********” ХХК мөн л гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байсан тул 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн *********** гэх хүний ******** хороо, Р******** хотхоны******* орц, ******** давхар, 126 тоот, 41 мкв, 2 өрөө орон сууцыг 1 сарын 1,500,000 төгрөг, гэрээний төлбөрийг эхний удаа 3+1 нөхцөлөөр, цаашид улирал тутам төлбөрийг хийж байхаар харилцан тохиролцож “Орон сууц түрээслэх тухай гэрээ”-г байгуулан орон сууц түрээслэн суусан. Энэ хугацаанд түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг болсон бөгөөд ******* гэх хүний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас түрээсийн орон сууцны төлбөрт нийт 25,500,000 төгрөгийн зардал гарсан байна.
"**********” ХХК гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч талд ийм их хэмжээний түрээсийн төлбөрийн хохирол, сэтгэл санаа, цаг хугацааны хохирол учирч зардал гарахгүй байсан. Монгол улсын иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй." гэж заасны дагуу 22/****** дугаар "Орон сууц захиалгын гэрээ”-ээс үүссэн 25,500,000 төгрөгийн хохирлыг хариуцагч "*********" ХХК-аас шаардах нь үндэслэлтэй байна.
Тиймээс нэхэмжлэгч намайг ******* хотхоны ******** блок барилгын *****давхрын 47 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/******* тоот "Орон сууц захиалгын гэрээ”-ний алданги 7,828,461 төгрөг, гэрээнээс үүдэн гарсан хохиролд 25,500,000 төгрөг, нийт 33,328,461 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч "********" ХХК болон ********нар нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр №22/******** тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* хотхоны ********блок барилгын ******* давхарт, 47м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв талбайг 1,990,000 төгрөгөөр тооцон, нийт 93,530,000 төгрөг байхаар тохиролцсон. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан худалдах худалдан авах гэрээний үйлчлэлээр зохицуулагдах хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээ байгуулсан эсэхэд маргаангүй байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нь нотлогдох тул уг үйлдлээр Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд төлбөр бүрэн төлөгдсөн харилцаа үүссэн тул хариуцагч тал нь******** хотхоны******* блок барилгын *******давхарт, 47м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч талыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
2. Талуудын байгуулсан гэрээний 3.6 дахь хэсгийг үндэслэн гэрээний үүргийн зөрчилд төлбөл зохих алданги болон 7,828,461 төгрөгөөс, 4,480,087 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 3,329,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан хугацаа хэтэрсэн нь үнэн. Энэхүү гэрээний хугацаа хэтрүүлэх нөхцөл байдалд барилгын бичиг баримтыг бүрдүүлэх явцад төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, цахилгаан, дулаан, цэвэр ус ба бохир усны техникийн нөхцөл гаргах, холбогдох зураг төслийг батлахад ханган нийлүүлэгч байгууллагуудаас шалтгаалан зөвшөөрөл олгох хугацаа хойшилсон нөхцөл байдлаас орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг биелүүлэх хугацааг хойшлуулсан тиймээс урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. ********* хотхоны ******* блокийн Цахилгааны техникийн нөхцөл – 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгосон. Цэвэр, бохир усны техникийн нөхцөл 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан байдаг. Тиймээс талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.3.2-т Төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, 4.3.5-т Эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан цэвэр ус ба бохир усны хангамжийн байгууллагуудаас шууд шалтгаалсан хугацааг урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалгаан гэж үзэн гүйцэтгэгч гэрээний хугацааг хойшлуулах үндэслэл болно. Мөн Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус заасны дагуу 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг гэрээний үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байх үндэслэлтэй байх тул тухайн нийт алдангийн 835 хоногоос алдангийн 356 хоногийг хасч тооцон, 2023 оны 12 сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх 479 хоногийн алданги болон 4,480,087 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
3.Гэрээнээс үүдэн гарсан хохиролд 25,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухайд:
Нэхэмжлэгч нь 1 дэх орон сууцыг 2023 оны 08 сарын 15-ны өдрөөс, 2024 оны 08 сарын 15-ны өдрийн хүртэл жилийн хугацаатайгаар сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн нийт 19,500,000 төгрөгийн түрээсийн зардал гаргасан гэх бөгөөд Мөн 2 дах орон сууцыг 2024 оны 08 сарын 12-ны өдрөөс эхлэн 6,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн зардлыг гарган нийт 25,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл эхний орон сууцыг түрээсэлсэн хугацаанд нийт 18,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн зардал гарсан харагддаг. Тэгэхээр нийт 24,000,000 төгрөгийн үйл баримт харагддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл болж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээний үүргийн харилцаа үргэлжилж байгаа бөгөөд хугацаа хэтрүүлсэн үүргийн хохирлыг хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний харилцаагаар тодорхойлох нь зүйтэй юм. Иймд тус гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан үүргийн хэмжээгээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд гэрээнээс үүдэн гарсан хохиролд 25,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/50 тоот "Орон сууц захиалгын гэрээ"- ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-6-10/, гэрээний урьдчилгаа төлбөрт 56,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-11/, гэрээний үлдэгдэл төлбөрт 37,530,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-12/, бэлэн мөнгөний орлогод 56,000,000 төгрөг, 37,530,000 төгрөг тус тус хүлээн авсан баримт нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-13/, "Андын зам констракшн" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24/30 тоот төлбөр тооцоо 100 хувь дууссан тодорхойлолт нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-14/, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 1500 дугаартай "Орон сууц хөлслөх гэрээ" нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-15-18/, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 1500 дугаартай "Орон сууц хөлслөх гэрээ" -ний төлбөрийг шилжүүлж байсан дансны хуулга банкны тамгатай эх хувь /19-21/ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Орон сууц түрээслэх тухай гэрээ" нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-22-23/, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Орон сууц түрээслэх тухай гэрээ" ний төлбөрийг шилжүүлж байсан дансны хуулга банкны тамгатай эх хувь /хх-24-30/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4.Хариуцагч нь хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн /хх-34/, итгэмжлэл /хх-35/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "******" ХХК-д холбогдуулан **** хотхоны ****** блок барилгын ****** давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 22/50 дугаартай Орон сууц захиалгын гэрээний алдангид 7,828,461 төгрөг, хохиролд 25,500,000 төгрөг, нийт 33,328,461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч "******" ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/***дугаартай Орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрээнд заасан алдангийг түрээсийн төлбөрийн хамт шаардах эрхтэй гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
3.1 Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул Дээдсийн өргөө хотхоны 2с блок барилгын 9 давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.
3.2 Алдангийн төлбөрт 7,828,461 төгрөг нэхэмжилснээс 4,480,087 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Учир нь хариуцагч нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж хугацаа алдсан тул тэр хугацааны алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй.
3.3 Түрээсийн төлбөрт 25,500,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргийн хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцэж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 22/50 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, хариуцагч "************" ХХК нь ***********хотхоны** блок барилгын 9 давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу барьж дуусган 2022 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь уг орон сууцны үнэд 93,530,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
4.2 Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч талд орон сууцны төлбөр болох 93,530,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч уг төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрч, маргаагүй.
4.3 Хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг барьж дуусгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн орон сууц түрээслэн амьдарч, түрээсийн төлбөрт нийт 25,500,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6. Дээдсийн өргөө хотхоны 2с блок барилгын 9 давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ********* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгаж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний зүйл болох ******** хотхоны ********* блок барилгын 9 давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Хариуцагч "*********" ХХК нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******ийг ********* хотхоны ****блок барилгын **** давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч "А********" ХХК нь нь нэхэмжлэгчийн ****** хотхоны *******блок барилгын ******* давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
7. Алдангид 7,828,461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь хэсэгт “Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй” гэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дээрх тохиролцоог үндэслэн, хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 837 хоногийн алдангид нийт 7,828,461 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь тус нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргахдаа ...хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч тал гэрээний зүйл болох орон сууцыг 2024 оны 04 дүгээр улиралд багтаан барьж дуусгаад нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч тус барилга барихтай холбоотой төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хугацаа алдсан тул 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи 479 хоногийн алдангид 4,480,087 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргаж байна.
Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3.2-т Төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, 4.3.5-т Эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан цэвэр ус ба бохир усны хангамжийн байгууллагуудаас шууд шалтгаалсан хугацааг урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалгаан гэж үзэн гүйцэтгэгч гэрээний хугацааг хойшлуулах үндэслэл болно гэж заасан боловч хариуцагч нь энэхүү нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт заасан орон сууцыг барьж дуусгах хугацаанд нэмэлт өөрчлөлт ороогүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан барьж өгөх үүрэг хүлээсэн тохиролцоо хүчин төгөлдөр, тохиролцсон хугацаанд хариуцагч тал үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь уг хугацаанаас эхлэн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Хариуцагч “*********” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцоход нийт 837 хоног үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу 1 хоногийн алдангийн хэмжээ 9,353 төгрөг байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 7,828,461 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.
8. Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 25,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс 2023 оны 08 дугаар сараас эхлэн орон сууц хөлсөлж амьдарсан бөгөөд орон сууц хөлсөлсний төлбөрт 25,500,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгөөр хохирсон гэж тайлбарлан, хариуцагчаас 25,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх бөгөөд үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжилж байгаа бөгөөд гэрээнд заасан хэмжээнд үүргийн зөрчилтэй холбоотой маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэх агуулгаар тайлбарласан.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу энэхүү шаардлагынхаа шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, хариуцагчаас алдангид 7,828,461 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн.
Алданги гэдэг нь талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй тохиолдолд буюу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хариуцлагын зохицуулалт бөгөөд энэ нь хохирол нөхөх зорилготой юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алдангийг нэхэмжилсэн тохиолдолд давхар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд буюу түрээсийн төлбөрт 25,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэв.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******ийг *************** хотхоны ******** блок барилгын *** давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагчаас алдангид 7,828,461 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ийн ******* хотхоны ******* блок барилгын ***** давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "*********" ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч "**********" ХХК-аас 7,828,461 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА