| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2405014651623 |
| Дугаар | 2025/ДШМ/313 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/313
2025 03 12 2025/ДШМ/313
Д.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
цагаатгагдсан этгээд Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунболд
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Билгүүний бичсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-эд холбогдох 2405014651623 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Д-ийн Б-, 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт … тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:… /,
Д.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Этүгэн” нэртэй караокед хохирогч Ш.Х-тай “...цамцаа миний нүүр рүү шидсэн” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнийг уг караокены газарт тэнцвэр алдан унасан байхад нь түний баруун талын дал орчимд хөлөөрөө өшиглөж, дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүү, цээж хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, хохирогч Ш.Х-ын хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Д.Б-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди, 1 ширхэг флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “Абсолют” нэртэй архины шилний 4 хэсэг хагархайг устгахыг тухайн шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” гэх нэртэй караокед хохирогч Ш.Х-тай “...цамцаа нүүр лүү шидсэн...” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнийг газарт тэнцвэр алдан унасан байхад нь түүний баруун дал орчим нь өшиглөж, дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүү, цээж хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдэл хийсэн, улмаар тус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Д.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар Д.Б- нь буйдан дээрээс үсэрч буун, хохирогч Ш.Х-ын баруун дал орчимд өшиглөж, дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүү, цээж хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тухайн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13/,
хохирогч Ш.Х-ын “...Тухайн Б- нь намайг зодсон нь үнэн гэхдээ би Б-эд гомдол санал байхгүй. Цагдаагаар шалгуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-16/,
гэрч Э.А-ын “... гэнэт Б- нь Х руу уурлаад нэг удаа өшиглөх шиг болсон бөгөөд тухайн үед Х- нь ширээн дээр байсан тал архитай шилийг аваад шидэх гэж байхад тухайн архины шил нь газарт унасан. Тэгээд Х- нь тухайн хагарсан шилний дээр нь газарт хэвтэж байсан бөгөөд тухайн үед Б- нь сууж байсан буйдан дээрээсээ босож ирээд Х-ын дээрээс нь нэг удаа өшиглөхөд Х-аас маш их цус гараад байсан, тэгээд бид нар цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн хүмүүс ирэх хүртэл Б- нь Х-ын цусыг нь тогтоож байгаад эмнэлгийн хүмүүс хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-31-32/,
гэрч Б.Б-ы “...би хяналтын камераар тухайн хүмүүсийг харж байхад буйдан дээр хүмүүс хоорондоо зууралдаад эхэлсэн, тэгээд өрөөнд зодоон болоод байх шиг байна гэж бодоод текний араас гараад тухайн 5 номер өрөө рүү орох гээд явж байгаад тухайн өрөөний хаалгыг онгойлгоход нэг эрэгтэй нь газарт баруун талын мөрөөрөө газарт тулсан байдалтай хэвтэж байсан бөгөөд тухайн залуугийн доороос нь маш их хэмжээний цус гарсан байсан. Харин тухайн залууг өшиглөсөн гэмээр залууг хамт явж байсан эмэгтэйчүүд нь араас нь татаад холдуулж байсан бөгөөд тухайн үед би нэлээд балмагдаад 102, болон 103-т дуудлага өгөөд хүлээгээд байж байхад тухайн дээрээс нь өшиглөсөн гэх залуу нь эмч нарыг иртэл цус нь гараад байсан залуугийн гүрээнээс нь барьж байгаад эмч нар хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-35-36/,
Гэрч Д.Б-гийн “... Х-, Х-гийн хажуу талд А, А-ын хажуу талд нь Б- гурав буйдан дээр сууж байтал Х- Б- рүү цамц шидсэн. Тэгсэн чинь Б- А-ын ар талаар нь буйдан дээр гарч гишгэж байгаад Х-г нэг удаа өшиглөсөн. Дараа нь Х- буйдангаас босож ширээн дээр байсан архины шилийг гартаа барьж байгаад Б- рүү далайсан. Тэгээд Х- яагаад шалан дээр унасныг би мэдэхгүй. Б- Х-г архины шилээр далайх үед нь өшиглөж шалан дээр унагасан уу, Эсвэл Х-г өөрөө шалан дээр халтираад унасан гэдгийг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Х- шалан дээр хажуу талаар уначихсан байсан. Б- Х-г шалан дээр хэвтэж байх үед нь Х-гийн толгой дээр нь дэвсчих шиг болсон. Би шууд микрофоноо шидээд Х- дээр очиход Х-гээс шууд цус гараад эхэлсэн. Би Х-гийн хаанаас нь цус гараад байгааг харах гээд Х-гийн хүзүүнээс бага зэрэг өргөхөд хүзүү хэсэгт нь шил мэдрэгдсэн. Би гараараа Х-гийн хүзүүнээс 2 ширхэг шил аваад ширээнд тавьчхаад дахин хүзүүнээс нь гараараа барьж үзэхэд миний хуруу хүзүүний зүсэгдсэн хэсэг руу нь нэвт орсон. Би Б-эд хандаж энэ чинь миний хуруу хүзүү руу нь ороод байна шүү дээ гэж хэлсэн. Б- миний гарыг аваад Х-гийн хүзүүний цус гарч байгаа хэсгийг нь гараараа дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
гэрч Ж.Н-ийн “...Тэгсэн чинь Х- Б-эд уурлаж үзэлцье, барья гэж хэлээд ширээнээс архины шил бариад Б- рүү далайх гэж байгаад халтираад шалан дээр уначихсан. Унахдаа архины шил нь хагарчихсан. Х-г шалан дээр унах үед нь Б- очоод Х-гийн дээрээс нь яг ар нуруу хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн. Би Б-ийг болиулаад буйдан дээр суулгасан. Дараа нь би өөрийнхөө гар утсаараа 103, 102 луу залгаж дуудлага өгсөн. Х- шалан дээр унаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан чинь Б- Х-гийн ар нуруу хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн. Баатраа Х-г нэг удаа хөлөөрөө дэвссэний дараа ч Х- хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манай нөхөр Баясгалан Б-ийг чинь юу хийж байгаа юм бэ, Хүн аллаа шүүдээ гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48- 50/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3871 дугаартай “Ш.Х-ын биед дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгийг үндэслэн хохирогч Ш.Х-ыг тэнцвэр алдан өөрөө унахад түүний гарт байсан архины шил нь хагарна, хагарсан шилэндээ зүсэгдэнэ гэдгийг тооцоолоогүй, өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай боловч хор уршигт болгоомжгүй хандсан гэж үзэх гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульд заасан.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хохирогчийн биед халдсан үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 2.3, 2.4 дүгээр зүйлд зааснаар санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн үндсэн төрөлтэй бөгөөд үйлдэлдээ санаатай боловч хор уршигт болгоомжгүй хандсан бол гэм буруугийн холимог хэлбэр гэж үзэж энэ төрлийн гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг тусгайлан авч үзэхээр хуульчлагдсан. Гэм буруугийн эдгээр төрлөөс санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгодог.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б- нь хохирогч Ш.Х-ыг архины шил аваад түүнийг цохих гэж байгаад тэнцвэр алдан газарт унасан байхад нь буюу түүнийг аюулгүй болсон гэдгийг харсаар байж, буйдан дээрээс үсэрч, улмаар түүний баруун дал орчимд нь өшиглөж, дэвссэн үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд түүний энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ш.Х- нь газарт унах үедээ уг хагарсан архины шилэнд дээр хүзүү, цээж хэсгээрээ хүрээгүй болох нь хяналтын камерын бичлэгээр тодорхой харагддаг бөгөөд Д.Б-ийн буйдан дээрээс үсэрч, баруун дал орчимд өшиглөж дэвссэн үйлдлийн улмаас тухайн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Д.Б-ийн дээрх үйлдлийг гэм буруугийн холимог хэлбэртэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн заалтад хамаарч байх ба шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шинжлэн судалсан шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийг нотолж буй хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад авагдсан үйл баримтууд нь ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байгаа нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив...” гэжээ.
Цагаатгагдсан этгээд Д.Б- тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлэг өгсөн холбогдох гэрч нар Оскар нэртэй бааранд тухайн үйл явдал болохоос өмнө хохирогч эхнэртэйгээ муудалцаад, шилээр зүсэгдсэн болон хөхөрсөн байдалтай байсныг мэдүүлдэг. Мөн 103-ын дуудлагад хохирогчийн эхнэртээ зодуулж шарх сорви үүссэн гэж эмнэлгийн тодорхойлсон баримт бий. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан. Учир нь, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд бууж ирээд унахад нь шууд өшиглөсөн гэж мөрдөгч тусгасан байсан. Гэтэл хохирогч хэт их согтолттой байсны улмаас архины шил барьсан үедээ өөрөө газар унасан. Хажуу талаас нь миний үйлчлүүлэгч архины шилийг булааж авах зорилгоор хохирогч руу үсрэхэд түүний нь цохих гэж байна гэж ойлгоод буулгасан байсан. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүйд тооцогдох дараах үндэслэлтэй байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжид бүрэн үндэслээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлсөн байна.
Хэрэгт цугларч, бэхжигдсэн баримтууд болох: - хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13/,
- хохирогч Ш.Х-ын “...Б- нь намайг зодсон нь үнэн.../хх-16/ тухай мэдүүлэг,
- гэрч Э.А-ын “...Б- нь Х-ыг нэг удаа буйдан дээр сууж байхад өшиглөсөн, Х- нь тухайн үед ширээн дээрээс архины шил аваад шидэх гэж байгаад тэнцвэрээ алдаж газарт унасан... Б- нь буйдан дээрээс босож ирээд Х-ын дээрээс нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Х-аас маш их цус гараад эхэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-31-32/,
- гэрч Ж.Н-ийн “...Б- руу далайх гэж байгаад халтираад шалан дээр уначихсан, архины шил нь хагарчихсан. Х-г шалан дээр унах үед Баатараа нэг удаа хөлөөрөө дэвссэний дараа ч Х- хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манай нөхөр Баясгалан Б-ийг чи юу хийж байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-48-50/,
- гэрч Д.Б-гийн “...Б- А-ын ар талаар нь буйдан дээр гарч гишгэж байгаад Х-г нэг удаа өшиглөсөн. Дараа нь Х- буйдангаас босож ширээн дээр байсан архины шилийг гартаа барьж байгаад Б- руу далайсан. Тэгээд Х- яагаад шалан дээр унасанг би мэдэхгүй... ямар ч байсан Х- шалан дээр хэвтэж байх үед нь Х-гийн толгой дээр нь дэвсчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-38-40/,
- гэрч Б.Б-ы “...тухайн хэвтэж байсан залууг өшиглөсөн гэмээр залууг хамт явж байсан эмэгтэйчүүд нь араас нь татаад холдуулж байсан бөгөөд тухайн үед би нэлээд балмагдаад 102 болон 103-т дуудлага өгөөд хүлээгээд байж байхад тухайн дээрээс нь өшиглөсөн гэх залуу нь эмч нарыг иртэл цус нь гараад байсан залуугийн гүрээнээс нь барьж байгаад эмч нар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-81-85/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3871 дугаартай дүгнэлт /хх-58-60/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1843 дугаартай дүгнэлт /хх-65-68/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-101/,
- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаартай дүгнэлт /хх-86-89, 125/,
- өвчний түүхийн хуулбар /хх-119-138/ болон бусад үйл баримтыг харьцуулан шалгахад хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлуудыг хохирогч өөрөө учруулаагүй, Д.Б-ээс өөр бусад этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үйл баримт, үндэслэл тогтоогдоогүй байна.
Тухайлбал, яллах дүгнэлт, цагаатгах тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-180-185, 210-223/-ээс үзэхэд шүүх хуралдааны мэтгэлцээний талууд эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалж буюу агуулгын зөрүү, зөрчил, түүнчлэн цагаатгах ба яллах талын нотлох баримтуудын хувьд аль хэсэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын талаар харилцан эсрэг, тэсрэг байр суурьтайгаар мэтгэлцэж, хууль зүйн тодорхой тайлбар дүгнэлтүүд хийсэн байтал тэдгээр тайлбар, дүгнэлт болон үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, эх сурвалжийн зөрүү, зөрчил зэргийг хэрхэн яаж няцаасан эсхүл баталсан талаар хууль зүйн дүгнэлтийг оновчтой, эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр хийгээгүй байна.
2. Хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л үйл баримтыг харьцуулан шалгаж, үнэлэхэд: Д.Б-ийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдлийг “гэм буруугийн холимог хэлбэр” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Зөвхөн хуулийн нэр томъёоны тодорхойлтоор гэмт хэргийн шинжийг шууд нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэсэн байх шаардлагатай.
3. Мөрдөгч, прокурорын хувьд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгох хүрээнд тусгай мэдлэгийн баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журмыг зөрчсөн, хохирогчийн эрхийг хязгаарлахад хүргэсэн нөхцөл байдал илэрч байна.
Тухайлбал, шинжээчийн 2024.03.21-ний дүгнэлт /хх-58-60/-д олон тооны гэмтлүүд, тэдгээрийн үйлчлэлийн механизмыг дурдсан боловч тухайн шарх гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт, эсхүл зарим нь нийлээд, эсхүл бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарах эсэх нь тодорхойгүй.
Өвчний түүх /хх-119-138/, шүүхийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаартай дүгнэлтэд тусгагдсан:”...2/Нэмэлтээр ирүүлсэн материалд: ГССҮТ-н Толгойн мэс заслын тасгийн №4994 дугаартай өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн: 2024.03.26-ны 10:09 цаг. Эмнэлгээс гарсан 2024.03.28, ор хоног 2. Хэвтэх үеийн онош: Шанаа ба зажуурын хугарал. Үндсэн онош: Шанааны нумын цөмөрсөн хугарал...ГССҮТ-н эмч нарын хамтарсан зөвлөгөөний шийдвэрт: Үндсэн онош: Баруун шанааны нумны цөмөрсөн хугарал.../хх-86-89/ гэж тодорхой заасан буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан бүхий л гэмтлүүд бүрэн тусгагдсан байтал Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн “толгойн компьютерт томографийн шинжилгээний хариу шаардлагатай” байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна...” /хх-89, 125/ гэснээр тусгай мэдлэгийн асуудлаар дахин шинжилгээ хийлгэх асуудлыг орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг зөрчигдсөн буюу дээр дурдсанаар нэгэн зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журмыг зөрчсөн, хохирогчийн эрхийг хязгаарлахад хүргэсэн үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэв тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг тодорхой заах ёстойгоос гадна нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх замаар “нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх” зөрчлийг арилгах, хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэгт хамааралтайг тэмдэгдэж байна.
4. Тус цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгахад тус хэрэгт эргэлзээтэй асуудал үүсээгүй байна.
Учир нь, “эргэлзээ” гэдгийг хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.
Гэтэл тус хэрэгт нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журмыг зөрчсөн, хохирогчийн эрхийг хязгаарлахад хүргэсэн дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдсон нь “эргэлзээ” үүссэн гэдэг нь үгүйсгэгдэж, харин анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад прокурорт зарим асуудлыг даалгах үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэж болох зарим асуудлыг орхигдуулсан нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ.
5. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурор Э.Билгүүний эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Д.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР