| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0442/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 140
М.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, Н.Ууганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1217 дугаар магадлалтай, М.Эт холбогдох 201301000267 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Эоос 2.823.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Год олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, Б.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Эт холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Гэрч Б.Эын өгсөн “...М ус авч ирж байшингийн цонхны доор цусаа угаасан. Тэгж байтал гэрт хүмүүс орилолдоод явчихаар нь би “за энэ нэг л биш боллоо” гэж бодоод тэдний байшин дотор яваад ортол Б.Б шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн Т.Б, М.Э хоёр сандарсан байдалтай цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийж харагдсан. Тэгээд л би тэр дор нь 102, 103 руу тус тус залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн болон цагдаагийн ажилтнууд ирсэн ба намайг цагдаагийн машинд саатуулан суулгасан...
...Э, Б, Б нар хоорондоо юм ярьж байхдаа урьд өмнө нь болсон асуудлыг ярьж хоорондоо маргах шинжтэй болохоор нь би эхний удаа “та нар больцгоо” гэж хэлэхэд тэд үгэнд ороод дуугүй болсон. Тэр үед би тэр хэдтэй үг яриа нийлэхгүй байсан болохоор 1 удаа явахаар гарч буцаж орсон... Намайг гэрээс зодуулж гарах хүртэл хугацаанд талийгаач Б.Б хэн нэгэнтэй зодолдож, ноцолдсон асуудал болоогүй. Харин зодуулаад гадаа цусаа угааж байх хооронд байшин дотор Э, Б, Б нар үлдсэн, тэр гурвын хооронд ямар нэг зүйл болсон. ...Тэгэхэд Б ямар ч хөдөлгөөнгүй царай нь хөхөрчихсөн байсан. Б гайхсан байдалтай Бын цаад талд нь зогсож байсан, Э их сандарч тэвдсэн байдалтай Бын дээр нь мордоод суучихсан цээжийг нь дараад, амаараа хиймэл амьсгаа хийгээд байж байсан. ...Би тухайн үед Быг Э ийм болгочихсон гэж бодсон. Тэр үед би “хүүе та нар чинь юу болж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Э, Б хоёрын хэн нь ч, юу ч дуугараагүй. Тэрнээс хойш Б, Э хоёртой ярилцахаар ойртоогүй болохоор юм яриагүй. Юм ярих ч шаардлага гараагүй. ...Тэгэхэд Э “Би найзыгаа алчихлаа” гээд л орилоод гүйгээд байсан. Цагдаа нар ирээд намайг машинд суу гэж хэлсэн. Тэгээд л би цагдаагийн алаг машинд суусан. Цагдаагийн алба хаагч нар Эыг уйлж байхад харсан байх... гэх мэдүүлэг,
гэрч Т.Бын өгсөн “...Этай ноцолдоод түлхэж байх хооронд Б сандал дээрээс босч ирэх үед Э Бын нүүр рүү цохисон, ...Э Быг нэг цохичихоод шууд Э бид хоёрын араас гүйгээгээрээ залгаад хаалгаар гарсан. Гадаа гарангуут Э Э руу дайраад, Э Э руу дайрч, харилцан бие биенийгээ цохиж зодолдсон. Би голоор нь орж салгасан. Эыг чи яв гээд хөөсөн боловч явахгүй зогсоод байсан болохоор арай илүүрхэж дайрч давшлаад байсан Эын хөдөлгөөнийг хорьж, тэвэрч аваад чи боль, ор гээд гэр рүүгээ түлхэж оруулсан. Тэгээд Эын араас залгаад зэрэг гэр рүү орсон. Гэрт орж ирэхэд М анх сууж байсан газраа сууж байсан. Харин Б Эт цохиулж унасан газраасаа хөдлөөгүй, тэндээ доошоо хараад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Быг газар хэвтэж байгааг Э хаалгаар орж ирэнгүүтээ хараад энэ яачихаа вэ гээд гүйх маягтай очоод дээш нь эргүүлсэн. Тэгтэл Бын царай нь хөхөрчихсөн, амнаас нь бага зэрэг хөөстэй, хэрчсэн лууван мэт идсэн зүйл нь гарсан байсан. Бын царай нь их сонин харагдсан тул би ч гэсэн айж сандарсан байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1084 дугаартай шинжээчийн “Б.Бын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр доорх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Б.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн байна. Цус нь АВО систамээр 01 бүлэгтэй байна. Нүүр, хүзүү, гарын цус хуралтууд нь үхэлд нөлөөгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх дүгнэлт,
Шинжээч эмч С.Одончимэгийн "...гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсч болно. Учир нь судас хөхөрч байгаа учраас цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй. Цохилт, унаж ойчихын аль ч үед үүсч болно. Тухайн үед талийгаачийн цусанд согтолтын хүнд зэрэг гарсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтлийг авсан даруйд ухаан алдана. Ер нь нэг их удахгүй үхэлд хүргэнэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эын цохилтын улмаас амь хохирогч Б.Б нас барсан болох нь тогтоогдож байна.
1.Хэргийн газарт дуудлагаар очсон эмч А.Саруул, цагдаагийн алба хаагч С.Ууганбаяр нараас хэрэг гарсны дараах үйл байдлын талаар мэдүүлэг авсан тул дахин тухайн үед хэргийн газарт үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг олж байцаах шаардлагагүй бөгөөд энэ хэрэгт ач холбогдолгүй, ямар нөхцөлийг тогтоох гэж байгаа нь ойлгомжгүй байна.
2.Уг хэрэг нь 2013 онд үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдсэн плита шал, дрож гэх мэт зүйлээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээжийг авсан гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд одоо энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Моос гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд түүнийг нас барсан талаар хэргийн оролцогч нар мэдүүлдэг. Түүнийг нас барсан тухай баримтыг авах нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул ач холбогдолгүй юм.
Давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшинд үнэлдэг атал “...хохирогч Б.Бын тархины суурийн артерийн судас хагарсан нь үхэлд хүргэх гол шалтгаан болсон” гэж шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт тусгагдаагүй зүйлийн талаар дүгнэн уг ажиллагааг хийлгэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгожээ. Тус заалтад “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай заажээ. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дурдсан зүйл байхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1271 дүгээр магадлалыг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г гаргасан гомдолдоо: “Миний бие Монгол Улсын Цагдаагийн байгууллагад тасралтгүй 25 жил шинжээчээр ажиллаж гавъяаныхаа амралтад гарсан ч 2013 онд бусдын гарт амиа алдсан аавынхаа үхлийн үнэн хариултыг эрэн 7 жилийг үдсэн нэгэн билээ. Уг хэргийг М.Э үйлдсэн нь шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “гүйцэтгэх ажиллагааны нууц материал”-ыг огтхон ч авч хэлэлцэхгүйгээр /хуралд дурьдагдаагүй/ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь алдаа дутагдалтай байна. Иймд уг хэргийг хянан шийдвэрлэхдээ “гүйцэтгэх ажиллагааны нууц материалууд”-тай танилцаж, үүнийг шүүх явцад авч хэлэлцэхийг хүсч байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шүүгдэгч М.Э нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод архидан согтуурсан үедээ Б.Бын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон болно. Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхдээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үл харгалзан хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтооход онц чухал биш нөхцөл байдлуудыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрч Г.Эын өгсөн “...Э, Б, Б нар хоорондоо юм ярьж байхдаа урьд өмнө болсон асуудлыг ярьж хоорондоо маргах шинжтэй болохоор нь би эхний удаа та нар больцгоо гэж хэлэхэд тэд үгэнд ороод дуугүй болсон. Тэр үед би тэр хэдтэй үг яриа нийлэхгүй байсан болохоор нэг удаа явахаар гарч буцаж орсон... Намайг гэрээс зодуулж гарах хүртэл хугацаанд талийгаач Б.Б хэн нэгэнтэй зодолдож, ноцолдсон асуудал болоогүй. Харин зодуулаад гадаа цусаа угааж байх хооронд байшин дотор Э, Б, Б нар үлдсэн ба тэр гурвын хооронд ямар нэгэн зүйл болсон байх гэж би үзэж байна. Яагаад гэхээр М надад ус хийж өгөөд цусаа угааж байхад байшин дотор хүүе, хаая гээд пижигнэлдээд явчихсан. Энэ асуудал маш богино хугацаанд болсон. Тэгэхээр талийгаачийн цамцны товч тасарсан асуудлыг Э, Б нар л мэдэж байгаа байх. Миний бодлоор намайг зодож гаргасны дараа Э, Б нар буцаж ороход талийгаач Б.Б намайг өмөөрч тэр хоёртой маргаж, улмаар зодуулсан байх гэдэг бодол надад байдаг юм… Би явж ороод хартал байшингийн голд талийгаачийн толгой нь зүүн тийшээ харчихсан, амнаас нь хөөс сахраад Э дээрээс нь дарчихсан хиймэл амьсгаа аманд нь хийгээд байж байхаар нь “хүүе та нар чинь юу болж байна” гээд... дуудлага өгсөн юм... Би яг амь хохирогчийг хэн цохисныг хараагүй. Миний бодлоор бол тухайн үед байсан хүмүүсээс амь хохирогчоос өөр хэн нэгэн намайг өмөөрөхгүй байсан. Цагдаа нар ирчихсэн байсан. Тэгэхэд Э “Би найзыгаа алчихлаа” гээд л орилоод гүйгээд байсан. Цагдаа нар ирээд намайг машинд суу гэж хэлсэн. Тэгээд л би цагдаагийн алаг машинд суусан. Цагдаагийн алба хаагч нар Эыг уйлж байхад харсан байх.” гэх мэдүүлэг,
гэрч Б.Мийн өгсөн: “...Гэрийн эзэн Эыг аваад би Эыг салгаж аваад шанагаар ус хийж өгч нүүрийг нь угаалгасан. Тэгээд ороход сууж байсан Б хэвтчихсэн байсан. Б, Э хоёр “миний найз хачин болчихлоо” гээд хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Тэр хооронд түргэн, цагдаа хоёр ирсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Бын өгсөн: “...Тэгээд архиа задлаад би тэд нарт архиа хундагаар 2 тойруулаад байж байтал үл таних залуу болох Э, Э хоёр хоорондоо муудалцангуутаа шууд гэрт зодолдсон. Эын хамарнаас цус гоожоод зуух болон ойр орчимд нь цус болчихоор нь би босоод Эыг барьж аваад Этой зууралдаад байсан учраас дундуур нь орж салгаад гэрээс Эыг түлхээд гаргаж байх хоорондоо Б буюу Быг “Эыг аваарай” гэж хэлэхэд Этай ноцолдоод түлхэж байх хооронд Б сандал дээрээс босч ирэх үед Э Бын нүүр рүү цохисон. Би гадагшаа Эыг аваад гартал араас Э гарч ирээд зууралдаад байхаар нь салгаад буцаад Эыг түлхээд гэр рүү орж ирэх үед Б доошоо хараад уначихсан байсан. Тэгээд Э Быг дээш нь харуулсан чинь царай нь хөхөрчихсен байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд дээрээс нь дараад байсан чинь сэргэхгүй байсан юм... гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1084 дугаартай шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “...Б.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 947 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “1.Шүүх эмнэлгийн 1084 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Б.Бын цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүү, бугалга, шуу, сарвууны цус харвалт бүхий гэмтэл учирчээ. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судасны дутагдалд орж нас баржээ... гэх дүгнэлт,
гэрч Ж.Рын өгсөн: “...Болсон хэргийн талаар Э, Э нар маргалдсан, тэгээд тэд нарыг салгах гэж байхад Э амь хохирогчийг нэг л удаа цохисон, нас барсан шалтгаан нь цохилтоос болсон бол Эоос өөр хэн нэгэн цохиогүй гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь хангалттай нотлогдож байх атал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн магадлалын тодорхойлох хэсэгт: ...шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. ...Иймд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээр дурдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй... тул... шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, М.Эт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон юм.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1217 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон 2013 оны шинжээчийн дүгнэлтийн шинжээч томилсон тогтоолд хууль сануулаагүй бөгөөд 2017 онд хэргийг шүүхэд шилжүүлэх үед шинжээчийн гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон учир Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт байхгүй. 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн С.Одончимэг шинжээчийн дүгнэлтэд эд, эсийн шинжилгээ хийгдээгүй. Тухайн үед амь хохирогч хүнд зэргийн хэмжээний согтолттой бөгөөд ямар нэгэн байдлаар цус харвасан, судас хагарсан байх боломжтой. Энэ асуудлаар гомдол гаргаж, дахин шинжээч томилогдсон бөгөөд эсийн шинжилгээ хийж, тархины судасны хатуурал буюу артериолсклероз гэх оношийг гаргасан. Гэхдээ тасарсан судсанд шинжилгээ хийсэн эсэх нь мөн тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтэд гэрийн хаягийг буруу бичсэн байхаар нь гурав дахь удаагаа шинжээч томилуулсан бөгөөд прокурор Э.Гэрэлмаа дандаа хөтөлсөн асуулт тавьсан. Давж заалдах шатны шүүх нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй гэж дүгнэсэн. Хэргийг шалгах эхний гурван жилд Т.Б, М.Э нар бүлэглэн амь хохирогчийг алсан гэх сэжигээр шалгасан. Т.Б, М.Э, амь хохирогч нар бол нэг нутгийн найзууд. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэнэт Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, маргааш нь түүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхээр мөрдөгчийн үзэгний хошуугаар хүний хувь заяаг шийдвэрлэж болохгүй. Дээд шатны прокурор яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй үндэслэлээр 6 цагийн дотор хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хурал дээр гүйцэтгэх ажлын нууц материалтай танилцуулах гэтэл өмнөх шүүгчээс Ч.Алтанцэцэг шүүгчид ирээгүй гээд хэлэлцэлгүй орхисон. Тэр нь М.Э надтай утсаар ярьсан материал байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй буюу амь хохирогчийн нас барсан шалтгаан тодорхойгүй байна. Гэрч нар нь бүгд Т.Бын ойр дотны хүмүүс байгаа. “Би хүн алчихлаа” гэж хэлсэн бол цагдаагийн байгууллагын ажилтнууд тэр даруй барьж авна. “Миний найз үхчихлээ” гэж орилж байсан хүнийг “би хүн алчихлаа” гэж хэлсэн болгож байгаа нь Т.Бын эцсийн арга юм” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хэлсэн саналдаа: “Хохирогч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан боловч хуулийн ямар зүйл, заалт буруу хэрэглэж, шийдвэрт нөлөөлсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу тодорхойгүй. Зөвхөн хэргийн материалд авагдсан нотлох баримтыг өөрийн дүгнэлтийн хүрээнд үнэлсэн байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Яллах дүгнэлтийн хавсралтад орсон мөрдөн шалгах нууц материалыг шүүх хэлэлцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Э нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод Б.Бын нүүрэн тус газарт цохиж, биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Б.Б нь төвийн гаралтай зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Энэ хэрэгт нууц мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх боловч прокуророос тухайн нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт тусгахгүйгээр, тусад нь шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тухайн баримттай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар танилцаагүй, мөн уг баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, түүний агуулгыг шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд дурдаагүй байна.
Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалж нь хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч М.Эын хохирогч Б.Бын нүүрэнд цохисон үйлдэл нь хохирогчийн тархинд цус харваж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Хяналтын шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх буюу тухайн баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар гэрч Т.Бын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн “…Э, Э хоёр хоорондоо муудалцангуутаа гэрт шууд зодолдсон. Эын хамарнаас цус гоожоод зуух болон ойр орчимд цус болчихоор нь би … дундуур нь орж салгаад … Быг Эыг аваарай гэж хэлээд Этай ноцолдон түлхэж байх хооронд Б сандал дээрээс босч ирэх үед Э Бын нүүр лүү нь цохисон. Би гадагшаа Энхбаатарыг аваад гартал араас Э гарч ирээд зууралдаад байхаар нь салгаад буцаад Эыг түлхээд гэрлүү орж ирэх үед Б доошоо хараад уначихсан байсан. Э Быг дээш нь харуулсан чинь царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд дээрээс нь дараад байсан чинь сэргэхгүй байсан юм. Тэгтэл Э 20 жил уулзаагүй найзыгаа алчихлаа шүү дээ гэж хэлтэл М босч ирээд наад хүн чинь болохоо больчихжээ, түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гээд түргэн тусламж дуудсан… Э би найзыгаа алчихлаа шүү дээ гээд хашааны банз гараараа нүдээд байсан юм… Э, Б бид гурав унаган багийн найз нөхдүүд байгаа юм. Болсон бүх асуудлыг М мэдэж байсан. М нь Э Быг цохисон гэдгийг хэлэх байх гэдэг үүднээс би юу ч хэлж дуугараагүй юм. Одоо М нас барчихсан учраас би бүх үнэнийг хэлж байгаа юм… Э Бын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон... /2хх-80/ гэх мэдүүлэг,
мөн М.Э нь гэрт буцаж орж ирээд Б.Бт хиймэл амьсгал хийсэн талаар гэрч Б.Эын өгсөн мэдүүлэг, мөн М.Э нь “Би найзыгаа алчихлаа” гэж хэлж байсан талаар гэрч Б.Э, А.С, С.Б, Б.С, Ж.Р нарын өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх, амь хохирогч Б.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан талаар шинжээчийн 1084, 947, 1174 тоот дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзэх, улмаар амь хохирогч Б.Б нас барсан хэрэгт М.Эоос өөр хэн нэгнийг холбогдуулан шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч тэрээр амь хохирогч Б.Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисны улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан болох нь гэрч Т.Бын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна амь хохирогчийг өөр хэн нэгэн хүн цохиж үхэлд хүргэх гэмтэл учруулсан, эсхүл амь хохирогч нь өвчний улмаас нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад амь хохирогч Б.Бын тархины суурийн артерийн судас хагарсан гэмтэл нь биеийн аль хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилснээс үүсч болохыг тогтоох зорилгоор энэ хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй, мөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа М.Э “Би найзыгаа алчихлаа” хэмээн ямар зан үйл гаргаж байсан талаар гэрч Т.Б, Б.Э, А.С, С.Б, Б.С, Ж.Р нар харилцан зөрүүгүй мэдүүлэг өгсөн байхад хэргийн газарт үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг олж, 2013 онд үйлдэгдсэн энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг нэмж авах шаардлагагүй, мөн тухайн үед хийгдсэн хэргийн газрын үзлэгт плита шал, дрож гэх мэт зүйлээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээжийг авсан гэж тэмдэглэгдсэн байх боловч түүнийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлээгүй, мөн энэ хэргийн гэрч Б.М нас барсан, шаардлагатай өөр гэрч байхгүй үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл түдгэлзүүлсэн тогтоол /2хх-22,24/ хэрэгт авагдсан, мөн Б.М нас барсан талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний нас барсан тухай баримтыг хэрэгт хавсаргаагүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзэв.
Иймд энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1217 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН