| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/06530/И |
| Дугаар | 192/ШШ2025/08163 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/08163
| 2025 10 13 | 192/ШШ2025/08163 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 8 дугаар баг, ****** гудамж, **** байр, **** тоотод оршин суух, Б******* овогт А******* Б******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* байр,**** тоотод оршин суух, И*** м***** овогт А******* А******* /РД:*******/-т холбогдох
Газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******,
Хариуцагч А.А*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б******* нь газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…А.Б******* нь маргаан бүхий 3 газрыг тус бүр 30,000,000 төгрөгөөр буюу нийт 90,000,000 төгрөгөөр надад худалдахаар бид харилцан тохиролцож, А.А******* миний бие харилцан тохиролцсоны дагуу 90,000,000 төгрөгийг А.Б*******д төлж, дээрх 3 газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, мөн дээрх 3 газрыг өөрийн эзэмшил ашиглалтад авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "хариуцагч нь улсад төлөх татварыг багасrах зорилгоор худалдан борлуулсан үнийг 200,000,000 төгрөг хэмээн багасгаж бичсэн нь газар тус бүрийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэлцлийг халхавчлах зорилготой байсан хэмээн үзэж байна" гэжээ. Тус газруудыг худалдан борлуулж, орлого олсон хүн нь нэхэмжлэгч буюу А.Б******* тул улсад төлөх татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх үүрэгтэй. Ийм Байхад би татвараас зайлсхийх зорилгоор үнийг өөрөөр бичүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн "газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор дээрх газруудын эзэмших эрхийг улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгаж өгнө үү" гэжээ. Бидний хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу А.Б******* нь маргаан бүхий газруудыг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг өөрийн биеэр эрх бүхий байгууллагад гаргасан, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу улсад татвараа төлсөн, 90,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурсан, мөн газруудыг миний эзэмшил ашиглалтад сайн дураар шилжүүлэн өгсөн зэрэг бодитой үйл явдал болсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж маргаагүй байна. Нэхэмжлэгч А.Б*******ы газруудаа худалдах хүсэл зоригийн илэрхийллийг А.А******* миний бие хүлээн авсны үндсэн дээр дээрх үйл баримтууд болсон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд зөвхөн худалдан борлуулсан үнийн дүнг зөрүүтэй бичсэнээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж бидний хооронд байгуулагдсан гэрээг "дүр үзүүлсэн" гэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1944 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1945 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 0000327651 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1946 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга,
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, шилжүүлгийн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зарлагын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, фото зургууд, Нийлүүлэх контентын нэр, ангилал болон контентыг ашиглах хэлбэр, дамжуулах хугацаа, Кино контентын дэлгэрэнгүй мэдээлэл болон техникийн шаардлага зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б******* нь хариуцагч А.А*******т холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1944 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1945 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1946 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагавар болох газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч А.Б******* нь “...3 газрыг тус бүрийн 30 сая төгрөгөөр, нийт 90 сая төгрөгөөр худалдан авсан боловч татвараас зайлсхийж тус бүрийн 2 сая төгрөгийн үнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, шилжүүлсэн. Уг хэлцлүүд нь татвараас зайлсхийж, дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, газар эзэмших эрхийг буцаан нэхэмжлэгч А.Б*******ы нэр дээр шилжүүлж өгнө үү ...” гэж тайлбарладаг.
3. Хариуцагч А.А******* нь “...гэрээний үндсэн дээр маргааны зүйл болж буй 3 ширхэг газар эзэмших эрхийг нийт 90 сая төгрөгөөр худалдан авсан, татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх үүрэгтэй тул миний зүгээс татвараас зайлсхийх шаардлагагүй, Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг 1944 дугаар хэлцлээр шилжүүлсэн. Уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр, тус газарт гаргасан 3 тал хашаа барьсан, тог татсан тус тус зардал нийт 39,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан төлсөн, газрыг анх авахад газар дээр нь байшинтай байсан тул тус газрыг буцаан өгөхөд татгалзахгүй, зөвшөөрч байна.Харин үлдэх 2 газрыг буцаан өгөхийг зөвшөөрөхгүй, газар дээр хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан ...” гэж маргадаг.
4. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. А.Б******* буюу эрх шилжүүлэгч нь Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг 1944 дугаар хэлцлээр , Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 688 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг 1945 дугаар хэлцлээр, Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг 1946 дугаар хэлцлээр, эрхийг тус бүр нь 2,000,000 төгрөгөөр эрх хүлээн авагч буюу хариуцагч А.А*******т шилжүүлэхээр тус тус “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэх нэртэй хэлцлийг байгуулжээ.
6. Талууд дээрх тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болон гэрээнд заасан төлбөр нийт 90,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин гэрээний үнийг бодитой хэлцэлд тусгаагүйгээс татвараас зайлсхийсэн тул 3 хэлцэл нь бүхэлдээ дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж маргадаг.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 260.1.-т “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний шинжид нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж шүүх үзлээ.
8. Дээрх 3 гэрээний газар эзэмших эрх тус бүрд 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна. /х.х-ийн 16,17,18,70 хуудас/
9. Харин дээрх гэрээнүүдийн 3.1-т гэрээний үнэ болох газар эзэмших эрх шилжүүлэх төлбөрийг 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үүнээс татвар төлсөн хэлцлийн уг заалт татварын тухай хуульд зааснаар төлөх ёстой татвараас зайлсхийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох тул хэлцлүүдийн 3.1-т заасан заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-т “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж зааснаар 1944,1945,1946 дугаар хэлцлүүдийн 3.1-т зааснаас бусад нь газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн зорилгыг хангаж байх тул хэлцлийн бусад заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байна.
11. Хариуцагч А.А******* нь 1944 дугаар хэлцлээр шилжүүлсэн Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч А.Б*******д буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1944 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг зөвшөөрсөн үр дагавар үүсгэдэг болно. Иймээс хариуцагчийн уг зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
12. Иймд 1945,1946 дугаар хэлцлүүдийн 3.1-т заасан заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1945 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1946 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний бусад заалтыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасныг тус тус баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1945 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1946 дугаартай хэлцлийн 3.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1944 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохыг зөвшөөрч, хэлцлийн үр дагавар Налайх дүүргийн 1-р хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг А.Б*******ы эзэмшилд шилжүүлэх хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ