Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02495

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02495

 

 

Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02179 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Бямбадорж, Б.Чойнцэрэн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 84 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Чойнцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Бямбадоржийн хүсэлтээр би 14 хоногийн хугацаатай түүнд мөнгө зээлэхээр болж, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр түүний Хаан банкны дансанд 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 14 хоногийн дараа В.Бямбадорж, Б.Чойнцэрэн нар нь нөхөн сэргээлтийн ажлаа дуусах хүртэл 50 000 000 төгрөг улсын дансанд хэд хоног байршуулчихаад буцаагаад өгнө гэж гуйхаар нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 43 000 000 төгрөгийг Б.Чойнцэрэнгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Нийт 84 500 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлүүлсэн. 2017 онд цагдаагийн байгууллагаар шалгуулахад иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймд 84 500 000 төгрөгийг В.Бямбадорж, Б.Чойнцэрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 онд найз Б.Чойнцэрэн нь Говь-Алтай аймагт нөхөн сэргээлт хийж алт олборлох ажил байна. Үүнд зориулж хөрөнгө оруулалт хийн гарсан ашгийг 50:50 хувиар хувааж авах саналыг надад тавьсан юм. Ингээд өөрт байсан тодорхой хэмжэээний мөнгөө гаргахад хүрэлцэхгүй байсан тул найз Б.Баярчимэгт хандаж, хөрөнгө оруулалт хийж надад оногдох 50 хувийг нь 25:25 хувиар нь хувааж авах санал тавьсан.

Баярчимэг миний саналыг хүлээн зөвшөөрч миний дансанд 40 000 000 төгрөг шилжүүлсэн ба дараа нь мөнгө дутахад Б.Чойнцэрэнгийн дансанд 43 000 000 төгрөг хийсэн.

Ингээд бид гурав хамт ажиллагсадын хамт 2015 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймаг явсан. Ажилд явсан эхний өдрөөс буцаж ирэх хүртэл Баярчимэг хамт байсан. Очоод ажиллахад өдөрт маш бага хэмжээгээр алт олборлож байсан ба ажилчдын хоол болон авч гарсан техникийн түлш тосондоо зарцуулагдаад таардаг байсан. Ашиг олох хэмжээнд алт олборлож чадаагүй юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Хариуцагч Б.Чойнцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 8 дугаар сард Б.Баярчимэг, В.Бямбадорж нар болон Б.Чойнцэрэн, Т.Лодой нар нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эргэнэ өтөг нэртэй газарт нөхөн сэргээлт хийх замаар, алт олборлох зорилгоор амаар тохиролцон гэрээ байгуулсан. Уг тохиролцоогоор Б.Баярчимэг, В.Бямбадорж нар нь гол хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, ашгийн 50 хувийг авах, Б.Чойнцэрэн нь 30 000 000 төгрөг болон үйлчилгээ үзүүлэх буюу нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл бүхий компаниар дамжуулан зөвшөөрлийг авах, нөхөн сэргээлт хийх, алт олборлох үүрэг хүлээж, ашгийн 25 хувийг авах, дөрөвдөгч этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх, алт олборлох ажил хийлгэж 25 хувийн ашгийг тус тус авахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Б.Чойнцэрэн нь хөрөнгө оруулалтаас 40 000 000 төгрөгийг хүлээн авч, нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан. Нийт нөхөн сэргээлтийн ажилд 131 283 000 төгрөгийг зарцуулсан.

Алт олборлох үйл ажиллагаа нь үр дүнд хүрээгүй буюу алт гараагүй тул дээрх бүхий л зардлууд нь алдагдал болсон тул гэрээний оролцогч 4 тал хамтран хариуцах буюу тус бүрийн оруулсан мөнгө, үйлчилгээ үзүүлэх хэлбэрүүдээр хүлээсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Бямбадоржоос 40 000 000 төгрөг, хариуцагч Б.Чойнцэрэнгээс 44 500 000 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 480 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч В.Бямбадорж, Б.Чойнцэрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 580 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Чойнцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Б.Баярчимэг, В.Бямбадорж нар нь гол хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, ашгийн 50 хувийг авах, Б.Чойнцэрэн нь 30 000 000 төгрөг болон үйлчилгээ үзүүлэх буюу нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл бүхий компаниар дамжуулан зөвшөөрлийг авах, нөхөн сэргээлт хийх, алт олборлох үүрэг хүлээж, ашгийн 25 хувийг авах, дөрөвдөгч этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх, алт олборлох ажил хийлгэж 25 хувийн ашгийг тус тус авахаар тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дээрх гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан, хуулийн аль ч заалтыг баримтлаагүй, тайлбарлаагүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан амаар тохиролцсон гол нөхцөлүүдийг тайлбарлах замаар Иргэний хуулийн аль гэрээний төрөлд хамаарахыг тогтоох учиртай. Гэтэл шүүхээс огт ийм тайлбар хийсэнгүй. Шүүх заавал гэрээ контракт бичгээр байгуулж, нэг бүрчлэн тоочиж тусгах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Б.Чойнцэрэн нь уг хамтран ажиллах гэрээнд мөнгө болон үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр оролцсон бөгөөд талууд уурхайн үйл ажиллагааг бүхэлд нь Б.Чойнцэрэнд хариуцуулан өөрсдөө зөвхөн уурхай дээр байрлаж хяналт тавьж оролцож байсан болно. Үүнийг В.Бямбадорж, Б.Баярчимэг нарын эрүүгийн хэргийн явцад өгсөн мэдүүлэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотолдог.

Б.Чойнцэрэн нь хөрөнгө оруулалтаас 40 000 000 төгрөгийг хүлээн авч, зарцуулсан зардлын талаарх баримтуудыг нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх уг баримтуудыг огт үнэлээгүй.

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эргэнэ өтөг нэртэй газарт нөхөн сэргээлт хийх замаар, алт олборлох үйл ажиллагаа нь төлөвлөсөн үр дүнд хүрээгүй буюу алт гараагүй тул дээрх бүий л зардлууд нь алдагдал болсон бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар дээрх алдагдлийг гэрээний оролцогч 4 тал хамтран хариуцах буюу тус бүрийн оруулсан мөнгө, үйлчилгээ үзүүлэх хэлбэрүүдээр хүлээсэн зэрэг үйл баримтыг шүүх ойлгож шийдвэрлээгүй. Шүүхээс дээрх үйл баримт, нотлох баримтуудад огт дүн шинжилгээ хийгээгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй зэрэг байдлаас уурхайд хяналт тавин ажиллаж байсан талаар маргахгүй байсан болох нь нотлогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх бүхий л хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж буй тул хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлэж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярчимэг нь хариуцагч В.Бямбадорж, Б.Чойнцэрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар хамтран ажиллах гэрээ байгуулсан, ашиг, алдагдлыг адил хариуцах тул төлөх төлбөргүй гэж маргажээ.

 

Хариуцагч В.Бямбадорж нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 40 000 000 төгрөгийг, хариуцагч Б.Чойнцэрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 43 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Баярчимэгээс хүлээн авсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж маргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хамтран ажиллах гэрээг хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд амаар болон бичгээр байгуулж болохыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дах хэсэгт заажээ. Талуудын хооронд бичгээр байгуулсан хэлцэл байхгүй тохиолдолд тайлбар гаргасан тал болох хариуцагчид нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаа нотлох үүрэгтэй юм.

 

Хариуцагч Б.Чойнцэрэнгээс шүүхэд гаргасан тайлбар, тайлбарт талуудаас хамтын хөрөнгө оруулсан хураамж, зарцуулалт, хүлээх үүргийн талаар тайлбарласан нь талуудын хооронд гэрээний гол нөхцлийг тохирсон гэж дүгнэхгүй юм. Учир нь уг тайлбар нь хариуцагч Б.Чойнцэрэнгийн байр суурийг илэрхийлэхээс нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэх баримт болохгүй юм. Түүнчлэн хариуцагч Б.Чойнцэрэнтэй адил ашиг сонирхол бүхий хариуцагч В.Бямбадоржийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хүсэл зоригийг тодорхойлохгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Чойнцэрэн, В.Бямбадорж нарын хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч Б.Баярчимэг хүлээж аваагүй тул тэдний хооронд мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй юм.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Б.Чойнцэрэн, В.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 201625032249 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / 1хх 6-8 дахь тал/ Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Лодойгийн гэрчээр өгсөн, Б.Баярчимэгийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрчийн болон хохирогчийн мэдүүлэгт буй мэдээллийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заагдснаар тогтоогдсон үйл баримт гэж дүгнэхгүй юм. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлээгүй нотлох баримт нь иргэний шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хариуцагч нарын эзэмшлийн банкин дахь дансанд хийх замаар тэдний эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нар уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон ба уг харилцааг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэгт хамааруулж тайлбарласан нь илүү үндэслэлтэй бүхий болжээ. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн ба мөнгөн хөрөнгийг хүлээж авсан хэмжээгээр хариуцагч нарын үүргийг тодорхойлж, хариуцагч В.Бямбадоржоос 40 000 000 төгрөг, хариуцагч Б.Чойнцэрэнгээс 44 500 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгосон нь хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Чойнцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА