| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05417/И |
| Дугаар | 192/ШШ2025/08889 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08889
| 2025 11 03 | 192/ШШ2025/08889 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Г.Б
Хариуцагч: Ц.Б
Зээлийн гэрээний үүрэгт 152,389,667.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.Б, Ц.Б нар ньХ ХК-ийн Ривер тоот барьцаат Гарден тооцооны төвтэй 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр... зээлийн гэрээ байгуулж 141,750,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний буюу тээврийн хэрэгсэл худалдан авах зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .. тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан 2016 оны 09 дүгээр сард үйлдвэрлэсэн ... арлын дугаартай, 1080 УБЭ улсын дугаартай, тоёота ланд круйзер маркийн хар өнгийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 23- ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 70,768,062 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 55,295,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,541 төгрөг нийт 126,109,547 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.7, 5.1.10, 7.5, 8.1, 8.2 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Г.Б, Ц.Б нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч нараас 152,389,667.27 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Б нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Таван Богдтой худалдан худалдан авах гэрээ байгуулж энэ машиныг 157,500,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар Г.Б нь 2018 оны 8 дугаар сард гадаад улс руу зүрхний хагалгаанд орохоор болж, удаан хугацаагаар буцаж ирэхгүй болсон тухай түүний танил Ж.С...оронзонболд олж мэдээд хэд хоног машиныг чинь унаад явъя гээд алга болсон. Өнөөдрийг хүртэл энэ машинаа олж авч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад буцаж ирээд 2019 оны 5 дугаар сард энэ автомашиныг Ж.С...с буцааж авахаар асуухад одоог хүртэл утсыг нь авахгүй алга болсон. Ийнхүү хариуцагчийн зүгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст автомашиныг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гомдол гаргаж, улмаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 869 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хангах тухай прокурорын тогтоолоор бол гэмт хэргийн шинжгүй байна гэж хаасан. Ийнхүү хааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Г.Бийн зүгээс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр автомашиныг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол явагдаж байна. Тэгэхээр зээлийг төлөхгүй байхтай холбоотой хууль зүйн гаргалгаа юу вэ гэхээр 2 үндэслэлээр маргана. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн фидуцийн гэрээний 2.1-д хөрөнгө өмчлөл гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээний хавсралтад заасан хөрөнгийн өмчлөгч нь банк байна. Банк, хөрөнгө өмчлөгчийн хувьд аливаа гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна гэж заасны дагуу машины өмчлөгч нь банк байна. Мөн гэрээний 4.2-т банкны үүрэг гээд шаардлагатай тохиолдолд хөрөнгийг өөрийн эзэмшилд ашиглалтад шилжүүлэх тохиолдолд хадгалалт, хамгаалалтыг хариуцах, мөн дараах тохиолдолд банк хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулж 5.1.1-ийн гэрээний үүргийг хангуулна гэж заасны дагуу 5 1.1-д зээлийн гэрээний хугацаа дуусахад өр бүрэн биелэгдээгүй байх, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн гэрээ цуцлагдах энэхүү гэрээ бүрэн биелэгдээгүй гэж заасны дагуу зээлийн гэрээ төлөгдөөгүй байгаа тохиолдолд автомашиныг хураан авч өөрийнхөө эзэмшилд шилжүүлж, үүнийг өөрийн гүйцэтгэлээр хангуулах ёстой байсан. Гэтэл энэхүү гэрээ нь 2016 онд байгуулагдаад хугацаа нь 2021 онд дуусгавар болсон байтал өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргахгүй, автомашиныг өөрийнхөө эзэмшилд ашиглалтад шилжүүлэхгүй. Ингэж зээлийн гэрээний хүүг удаан хугацаагаар нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн түүнчлэн 2 дахь үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 75.2.1-д заасны дагуу хүү, гэрээтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харахад хөөн хэлэлцэх хугацаа нь хамгийн сүүлийн зээлийн гэрээний төлөлт нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байна. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нэхэмжлэл гаргах боломжтой байтал 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамж байна. Гэтэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид энэ зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасантай холбоотой баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчХ ХК, хариуцагч Г.Б, Ц.Б нараас 123,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байна. Өөрөөр хэлбэл, Зээлийн гэрээтэй холбоотойгоор Ц.Б болон Г. Б нараас нэхэмжлэл гаргасан талаар нотлох баримт байхгүй. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .. дугаар фидуцийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ...дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Х... банкны гүйлгээний баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, LOS программ дээр ажиллах журмын хавсралт 8, зээл хүсэгчийн анкет, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г.Бийн хүсэлт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн..дугаар албан бичиг, хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 34/1855 дугааар зээл төлөх мэдэгдэл, Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар шийдвэр, зээлдэгчтэй уулзсан, холбоо барьсан тухай тэмдэглэл, хариуцагч нараас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар прокурорын тогтоол шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. НэхэмжлэгчХ ХК нь Г.Б, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152,299,967.27 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 19,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг, нийт 152,389,667.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 141,750,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж, ...2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70,981,937.84 төгрөг, үндсэн хүү 72,683,798.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,634,230.56 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 152,389,667.27 төгрөгийн үлдэгдэлтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 9 дүгээр сард үйлдвэрлэсэн... арлын дугаартай, 1080 УБЭ улсын дугаартай, Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг баталгаажуулсан гэж тодорхойлжээ.
Хариуцагч Г.Б, Ц.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаан дууссан, шаардлага гаргаагүйд зээлдэгч нар буруугүй тул хүү төлөхгүй. гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 141,750,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж, Г.Б, Ц.Б нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон, талууд мөн өдөр ФГ201642885111 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Бийн өмчлөлийн .. улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн Toyota Land Criuser 200 GX маркийн, ...арлын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хөрөнгийг 157,500,000 төгрөгөөр үнэлсэн, зохигч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төлбөр төлөх хуваарийг өөрчилсөн, хариуцагч гэрээний үүрэгт нийт 126,109,547 төгрөгийг төлсөн болох үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна. /хэргийн 15-31 тал/
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,079,916.19 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3501 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Б, Ц.Б нарыг эрэн сурвалжилжээ. /хэргийн 37-39 тал/
Хариуцагч нар тээврийн хэрэгслийн эзэмшлийгХ ХК-д шилжүүлээгүй бөгөөд тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор гуравдагч этгээдтэй маргаантай байгаа болох нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 869 дугаар прокурорын тогтоолоор тогтоогджээ./хэргийн 71-74 тал/
7. НэхэмжлэгчХ ХК нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201642885111 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 141,750,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэгч Г.Б, Ц.Б нарт шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээХ ХК болон Г.Б, Ц.Б нарын хооронд байгуулагджээ.
Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 141,750,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч нар гэрээний дагуу үндсэн зээлд 70,768,062 төгрөг, хүүд 55,295,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45,541 төгрөг, нийт 126,109,547 төгрөг төлсөн боловч үлдэгдэл зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 70,981,937.84 төгрөг, хүү 72,683,798.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,634,230.56 төгрөг, нийт 152,299,967.27 төгрөгийг нэхэмжлэгчХ ХК нь хариуцагч Г.Б, Ц.Б нараас гаргуулахаар шаардах эрхтэй юм. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан тооцоололтой холбоотой маргаагүй болно.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нотариатын үйлчилгээнд 19,500 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэснийг хариуцагч нар үгүйсгээгүй, энэхүү зардал нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаар арилгуулах нь зүйтэй гэж үзлээ.
8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар гэрээ дуусгавар болно. Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой байж болно.
Гэхдээ нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэн аваагүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах нөхцөл хангагдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь фидуцээр хангагдаж, дуусгавар болоогүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 152,389,667.27 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ.
9. Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учир 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргах байжээ.
Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,079,916.19 төгрөг гаргуулах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар шийдвэрээр хариуцагч Г.Б, Ц.Б нарыг эрэн сурвалжилж хөөн хэлэлцэх хугацаа түр зогсжээ. Иймээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 919,898 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б, Ц.Б нараас 152,389,667.27 төгрөг гаргуулан нэхэмжлэгчХ ХК-д олгож, .. улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн Toyota Land Criuser 200 GX маркийн, ...арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 990,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 919,898 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ