Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00072

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00072

 

 

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.Бт холбогдох

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 329 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Мөнхсүлд

Хариуцагч: И.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Ч нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 349/4 хаягт авто машин засварын газар ажиллуулдаг. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Honda Capa маркийн авто машины эзэмшигч И.Б нь тус авто засварын газраар машиныхаа тоормосны наклад засварлуулаад гарахдаа машиныхаа хаазыг андуурч хүчтэй гишгэлт хийснээр тус засварын газрын 2 280 000 төгрөгийн эд хогшил гэмтээсэн. Ашид Билгүүн ХХК-аар гражид байсан эд хогшил, гэмтсэн ханын хэсгийн үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний хөлсөнд 121 000 төгрөг төлсөн. Эдгээр баримт хэрэгт байгаа. Иймд 2 329 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч И.Б нь гэм хор учруулсан гэдгээ баталгаажуулж, тэмдэглэл хийж өгсөн. Тэмдэглэлд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим манай засварын газарт Хонда сара маркийн машиныг унаж байх явцад тоормосоо, андуурч хаазаа гишгэн засварын газрын эд хөрөнгө эйр кондейшн, хөгжмийн чанга яригч, хувцасны шкаф зэрэг эд хогшлыг гэмтээсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн талаар бичигдсэн. Уг байдал нь Соёмбо даатгал ХХК-ийн ослын тэмдэглэлд бичигдсэн байдаг. И.Б нь би андуурч хаазаа гишгэж, хохирол учруулсан гэдгээ бичиж өгсөн. Уг үйл явдалтай холбоотой камерийн бичлэгт богино зайнд хурд авч, эд хогшлыг мөргөж байгаа нь харагддаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь И.Бын эзэмшлийнх учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би тус авто газрын газраар машиныхаа урд 2 дугуйн тоормосны наклад солиулах гэж очооднакладаа солиулсан. Солиулж дуусаад машинаа хөдөлгөхөд тоормос бариагүй бөгөөд тормосны хий аваагүйгээс ийм зүйл болсон. Би ерөөсөө хааз андуурч гишгэсэн зүйл байхгүй. Тормос бариагүй тул урдаа байсан эйр кондейшн гэх тоног төхөөрөмж, хөгжмийн чанга яригч, хувцасны шкаф зэргийг мөргөж, зогссон. Тус авто засварын газрын засварчин засвар үйлчилгээгээ шалгаж, хүлээлгэн өгөөгүй, тормосоо гишгэтэл, сул гишгэгдэж, яах ч аргагүй урд байсан эд зүйлийг мөргөсөн. Миний гарын үсэгтэй баримт байгаа боловч, би уншаагүй зурсан. Тэд нар та энэ баримт дээр гарын үсгээ зурчих, бид даатгалын компаниас хохирлоо гаргуулъя гэж тухайн үед намайг хуурч гарын үсэг зуруулсан. Би уг авто засварын газар руу орохоос өмнө миний машины тоормос зүгээр хэвийн барьж байсан. Харин накладаа солиулж дуусаад л хөдөлтөл тоормос барихгүй байсан. Би олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүн тухайн үед тоормос, хаазаа андуурч гишгэнэ гэсэн зүйл байхгүй. Яагаад намайг хаазаа андуурч гишгэсэн гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед мөргөсөн тоног төхөөрөмж бага зэрэг хонхойсон, дугуй нь хугарсан байсан. Ах нь засаад янзлаад өгье гэхэд үгүй манайх банкны өрөнд тавьсан байгаа, шинээр нь байлгах хэрэгтэй гэж байсан. Би ямар ч хууль зөрчөөгүй, миний гэм буруу байхгүй. Харин тус засварын газар нь орчин тойрондоо нэн аюултай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг явуулдаг атлаа чанаргүй үйлчилгээ, тэдний шууд буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Баас эд хөрөнгөд учирсан гэм хохирлын хохиролд 2 329 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 214 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд давж заалдах гомдолдоо:

... Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлд 2 329 000 төгрөгийн хохирлыг хариуцагч И.Б нь "Ситиюс" ХХК-ийн авто засварын газраар үйлчлүүлсний дараа автомашиныг унаж хөдлөхдөө мөргөж хохирол учруулсан. Энэ тухай хариуцагч И.Б нь гарын үсэг зурж баталгаажуулан бичиг хийж өгсөн, "Ашид Билгүүн" ХХК-ийн үнэлгээний тайлан, тухайн үйл явдал болсон газрын камерын бичлэг, ослын тэмдэглэл зэргээс нотлогдох бөгөөд холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно. Шүүхээс "Ашид Билгүүн" ХХК-ийн тайланд дурьдсан эд хөрөнгө нь "Ситиюс" ХХК-ийн эд хөрөнгө болох учраас Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Б.Ч нь "Ситиюс ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн эд хөрөнгө нь Б.Чийн өмчлөлийнх биш гэдгийг нотлох баримт шүүхэд хариуцагчаас ирүүлээгүй, хариуцагч энэ тухай маргаагүй. Хариуцагч И.Б нь шүүхийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө нь Б.Чийн өмчлөлийн биш гэсэн агуулгаар тайлбар хийгээгүй, маргаагүй болно. Гэтэл шүүх Ситиюс ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шйдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч И.Бт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 329 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч И.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 349/4 тоот хаягт байрлах Ситиюс ХХК-ийн авто засвар үйлчилгээний газар өөрийн эзэмшлийн 46-43 УБЕ улсын дугаартай Honda Capa маркийн автомашины урд хоёр дугуйны тоормосны наклад солиулах үйлчилгээ хийлгэсний дараа автомашиныг авч явахаар хөдөлгөх явцдаа тухайн авто засварын газрын эд зүйлс болох эйр кондэйшн цэвэрлэгч аппарат, ажилчдын хувцасны шкаф, уг хувцасны шүүгээн дээр байсан хөгжмийн чанга яригч зэргийг мөргөж гэмтээсэн үйл баримт нь сидинд хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 56-64, 113-120 тал/

 

Зохигчдын хэн алины тайлбараас үзэхэд хариуцагч И.Б машиныг асаах үед уг машин хөдөлж, нэхэмжлэгчийн эд зүйлд гэмтэл, хохирол учирсан талаар маргаагүй боловч уг нөхцөл байдалд хариуцагч гэм буруутай эсэх талаар маргажээ.

 

Хэрэгт Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд 3 хүснэгтийг бөглөж гарын үсэг зуржээ. Тухайлбал, даатгуулагч гэдэг хүснэгтэд ... тус авто засварын газар урьд дугуйныхаа хоёр накладыг солиулаад хөдлөхөд тормоз бариагүй чигээрээ явж тоног төхөөрөмж мөргөсөн гэж бичиж И.Б гарын үсгээ зурсан,

холбогдогч гэдэг хүснэгтэд ...засвар хийлгэхээр ирсэн машин тормосоо андуурч хаазаа гишгээд тоног төхөөрөмж болон эд хогшил эвдэж сүйтгэсэн гэж,

даатгалын тохиолдлын шалтгаан гэсэн зайд ... Honda Capa маркын 46-43 УБЕ дугаартай автомашин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд хөдлөхдөө авто засварын тоног төхөөрөмж, багаж мөргөж гэмтээсэн байдалтай байна гэж тус тус бичсэн байна. /хх-ийн 121-122 тал/

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орсны улмаас хохирол учирсан гэх үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг өмчлөгч, эзэмшигч нь хариуцан арилгах үүрэгтэй. Энэхүү үүргийг хуулиар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид ногдуулахдаа гэм буруу-тай байх шаардлагыг тавиагүй байна.

 

Талууд гэм буруу, гэм хорын шалтгаант холбооны асуудлаар өөр өөр тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Б нь өөрийн буруугүй болохыг буюу засвар үйлчилгээний доголдлоос гэм хор учирсан гэдгийг нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч И.Б Honda Capa маркийн 46-43 УБЕ дугаартай автомашины эзэмшигч болох нь автомашины техникийн тодорхойлолтоор тогтоогдсон, тэрээр тухайн машины эзэмшигч гэдгээ үгүйсгээгүй болно. /хх-ийн 71 тал/

 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дугуу хариуцагч И.Б нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

 

Хуульд зааснаар хохирол учруулах нөхцөл байдал бий болгосны улмаас хүлээлгэх хариуцлага нь гэм буруутай эсэхээс хамаарахгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь заавал гэм буруутай байхыг шаардахгүй.

 

Хариуцагч И.Б уг машиныг асааж хөдөлгөснөөр, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд зүйлд хохирол учруулсан байх тул эзэмшигч хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс зохигчдын тайлбарыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар гаражийн хана болон эд хогшлыг засварлахад шаардагдах зардлын хэмжээг 2 208 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 10-12 тал/

 

Зохигчид эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар маргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ..хохирлоо шинжээчийн тогтоосон үнийн дүн болон шинжээчид төлсөн хөлсийн хамт 2 329 000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч ...би төхөөрөмжийг янзлуулаад өгье гэж хэлж байсан гэсэн тайлбаруудыг гаргаж байжээ./хх-ийн 126-129 тал/

 

Хэрэгт Ситиюс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам авагдсан байх бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч нь нэхэмжлэгч Б.Ч байх бөгөөд уг компани нь автомашины засвар үйлчилгээ, автомашины угаалгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Хариуцагч нь уг Ситиюс ХХК-иар автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн талаар зохигчдын хэн аль маргаагүй. Нэхэмжлэгчийн хариуцан ажиллуулдаг уг засварын газар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн хангаж ажилладаг болох нь тодорхой бус байхаас гадна уг засварын газар ажилтангаа холбогдох дүрэм, журмын дагуу ажиллуулаагүй, хариуцагч И.Бт машиныг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй зэрэг нөхцөл байдал, гэрч Х.Одонхүүгийн ...би накладыг сольж дуусаад жолоочийг ухраад гараарай гэж хэлсэн, машиныг шалгаж хүлээлгэн өгөх талаар журам байдаг эсэх талаар мэдэхгүй гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тус байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн ажиллагаагүй болох нь тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдал нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын үнэлгээний дүнг 50 хувиар бууруулж хохирлын хэмжээг тогтоох нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэв.

 

Харин хэргийн 6 дугаар талд авагдсан Ашид билгүүн ХХК-д Н.Баярцэцэг гэх хүний шинжээчийн хөлсөнд төлсөн 121 000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...автомашин эзэмшигчийн хувьд хариуцагч хохирол төлөх үндэслэлтэй гэсэн гомдлыг хангаж, хохирлын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дахь заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Баас 1 104 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 225 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 046 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

 

                                                 Ц.ИЧИНХОРЛОО