| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04520/И |
| Дугаар | 192/ШШ2025/09612 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/09612
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод байрлах А и ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг Н ш ш г гт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А и ХХК нь хариуцагч Н ш ш г гт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 А и ХХК нь Капитал банкнаас зээл авч, бүрэн төлж чадаагүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаартай захирамжаар А и ХХК-иас 404,499,906 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөд өгсөн бидний үнийн саналыг Капитал банк хүлээж аваагүй гэх үндэслэлээр М ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилуулан, БЗД-ийн 5 дугаар хорооны нутагт байрлах нүүрний эгнээний 566,2 м2 Г- өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур 58,700,000 төгрөгөөр үнэлсэн.
Ийнхүү Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч, А и ХХК-ийн Баянзүрх дүүргийн * байрлах 556,60 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан.
Улмаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны ажилтан дэслэгч Д.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурал-г зохион байгуулж, тус хурлаар дээрх газрыг Н.Хд 43,090,000 төгрөгөөр худалдахаар болсон. Энэхүү төв замын дагуу цэвэр бохир ус, дулааны шугамд ойр, цахилгааны 0,4 квт буюу 380вт-ын шугамд холбогдсон дэд бүтэц сайтай газрыг НШШГГ дуудлага худалдаанд оруулан 43,090,000 төгрөгөөр борлуулсан нь хэт үнэгүйдүүлсэн үйлдэл байсан. М ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2019 оны 03 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улмаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан нь БЗД-ийн 5-р хорооны нутагт байрлах нүүрний эгнээний 566,6 м2 газрыг 58719550 төгрөгөөр үнэлсэн шүүхэд М ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай" гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай" гэж, Хяналтын журмаар Дээд Шүүхэд хандахад 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдааны 001/ШХ2021/00003 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн төлөөлөгч Л.Гн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай" гэсэн шийдвэр гаргасан.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаартай Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох БЗД-ийн 5-р хороо * тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566,6 м2 газрын үнэлгээг хүчингүй болгох тухай А и ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа хэтэрсэн тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны 00553 магадлалаар нэхэмжлэгч А и ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гэрэлням нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй" гэж эцэслэн шийдвэрлэсэн болно.
Ингээд Л.Гэрэлнямын зүгээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст М ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаярыг худал дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр гомдол гарган, тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.С нь * дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 535 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийхдээ, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах эрх, чиг үүргийг эрх бүхий байгууллагад тусгайлан олгосон бөгөөд М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлахгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг холбогдох хууль, журмыг дагаж мөрдөлгүй, иргэн Л.Гын эзэмшлийн Баянзүрх дүүргийн * тоотод байрлах, өмчлөх эрхтэй, 565.6 мкв талбайтай газрыг 58,700,000 төгрөг бүхий үндэслэлгүй үнэлгээний тайлан гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шинжээч зориуд, худал дүгнэлт гаргах" гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Ийнхүү М ХХК-ийн 2019 оны 18-04/Ш хөрөнгө үнэлгээний тайлан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүчингүй болсон, мөн Fair Valuation, Д ХХК-иудын нягталсан дүгнэлтүүдээс хэт доогуур үнэлж уг тайланг буруу гаргасан нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон болно. Дээрх прокурорын тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардаж аваад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасанд үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр НШШГГ-ын харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэлээ иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах харьяаллыг зөрчсөн байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан тул бид танай шүүхэд хандан нэхэмжлэл байна.
Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Н ш ш г г хариу тайлбартаа: Н ш ш г гт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгүүдийг чиг үүргийн дагуу 2019 онд Банкны төлбөр барагдуулах газарт бүрэн шилжүүлж, тус газар нь харьяалан холбогдох ажиллагааг гүйцэтгэх болсон бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.11-ний өдрийн 4848 дугаар захирамжаар А и ХХК-аас 404,499,906 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичиг, мөн Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох ажиллагааг явуулж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус иргэний хэрэгт холбогдуулан баримт гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зэргээр хариуцагчаар оролцох боломжгүй. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А и ХХК-ийн баримт, А и ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн албан бичиг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлага ёс зүйн хорооны дүгнэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 3157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн 260 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.03.26-ны өдрийн 001/ШХТ2021/00003 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.12-ны өдрийн 244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.25-ны өдрийн 553 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00543 дугаар тогтоол, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.05.02-ны өдрийн 535 дугаар тогтоол, Мөрдөгчийн санал Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019.02.26-ны өдрийн 3/21 дүгээр тогтоол, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.18-ны 12548 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 299 дүгээр шийдвэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
Банкны төлбөр барагдуулах газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.01-ний өдрийн 1/7978 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.11-ний өдрийн 4848 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.28-ны өдрийн 1803 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.01.19-ний 61 дүгээр тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураасан тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.08.09-ны өдрийн Үнийн санал авах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.05.26-ны өдрийн Мэдэгдэл, И ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017.06.06-ны өдрийн тогтоол, Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, 2017.06.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.19-ний өдрийн 03451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.14-ний өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.12-ны 929 дүгээр тогтоол, 2018.12.21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Тэмдэглэл, 2019.01.28-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А и ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...М ХХК нь Л.Г н эзэмшлийн газар, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур 58,700,000 төгрөг бүхий үндэслэлгүй үнэлгээний тайлан гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардаж аваад, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл харьяаллыг зөрчсөн гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан тул бид танай шүүхэд хандан нэхэмжлэл байна. Иймд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Н ш ш г г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Н ш ш г гт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгүүдийг чиг үүргийн дагуу 2019 онд Банкны төлбөр барагдуулах газарт бүрэн шилжүүлж, тус газар нь харьяалан холбогдох ажиллагааг гүйцэтгэх болсон. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус иргэний хэрэгт холбогдуулан баримт гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зэргээр хариуцагчаар оролцох боломжгүй. гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр "А и" ХХК-аас 402,823,837 төгрөг гаргуулж "Капитал банк" ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, "А и" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүрэг, * тоот хаягт байрлах 566 м.кв /хуучнаар 566.6 м.кв/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй газрыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийжээ. /1хх49-65/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгожээ. /хх68-75/
Уг хөрөнгийн үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг төлбөр төлөгч "А и" ХХК эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.19-ний өдрийн 3451 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.14-ний өдрийн 495 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.12-ны өдрийн 929 дүгээр тогтоолоор ...Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2017.06.21, 2017.09.28-ны өдрийн анхан болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож... шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулжээ. /хх75-88/
4.2 Улмаар хариуцагч Н ш ш г г нь Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.12.21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Эд хөрөнгө хураасан тогтоолуудыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулсан байна. Ийнхүү 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19/02 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, * тоот хаягт байрлах 566 м.кв /хуучнаар 566.6 м.кв/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй газрыг хураах ажиллагааг хийжээ. /хх-89-91/
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 тоот тогтоолоор М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Эг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчээр томилогдсон М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 58,700,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч "А и" ХХК нь эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 3157 дугаар шийдвэрээр ...М ХХК-ийн 2019.02.02-ны өдрийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн 260 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.03.26-ны өдрийн 00003 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гэрэлнямын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх13-21/
4.3 Ийнхүү "А и" ХХК-ийн Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.12-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр "А и" ХХК-ийг үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.25-ны өдрийн 00553 дугаар магадлалаар 244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 543 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Л.Гн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх22-28/
4.4 Мөн "А и" ХХК-ийн 2021.8.31-ны өдөр гаргасан гомдлоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2021.09.10-ны өдөр 208/21 дүгээр дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр М ХХК-ийн үнэлгээчин Б.Э, үнэлгээчний туслах Б.М нарын хийж гүйцэтгэсэн 2019 оны 18-04/Ш хөрөнгийн үнэлгээний тайланг хууль, журмыг даган мөрдөөгүй үндэслэлээр хүчингүйд тооцжээ. /хх10-12/ Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024.05.02-ны өдрийн 535 дугаар тогтоолоор ...иргэн Л.Г нь М ХХК-ийн шинжээч Б.Э нь худал дүгнэлт гаргасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллгаа явуулж Хэрэг бүртгэлтийн хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан байна. /хх29-30/
4.5 Улмаар нэхэмжлэгч "А и" ХХК нь дахин Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.23-ны өдрийн 670 дугаар магадлалаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.19-ний өдрийн 627 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд Л.Гэрэлнямын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
4.6 Хэргийн баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19/02 дугаартай тогтоолоор хураагдсан Баянзүрх дүүрэг, * тоот хаягт байрлах 566 м.кв /хуучнаар 566.6 м.кв/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй газрыг анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар тогтоож, энэ ажиллагааны талаарх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г гардуулжээ. /хх-32/
5. Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаанд оруулах тухай дээрх тогтоолыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулан өгсөн байх тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
6. Харин нэхэмжлэгчийн ...прокурорын тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардаж аваад, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл харьяаллыг зөрчсөн гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан тул бид танай шүүхэд хандан нэхэмжлэл байна.. гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно гэж,
16.3-т ...гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дээд шатны байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж болно гэж,
мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.,
44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох талаар шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд харин Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дугаар тогтоолд дээрх хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.
7. Мөн нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр, магадлалыг хянуулж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 553 дугаар магадлалыг хүчингүй болгосон учраас албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй гэх агуулгаар тайлбарласан боловч нэхэмжлэгч нь зөвхөн үнэлгээг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг уг шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтаар тогтоогдох тул энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
8. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлт нь 2021.09.10-ны өдөр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоол нь 2024.05.02-ны өдөр тус тус гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч "А и" ХХК нь хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дугаар тогтоолд хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан болох нь тодорхойгүй энэ талаар баримтгүй ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
9. Түүнчлэн М ХХК нь 2019.02.02-ны өдөр 18-04/Ш дугаартай үнэлгээг Н ш ш г гт хүргүүлж, мөн өдрөө үнэлгээний тайланг хүлээлцсэн байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заалтыг баримтлан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байна.
Энэ хугацаанд төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулаагүй талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтоожээ.
10. Түүнчлэн, нэхэмжлэгч "А и" ХХК нь хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлсон тул шүүх Банкны төлбөр барагдуулах газрыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй юм.
11. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг дагуу явуулахаар шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ш ш г гт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч "А и" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ