| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2308 00945 0094 |
| Дугаар | 2025/ДШМ/440 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/440
2025 04 15 2025/ДШМ/440
Д.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Д.С /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2308 00945 0094 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 7 дугаар орцонд жижүүрийн байранд байхдаа хохирогч О.Б ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний Хаан банкны **** дугаарын данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр АТМ-ээс нийт 4.079.450 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Сд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгаас 4.079.450 төгрөг гаргуулж хохирогч О.Б од олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь хийсэн гэмт хэрэгтээ бүрэн гэмшиж, гэм буруутай байдлаа бүрэн хүлээж гэм хорын төлбөр болох 4.079.450 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний гэмт үйлдлээ хүлээсэн, мөн гэм хорын төлбөрөө төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Сгийн түүний өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс бие даасан давж заалдах гомдлыг гаргаагүй. Шүүгдэгчийн хувьд хохирлыг барагдуулсан гэсэн байдлаар гомдлоо гаргасан. Гэхдээ өнөөдрийн байдлаар хохирлыг бүрэн төлөөгүй. ...500.000 төгрөг төлсөн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний хохирлыг төлсөн учраас түүнд оногдуулсан ялыг хуульд заасан хэмжээгээр багасгах боломжтой гэж үзэж байна гэв. ...” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудад анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 7 дугаар орцонд жижүүрийн байранд байхдаа хохирогч О.Б ын 20.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний Хаан банкны **** дугаарын данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 4.059.450 төгрөг, нийт 4.079.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх14/, хохирогч О.Б ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх15/, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрэл зургийн аргаар таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-73/, О.Б ын Хаан банкны **** тоот дансны хуулга /хх 75/, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29/2580 дугаартай Хаан банкны албан бичиг /хх 76/, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-79/,
хохирогч О.Б ын “...Борко байхгүй байсан тул тухайн үед өмсөж байсан өмднийхөө халаасанд байсан картаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би данс дахь мөнгөө үзтэл дансанд байсан 4.059.450 төгрөг байхгүй байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний Хаан банкны **** тоот данснаас 4.059.450 төгрөг гарсан байсан. ...Боркотой 2 хоног амьдрахдаа би картаа өгч гаргаад АТМ-ээс мөнгө авхуулж байсан. Миний картын нууц үгийг Борко мэднэ, өөр хүн мэдэхгүй. ...учирсан хохирлоо бүрэн барагдуулмаар байна. ...” /хх 22-24, 53/,
шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Батболд ахыг 3.000.000 төгрөгтэй гэдгийг мэдэж байсан болохоор шууд банкны картыг нь аваад гараад явчихсан. ...Дэлгүүр гаргаж байсан болохоор картын кодыг нь мэдэж байсан. ...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс картыг нь уншуулж үзэхэд дотор нь 4.000.000 төгрөг байсан. ...Тэгээд би 1.800.000 төгрөгийг нь авсан. ...10 дугаар хорооллын автобусны хойд талд байдаг Хаан банкны АТМ-ээс 2.250.000 төгрөг авсан. Тухайн мөнгөө 2023 оны 01 дүгээр сар хүртэл үрсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сард цагдаад баригдсан. ...Батболд ахын картыг шунахайн сэдэлтээр авсан. ...” /хх87-88/ гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Сг бусдын эд хөрөнгө болох хохирогч О.Б ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний Хаан банкны **** дугаарын данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр АТМ-ээс нийт 4.059.450 төгрөг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Д.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.С нь “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. ...4.079.450 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Шүүдэгч Д.С нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байх боловч өмнөх буруутай үйлдэлдээ гэмшиж, ухаараагүй, дахин энэ төрлийн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шийтгэх тогтоол гарснаас хойш сар хүрэхгүй хугацаанд үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс оргон зайлсан нөхцөл байдлууд тогтоогдсон тул анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан 1 жилийн хорих ял нь шүүгдэгч Д.Сгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон гэж дүгнэлээ.
Иймд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь давж заалдах гомдолдоо хохирогчийн хохирол төлбөр болох 4.079.450 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх боловч гомдолд хавсарган ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Б ын Хаан банкны **** тоот дансанд 500.000 төгрөгийг төлсөн /хх 189-190/ байх тул түүний төлбөл зохих 4.079.450 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/414 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Д.С нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Б ын Хаан банкны **** тоот дансанд 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА