Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга  Г. Ууганзаяа ,

          улсын яллагч О.Багшбаяр

          шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Э.Д яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706012430098 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн  Хэрлэн- Баян- Улаан тосгонд  1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  төрсөн, 28 настай, халх, эрэгтэй,  дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ  эрхэлсэн ажилгүй  байсан,  ам бүл-3, ээж, дүүгийн  хамт Баянзүрх  дүүргийн 28 дугаар хороо ,5 дугаар хэсэг, 91-р гудамжны 2524 тоотод оршин суух хаягтай,  улсаас  авсан  гавьяа  шагналгүй,   ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн. Боржигон овогт Э.Д /РД: СЧ90030774 /  

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         Э.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн гэрлэн дохионы уулзвар дээр хохирогч Х.Хасбаатартай маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Энэ үйлдэлдээ харамсч байна гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Мөрдөн байцаалтад хохирогч Х.Хасбаатарын:.. 2017 оны 08 дугаар сарын 17-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн 4 замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн 45-31 ХЭҮ улсын дугаартай аванте экс ди машинтай гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад хойноос шаргал өнгийн 66-22 БРА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин мөргөхөөр нь гайхаад буугаад яаж байна гэж хэлтэл чи өөрөө ухраа биздээ гэж хэлээд хөдөөний муу мал гэж хэл амаар доромжлон намайг жолооч нь барьж аваад тонгорох гээд байхаар нь би цаашаа түлхтэл газар усан дээр унаад чи миний хувцасыг норголоо гэж хэлээд гартаа барьсан зүйлээрээ миний баруун талын завьжийг цоо цохисон. Би гомдолтой байна. Гэхдээ ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй учир баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р тал/, 

            Мөрдөн байцаалтанд Э.Д мэдүүлэхдээ:... Би 2017 оны  08 дугаар сарын  17-ны өдөр гэртээ байж байтал манай найз Шийрэвдорж   над руу утсаар ярьж  найз нь Багануураас ирлээ,  хүний т өдөрт ороод  жаахан архи  уучихлаа. Чи найзынхаа машиныг бариад Багануур хүргээд өгөөч гэж гуйсан юм. ... Тэгээд Дарь-Эх талаас ирээд Дарь-Эхийн 4 замын уулзвартай гэрлэн дохион дээр зогссон ба Хэнтий аймгийн дугаартай “Аванте Экс Ди” маркийн машины ард 4 алхам зайтай зогсож байсан ба тэр үед бороо их орж зам хальтиргаатай байсан юм. Тэгээд зогсож байтал газрын өгсүүр талд зогсож байсан нөгөө” Аванте- Экс- Ди “маркын машин зөөлхөн ухарч ирээд манай найзын машинтай наалдчихсан юм. Тухайн үед манай найз Шийрэвдорж машины урд суудал дээр унтаж байсан учир би машинаас буухад нөгөө машины жолооч нь мөн адил машинаасаа бууж ирээд юу болоод байна. Яагаад араас ирээд мөргөчихвөө гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр хүнд хандаж та өөрөө ухарч ирээд мөргөчихлөө ш дээ гэж хэлэхэд тэр хүн би ухраагүй энэ тэр гээд л бид хоёрын дунд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд би мөргөөгүй гээд л тэр хүн болохоор намайг мөргөсөн гээд л маргалдаж байгаад би за ямар ч байсан машинаа ухраагаад сэв гарсан эсэхийг харъя гээд машинаа бага зэрэг ухрааж үзэхэд 2 машин аль аль нь ямар нэгэн сэв гэмтэлгүй байсан юм. Тэгэхээр  би тэр хүнд хандаж зүгээр л байна шүү дээ одоо тэгээд яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүн яахаараа зүгээр байдаг юм бэ энэ тэр гээд л машиныхаа цаад талаас гарч ирээд намайг заамдаад авсан юм. Тэгээд би хөл алдаж хальтираад газар бороон усан дээр унасан юм. Гэтэл энэ Хасбаатар гэх ах миний дээр дараад жинсэн хүрэмний захаар нь татаж хоолой боогоод байхаар нь би түүнийг гарыг тавиулах гээд гар руу нь хүчтэй түлхтэл миний гар хальтраад тэр хүний нүүр рүү нь хүчтэй цохигдчихсон юм. Тэгээд л би тэр хүнийг тавь гэж хэлж байж гарыг нь тавиулаад босч ирэхэд тэр хүн хацар уруулаа дараад байхаар нь хартал тэр хүний доод эрүү завьжны хэсгээс нь бага зэрэг цус гараад байсан. Тэгээд би машин дотор унтаж байсан найз Шийрэвдоржийг дуудаж сэрээхэд Шийрэвдорж машинаас бууж ирээд 2 машиныг харчихаад зүгээр л байна шүү дээ гэж хэлэхэд Хасбаатар гэх ах цагдаа дуудлаа гээд л цагдаа дуудсан юм. Тэгээд тэр цагдаа хүлээгээд бараг цаг гаруй зогсоод цагдаа ирэхгүй удаад байхаар нь Шийрэвдорж бид хоёр явлаа гээд л машинаа унаад явчихсан юм.гэх мэдүүлэг   /хх-н 47-р тал/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдрийн 10540 тоот дүгнэлтэнд:

             1. Х.Хасбаатарын биед хацар уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл  тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг  гэх дүгнэлт / хх-н 21-р тал/  зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн гэрлэн дохионы уулзвар дээр хохирогч Х.Хасбаатартай маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Э.Дод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  үндэстэй байна.

            Шүүгдэгч Э.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн гэрлэн дохионы уулзвар дээр хохирогч Х.Хасбаатартай маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох  баримтуудаар  тогтоогдож  байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

       Хэрэгт хохирогч Х.Хасбаатар нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох  баримтаа  ирүүлээгүй  байх тул шүүгдэгчийг  одоогоор  бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Хохирогч Х.Хасбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэй болно.

 Шүүгдэгч Э.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Э.Дод  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд  заасан   хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Э.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Дыг нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Дыг оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

        5. Хохирогч Х.Хасбаатар нь  эмчилгээний  зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

           6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй , хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардал  нэхэмжилээгүй болохыг тус тус дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

              

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ