Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 110/2018/0056/З |
Дугаар | 48 |
Огноо | 2020-01-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 48
Ш.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий
сумын улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “Г овогтой Б-ыг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 568 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1,12.11.3,12.16, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-ын Г овогтой Б-ыг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 568 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2” гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 110/ШШ2019/0055 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 568 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж ийнхүү хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.
4. Г.Б-ын эцэг Х.Г нь 1999 онд гадаад улсын иргэн болсон байгаа хэдий ч нэгдүгээрт, Х.Г нь өмнө нь гадаад улсын иргэн биш, Монгол Улсын иргэн байсан болохыг онцгойлон анхаарч үзэх ёстой, нөгөөтэйгүүр, Х.Г нь хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн, харин эх М.А нь мөн өмнө нь гадаад улсын иргэн биш, Монгол Улсын иргэн байсан, ингэхдээ М.Аийн хувьд 2013 онд гадаад улсын иргэн болсон, өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн байхдаа буюу 2012 онд хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч, энэ талаар нотариатаар гэрчлүүлсэн. Түүнчлэн Ш.М, С.Х нарын сумын Засаг даргад бичгээр гаргасан хүсэлт зэрэг нь, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна...”, 55.6-д “...Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана...”, 55.7-д “...Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана...” гэж заасантай бүрэн нийцсэн байх ба хуулийн энэхүү шаардлагыг хангасан нөхцөлд сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь хуульд тусгагдсан байна.
5. Учир нь дээр дурьдсанчлан, Г.Б-ын эцэг, эх Х.Г, М.А нар өмнө нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд хүүхэд үрчлүүлэх тухай зөвшөөрлөө нотариатаар гэрчлүүлсэн, эх М.А нь гадаад улсын иргэн болоогүй байхад зөвшөөрлөө сайн дураараа өгсөн байх тул сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан нь ямар нэгэн зөрчил агуулахгүй, тухайн захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж хүчин төгөлдөр бөгөөд анхан шатны шүүхээс илт хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.1.7 дахь хэсэгт заасан тохиолдол тус бүрээс харахад захиргааны актыг илт хууль болох үндэслэл тогтоогдохгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж зөв дүгнэсэн.
6. Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д: Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэж заасан. Хэдийгээр Г.Б нь Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй боловч төрснөөсөө өнөөдрийг хүртэл нагац өвөг эцэг, нагац эмэг эх нарын хамт эрүүл саруул эсэн мэнд бойжиж, хүмүүжигдэж байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахад нэн тэргүүнд анхаарч үзэх ёстой.
7. Г.Б-ыг төрснөөс нь хойш нагац өвөг эцэг, нагац эмэг эх нар нь асарч, халамжилж байгаа учир тэднийг төрсөн эцэг, эхээ гэж ухамсарлан ойлгодог ба харин жинхэнэ эцэг эхээ танихгүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. Одоо Х.Г, М.А нар нь гэрлэлтээ цуцлуулсан, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй тодорхой бус. Тэд тухайн үед сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө зөвшөөрлөө өгч Казахстан Улс руу явснаас хойш өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, хүүхдээ эргэж ирээгүй, холбоо тасарсан болно.
8. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна” гэж заасан учир Г.Б нь нэгэн адил энэ хуулийн хамгаалалтыг эдлэх эрхтэй. Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн 21 дүгээр зүйлийн 1. Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь: (а) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ; (b) хэрэв хүүхдийн хүмүүжил буюу үрчлэлтийг хангаж чадахуйц гэр бүлд байлгах буюу хүмүүжүүлэх зорилгоор шилжүүлэх, эсхүл тухайн хүүхдийн төрсөн оронд зохих ёсоор нь асрамжлах боломжгүй бөгөөд өөр оронд үрчлүүлэх нь хүүхдийг асарч хамгаалах боломжтой арга хэмээн авч үзэж, хүүхдийг асран хамгаалалтад түр шилжүүлэх, тохирох гэр бүлд үрчлүүлэх, эсхүл эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрнө; (c) хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хэм хэмжээг адил хэмжээнд хангана; (d) улс хооронд үрчлүүлэх хүүхдийг шилжүүлэн суурьшуулахад оролцсон хүмүүс энэхүү үйл ажиллагаанаас санхүүгийн ашиг хонжоо олохгүй байх шаардлагатай бүх арга хэмжээ авна гэж тус тус зааснаас үзэхэд, хүүхдийг дээрх байдлаар үрчлүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал харагдахгүй байна.
9. Мөн Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна” гэж заасныг анхаарч, улсын бүртгэгчийн эс үйлдэхүйгээс болж Г.Б-ын эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, сурч боловсрох эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрх нь тус тус зөрчигдөж байна. Дахин хэлэхэд, Х.Г, М.А нар нь угийн гадаад улсын иргэд биш, Монгол Улсын иргэд байсан бөгөөд гагцхүү Казакстан улсад амьдралын шаардлагаар нүүсэн иргэд юм.
10. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” гэж заажээ. Энэхүү хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эх М.А-ийг Монгол улсын харьяатаас гарах хүртэл хугацаанд /2013.07.04/ хүүхдээ Монгол улсын төрсний бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ авах эрхтэй байсан ба тэд бүртгүүлээгүй боловч эцэг, эх нь харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч Ш.М, С.Х нарт үрчлүүлснийг эцэг, эхийн харилцан тохиролцол гэж үзэх бүрэн боломжтой. Нөгөө талаар Г.Б Казакстан улсад төрж, тухайн улсын төрсний бүртгэлийн дэвтэртэй байгаа нь түүнийг шууд Казакстан улсын иргэн буюу гадаад улсын иргэн гэж үзэх нь учир дутагдалтай. Нэгэнт дээр дурьдснаар эцэг, эхийн зөвшөөрөл нь байгаа, харин эцгийнх нь зөвшөөрөл бүхий баримт нь хожим үйлдэгдсэн нь эцгийнх нь зөвшөөрөлгүй гэдгийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн аль нэг нь тухайн үед Монгол улсын иргэн байсан ба Монгол улсад бүртгүүлэх хүсэлтэй байсан болох нь нотлогдож байна.
11. Одоо Г.Б Казакстан улсын төрсний бүртгэлийн дэвтэртэй байгаа боловч Оросын холбооны улс, Монгол Улс, Казакстан улсын хилээр нэвтрэн орж, гарах ямар нэгэн гарц байхгүй учраас Монгол улсын төрсний бүртгэлийн гэрчилгээ авахаас өөр аргагүй. Иймд, анхан шат болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 568 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд хэрэглэгдэх хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын улсын бүртгэгчид холбогдуулан “Г овогтой Б-ыг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...нэгэнт сумын Засаг даргад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсөн, Г.Бын төрсөн эцэг, эхийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл байгааг үндэслэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн байхад улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус...” гэж маргажээ.
13. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн Х.Г, М.А нарын хүү Г.Б-ыг Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Ш.М, С.Х нарт үрчлүүлж шийдвэрлэсэн байна.
14. Хариуцагч Өлгий сумын улсын бүртгэгчээс, үрчлүүлэгч Г.Б-ын төрсөн эцэг Х.Г, эх М.А нар нь Монгол улсын харьяатаас гарсан үндэслэлээр, дээрх захирамжийг үндэслэн үрчлэлтийг бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “улсын бүртгэгч нь ...холбогдох хуулийг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасантай нийцсэн талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан.
16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, үрчлүүлэгч Г.Б нь 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Көкпект дүүрэг /тосгон/-т төрснийг, тус Көкпект дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх ба түүний төрсөн эцэг Х.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211 дүгээр зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан, харин эх М.А нь хүү Г.Быг төрүүлэх тухайн үед Монгол улсын иргэн байсан боловч хожим Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан байжээ.
17. Харьяатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна”, 7 дугаар зүйлийн 2-т “Эцэг, эхийн аль нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
18. Маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, хүү Г.Б нь Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Көкпект дүүрэгт төрж, тус улсад төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан, гадаад улсын харьяат байх бөгөөд түүний эцэг, эх нь хүүг төрөх тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” гэж заасны дагуу харилцан тохиролцож /эх М.А-ийг Монгол улсын харьяатаас гарах хүртэлх хугацаанд/ Г.Б-ыг Монгол улсын төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах боломжтой байсан боловч Монгол улсын иргэнээр бүртгүүлээгүй байна.
19. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд хүү Г.Б-ыг Монгол улсын харьяат хүүхэд гэж үзэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын А/260 дугаар захирамжийн дагуу үрчлэлтийг бүртгэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзсан шийдвэр хуульд нийцсэн, түүнийг үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцсэн байна.
20. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 568 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА