Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 850

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.И*******, М.М******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э*******, хариуцагч М.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1-д “ .... татвар ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги ногдуулах” хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “А*******” ХХК нь нэг гишүүнтэй үүсгэн байгуулагдсан, компанийн эрхэлж байгаа гянтболд олборлон баяжуулах, уул уурхайн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотоос 400 орчим км зайтай Х******* аймгийн Ц******* сумын нутагт явагддаг.

“А*******” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 15-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу улирал, жилээр нь 2011 оноос 2013 он хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст зохих тайланг тавьж, өөрийн үйл ажиллагааны чиглэл, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг байнга танилцуулж, МУ-ын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн болно. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нар нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 343251 тоот акт тавьж “... татвар ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги" ногдуулсан ба энэ акт нь МУ-ын хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, “А*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Т******* надад албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй, хууль зөрчсөн буруу шийдвэр гэж үзэж Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй, тайлан тушаах бүрт ямар нэгэн байдлаар зөвлөхгүй явж улмаар манай компанийг “... 2011, 2012 онд тус тус чөлөөлөгдөх борлуулалтанд худалдан авсан бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж татвар ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги" төлүүлэхээр хууль зөрчсөн, хууль бус акт тавьсан байх ба Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь ийнхүү гаргасан актыг хуульд заасан журмын дагуу үйлдэж баталгаажуулаагүй, “А*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Т******* надад албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр тул энэхүү актыг зөвшөөрөхгүй байгаа болно. Түүнчлэн манай “А*******” ХХК-ийн олборлон баяжуулж байгаа гянтболд нь өнгөт металлын төрөлд хамаардаг, баяжуулах үйл ажиллагааны үр дүнд эцсийн бүтээгдэхүүн болж борлуулагддаг тул нэмэгдсэн өртгийн албан татвараас хуулийн дагуу чөлөөлөгдөх бүтээгдэхүүн болно.

Ийнхүү удаа дараа биднээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэн Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар тогтоол /2016.12.30-ны өдөр баталгаажуулсан/, Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар тогтоол /2016.05.04-ны өдөр баталгаажуулсан/ тус тус гаргасан боловч эдгээр тогтоолыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1-д “... татвар ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги" ногдуулах гэсэн холбогдох заалтыг хүчингүй болгон, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын хуульд заасны дагуу бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хамгаалан, хуулийн дагуу зохих шийдвэрийг гаргаж өгнө үү хэмээн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалтаар илэрсэн актын зөрчлийн 1 дүгээр хэсэгт 2011 онд чөлөөлөгдөх борлуулалтанд худалдан авсан 27,510.0 сая төгрөг, 2012 онд 81,326.2 сая төгрөг нийтдээ 108,836.2 сая төгрөгийн падаанаар хасалт хийж төлөх татвараа бууруулсан гэж үзэж,  тогтоох хэсгийн 1 дүгээрт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг баримтлан 10,883.6 сая төгрөгийн нөхөн төлбөр, 3,265.1 сая төгрөгийн торгууль, 1,688.8 сая төгрөгийн алданги нийтдээ 15,837.5 сая төгрөгийн төлбөр ногдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 800 дугаар тогтоолын 6 дугаар хэсэгт даргалагч дүгнэлтэндээ Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолд “гянтболд нь экспортод гарсан эцсийн бүтээгдэхүүний жагсаалтанд ороогүй ба татвараас чөлөөлж тайлагнасан нь хууль зөрчөөгүй байна” гэж дурдсан. Гэхдээ манайх Татварын албанд 2011 онд 2,751.0 сая төгрөг, 2012 онд 10,835.2 сая төгрөгийн илүү үлдэгдэлтэй байсан. Иймд манай компаний илүү төлсөн татварыг бууруулж хүүнд тооцохгүй торгууль, алданги тооцох ёсгүй байсан. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс манай компанид 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын НӨАТ-ын баталгаажуулалтын актыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээ тавьсан байгаа. Учир нь НӨАТ-аар баталгаажсан баримт бичгээр манай компаний илүү төлөлтийг бууруулж хассан эсэх нь тодорхой бус байна. Хэрэв бууруулсан бол акт, баталгаажуулалт 2-оор давхар хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байгаа” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн (34/13)0468 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нар 4247949 регистрийн дугаартай “Аривжих мандал” ХХК-ийн 2011-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын Ерөнхий Газрын 2013 оны 4-р сарын 16-ны өдрийн 1/910 тоотын дагуу татварын шалгалт хийж, 2013 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 343251 дугаартай акт, 2013 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 340086 дугаартай дүгнэлт гаргасан. Шалгалтаар нийт 310,034,200.00 төгрөгийн зөрчил илэрснийг компанийн захирал Б.Т*******т танилцуулж, зөвшөөрсөн зөрчлийн хэсэгт Татварын улсын байцаагчийн акт бичиж, зөвшөөрөөгүй зөрчлийн хэсэгт Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд.

1. Гаалийн байгууллагын мэдээгээр нотлогдох;

а). 2012 онд 91,272,100.00 төгрөгийн гянт экспортод гаргасны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй,

б). 2012 онд 91,272,100.00 төгрөгийн гянт экспортод гаргасны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаагүй, тайлагнаагүй байсан.

 

Дээрхи 182,544,200.00 төгрөгийн зөрчлийг захирал Б.Т******* хүлээн зөвшөөрөөгүй учраас дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2. а). 2012 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг өгсөн нь Татварын программд харагдахгүй байсан тул Х******* аймгийн татварын хэлтсээс лавлагаа хүссэн. Х******* аймгийн татварын хэлтсээс 2012 онд тус компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 18,653,800.00 төгрөг төлөхөөр тайлан гаргасан тухай 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/479 тоот албан бичиг ирсэн бөгөөд дээрхи татварыг хугацаанд нь төлөөгүй байсан тул хугацааны 4,103,800.00 төгрөгийн торгууль, '1,928,800.00 төгрөгийн алданги ногдуулсан.

б). Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт тайлагнаагүй, 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох 484,000.00 төгрөгийн борлуулалттай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө; ...13.1.6. энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн” гэж заасны дагуу 212,596,000.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалттай гэж тайлагнасан бөгөөд НӨАТ-тай авсан бүх худалдан авалтыг хасч тайлагнасан байна. Энэ нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөхуг албан татварын нийт дүнгээс хасахгүй, ...14.4.3. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрсөн байна.

Дээр заасны дагуу чөлөөлөгдөх борлуулалт гэдэг нь борлуулалтанд НӨАТ ногдохгүй, худалдан авалтын НӨАТ бас хасагдахгүй байдаг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "... худалдан авсан бараа ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэж заасны дагуу 48.400 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцож, 2011-2012 онд илүү хасалт хийсэн нийт 108,836,200.00 төгрөгийн худалдан авалтанд 10,883,600.00 төгрөгийн нөхөн татвар, 3.265.100.0 төгрөгийн торгууль, 1,638,800.00 төгрөгийн алданги тооцсон. Дээрхи зөрчлийг захирал Б.Т*******т танилцуулахад зөвшөөрсөн тул Татварын улсын байцаагчийн 343251 дугаарын актаар нийт 10,883,600.00 төгрөгийн нөхөн татвар, 7,368,900.00 төгрөгийн торгууль, 3,617,600.00 төгрөгийн алданги, бүгд 21,870,600.00 төгрөгийн төлбөр тогтоосон. Тус компанийн зүгээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг хянан үзэж Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 342151 тоот актыг хэвээр үлдээхээр тогтоосон бөгөөд Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343251 дугаартай акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолд гянтболд нь чөлөөлөгдөх борлуулалт мөн байна гэж үзсэн байна. Гэхдээ өмнөх онуудад нэхэмжлэгч компани нь 100 гаруй сая төгрөгийг чөлөөлөгдөх борлуулалт гэж тайлагнасан. Чөлөөлөгдөх борлуулалт гэсэн мөрөнд тавьсан тохиолдолд чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой НӨАТ-ын худалдан авалт нь хасагддаггүй. Тэгэхээр чөлөөлөгдөх борлуулалтад нь НӨАТ ногдуулаагүй. Чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой НӨАТ-ын худалдан авалтын хасалтыг хийдэггүй учраас энэ хасалтыг хийсэн байна. Энэ бол хасагдахгүй. Улсаас мөнгө авна гэж тайлагнасан байна. Энэ бол улсаас авах мөнгө биш байна гэсэн утгатай акт тавьсан болохоос биш чөлөөлөгдөх, чөлөөлөгдөхгүй борлуулалт байна гэсэн утгатай акт ногдуулаагүй. Актынхаа утгыг ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Нэгэнт чөлөөлөгдөх борлуулалт гэж тайлагнасан бол түүнтэй холбогдох худалдан авалт нь хасагддаггүй. Шүүхэд өгсөн хариу тайлбарт хуулийн заалтууд байгаа. Надад одоо хуулбар нь байхгүй учраас хууль зүйн үндэслэлээ тодорхойлох боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1-д “... татварын ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги ногдуулах” хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нараас Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/910 тоот албан бичиг, Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон (34/13) 0468 тоот томилолт /хх-87/-ыг үндэслэж нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн 2011, 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж маргаан бүхий акт /хх 26-27/-ыг гаргажээ.

Уг маргаан бүхий актын 1 дэх хэсгээр “А*******” ХХК 2011 онд чөлөөлөгдөх борлуулалтад худалдан авсан 27,510.0, 2012 онд 81,326.2 нийт 108,836.2 мянган төгрөгийн бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги нийт 15,837.5 мянган төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулжээ (хх-26-27).

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар тогтоол (хх-10-12)-оор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээжээ. Улмаар нэхэмжлэгч уг зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хүлээн авч 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоол (хх-14-18)-оор маргаан бүхий актыг мөн хэвээр үлдээсэн. 

Нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актыг хуульд заасан журмын дагуу үйлдэж баталгаажуулаагүй, манай компанийн олборлон баяжуулж байгаа гянтболд нь өнгөт металын төрөлд хамаардаг, баяжуулах үйл ажиллагааны үр дүнд эцсийн бүтээгдэхүүн болж борлуулагддаг тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бүтээгдэхүүн болно. Гэтэл татварын улсын байцаагч нар чөлөөлөгдөх борлуулалтад худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийсэн нь буруу гэж акт ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Харин хариуцагч “НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалт гэдэг нь борлуулалтад НӨАТ ногдохгүй, худалдан авалтын НӨАТ-аас бас хасагддаггүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “худалдан авсан бараа ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэж заасны дагуу 2011-2012 онд илүү хасалт хийсэн 108,836,200 төгрөгийн худалдан авалтыг зөрчилд тооцсон” гэж тайлбарлажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.1.16-д “Энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

“А*******” ХХК нь газрын ховор металлын төрөлд багтах гянтболдыг олборлож борлуулсан болох нь Гаалийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04-2/51 тоот албан бичгээр ирүүлсэн “А*******” ХХК-ийн экспортын мэдээлэл (хх-52)-ээр нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгч дээрх хуулийн дагуу 2012 оны 06 дугаар сард 100,368,000 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сард 112,228,050 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлоготой ажиллаж тайландаа тусгасан болох нь “А*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тогтоогджээ.

Гэтэл нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогыг тайланд тусгасан атлаа тухайн борлуулалтад зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн татвар ногдох орлогоос хасч тооцсон нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.4.3-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл үйлчилгээнд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заажээ.

Үүнээс дүгнэвэл татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход зориулж худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох эрхгүй. Гэтэл нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого буюу гянтболд металл борлуулж орлого олсон, тухайн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого хэмээн тайландаа тусгасан атлаа тухайн чөлөөлөгдөх борлуулалтанд зориулж авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон нь дээрх хуульд нийцэхгүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч татварын улсын байцаагч нар тус компанийн гүйцэтгэх захиралд актыг албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй гэж маргажээ. “А*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээс үзвэл тус компанийн үүсгэн байгуулагч Б.Т******* гэж бүртгэгдсэн бөгөөд тэрээр маргаан бүхий актын зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурсан байгаа нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 343251 дүгээр актаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын актыг гардаж аваагүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтаар нотлоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1 дэх заалтаар “А*******” ХХК-д 108,836.2 мянган төгрөгийн зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги нийт 15,837.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. Иймээс маргаан бүхий захиргааны актад заасан торгууль, алданги нь  захиргааны зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж, захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 343251 тоот акт нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар татварын хууль, тогтоомж зөрчсөн 108,836.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан  төгрөгийн төлбөрөөс 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, Ц.Амгалан нараас 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 35/0001913 дугаартай актаар 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 15,837.5 мянган төгрөгийн төлбөрөөс “3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги” ногдуулсан хэсгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.5, 13 дугаар зүйлийн 13.16, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1-д “... татварын ногдох орлогыг бууруулан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 10,883.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алданги ногдуулах” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И*******, М.М******* нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 343251 тоот актын 1 дэх заалтаар 108,836.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265.1 мянган төгрөгийн торгууль, 1,688.8 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ