| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2403008411011 |
| Дугаар | 2025/ДШМ/477 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/477
2025 04 29 2025/ДШМ/477
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа,
хохирогч Я.С-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч О.Алтанчулуу,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/404 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Я.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох эрүүгийн 2403008411011 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
Шүүгдэгч Э.М- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд явган хүний гарц дээр “Nissan note” загварын ****УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Я.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч М-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь хохирогч Я.С хохиролд 4.450.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.М-гээс 5.335.720 /таван сая гурван зуун гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулан 4.880.720 /дөрвөн сая найман зуун наян мянга долоон зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, иргэний нэхэмжлэгч Г.Д-д 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Я.С- гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Я.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.С-д учирсан “Сэтгэцэд учирсан хохирлыг гаргаж өгөхгүйгээр шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсны дагуу, мөн ...аргачлалын 3.6 дах хэсэгт шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 -р зүйлийн 40.1-р зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.С-д гэмт хэргийн улмаас түүний “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” нь дээрх аргачлал, шийдвэрийн дагуу “Хүснэгт”-ээр 4-р зэрэглэлээр тогтоогдсон. Я.С- өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Сэтгэцэд учирсан хохирлыг Эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой байхад орхигдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршигт 27.000.000 төгрөг төлөхөөр тохирч, зөвшөөрч Э.М- гарын үсгээ зурсан. Хохирогчийн өмгөөлөгч мөн гарын үсэг зурж, тэмдгээ дарсан. Я.С- нь 76 настай, машины осолд орохоос өмнө өөрөө чөлөөтэй гарч ордог, биеэ эрүүл саруул авч явдаг, ямар нэгэн архаг хууч өвчингүй хүн байсан. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр машины осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл 5 сар гаруйн хугацаанд байнгын бие махбодын өвдөлт мэдэрч хэвтэрт байгаа, өндөр настай хүний хувьд бие болон сэтгэл санааны асар их дарамтаас үүдэн даралт нь ихсэх, уурлаж уцаарлах, хоолонд муу болох, нойргүй хонох, амьдралын идэвхгүй болох зэрэг сэтгэл зүйтэй холбоотой хор уршгууд гарч байгаа. Осолд орсон өдрөөс хойш 3 хоног ухаангүй сэхээнд байсан, эмнэлэг болон үр хүүхдүүдийн зүгээс боломжит бүхий л эмчилгээ сувилгааг цаг алдалгүй хийлгэсэн боловч умдаг, аарцаг, нурууны ясны хугарал нь өөрөө насны хувьд бие нь хагалгааны ачаалал дийлэхгүй, ясны сийрэгжилттэй холбоотойгоор хагалгаа хийх боломжгүй гэж үзэн өөрөөр нь бороолуулан эдгээхээр болсон. Энэ сэтгэл санааны дарамтаас гадна бие махбодын асар их өвдөлтийг ихээр мэдэрч амьдаараа тарчилж байна. Цаашид хүний асаргаанд хэвтэрт хэдий хугацаагаар байх нь тодорхойгүй байна. Э.М- нь “Өөрийн хүсэлт”-ээр 27.000.000 төгрөгийг хохирогчид өгье гэсэн санал гарган гараар бичиг үйлдэн гарын үсгээ зурсан ба өмгөөлөгч бас гарын үсэг зуран тамга дарж өгсөн. Энэ талаар С-тай өөртэй нь хүүхдүүдийнх нь зүгээс утсаар ярьж асууж ярилцсан, М-гийн гаргаж байгаа саналын талаар ч мэдэж байсан, танилцуулсан, өөрөө ч зөвшөөрсөн. Э.М- анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш холбогдох нь битгий хэл өндөр настай хүн өвчиндөө шаналж хүндхэн ч бие засаж чадахгүй, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэдгийг мартсан. Хохирогчийн зүгээс хэдийгээр өвчин шаналал ихтэй байсан ч М-д оногдуулах ялын талаар гомдол саналгүй гэж хэлсэн. С-гийн гаргаж байгаа настай хүний “сайхан сэтгэл”-ийг үл ойшоосон .
Хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч Э.М-гийн төлөхөөр зөвшөөрсөн 27.000.000 төгрөгийг Э.М-гээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. С-гийн дэргэд заавал хүн байж бие засуулах, хооллох ундлах, асрах ажиллагааг хийж байдаг ба 5 хүүхэд нь ээлжээр ажлаасаа чөлөө авах, ажлаа орхих зэргээр ээжийгээ асарч байгаа. Цаашдаа эмнэлгийн мэргэжилтэй хүнийг хөлслөн эмчилгээ, асаргаа сувилгааг нь хийлгэж, хүүхдүүд ажлаа хийж ээжийнхээ эм тарианы мөнгө, гадаад улсад эмчлүүлэх ажлыг хөөцөлдөхөөр ярилцаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш С-гийн эмчилгээнд гарсан зардлыг мөн нэхэмжилж байна. ...” гэв.
Хохирогч Я.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Э.М-г ирэх болов уу гэж бодоод уулзъя гэж ирсэн боловч ирээгүй байна. Би өөрөө босож чадахгүй. Миний аарцаг гэмтэж, умдагны яс хугарсан. Би хэвтрийн хатгаа авч, эмнэлэгт хэвтэхдээ аарцагны зураг авахуулж, эхо-д харуулсан бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгээд өрөвсөл гайгүй болсон. Мөн аарцгийн ясны гэмтэл бороолохгүй, 1 нь зөрүүтэй эдгэсэн, 3 нь эдгээгүй, бороолоогүй байна гэсэн. Би босож чадахгүй, бие засаж чадахгүй, эмнэлгээс авсан 2 коршонктой,100 хувь хүний гарт ороод хэдэн хүүхдүүдийнхээ амьдралыг хүндрэлтэй болгож байна. Би одоо хэзээ босохоо мэдэхгүй байна. Миний баруун гарт 2, 3 газар хагалгаа хийлгэсэн тул сайн атгаж чадахгүй мэдээ алдсан, 10 сард гарынхаа хадаасыг авахуулах ёстой, авахуулж чадах эсэхээ мэдэхгүй байна. Миний хүүхдүүд өөрсдийнхөө хоолны мөнгөнөөс хугаслаад надад эм тариа, бөгсөнд наадаг хиймэл арьс 7 хоног бүр авдаг. Би эрүүл саруул хэдэн хүүхдэдээ тус болоод явж байсан ч одоо өөрөө хүүхдүүдээрээ туслуулаад өмнө нь ийм зүйлд орж үзээгүй тул сэтгэл санаа үнэхээр хэцүү, надад босъё гэсэн найдлага байхгүй байна. Би шөнийн 12 цагаас хойш өглөөний 06 цаг хүртэл өвдөөд унтаж чадахгүй, өвчин намдаах кетанол гэдэг эм байнга уудаг. Осолд орсноос хойш надад уугаагүй эм байхгүй, хүүхдүүд маань аль сайн гэсэн болгоныг надад авчирч өгдөг. Би рок поп, хошин урлаг гээд урлагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би тухайн үед согтуу яваагүй, аль ч филармониос миний талаар асуувал намайг амьдралдаа архи амсаж үзээгүй гэж бүгд хэлнэ. Манай ажлын газрын хүмүүс “та сайхан сэтгэлтэй юм чинь заавал босно” гэж надад урам өгдөг. Надад хэцүү байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.М- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд би давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцахад Э.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтгүйгээр хохирол төлбөрийг төлж барагдуулж байсан, хохирогчид анхны тусламж үйлчилгээ үзүүлж байсан нөхцөл байдал харагдаж байгаа. Э.М- анхан шатны шүүхийн шатанд 27.000.000 төгрөгийг сард 2.0000.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн хэлцэл гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх нотариатаар батлуулсан хэлцлийн үндсэн шинжийг хангаагүй боловч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хохирлын баримтаа бүрдүүлээд сэтгэцийн хор уршгаа иргэний шүүхэд хандаж тогтоолгоод нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын дагуу батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын хавсралтад зааснаар 4 дүгээр зэрэглэлээр тогтоож 27.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 27.000.000 төгрөгийг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн шүүгдэгч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан бөгөөд хохирлын талаар хэн аль нь маргаагүй. Тиймээс шийтгэх тогтоол тогтоох хэсгийн 5 дахь заалтад сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Я.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.М- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд “Nissan note” загварын ****УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарц дээр явган зорчигч Я.С-г мөргөж, эрүүл мэндэд нь гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Я.С-гийн “...таксинаас буугаад замын хойд тал руу автобусны буудал орох гээд урдаас хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байх үед замын баруунаас зүүн тийш чиглэлд түгжрэлтэй автомашинууд зогссон байсан. Машин дундуур гараад хойшоо гарцаар гарч явтал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин намайг мөргөсөн. ...” /хх 18/,
иргэний нэхэмжлэгч Г.Д-ын “...гурван эгнээ замын гуравдугаар эгнээнд түгжрээд зогсож байхад эсрэг талын нэгдүгээр эгнээнд явж байсан машин гарцаар гарч байсан хүнийг хамар хэсгээрээ мөргөөд хүн нь бараг 20 орчим метр зайтай газар унасан. Тухайн эрчиндээ жолооны хүрдээ зүүн тал руугаа дарсан. Тэгээд хоёр, гуравдугаар эгнээгээ хөндлөн гараад замын голын ногоон байгууламж дээгүүр гарч ирээд миний машины зүүн талын хаалга хэсэг рүү мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очсон, гар утсаараа эмнэлэг болон цагдаа дуудсан. ...” /хх 21/,
иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.С-гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.880.720 төгрөгийн зардал гарсан байх тул Э.М-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү. ...” /хх 35/,
Э.М-гийн яллагдагчаар өгсөн “...1 дүгээр эгнээгээр зорчиж байгаад эмнэлгийн буудал дөхөж ирсэн үед урдаас хойш чиглэлтэй, явган хүний гарцаар явж байсан хүн харагдаагүй, машины гэрэлд орж ирэхэд нь хараад тоормос гишгэсэн боловч зогсоож чадаагүй. Тэгээд замаар гарч байсан хүнийг автомашины жолооч талын хэсгээрээ мөргөөд цааш явсаар авто замын тусгаарлах хэсгийн ногоон байгууламж дээгүүр гараад эсрэг урсгалын түгжрээнд зогсож байсан автомашиныг мөргөөд зогссон. ...” /хх 117/ гэсэн мэдүүлгүүд,
“...Я.С-гийн биед гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт бүхий гэмтэл бүхий хүнд хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13290 дүгээр дүгнэлт /хх 27-28/,
“...жолооч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1-т тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баасанхүүгийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1746 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 71/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 61-65/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Я.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Я.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг “...Я.С-гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 27.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.М-гээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан хэдий ч хэргийн нөхцөл байдал, хохирогчийн осол болсноос хойш өнөөдрийг хүртэл баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал нь бороолж эдгээгүй, хэвтэрт байгаа биеийн байдал болон сэтгэцэд учирсан хор уршгийн /Дөрөвдүгээр зэрэглэлээр/ нөхөн төлбөрийг 27.000.000 төгрөгөөр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч /хх 120/, шүүгдэгч Э.М- 27.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж баталгаа гарган /хх 173/ хэн аль нь маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг оруулж, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчоос эмчилгээтэй холбоотой гарсан зардал 1.709.700 төгрөг /баримтыг гаргаж өгсөн/ /нийт 27.00.000+1.709.700=28.709.700/ төгрөгийг гаргуулан хохирогч Я.С-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Я.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/404 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М- нь хохирогч Я.Саа хохиролд 4.450.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.М-гээс 28.709.700 /хорин найман сая долоон зуун есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан хохирогч Я.С-, 4.880.720 /дөрвөн сая найман зуун наян мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд, 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Д-д тус тус олгож, хохирогч Я.С- гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН