Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/346

 

 

 

 

 

 

     2025           03          18                                           2025/ДШМ/346             

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч М.М-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

яллагдагч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, 

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1188 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч М.М-ын гаргасан давж заалдах гомдлоор яллагдагч Б.Т-д холбогдох 2403004700927 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Т-, 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

Яллагдагч Б.Т- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Налайхын замд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 цагийн орчимд “beiben north benz” маркийн ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зогсож байсан “toyota prius” маркийн 32-58 УАХ, “toyota prius” маркийн 51-42 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж Э.Мөнхсүлдийн амь нас хохирсон, М.М-ын эрүүл мэндэд баруун 4,5,6, зүүн 5,6,7,8 дугаар хавирганы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, зүүн дал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тус Эрүүгийн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, М.Өнөрсайханы 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №1540 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар “...Жолооч М.М- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.2.14. “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг, 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /2хх 92-95/,

“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 52/57, 24/276 дугаартай дүгнэлтийн 1.2-т “toyota prius маркийн ... УАХ улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсол хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /2хх 115-118/ гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байна. Гэтэл прокуророос М.М-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх дээрх дүгнэлтүүдтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл уг зам тээврийн осол гарахад М.М-ын гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь яллагдагч Б.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд яллагдагч Б.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч М.М- давж заалдах гомдолдоо: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн хувьд бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь тухайн хэрэг явдал болсон газарт, цаг үед нөхөр бид хоёр аваараа асаагаад машин зогсоох арга хэмжээ аваад зогсож байсан төдийгүй. Таних тэмдэг тавих цаг хугацаа олдолгүйгээр араас том оврын тээврийн хэрэгсэл мөргөж хань ижлийн минь амь насанд хүрч, надад хүнд гэмтэл учруулж зам тээврийн осол гаргасан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс намайг зам тээврийн осолд нөлөөлөхүйц зөрчил гаргасан гэж тайлбарласан нь бодит байдал, шинжээчийн дүгнэлтэд үл нийцсэн, хэргийн газрын үзлэгийг үгүйсгэсэн нөхцөл байдлыг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж байсан мөрдөгч, хяналтын прокурор, гэрчүүд бүгд миний унаж явсан тээврийн хэрэгсэл, нөхрийн унаж явсан тээврийн хэрэгсэл дохиогоо асаалттай байсныг гэрчилдэг. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс дохио асаагаагүй, таних тэмдэг тавиагүй гэж маргасан баримтуудыг шүүх үнэлсэн нь хэрэгт цугларсан баримтуудаас тэс өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөгчийн магадалгаа болон хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд логикийн хувьд бодит байдалд нийцсэн төдийгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шалгаад тогтоочихсон гэдгийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, замын хурд, осол болох үндсэн суурь шалтгааныг олж тогтоосон. Б.Т-ийн буруутах боломжийг тооцоолсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар миний гаргасан зөрчил бол зам тээврийн осол гарахад нөлөөлсөн суурь шалтгаан бус, зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, осол болох суурь шалтгаан бол Б.Т-ийн ядралттай байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл, урд саад учирсаар байтал урдах тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, урд саад бий болоход зогсоох арга хэмжээ аваагүй, зохих явах хурдыг хэтрүүлэн явсан үйлдэлд хийсэн нөхцөл байдлуудаас шалтгаалж зам тээврийн осол гарсан гэж дүгнэсээр байтал шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахад дахин шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаанаас илүүтэйгээр шинжээчийг буулгах ажиллагааг шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр өөрийг нь оролцуулаад асуулт, хариултын байдлаар шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулж оролцуулах боломжтой гэдгийг тайлбарласан боловч шүүгч уг асуудалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьж шүүгч захирамжаа гаргасанд гомдолтой. Хэргийн газарт байсан гэрчүүд болон бусад, үзлэг хийсэн шинжээч, мөрдөгч прокурорын хувьд бүгд л намайг зохих арга хэмжээ авсан, тухайн осол болох болсон суурь зөрчлийг, илтэд буруутай үйлдэл хийгээгүйг мэдэж байгаа атал шүүх дүгнээгүйд гомдолтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч М.М-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гэсэн агуулгаар миний үйлчлүүлэгч гомдол гаргасан. Тухайн үед осол болсон газарт хэргийн газрын үзлэг явуулсан. Мөн хэргийн газрын схем зураг гаргасан. Осол болсон үндсэн шалтгаантай холбогдуулан гаргасан. Шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаа гарсан байхад дахин магадалгаа гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд М.М-ын зөрчлийн шинжтэй үйлдлийг осол гарсан гол шалтгаан биш гэж үзсэн. Шинжээчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан гэрчээр асуух боломжтой. Гэтэл хэргийг буцааж шийдвэрлэсэн нь дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжийг олгохгүй байна. Дахин шинжээч томилж ямар үр дагаврыг тодруулах гэж байгаа нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгчийн магадалгаа болон “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 2 дүгнэлтээс дүгнэхэд тухайн зогссон тээврийн хэрэгслийн жолооч буюу хохирогч М.М- зам дээр зайлшгүй зогсолт хийсэн болох нь тогтоогдсон. Зайлшгүй зогсолт хийсэн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар нэн даруй зорчих хэсгийг чөлөөлөх ёстой. Тухайн нөхцөлд зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй байвал ослын зогсолтын тэмдгийг тавих ёстой. Өөрөөр хэлбэл зам гэдэг нь нийтийн хэрэгцээнийх юм. Ганцхан тухайн хүн замаар зорчиж яваагүй. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч зайлшгүй зогсох асуудал байж болно. Энэ тохиолдолд ослын тэмдэг тавьж бусдад анхааруулах үүрэгтэй шүү гэдгийг Замын хөдөлгөөний дүрэмд үүрэгчилсэн. Гэтэл жолооч М.М- энэхүү үүргээ биелүүлээгүй. Миний үйлчлүүлэгч Б.Т-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн байна. М.М- үүргээ биелүүлээгүй байхад араас нь зорчиж явсан Б.Т-ийг юуг үндэслэн “чи мэдсэн, чи зогсоох арга хэмжээ авах ёстой” гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “дараагийн шатны шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн гомдлыг прокурорт удаа дараа гаргаж байсан. Прокуророос хүлээн аваагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс дээрх асуудлыг шийдвэрлэсэн. Хамгийн гол асуудал гэвэл зам дээр зогссон үйлдэлд нь хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү гэсэн байгаа. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1188 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зам тээврийн ослыг тогтооход олон төрлийн мэдлэг шаардлагатай. Хөдөлгөөний аюулгүй байдлын онол гэж зүйл байгаа. Осол гарсан шалтгаан нөхцөл хүчин зүйлсийг тодорхойлж өгдөг. Жолоочийн буруутай үйлдэл, техникийн хувьд, замын орчин нөхцөл зэрэг бүх зүйлсийг тооцох ёстой. Осол гарахад олон жолоочийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдож болно. Гэхдээ энэ дүрмийн зөрчил нь осол гарах шалтгаан нөхцөл мөн эсэх, осол гарахад хэрхэн нөлөөлж байгаа бэ гэдгийг тооцож, хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Техникийн шинжээчээс зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргадаг. Зөрчил нь үйлдлээрээ тодорхойлогдоно. Гэтэл тухайн зөрчил нь осол гаргахад хэрхэн нөлөөлсөн гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх ёстой. 2 тээврийн хэрэгслийг хоёуланг нь мөргөж байгаа. Гэхдээ талийгаачийн сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөснөөс болж хүний амь нас эрсэдсэн байгаа. М.М-ын тээврийн хэрэгсэл нь талийгаачийн тээврийн хэрэслээс хойно зогсож байсан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн мөргөсөн үйлдэл байгаа боловч хүн нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Шалтгаант холбооны онолын хувьд тухайн хүний үйлдэл нь хүнд хохирол учрахад шууд шалтгаан болоогүй бол буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Хууль зүйн онолын хувьд тайлбарлаж байна. Өмнөх тээврийн хэрэгслийг шүргэж болно гэхдээ дараагийн тээврийн хэрэгслийг хашлагатай хамт наачихсан байгаа. Энэ үйлдэл нь осол гарах шалтгаан байгаа юм. Гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байсан гэж тайлбарласан. Яллагдагчийн мэдүүлгийг буруутгах боломжгүй. Өөрийнх нь хэлж байгаагаар буруу талаар нь тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлсэн гэж байна. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээнд орохгүй яваад байвал ямар нэгэн саад байна гэсэн үг. Тэгэхээр жолооч буруу талаар нь орохоосоо өмнө ямар нэгэн саад байгааг мэдэх болгоомжийг үүсгэх ёстой. Энэ байдлыг жолооч тооцоод явж байх байсан. Зам тээврийн гэмт хэрэг нь өөрөө болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд болгоомжгүй гэмт хэргийг тодорхойлсон. Хайхрамжгүй хандах, хөнгөмсгөөр найдах нь өөрөө гэмт хэргийн шинжтэй юм. Энэхүү тодорхойлолтыг шинжээч нар мэдэхгүй. Шинжээч нар нь зөвхөн техникийн тусгай мэдлэгтэй хүмүүс байгаа. Бусдад аюул учруулах нөхцөл байдал үүснэ гэдгийг жолооч мэдэх ёстой байсан. Мэдэх боломж байсан эсэх дээр хууль зүйн дүгнэлтээ хийх ёстой. Жолооч ямар нэгэн аюул саад учирч болзошгүй гэдгийг мэдэх ёстой байсан. Жолооч аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Гэтэл хайхрамжгүй байдлаар гүйцэд түрүүлчихнэ гэсэн нь аюулгүй байдлыг хангах тооцллыг байхгүй болгосон. Урд талын тээврийн хэрэгсэлд халхалагдсан нөхцөлд байвал аюулгүй байдлаа хангах талаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Тухайн тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэхэд өмнө нь саад байгаа эсэхийг мэдсэн байвал зохино гэж заасан. Тэгэхээр энэ бүх байдлыг тооцсны үндсэн дээр халхалагдсан талбайд ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг мэдэж үйлдлээ гүйцэтгэх байсан. Гэмт хэргийн болгоомжгүй шинжийг хангаж байна. Хохирогч М.М-ын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байна. Зайлшгүй зогсолт хийх нь тээврийн хэрэгсэл цааш хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болсныг хэлнэ. Тэгэхээр 2 тонн орчим жинтэй тээврийн хэрэгслийг гурвуулаа нийлээд хаалттай зам дээр түрээд яваад хээр гаргах боломжгүй байсан. Зайлшгүй зогсолтыг хийгээд аюулгүй байдлаа хангах ёстой. Аюулгүй зогсолтын тэмдэгээ тавьж амжаагүй гэсэн хохирогч М.М-ын тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил харагдаж байгаа хэдий боловч зам тээврийн осол болох шууд шалтгаан нөхцөл болоогүй. Тээврийн хэрэгслийг шүргэсний улмаас талийгаач нас бараагүй. Эдгээр нөхцөл байдлыг бид хууль зүйн хувьд дүгнэх ёстой. Шинжээчийн дүгнэлтийг шууд эх сурвалжаа болгож үзэх нь учир дутагдалтай. Би энэ хэрэгт урьд нь эсэргүүцэл бичсэн боловч биелээгүй. Дахин прокурорын зүгээс эсэргүүцэл бичих шаардлагагүй байна гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч М.М-ын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бүрэн тогтоох үндэслэл, шаардлага үүссэн байна.

Тус хэрэгт тусгай мэдлэг шаардсан асуудлаар мөрдөгч магадлагаа /2хх-92-95/, мөн шинжээчийн дүгнэлт /2хх-115-118/ гарсан байх боловч жолооч Б.Т-, М.М- нар тус бүр Замын хөдөлгөөний ямар заалтыг хэрхэн зөрчсөн эсэх талаарх дээрх магадлагаа, дүгнэлтээр тогтоосон байдал нь жолооч Б.Т-, М.М- нар тус бүртээ Замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн байх боловч Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн эсэх үндэслэлийн хувьд зохих ялгаа, зөрүү бүхий байдлаар гарчээ.

Тухайлбал, мөрдөгчийн магадлалд М.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 9.5 гэсэн заалтыг, Б.Т- нь  Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 11.14, 12.2 гэсэн заалтыг, харин шинжээчийн дүгнэлтэд М.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 гэсэн заалтыг зөрчсөн, мөн Б.Т- нь  Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.3 гэсэн заалтыг зөрчсөн гэх мэт ялгаатай дүгнэгджээ.

Тийм учраас, тусгай мэдлэгийн асуудлаар зөрүүтэй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд техникийн нарийн мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт дахин гаргуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг тусгай мэдлэггүй атлаа хийсвэрлэх байдлаар үгүйсгэх боломжгүй буюу мөрдөгчийн магадлагаа, дүгнэлтийг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоох, тооцох үндэслэлгүй гэж үзнэ.  

2. Тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар гарсан байх нь хууль зүйн зайлшгүй шаардлага мөн боловч мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтээр “тухайн замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн жолооч нарын хэн нь гэмт хэрэгт буруутай” эсэхийг тогтоохгүй, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, бодит байдлаар тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь шүүх, прокурор, мөрдөгчийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарна.   

Тийм учраас, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “тухайн хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй, тухайн жолооч нарын хэн алиных нь гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд хамаарах буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоох, дүгнэх” агуулга бүхий үндэслэлийг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.     

3. Дээр дурдсан үндэслэл бүхий асуудлын хувьд зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлснээр шийдвэрлэгдэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.27-ны өдрийн 2025/ШЗ/1188 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч М.М-ын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

Яллагдагч Б.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1188 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч М.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХӨӨ

           

                                 ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР