| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/03795/И |
| Дугаар | 192/ШШ2025/08888 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08888
| 2025 11 03 | 192/ШШ2025/08888 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:А.М
Хариуцагч: Х ХХК
43,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 23/ЕВ-208 орон сууц захиалгын гэрээг Э.. ХХК болон Х ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр ... өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээний үүрэгт 43,000,000 төгрөгийг Х ХХК-ийн Төрийн банк дахь ... тоот дансанд 2023 оны 11 сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Дээрх гэрээг байгуулах болсон шалтгаан нь хариуцагч Х ХХК нь Э. ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 07-ны, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлэх гэрээ тус тус байгуулсан гэж тайлбарлан гэрээний үүрэгт Х ХХК нь Э.. ХХК-иас орон сууц авахаар тохиролцсон хэмээн хэлсэн тул гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үүрэгт 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл гэрээ байгуулсны дараа 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.. ХХК нь нэхэмжлэгч А.Мд мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлээр хариуцагч Х ХХК-ийг Цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 23/ЕВ-208 Орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг хүргүүлж байгааг мэдэгдсэн. Иймд гэрээний үүрэгт хариуцагч Х ХХК-д шилжүүлсэн 43,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс гуравласан гэрээ байгуулсан. Үүргээ биелүүлээгүй тал нь Х ХХК биш, Э ХХК тэгсэн мөртлөө манайхыг үүргээ биелүүлээгүй мэтээр А.М руу мэдэгдэл өгдөг. Манайх гэрээ цуцлаагүй. Яагаад гэвэл манайд дэндүү хохиролтой. Гуравласан гэрээ хийсэн тохиолдолд аль аль нь үүрэг хариуцлага хүлээж байна. Манайх лифтийг нь ашиглалтад оруулах үүргээ хүлээнэ. А.М манайд мөнгөө төлөх үүргээ хүлээнэ. А.М байрыг хүлээлгэж өгөх, үүргийг Э ХХК хүлээнэ. Гэтэл өнөөдөр Э ХХК хэрэг дээр ч байхгүй, үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй нь ч тодорхойгүй. Гуравласан гэрээг зөвхөн манайхтай цуцлаад А.М манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манайхтай шууд гэрээ хийчихсэн бол учиртай байх байсан. Тэгэхээр хожиж үлдэх нь Э ХХК болж завшиж үлдэх нөхцлийг олгох боломжгүй. Өнөөдрийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэт хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримт цуглаагүй, гаргаж өгөөгүй. Ийм учраас дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Манай данс руу мөнгөө хийчихсэн болохоор манайхаас л авах ёстой. Ийм дүгнэлтийг хүрч болохгүй. Гуравласан гэрээ хийчихсэн, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Манайх Э ХХК-тай гэрээгээ огт цуцлаагүй. Манайх үүргээ биелүүлчихсэн. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ... орон сууц захиалгын гэрээ, Х ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаар хүсэлт, Э ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ...дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэр шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ...дугаар орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 43,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Х.. ГХОХХК эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчөөгүй тул компани хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.М нь Э ХХК болон Х ХХКнартай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, .... талбайтай орон сууцыг 60,690,000 төгрөг худалдан авахаар тохиролцжээ./хэргийн 5-13 тал/
Талууд дээрх гэрээний 1.2-т ...уг орон сууц нь Х ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох байрны жагсаалтад бүртгэлтэй бөгөөд гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр захиалагч талд хүлээлгэн өгнө, 2.2-д захиалагч тал нийт төлбөрийг Х ХХК-ийн дансанд төлнө гэж тохирчээ.
7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсын өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй зааснаар Э...ХХК нь ....орон сууцыг худалдаж, төлбөрийг Х ХХК-д шилжүүлэхийг гэрээгээр зөвшөөрчээ. Нэхэмжлэгч А.М нь Э...ХХК-ийн заасан этгээдэд төлбөрийг шилжүүлснээр гэрээний үүргээ биелүүлжээ.
8. Эрх бүхий этгээд л өөрийн эд юмсыг захиран зарцуулах эрхтэй байдаг тул А.М нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээг Э... ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...уцыг 60,690,000 төгрөг худалдах, худалдан авахаар Эвэл бүтэц ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
9. Үүрэг нь гэрээ байгуулсан талуудын хооронд үүсэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн үр дагаврыг гэрээний талууд хариуцна. Гэтэл нэхэмжлэгч А.М нь Э..ХХК-тай байгуулсан худалдах, худалдан гэрээнээс татгалзсан атлаа Х ХХК-иас шилжүүлсэн төлбөрөө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Э...ХХК болон Х ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал нь тухайн этгээдүүдийн хооронд хамааралтай бөгөөд Х ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлагыг А.М хүлээхгүйтэй адил Э...ХХК-ийн гэрээний үүргийг хариуцагч Х ХХК хариуцах үүрэггүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х...ХХК-д холбогдох, 43,000,000 төгрөг гаргуулах тухай А.М...ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ