| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00117/И |
| Дугаар | 315/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах, *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах, утасны дугаар *******, ******* ХХК-д холбогдох
түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* ХХК-ийн захирал Ж.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 20-оос эхлэн манайд талбай түрээслэн тавилга, гэр ахуйн барааны худалдаа эрхэлсэн. Сард 2,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулсан боловч түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд тус компани түрээсийн төлбөрийг төлж, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөхөөр шийдвэрлэсэн. ******* ХХК нь шүүхийн шийдвэрээр тохирсон хугацаанд заал талбайг чөлөөлөөгүйгээс бусад түрээслэгч нартай урт, богино хугацаагаар гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах, түрээсийн орлого олох боломжийг хязгаарлаж, хохироосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлснээр 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр талбайгаа чөлөөлүүлж, түрээсийн гэрээг цуцалсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойших нийт 28 сарын хугацаанд 71,250,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 9,200,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Одоо 62,050,000 төгрөгийн төлбөр дутуу байгаа. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,050,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн шүүх хуралдааны шатанд түрээсийн төлбөрт тооцож 3,360,000 төгрөгийн бараа өгч байсныг нэхэмжлэлээс хасаж тооцуулах саналтай гэснийг хасахыг зөвшөөрч байна гэв.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, ******* ХХК-аас Ц.*******од олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 468,200 төгрөг төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.10-ны өдрийн 147/ШШ2022/00413 дугаартай шүүгчийн захирамж, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ХХК-ийн Төрийн банкны дансны хуулга зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ ...2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 28 сарын хугацааны түрээсийн төлбөрт 71,250,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 9,200,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Одоо 62,050,000 төгрөгийн төлбөр дутуу байгаа. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,050,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулна гэж,
1.2. Хариуцагч талаас: Манай компани 2022 оны 09 сараас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх тооцоо нийлж, өр төлбөргүй байсан. Дахин 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцоо нийлж 8,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг баталгаажуулсан акт үйлдсэн байгаа. Одоо 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх тооцооны мөнгийг төлнө. Гэхдээ бидний төлсөн зарим мөнгийг хасаж тооцоогүй байгааг хасаж тооцуулаад төлөхөд татгалзахгүй. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,598,000 төгрөгийн барааг 3,360,000 төгрөг болгон хямдруулж өгсөн. Ингээд нийт 9,160,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг танай байгууллага 9,200,000 төгрөг гэж оруулсан байна гэжээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн эзэмшлийн талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж, 2023 оны 01-р сарын 03-ны өдөр чөлөөлж өгөхөөр тохиролцсон боловч тухайн цаг хугацаанд чөлөөлөлгүй, 2025 оны 02-р сарын 15-ны өдөр тус түрээсийн талбайг чөлөөлж өгсөн болох нь зохигчдын тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн 147/ШШ2022/00413 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. (хх-5-6х)
4. Нэхэмжлэгч талаас бид хоорондоо түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч сарын төлбөрийг өмнөх түрээсийн гэрээний үнэ 2,500,000 төгрөгөөр тооцож 2023.01.03-ны өдрөөс 2025.02.15-ны өдрийг хүртэл түрээсэлсэн гэснийг хариуцагч бичгээр гэрээ байгуулаагүй боловч сар бүрийн тооцоог манай нябо тооцоо нийлж хийж байсан, мөн нэхэмжлэгч нь бусад түрээслэгч нараа гаргаж манайд дангаар нь түрээслүүлнэ гэсэн боловч бусад түрээслэгч нараа гаргаагүй, давхар мөнгө авч байсан гэх зохигчийн тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, түрээсийн гэрээний төлбөрийг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож мөнгө шилжүүлж байсан дансны хуулга зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж шүүх үзлээ. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 326.2 дахь хэсэгт Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэж зааснаар ******* ХХК нь шаардах эрхтэй байна.
6. Зохигчид түрээсийн гэрээ байгуулсан гэдэгтэйгээ маргаагүй, харин тухайн гэрээтэй холбоотой хохирол төлбөрийг төлөх эсэх дээр маргаж, энэ нь маргааны гол зүйл болж байна.
6.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэжээ.
6.2. Зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус, үйлчилгээний зориулалтай тодорхой хэсгийг түрээслүүлэх, түрээслэх харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх гэх хуулийн шаардлага хангагдах боломжгүй болно.
7. Хариуцагчаас гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд урьд түрээсэлж байсан жишиг үнэ 2,500,000 төгрөгөөр тооцож 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2025 оны 02-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 28 сарын төлбөрт 71,250,000 төгрөг, үүнээс 9,200,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж үлдэгдэл 62,050,000 төгрөгийг шаардсан.
Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2025 оны 02-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацааг тооцож үзэхэд 27 сар байх ба 2,500,000 төгрөгөөр тооцоход 67,500,000 төгрөг байхаар байна.
8. Зохигчид түрээсийн төлбөрийн талаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусах хугацаа хүртэлх тооцоог 8,800,000 төгрөг гэж тооцон акт үйлдсэн байх бөгөөд тооцоо нийлсэн актын талаар зохигчид маргаагүй зөвшөөрч байх тул тооцооны үлдэгдлийг тооцоо нийлсэн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус талбайг чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тооцоход нийт 18,5 сар байх бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөрийг нэг сарын 2,500,000 төгрөгөөр тооцоход 46,250,000 төгрөг байна.
9. ******* ХХК нь тооцоо нийлсэн актаар 8,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг үлдэгдэл төлбөрийг 46,250,000 төгрөгт нэмж тооцоход түрээсийн төлбөрт нийт 55,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба ******* ХХК-ийн төлсөн гэх 9200,000 төгрөгөөс тооцоо нийлсэн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөгдсөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1,300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлөгдсөн 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлөгдсөн 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны төлөгдсөн төлөгдсөн 100,000 төгрөг нийт 3,400,000 төгрөг, 3,360,000 төгрөгийн бараа өгсөн гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэсний дагуу 3,360,000 төгрөг, мөн нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 3,750,000 төгрөг нийт 10,510,000 төгрөгийг хасаж тооцон ******* ХХК-аас 44,540,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгуулах нь зүйтэй байна.
10. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас түрээсийн төлбөрт 44,540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 44,540,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 380,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 44,540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 44,540,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 380,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА