Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/345

 

 

 

 

 

 

   2025           03            18                                        2025/ДШМ/345

 

 

Ч.Х-, Д.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Л.Сарангуа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Л.Сарангуа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарт холбогдох 2405006250888 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Д-ын М-, 1978 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

2. Ч овгийн Ч-ын Х-, 1977 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тавилгын үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Шүүгдэгч Ч.Х- нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ... тоот өөрийн гэртээ хадгалсан, улмаар Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны 62 тоот өөрийн гэртээ хадгалж байсан, нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бусдад худалдах зорилгоор Д.М-т өгч явуулан, худалдахыг завдсан,

Шүүгдэгч Д.М- нь Ч.Х-тай урьдчилан үгсэн тохиролцож, түүний гэртээ хадгалж байсан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдад худалдах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “...” гэх хаягтай цахим хаягаас “Хотонгийн хошуу зарна” гэх зарыг байршуулж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт “Нарны гүүр”-ний орчим бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Х-, Д.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдахыг завдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарыг тус бүр 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-, Д.М- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэг, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-, Д.М- нараас 23.580.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин. уур амьсгалын яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Борцгор хотон” шувууны хошуу 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч Х-, Д.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчээс гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай хууль хэрэглээний асуудлаар маргасан боловч анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:”, 1.1-д “гэмт хэргийн шинжгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, гэж тус тус заажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 30.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг. хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсанд эдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 203.2-т “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заажээ.

Миний үйлчлүүлэгч Ч.Х-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр 2016 оноос 2024.01.08-ны өдөр хүртэлх хугацаанд нэн ховор амьтны жагсаалтад хамаарах борцгор хотон шувууны хошууг хадгалсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд шууд хамаарахаар байна. Тодруулбал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба тус хуулийн 24.5 дугаар зүйлд "... нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн ...” үйлдлийг зохицуулжээ. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”... нэн ховор ан амьтан агнасан, барьсан ..." гэж зохицуулснаас үзэхэд борцгор хотон шувууны хошууг 2016 оноос эхлэн хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байсан буюу хуулийг буцаан хэрэглэн гэмт хэргийн шинжгүй гэж тооцох үндэслэлтэй байх ба оногдуулах хариуцлагын тухайд ч эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1,2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3- д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.

Миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэрэгт 2016 оноос эхлэн хадгалсан үйлдлийг тогтоосон атлаа хэзээ, хэн нэн ховор амьтан агнасан эсэх, энэ нь Ан агнуурын тухай хуулийг зөрчсөн эсэх, тус амьтныг агнахад тухайн үедээ тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авч байсан эсэхийг тогтоох нь хэрэгт нотолгооны чухал ач холбогдолтой бөгөөд энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүйн улмаас хэргийн бодит байдлыг болон нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар зохицуулсан ба мөн бүлгийн 24.5 дугаар зүйл нь Хууль бусаар ан агнах тухай зохицуулалт тул тухайн нэн ховор амьтныг хууль бусаар агнасан эсэх, эсхүл зөвшөөрөл авсан эсэхийг шалгах нь чухал ач холбогдолтой байна.

3. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр өргөн агуулгатайгаар маргасан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Борцгор хотон шувууны хошууг 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд гэртээ хадгалсан, Хотонгийн хошуу зарна гэх зарыг байршуулж бусдад худалдахыг завдсан үйлдэл нь 2016 оноос эхэлж, улмаар шүүгдэгч нарыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт прокурорын тогтоолоор яллагдагчаар татах хүртэлх хугацаанд үргэлжилсэн буюу шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарыг яллагдагчаар татсан үеэс тус гэмт хэрэг таслан зогсоогдсон гэж үзэн хуульд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтыг журамлан хэргийг шийдвэрлэсэн болно” гэж дүгнэсэн нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт> хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн”, 30.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж,

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байвал төгссөн гэмт хэрэг гэнэ”, 30.2-т “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ”, 72 дугаар зүйлийн 72.1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:”, 72.1.2-т “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг төгссөн хугацаанаас буюу гэмт хэргийн бүх шинжийг хангаснаас эхлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байтал миний үйлчлүүлэгчийг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Тодруулбал анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэснээрээ энэ гэмт хэргийн тухайд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй гэж үзсэн хууль давсан сөрөг үр дагаврыг үүсгэх ба 2016 онд борцгор хотон шувууны хошууг миний үйлчлүүлэгч хадгалж ирсэн үеийг гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаагаар тооцох, түүнээс эхлүүлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйд нийцнэ. Жишээ татахад хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг практик тогтвол 30, 40 жилийн хугацаа өнгөрсөн үл хамааран эцэг өвгөдөөсөө өвлүүлэн үлдээсэн ховор, нэн ховор амьтны эд зүйлийг хадгалах нь одоог хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаатуулан ойлгохоор байгаа ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасантай дүйцүүлэн ойлгохоор байна.

Хэрэв миний үйлчлүүлэгчийн нэн ховор амьтан Борцгор хотон шувууны хошууг хадгалсан хугацааг зөв тооцож, хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцож дүгнэсэн тохиолдолд Д.М-ын худалдахыг завдсан үйлдлийн тухайд ч хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад Д.М- нь бусдад худалдах бус цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудад хотон шувууны хошууг хүлээлгэн өгч, дараа нь гэрэл зургаар Д.М-ыг хотон шувууны хошууны хамтаар гэрэл зургаар баталгаажуулсан нь нотлогдож тогтоогдсон, улсын яллагч үүнтэй маргаагүй байдлыг харгалзан үзнэ үү.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний 652 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон нэг толгойд 6,570,000 төгрөгөөр үнэлсэн байна” гэж, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Тэнгисийн мэдүүлэгт                                   "...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтны экологи-дийн засгийн үнэлгээгээр Борцгор хотон нэг толгойд 6.570.000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн хохирол, хор уршгийг хэмжээг эцэслэн тогтоогоогүй байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буюу Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан үнэлгээнд тулгуурлан 23.580.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийг “Хууль бусаар ан агнах” гэж нэрлэсэн нь тухайн зүйлд заасан ховор болон нэн ховор амьтныг хамгаалах, тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, гаршуулан тэжээхийг хориглох, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан гэх мэтчилэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох ба энэ гэмт хэргийн тухайд нэн ховор амьтан хэзээ агнагдаж амьтны аймагт хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд тулгуурлан хохирол, хор уршгийг зөв тооцох учиртай. Нөгөөтээгүүр шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох зохицуулалттай байтал анхан шатны шүүхээс Амьтны тухай хуульд үндэслэн 2 үржүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй байх ба цаашлаад борцгор хотон шувууг хэн агнасан болохыг тогтоолгүйгээр Ч.Х-, Д.М- нарт уг хохирлыг төлүүлэхээр тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Л.Сарангуа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Д.М- үйлдсэн гэж үзэхгүй байна. Хууль бусаар ан агнах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан гэж тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийн шинжийг Д.М-ын үйлдэл агуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байна. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.

2024 оны 01 сарын 09-ны өдрийн 23 цагийн үед Д.М- нь өөрийн фейсбүүк хаягт “ Хотон шувууны хошуу зарна “ гэсэн зар тавиад хүмүүсийн бичсэн комментыг маргааш өглөө нь 7 цагийн үед үзээд даруй зараа устгасан. Энэ талаар 2024-01-10-ны өдөр гэрчээр авсан мэдүүлэгт тодорхой байгаа бөгөөд гар утсыг нь булаан авч үзлэг хийсэн мөртлөө хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.

-Экологийн цагдаа 2024-01-10-ны өдөр зарыг үндэслэн хэд хэдэн удаа Д.М- луу залгаж хошууг чин үзье, байгаа газар чин яваад очъё гэсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 19 хорооллын үйлчилгээний төвийн дэргэд уулзаж, хэдэн төгрөгөөр зарахыг асуусан. Тэгээд цагдаа байна гэдгээ хэлж, авч яваад гэрчээр мэдүүлэг авсан ба уг мэдүүлгийг яллах нотлох баримт болгож байгаа нь хууль зөрчиж, Д.М-ын эрхийг дордуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай бөгөөд хууль бус арга хэрэглэж, цагдаагийн байгууллага заль хэрэглэн, сарын дараа Нарны гүүрний дор уг хошууг бариулан зураг авч, бусдад худалдахыг завдсан гэх нь хууль зөрчиж байна.

-Гэрчийн мэдүүлэг нь хууль зөрчиж, хууль бус арга хэрэглэн авсан мэдүүлэг бөгөөд нотлох баримт болгосон нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 16 тоот тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р бүлгийн зарим зүйл хэсэг /16.3,16.5/-ийг зөв хэрэглэх “ албан ёсны тайлбарт дурдсан “ Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна“,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтад тооцохгүй “ байх эсэхийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэнэ “ гэснийг зөрчиж, шүүх бичгээр гаргасан өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээж аваагүй.

-Хуульд: Цагдаагийн байгууллагын албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол нэрийг хэлж, өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ гэх ба хуулийг чанд сахиж, үүргээ хэрэгжүүлэхийг хуульчилсан боловч экологийн цагдаа ийм арга замаар гэмт хэрэг илрүүлж байгаа юм бол хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

-Хэргийн холбогдогч н.Х- нь хотон шувууны хошуу гэх зүйлийг 2016 онд хүн бэлэглэсэн гэж мэдүүлснээр энэ үеэс хадгалсан гэж үзэж, 2024 оны 01 сарын 8-ны өдөр М-т шилжүүлснээр дуусгавар болсон гэж үзэж байгаа ч шинжээчийн дүгнэлтээр Тухайлбал 2024-02-01-ны өдрийн 652 тоот шинжээчийн дүгнэлтэд “ шинжилгээнд ирүүлсэн хошуунаас агнагдсан байдал, цаг хугацааг тогтоох боломжгүй “ , 2024-3-19-ны өдрийн 1770 тоот шинжээчийн дүгнэлтэд “ гаднах биет дээр тогтсон цус хэдий хугацаанд шинж байдлаараа хадгалагдах, өнгө өөрчлөгдвөл ямар хугацаанд өөрчлөгдөж болох эсэх хугацааг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй “ мөн 1054 тоот Г.Оюунтуяа шинжээчийн дүгнэлт “ Шинжилгээнд ирүүлсэн дээжний өгөршил, хаталт хир явагдсан эсэх, агнагдсаныг тогтоох боломжгүй “ гэсэн дүгнэлтүүд байх ба хэдий хугацаанд хэнд хадгалагдаж, мөн ямар журмаар агнагдсан, барьсан болох нь тогтоогдох боломжгүй юм байна гэж ойлгогдож байна. Ийм нөхцөлд бодит байдлыг хуульд зааснаар тогтоох бүхий л ажиллагааг буюу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох арга хэмжээ авахгүйгээр яллах ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт холбогдогчдын эрх ашгийг дордуулж байна. Нэн ховор амьтны тоонд орсон энэ шувууны тоо толгой, зөвшөөрлийн үндсэн дээр агнасан, барих тоо хэмжээг тогтоосон, гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, судалгаа шинжилгээний байгууллагын талаар тухайн цаг үеийн баримт сэлтийг мөрдөн шалгах байгууллага анхаарч үзэж хэрэгт холбогдогчийн эрх ашгаас гадна гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар нотолбол зохих хуульд заасан арга хэмжээ огт авагдаагүй гэж харагдаж байна.

-2011 оны байдлаар, 2023 оны байдлаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр ногдуулах тухай дүгнэлтүүд байгаа ба шувууны хошуу нь биет байдлаараа хураагдаж ирсэн. Ямар журмаар хадгалагдаж, агнагдсан, барьсан нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад 2 өөр дүгнэлт гарсан, шийтгэх тогтоолд шувууны хошууг эд мөрийн баримтаар хураан авч ... зохих байгууллагад шилжүүл гэх боловч хохирлыг 23,5 сая төгрөгөөр тооцож холбогдогч нараар хувь тэнцүүлэн хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эргэлзээгүй нотлогдсон баримт болж чадахгүй байгаад Д.М- нь гомдолтой байна. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... “ гэв.

Шүүгдэгч Ч.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагдаагийн байгууллага хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хууль бусаар хэргийг илрүүлсэн гэж тайлбар хэлсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т цагдаагийн албанд гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн тусгай алба байгаа. Мөн хуулийн 10 дугаар зүйлд гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохицуулсан. 10.1.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах гэж, 10.1.2.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх, 10.1.3. гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах гэж тус тус заажээ. Экологийн цагдаагийн алба нь хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад дагнан хяналт тавьж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг зарна гэх зарын дагуу хуульд заасан ажиллагаа явуулсан. Хууль зөрчсөн ажиллагаа биш гэж үзэж байна. Хэрэг илрүүлсэн үйлдлийг хууль бусаар явуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Хотон шувууны хошууны үнэлгээтэй холбоотой асуудал давж заалдах гомдолд дурдагдсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 652 дугаар шинжээчийн дүгнэлтээр хотон шувууны хошууг 2016 оны байдлаар 6.570.000 төгрөгөөр үнэлсэн. 362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны байдлаар дүгнэсэн. Тэгэхээр гэмт хэрэг төгссөн үеийн байдлаар хохирлын үнэлгээг баримтална. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ зөвхөн 362 дугаартай дүгнэлтийг шинжлэн судалж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Нэн ховор амьтан гэдэг нь тархац нутагтаа бүхэлдээ буюу ихэнх хэсэгтээ үржил өсөлт нь хомсодсон, тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан бол Борцгор хотон шувуу мөн юм. 2002 оны Ан агнуурын тухай хуульд заасан байгаа. Нэн ховор амьтны хошууг хэзээ олж авсан, хэзээ хадгалсан, агнасан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн гомдолдоо өмгөөлөгч нараас тайлбарласан. Гэтэл 2002 оны хуульд агнах, барихыг хориглож, зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад зорилгоор энэ амьтны гаралтай түүхий эдийг ашиглахыг хориглосон. 24 жилийн өмнөх хуулиар хориглосон амьтны эд эрхтэн байгаа. Хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж гомдолд дурдсан. Хэрэв бусдад худалдах зорилго агуулаагүйгээр хадгалж байгаа тохиолдолд Улсын дээд шүүхийн практикт гарсан тохиолдол байгаа. Нэн ховор амьтан гэдгийг мэдсээр байж олон нийтийн сүлжээнд зар тавьж худалдан борлуулж ашиг олох гэсэн хууль бус үйлдэл байна. Шүүгдэгч Ч.Х-, Д.М-тай бүлэглэн үйлдэж, худалдахаар зорилгоор олон нийтийн сүлжээнд зар тавьж байгаагаараа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэрэг төгссөн. Ан агнах тухай хуульд агнагдсан эсэхээс үл хамааран хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг агнасантай адилтган үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Ч.Х-ын төрөл садангаас өвлөгдсөн гэж тайлбарладаг. 2016 оноос 2024 он хүртэл хугацаанд Ч.Х-ын гэрт байсан эсэх нь тогтоогдсон. Худалдах зорилгоор хоёул үгсэн тохиролцон олон нийтийн сүлжээнд зар тавьсан үйл баримт тогтоогдсон. 2016 онд төгссөн гэмт хэрэг гэж үзэхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хадгалсан үйлдэл нь төгссөн. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.М-т дамжуулан худалдах зорилгоор өгсөн. Хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй. Хөөн хэлэлцэх хугацаанд мөн хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ хэрэгт яригдахгүй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарт  холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах зарим ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулахад “хяналтын худалдан авалт” хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 26.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн гэх үндэслэл, баримтгүй  байх тул 2024.01.10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн буюу эд зүйл хураан авах ажиллагааны тэмдэглэл, тус өдөр Д.М-ыг гэрчээр байцаасан тэмдэглэл зэргийг нотлох баримтын эх сурвалжаар үнэлээгүй болно.   

Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88434314” гэх зарыг байршуулсан буюу тус нийтэд илэрхий бодит эх сурвалжийн дагуу тухайн цахим сайт дахь мэдээллийг бэхжүүлж, шалгах хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах бусад ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар  гомдолд дурдагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

2. Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд  шүүгдэгч Ч.Х-ыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарыг бүлэглэн нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэргийн бодит байдал болон тэднийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах хүрээнд хийсэн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй байх бөгөөд харин зарим шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлийн талаар Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн болно.     

Шүүгдэгч Ч.Х- нь хууль бусаар нэн ховор амьтан болох “Борцгор хотон шувууны хошуу”-г 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ... тоот өөрийн гэртээ хадгалсан,   

Шүүгдэгч Ч.Х-, Д.М- нар тухайн нэн ховор амьтан болох “Борцгор хотон шувууны хошуу”-г худалдах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, Ч.Х- нь хадгалж байсан “Борцгор хотон шувууны хошуу”-г Д.М-т 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түүнд өгч, Д.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88434314” гэх зарыг байршуулсан буюу бусдад худалдахыг завдсан болох нь:  

- 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх хаягтай цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88434314” гэх зарыг байршуулсан буюу бусдад худалдахыг завдсан болох нь:     

- “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх хаягтай цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88...14” гэх зарыг байршуулсан буюу бусдад худалдах мэдээллийг хуулж, зураг хэлбэрээр ирүүлснийг хуулбарлаж, тэмдэглэл үйлдсэн баримт /1хх-13-14/,   

-  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “ ...Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 см хүрдэг. Монголд төдийгүй дэлхийд нэн ховор төрөл учраас агнахыг хориглож улаан номд бүртгэгдсэн...Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр буруутай этгээдээс хохирол нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1хх 108-109/,  

- шинжээч Г.Ариунтуяагийн “...Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд нэн ховор...амьтныг  хамгаалах, 7.1-т борцгор хотон багтсан болно. ...” /1хх 152/ гэх мэдүүлэг,   

- шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонт баг-Pelecaniformes, Хотонгийнхон овог-Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus /Bursh, 1832/ зүйл шувууны хошуу байна. Уг хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй. Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийхон овог- Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus /Bursh, 1832/ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт нэн ховор амьтны жагсаалтад багтсан болно. Хошуунаас агнагдсан байдал, цаг хугацааг тогтоох боломжгүй. Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон-Pelecanus cripus /Bursh, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын Амьтны аймагт учирсан хохирлын үнэлгээ нь 23.580.000 төгрөг байна. ...” /1хх 37/,

- гэрч Д.Б-ийн “...М- нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрт байсан Хотон шувууны хошууг зараад өгье гэж хэлээд аваад явсан. Фейсбүүкт зар оруулсан талаар нь мэдээгүй. Маргааш нь яриад фейсбүүкт зар тавьчихсан чинь хүмүүс болдоггүй гээд байхаар нь зараа устгачихлаа гэж ярьсан. Хотонгийн хошууг манай төрсөн ах болох Мөнхболд гэх хүнээс манай нөхөр Х- авч байсан. Тухайн үед мөнгө төгрөг гэлгүй, хэрэгтэй бол ав гээд өгч байсан...Саяхан мөнгөний хэрэг болоод худалдахаар Д.М-т өгсөн...” /1хх-30/ гэх мэдүүлэг, 

- гэрч С.Ц-ын “Манай талийгаач нь хүргэн Ч.Х-т...нарийндуу, ойролцоогоор 20-30 см урттай зүйл өгч байсан. Сүүлд хотон шувууны хошуу гэж ярьж байсан. ...” /2хх-4, 1хх-94-95/ гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Д.М-ын өгсөн”...баз хүргэн Ч.Х- над руу 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр залгаад надад нэг хотонгийн хошуу байдаг, мөнгө болгох гээд зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдрөө очиж аваад фейсбүүкийн хурдан морь сонирхогчдын группт зар оруулж хотон шувууны хошуу зарна гэсэн зар тавьсан. Ч.Х- намайг 1.500.000 төгрөгөөр зараад өгөөч гэсэн болохоор нь би тэр үнээр нь өөрийн “manlaibaatar manlai” гэх хаягаас зар тавьсан. Хүмүүс чатаар их асууж байсан бөгөөд экологийн цагдаагаас шалгадаг юм байна лээ шүү зараа устгаарай гэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 07 цагийн үед зараа устгасан. Тэр өдрөө нэг хүн хотон шувууны хошуу үзье гэхээр нь үзүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг /1хх-144-145/, 149-150/, 2хх-71-73/,  

- шүүгдэгч Ч.Х-ын “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж, ойлгосон, тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-136/, 2хх-71-73/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.  

Шүүгдэгч Ч.Х-ыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, шүүгдэгч Ч.Х-, Д.М- нар бүлэглэн нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан болохыг нотолсон дээрх эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тухайн шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинж хангагдсан, харин үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.  

Амьтны тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 12 дугаар зүйлийн 12.1 болон хамаарах бусад зохицуулалтад зааснаар “Борцгор хотон шувуу” бол нэн ховор амьтан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно, бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон бөгөөд тус хориглосон заалтуудыг зөрчсөн, түүнчлэн нэн ховор амьтны түүний эдийг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, цуглуулга хийсэн зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан. 

Шүүгдэгч Ч.Х-ын үйлдсэн “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” үйлдэл нь нэг эхлэлтэй боловч төгсгөл хүртэл тасалдалгүй тодорхой хугацаанд удаашран үргэлжилсэн буюу удааширсан үйлдэлтэй нэгдмэл гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Х- нь нэн ховор амьтны түүхий эдийг хууль бусаар хадгалсан цаг хугацааг 2016 он гэж мэдүүлсэн байх боловч тийнхүү хууль бусаар хадгалсан үйлдэл нь Ч.Х- тухайн нэн ховор амьтны түүхий эдийг худалдах зорилгоор Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, улмаар Д.М-т 2024.01.08-ны өдөр шилжүүлэн 2024.01.09-ний өдөр “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “...” гэх хаягтай цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88...14” гэх зар байршигдаж, бусдад худалдахыг завдсан нь нийтэд илэрхий илчлэгдсэнээр төгссөн, улмаар худалдах гэсэн гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг тодорхойлж дүгнэсэн анхан шатны шүүх болон  прокурорын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.    

Шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарын холбогдсон гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 203.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус гэмт хэргийн шинжийн хувьд зарчмын зөрүүгүй байдлаар хуульчлагдсан байх тул гэмт хэрэгт шинээр тооцсон гэж үзэхгүй.       

Харин Ч.Х- нэн ховор амьтны түүхий эдийг удааширсан үйлдлээр хадгалсан үйлдлийн төгссөн цаг хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу тооцогдох үндэслэлтэй болох нь тогтоогдсон байх тул тухайн гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй, харин 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд тус хуулийг буцаан хэрэглэх утга агуулга, үндэслэл үүссэн гэж үзэхгүй болно.     

Шинжээчийн дүгнэлтээр, “Борцгор хотон шувууны хошуу”-нд бараан толбо илэрсэн  байх боловч хэзээ, хэн агнасан эсэх нь тогтоогдоогүй байх нь тус шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг үгүйсгэх үндэслэлд хамааралгүй байхаас гадна шүүгдэгч Ч.Х-ын хувьд хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг удааширсан үйлдлээр хадгалах хүрээнд бусдад худалдах гэмт сэдэлт, зорилготой байсан нь тийнхүү нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан үйлдэл нь нотлогдсон байдлаар илэрсэн байх тул тэдгээр хууль бус үйлдлүүд нь бүхэлдээ гэмт хэргийн шинжийг хангасан болохыг тодотгох нь зүйтэй.   

Шүүгдэгч Ч.Х-, Д.М- нар нь нэн ховор амьтны түүхий эдийг хууль бусаар худалдах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, улмаар 2024.01.08-ний өдөр харилцан өгч, авалцсан төдийгүй 2024.01.09-ний өдөр “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх цахим хаягаас “51sm urtai hotongiin hoshuu zarna utas 88434314” гэсэн зар байршуулсан зэрэг үйлдлүүд нь нийтэд илэрхийлэгдсэн бодит утга агуулга, хэрэгжсэн нөхцөл, хэлбэрийн хувьд нэн ховор амьтны түүхий эдийг хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэргийн шинжийг бодитой нотлон илэрхийлсэн гэж үзэхээс гадна энэ нь нотлох баримтын бусад эх сурвалжаар давхар батлагджээ.     

Шүүгдэгч Д.М-ын хувьд дээрх зарыг байршуулсныхаа дараа хууль бус гэдгийг ойлгон цахим хаягаасаа устгасан гэх боловч үүний дараа “hotongiin hoshuu zarna”  гэсэн гар утасны 88434314 дугаар руу нь хэн нь тодорхойгүй этгээд залган худалдан авах талаар ярихад тийнхүү худалдахаар тохирч, уулзсан нь тухайн гэмт хэргийг үйлдэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлийг хангахгүй болно.  

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар тэдний эрхэд хамаарах ба тус эрхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

3. Шүүгдэгч Ч.Х-ын хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг удааширсан үйлдлээр хадгалсан гэмт хэргийн төгсгөл цаг үеийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхойлж дүгнэсэн, мөн шүүгдэгч Ч.Х-, Д.М- нар бүлэглэн үйлдсэн хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэрэг 2024 онд үйлдэгдсэн байх тул  шинжээчээс Монгол Улсын Засгийн газрын 2023 оны тогтоолын дагуу нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны  экологи-эдийн засгийн үнэлгээг Pelecanus cripus /Bursh, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн нь зөв болно.   

Амьтны тухай хуулийн: “12 дугаар зүйлийн 12.1. Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1. Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, 37.3. Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд амьтны аймагт учирсан хохиролд нийт 23.580.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасан нь үндэслэлтэй болжээ.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах зэрэг зарим асуудлыг хянан шийдвэрлэх хүрээнд Эрүүгийн хууль хэрэглээний зохих алдаа гарсан байх тул шийтгэх тогтоолд зөвтгөсөн зохих өөрчлөлт оруулах дараах үндэслэл тогтоогдов.         

Шүүгдэгч Ч.Х-ыг хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн, харин шүүгдэгч Д.М- хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн байхад хууль зүйн дүгнэлтийг ялгаа заагтай хийхгүй орхигдуулж улмаар тэднийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд Эрүүгийн хууль хэрэглээний алдаа гарсан байна. Тухайлбал:  

Шүүгдэгч Ч.Х-ыг хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан байхаас гадна тухайн хууль бусаар хадгалсан нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан тухайн тохиолдолд “нэг төрлийн буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэг”-ийн шинжид багтаж буй гэмт үйлдэл бүрт ял оногдуулах үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг төгс хангасан үйлдэлд нь төгс бус буюу завдсан үйлдлийг нь нэгтгэж, үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцон шийдвэрлэх үндэслэл бүхий бөгөөд түүний эрх зүйн байдалд нийцнэ гэж үзнэ.   

Мөн хууль бусаар ан агнах гэмт хэргийг төгс үйлдэх, тус гэмт хэргийг үйлдэхээр завдсан байх нь илтэд ялгаа заагтай болох нь тодорхой хуульчлагдсан байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан шүүгдэгч Д.М-т төгс гэмт хэрэг үйлдсэн мэт ял оногдуулсан нь Эрүүгийн хууль хэрэглээний алдаатай гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, мөн энэ талаарх улсын яллагчийн санал, дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.  

Харин төгссөн ба төгсөөгүй гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээ адилхан байх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, тус хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт тохирно гэж үзлээ.  

Тодруулбал, гэмт хэрэгт завдсан тохиолдолд оногдуулах ялын интервал хэмжээг тогтооход ялын доод хэмжээг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тухайн төрлийн ялын доод хэмжээнээс доошгүй, харин дээд хэмжээг нь тухайн гэмт хэрэг оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.      

5. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Л.Сарангуа нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг: “Шүүгдэгч Ч.Х-ыг хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, шүүгдэгч Ч.Х-, Д.М- нарыг бүлэглэн хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,   

            2 заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.    

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан ”...хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР