| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/01210/И |
| Дугаар | 308/ШШ2025/00912 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 308/ШШ2025/00912
| 2025 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 308/ШШ2025/00912 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын * дугаар баг, Мын байр, ** тоотод оршин суух, М овогт Нгийн Б-Э,
Хариуцагч: Дорноговь аймгийн С сумын * дугаар баг, М н-1, 2**-* оршин суух, Ц овогт Бийн Х,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Б-Э,
Хариуцагч: Б.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б-Э нь Б.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Гэр бүлийн маргааны асуудал маань 2019 оноос хойш үргэлжилсэн. 2019 онд хамтран амьдрагч маань өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь тогтоогдсон. Тэр үед ярилцаад нэг удаа уучилж үзье гээд уучилж байсан. Энэ хугацаанд мөрийтэй тоглоом гэдэг зүйлийг утсаараа байнга тоглодог болсон. Энэ харилцаа үргэлжлээд дахиад 2020 онд намайг Х сум руу 14 хоног яваад ирэх хооронд 1 залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд хамт амьдрахаар болчихсон байсан. Тухайн үед үр хүүхдээ бодоод уучлаад өнгөрөөсөн. Тэрний дараа гэрт байсан аав, ээжийн маань мөнгөн аяга, хөөрөг, бүс гэх мэт зүйлсийг хулгайлж аваад ломбардад тавьчихсан байсан. Юу болов гэтэл мөрийтэй тоглоом болон хүнээс өр зээл хийгээд их хэмжээний өрөнд орсон байсан. Яагаад салах болсон гэхээр эдгээр зүйлс нөлөөлсөн. Тэгээд мөрийтэй тоглоом гэдэг зүйлийг байнга тоглодог болсон. Чи мөрийтэй тоглоод байна гэж хэлэхээр би тоглоогүй, ажиллуулдаг гэж ярьдаг болсон. 2025 оны 10 дугаар сард хүүхдэдээ утас авна гээд мөнгөний гахайг хагалахад дотор нь байсан том мөнгөн дэвсгэртүүдийг нь аваад оронд нь өөр мөнгөний гахай аваад 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр дүүргээд тавьчихсан байсан. Мөн өөрсдийн амьдарч байсан байраа хүнд түрээсэлж өөрсдөө ч амьдрах байргүй болох шахсан. Тэгээд энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй юм байна гэж бодсон. Тэрнээс хойш буюу 10 дугаар сараас 2 дугаар сар хүртэл байнга гэр бүлийн маргаантай асуудлууд үүссэн. Мөн амиа хорлох үйлдэл гаргаж байсан. Тийм учраас энэ хүнтэй хамт байх боломжгүй мөн үр хүүхдүүдэд маань сөргөөр нөлөөлөх юм байна гэдэг үндэслэлээр би өөрөө явсан. Салах болсон шалтгаанд миний буруутай үйлдэл байгаа. Би хайр халамжаар дутааснаа хүлээн зөвшөөрнө. Гэвч хайр халамжаар дутаалаа гэхэд энэ хүн өөрийн гэсэн толгой тархитай хүн байгаа. Хүний хэлсэн үгийг ойлгож ухамсарлаад би алдаа гаргасан, надад ийм асуудлууд байгаад байгаа юм байна гэж ойлгох байх гээд эвлэрэх 3 сарын хугацаанд мөн 2019 оноос хойш тэвчээртэйгээр хүлээсэн. Тэгээд ямар ч боломжгүй юм байна гэсэн үндэслэлээр салах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Х хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг мөрийтэй тоглоом тоглодог, онлайнаар хөзөр тоглодог гээд байна. Би хөзөр тоглохоос илүү лайв үздэг байсан. Гэхдээ би өрөнд орсон ч гэсэн энэ хүнээс мөнгө авч үзээгүй. 2019 онд салах дээрээ тулсан байсан. Тухайн үед би чамаас сална. Чи гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Намайг зоддог. Хар хүйтэнд харанхуй шөнө 12 цагт гэрээс нүцгэн шалдан гарсан байхад орж ир гэж гуйж үзээгүй, араас ярьж үзээгүй. Тухайн үед миний хамар хугарсан байхад хөрш айлын эмэгтэй намайг эмнэлэг дагуулж яваад янзлуулж байсан. Тэгээд намайг зодох зодохдоо ил шарх сорви үлдээдэггүй. Дандаа хөл гарны дотор хүнд харагдахгүй газруудад цохидог, гэмтээдэг. Мөн элдэв янзаар буюу янхан гичий гэх мэт хараалын үгээр хэлж, дээрэлхдэг, доромжилдог. Тэгээд чамтай амьдарч чадахгүй, хайр халамж байхгүй, зодуулаад дээрэлхүүлээд байж чадахгүй сална гэхээр би амиа хорлоно гэсэн. Одоо сайхан амьдаръя гэж байгаад хүүхэдтэй болсон. 2022 онд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Хүүхэдтэй болсноос энэ хүний ааш зан эвдэрсэн. Бид нарт гэртээ өөрсдийн дураар унтах эрх байдаггүй. Хагас, бүтэн сайнаар унтах гэхээр бос, сэр, ямар их унтдаг юм гэдэг байсан. ... Орой аав нь ажлаасаа ирнэ гэхээр хоёр хүүхэд бөмбөгнөдөг байсан. Тэгээд өглөө нь бид нарыг унтуулахгүй байж өдөр нь өөрийг нь унтаж байхад хүүхэд нь хашхирахаар унтуулчихгүй юм, пизда чинь хүүхдүүдээ хараач гэж загнадаг байсан. Би өдөр болгон дарамтад байдаг байсан. Хүүхдийн утас авах гэж байсан мөнгөний гахайг хагалж мөнгийг нь авсан гээд байна. Тухайн үед хүүхэд чинь өөрөө унагаад хагалсан. Тухайн үед найзын чинь эхнэр хүртэл байсан. Яагаад хэлээгүй гэхээр бид нар чамаас айдаг байсан болохоороо нуусан. Хүүхдээ загначих болов уу, намайг яачих бол гэж айдаг учраас нуусан. ... намайг болон хүүхдүүдээ хүн гэж үзэхээ больсон. Чи хамгийн сайхан өнгөтэй өөдтэй юмаар өөрийгөө л гоёод яваад байдаг. Хадмын талаас бид нарын хоол хүнс, махыг өгчихдөг байсан. Гэрт нойлын цаас, шампунь дууссан байхад өөрөө бариад ороод ирэхийн оронд намайг загнадаг байсан. ... би бүгдийг нь зохицуулдаг байсан. ... Би ариун цэврийн хэрэглэлээ авч чадахгүй, даавуу ураад хийж байсан өдрүүд хүртэл надад байдаг байсан. Чи зөвхөн өөрөөрөө л амьдардаг хүн. ... Гэр бүлээрээ хоолонд ч орж үзээгүй. Эгчийндээ очоод ирье гээд өдрөөр гарахаар золбин гичий гэж загнадаг. ... Баяр ёслолоор ажлынхантайгаа гарахаар чи надтай 3, 4 хоног ярваганаж харьцдаг. Манай ажлынхан намайг хүргэж өгөхөөр наадхаа аваад яв, авч яваад хоно гэж загнадаг. Тийм л дарангуйлагч байсан. ... Ер нь би зүгээр амьдралтай, зүгээр хүн байсан. ...2025 оны 3 дугаар сард хүүхдүүдээ орхиод явсан. Бид нарыг харж үзэхгүй байна гэхээр харж үзээгүй яасан юм гэдэг. Сард 2, 3 удаа л ирж байгаа. Ирэхдээ боорцог, ундаа авчирч өгдөг. Хүүхдүүдэд 100,000 төгрөгийн хэрэг байна гэхээр намайг элдвээр хэлдэг. Гэтэл хүүхдүүд 7 хоногт 100,000 төгрөг байтугай хоол унд хэрэглэж байгаа. Тэрийг боддоггүй намайг загнадаг. Дээрээс нь хүүхдүүд чинь аавыгаа нэхээд байна гэхээр би ажилтай байна гэдэг. 2 удаа хүүхдүүдээ авч хононо гээд авч явсан. 1 дээр нь бага нь уйлаад байна авч хонохгүй гээд аваад ирсэн. Дараа нь охин ирснээ ээж би дахиж аав дээр очиж хонохгүй гэж хэлсэн. Яасан юм гэсэн эмээг аав энэ хоёрыг яах гэж авчирсан юм, үгэнд ордоггүй юм гэж загнасан байсан. Би 2 сард ажилгүй байж байгаад ажилд орсон. Чи хүүхдээ өглөө авч байгаач, би өдөр 3 цагт авчихна гэхэд би завгүй гэсэн. Шандад тог тасраад 2 хүүхэд айгаад байхаар нь чи 1 хоногт нь аваад хоночих гэхээр би завгүй гэдэг. Би эцгийн чинь үүрэг хариуцлагыг үүрүүлмээр байна. Үр хүүхдүүд чинь чамайг санаж, бэтгэрч байгаа. Тэгэхэд дасчихна, сурчихна гэдэг. Чи ер нь өөрийгөө л боддог хүн гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д аймгийн С сумын * дугаар багийн Засаг даргын албан бичиг, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн тодорхойлолт, Мт-М өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Б.А-Эс хүүхдийн санал асуусан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай зан харилцааны таарамжгүй байдлын улмаас амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Н.Б-Э, Б.Х нар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 44******** бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн, тэдний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.А-Э, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.А нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Д аймгийн С сумын Мт-М өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн албан бичгээр тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.А-Э, хүү Б.Ач нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
8.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.А-Э, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.А нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Н.Б-Ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-Эд олгохоор шийдвэрлэв.
10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг тус тус Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Нгийн Б-Э, Ц овогт Бийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.А-Э, хүү Б.А нарыг эх Б.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.А-Э, хүү Б.А нарыг 11 хүртэл амьдарч буй газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.Б-Ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-Эд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ