Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/309

 

 

 

 

 

 

2025             03            11                                       2025/ДШМ/309

 

 

Ө.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч Ө.Д-,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/890 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.Д-д холбогдох 2410020911183 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Тарвагачин овгийн Өлзийсайханы Д-, 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

Ө.Д- нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Нисэхийн автобусны буудлын орчим Х.Д-тэй маргалдаж, улмаар үүрч авч шидэж унаган хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Ө.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-аас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын төлбөрт 5,280,000 төгрөг, эмчилгээний зардалд 542,396 төгрөг нийт 5,822,396 төгрөг гаргуулж, хохирогч Х.Д-д олгож, хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, зээлтэй холбоотой гарсан баримтуудаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.Д- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах гомдолдоо: “...Х.Д- 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн орой найзуудтайгаа уулзан согтууруулах ундаа хэрэглэсний дараа харихаар явах замдаа Ө.Д-д болон түүний найзуудад зодуулж, улмаар Х.Д-гийн баруун хөлийн дунд чөмөг хугарч, хөлөө хадуулж, 3 сар хэвтрийн дэглэм сахиж, 4, 5 дахь саруудад 2 суга таягтай, 6 дахь сараас эхлэн 1 суга таягтай явж байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7380 дугаар бүхий дүгнэлтээр Х.Д-гийн биед баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд зөрүүтэй хугарал, дух баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр болсон байна. Тус гэмтлийн улмаас эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хувьд хүндэвтэр зэрэгт орно гэж дүгнэсэн. Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч болон түүний найзууд нь нас залуу, найзуудтайгаа явахдаа хөөрсөн сэтгэлээр аливаад хандсан байх боломжтой гэж үзэн прокурорын гаргасан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг дэмжсэн. Гэхдээ хохирогчид бодитоор учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан байдаг... Шүүгдэгч Ө.Д-ы буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Д- сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирхоос гадна эдийн засгийн хувьд нилээдгүй хохирлыг амсаад байна. Учир нь Х.Д- хүүхдүүдийн хамт Дархан хотод амьдардаг бөгөөд эхнэр нь Солонгост сурдаг тул эхнэрийн сургалтын төлбөр, мөн хүүхдүүдийн хоол унд, хувцас хэрэглээний зардлыг олохын тулд Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, түүгээрээ бизнес эрхлэн олсон орлогоосоо зээлийн эргэн төлөлтөд сар бүр 1,500,000 орчим төгрөгийг төлөхөөс гадна хүүхдүүдийн өдөр тутмын хоол унд, хувцас, эхнэрийн сургалтын төлбөрийг төлдөг. Гэтэл шүүгдэгч Ө.Д-, түүний найзуудын буруутай үйлдлийн улмаас 3 сар хэвтрийн дэглэм барьж, 4 дэх сараас эхлэн 2 сарын хугацаанд 2 суга таягтай, 6 дахь сараас эхлэн 1 суга таягтай явж байна. Улмаар хэвтрийн дэглэм сахисан, 2 суга таягтай явсан хугацаанд бизнесээ явуулах ямар ч боломжгүй болж, цаашлаад энэ хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагын сар бүрийн зээл ч мөн адил төлөгдөөгүй. Ингээд 1 суга таягтай явж эхэлсэн үеэс өөрөө жолоо барьж, хуурай дүүгээ цалинжуулах байдлаар бизнесийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч төлж чадаагүй 5 сарын зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг төлж чадахгүй байгаагаас гадна цаашид сар бүр зээлэндээ төлөх мөнгөө дүүдээ цалин болгож өгч буй нь санхүүгийн хувьд нэлээдгүй хэмжээний эрсдэлийг бий болгож байна. Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэж бодитоор учирсан хохирлыг шийдвэрлэсэнгүй. Хэрэгт авагдсан Ө.Д- болон түүний найзуудын гэрчээр өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, цаашлаад тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх магадлалтай. Мөн шүүгдэгч болон түүний найзууд хэргийн газрыг орхин зугтсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодсон зэрэг асуудалд дүгнэлт хийсэнгүй. Хэдийгээр шүүгдэгч нь нас залуу боловч хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах шийтгэлийг шүүгдэгчид ногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцахыг шүүгдэгчид даалгах нь Эрүүгийн хуулинд заасан шүүгчид оногдуулж буй хариуцлагын нэг хэлбэр. Тийм атал бодит хохирлыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүйн зарчимтай зөрчилдөж байх тул хохирогчийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ө.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед манай найзууд ямар ч оролцоогүй байсан. Намайг салгаад аваад явсан. Тухайн хохирогч караокеноос гарч ирсэн. Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн учир согтуу байсан. 2 автобусны буудлын наана, цаана байсан бөгөөд хохирогч намайг түрүүлж 2 цохисон, би зөрүүлээд нэг удаа шанаа руу нь цохисон. Улмаар бид 2 зууралдаад хохирогч унахдаа хий нь таараад гэмтсэн. Хохирогч “намайг хавирч унагаасан” гэсэн нь ийм зүйл л болсон...” гэв.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч болон түүний өмөөлөгчийн зүгээс гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөн түүнд шүүгдэгчид оногдуулсан ялын санкц нь сонгох санкцтай. Шүүгдэгчийн үйлдлийг гэм буруутайд тооцож 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Хохирол төлбөрийн хувьд шийтгэх тогтоолд дурдсанаар хохирол төлбөрийг 5,822,396 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид өгөх шийдвэр гарсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардал хэрэгт хамааралтай хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :    

1. Шүүх, прокурор нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан  шийдвэрлэх хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндэслэл, журмыг хэрхэн хэрэглэх эсэхэд дүгнэлт хийхгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй.       

Ө.Д- нь 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн буюу хэрэгт холбогдсон цаг хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 26-нд 18 насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримттай /хх-21, 22, 51, 50, 53/ байх ба шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд 18 насанд хүрсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл, журмыг хэрэглэхгүй байх эсэхийг зайлшгүй дүгнэж шийдвэрлэх үндэслэлтэй.  

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд талууд болон шүүхээс Эрүүгийн хуульд заасан үндэслэл, шалгуурын талаар зохих дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй.       

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой, хангалттай дүгнээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, хууль зүйн шалгуур, шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, тэдгээрт тусгагдсан шүүх болон талуудаас хийсэн дүгнэлт зэргийг харьцуулан шалгах явцад бодитой илэрхийлэгдсэн байна.    

2.2. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан гэх боловч ямар төрлийг нь сонгож оногдуулсан нь тодорхойгүй байхаас гадна мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг хэрэглэх эсэхийг дүгнэхгүй орхигдуулсан байх тул  Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журамд бүрэн нийцээгүй гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн ерөнхий байдлаар заасан, харин тус ялын тодорхой төрлөөс сонгож оногдуулахын тулд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарах үйл баримтын хүрээнд тодорхой дүгнэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тогтоох үндэслэлтэй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс үндэслэл тодорхойгүй байдлаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг зөв хэрэглээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалт зэрэгт тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ө.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

             ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР