Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/425

 

  

 

 

 

 

   2025           04             09                                        2025/ДШМ/425                                                                                              

Э.З , Г.З  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан, Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.З , Г.З  нарт холбогдох эрүүгийн 2309 01610 0458 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.З  нь “Э ХХК-ийн охин компани болох “Мэтагра” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор,

Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т "... ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх" гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, "Б" ХХК-ийн гэрээт ажилтан Г.З той бүлэглэн гүйцэтгэж, "Б" ХХК-аас "20 га 50 ra талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх" гэрээ, "20 га 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх" гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр "М" ХХК-ийг төлөөлж "Б" ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулсан,

улмаар “М” ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Г.З гийн эзэмшлийн "Хаан" банк дахь 5027697038 дугаарын, "Голомт банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “М” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.З  нь урьдчилан амлаж Э.З ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан- Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З ын эзэмшлийн "Голомт банк дахь ****  дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь 414004301 дугаарын, түүний эхнэр Г.Энхсувдын эзэмшлийн “Хаан” банк дахь ****  дугаарын, “Голомт” банк дахь 1170004814 дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.З г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр "Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З , Г.З  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З , Г.З  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З аас 54.797.600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч “М” ХХК-нд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.З , Г.З  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.З  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.З , Г.З  нарт урьд авсан "хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.З  нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “М” ХХК-д барилгын инженер албан тушаалд 3 сарын хугацаагаар ажилд орсон. Тухайн үед ажил олгогчоос ажлын сонгон шалгаруулалт зарлахтай холбоотойгоор хуулийн этгээдүүдийг олж танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу Э.З  нь “Т” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-нуудтай холбогдон тэдгээрээс үнийн санал болон бусад холбогдох материалыг авч үйл ажиллагаа хариуцсан Д.Мэндсайхан захиралд и-мэйлээр илгээж үүний дагуу эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Мэндсайхан, Т.Мөнхтөр, Д.Очирдаваа нар нь үнийн санал харьцуулах, бусад ажил хийгдэн үргэлжилсэн байдаг. Энэ нь тэдгээрийн хооронд бичсэн и-мэйлээр тодорхой харагддаг. /14-р хх91-96/ Харин Э.З ын хувьд “Б” ХХК-ийн 10-н инженерийн тус тус зурсан зургийг хүлээн авч хоорондын уялдаа холбоог хянан, засаж залруулах зүйл байгаа эсэхийг шалган гадаадын мэргэжилтнүүдээр хянуулах, “Б” ХХК-ний инженерүүдэд зөвлөгөө өгөх зэргээр зураг төсөл боловсруулах ажилд оролцож Э.Золбоотой ярилцаж тохирсны үндсэн дээр зураг төсөл боловсруулах ажилд оролцож тусалж байсны үндсэн дээр ажлын хөлс авсан байдаг. Өөрөөр ажил олгогч компанид хохирол учруулах, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэл огт байхгүй гэдэг нь тодорхой харагддаг. Харин хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг улсын яллагчийн зүгээс хийсвэр байдлаар дүгнэлт хийж  Монгол улсын нөлөө бүхий үндэсний хэмжээний компанийн талд яллах дүгнэлт үйлдэн орж ирж анхан шатны шүүх үүний дагуу шийдвэрлэсэн. Ашиг харж уг ажилд ороогүй гэдэг нь Г.З гийн “Б” ХХК-ийн зүгээс санал болгосон үнээс 4-5 дахин өндөр үнээр хийгдэх ажил байсан, Э.З ын зүгээс аль болох бага үнийн санал өгч бага үнээр ажлыг аваарай гэх зөвлөгөө өгч байсан талаар мэдүүлдэг. Мөн 2 дах удаагаа өгсөн мэдүүлэгт нь “” ХХК-ийн “Шүгэл үлээх” гомдол мэдээлэл хүлээж авах хэлтсийн ажилтан нь намайг ингэж ярь хэмээн хөтөлж, зааварлан, үг зааж мэдүүлсэн нь тусгагдсан байдаг. Үүнтэй адил үйл явдал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа болон Э.З  нарын хооронд өрнөж чиглэл заавар өгч буюу тайлбар бичүүлсэн байдаг. Эндээс харвал анхнаасаа хэн нэгнийг буруутгах зорилготой хууль зөрчсөн нотлох баримтыг бүрдүүлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа нь тухайн сонгон шалгаруулалт худалдан авалтын журмын дагуу явагдсан. Тухайн үед барилгын инженерээр ажиллаж байсан Э.З  нь худалдан авалтын процесст шууд оролцон хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор оролцоогүй бол “Б” ХХК-тай “М” ХХК нь бага өртгөөр гэрээ байгуулан цаашид хамтран ажиллах боломжтой байсан гэдэг. Гэтэл байж болохгүй бага үнээр хийсэн буюу сонгон шалгаруулалтад оролцсон компаниудаас хамгийн бага үнээр хийсэн, мөн үүнээс бага үнээр хийх боломжтой байсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байхад зөвхөн хохирсон гэх сэтгэлээр хийсвэрлэн тайлбарладаг. Гэхдээ “Б” ХХК-нийг гэрээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдэг. Мөн Э.З ын үйлдэлтэй холбоотой “Б” ХХК-аар нэмэгдсэн өртгөөр ажил гүйцэтгүүлсэн гэж байгаа боловч энэ нь “Э” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сард хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Гэрч Д.Мэндсайхан нь... гэрээг хянах ажлыг хянах чиглэлийг хариуцсан. Э.З  нь “Т” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-ийн үнийн саналыг харьцуулалт хийгээд Т.Мөнхтөр захиралд танилцуулахад “Б” ХХК нь 1-т хугацааны хувьд бид нарт шаардлагатай байсан цаг хугацаанд ажлыг хийж өгч чадна, 2-т үнийн хувьд өрсөлдөхүйц байхаар нь “Б” ХХК-ийг сонгож гэрээ байгуулах ажил эхэлсэн гэж мэдүүлдэг. Гэрч Э.Баасандорж нь... манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй, зургийн үнэ бол үнэхээр бага үнийн дүнтэй харагдсан, төсөл хэрэгжиж дуусаад манай компани бүрэн гүйцэт төслөө гэрээнийхээ дагуу Барилгын хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн гэж мэдүүлж байгаа нь маш бага үнээр уг ажлыг хийсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлээд байгаа шиг үүнээс бага үнээр хийх боломжгүй гэдгийг харуулна. Гэрч Ц.О  нь /Аудит/...захирлууд нь хоорондоо и-мэйл солилцож сонгон шалгаруулалтыг хийсэн байсан гэж мэдүүлдэг. Энэ нь Э.З  шийдвэрийг гаргаад хуулийн этгээдэд хохирол учруулаад байгаа зүйл биш гэдэг нь харагдана. Эндээс Г.З  нь Э.З т өгөх ёсгүй мөнгө өгсөн гэж үзвэл Иргэний хуулиар зохицуулагдах үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа юм. Гэхдээ Г.З  нь Э.З  луу мөнгө шилжүүлэхдээ зарим гүйлгээний утга нь ажлын хөлс гэх утгатайгаар бичигдсэн байгааг бид анхаарах ёстой. Шүүхээс Э.З ыг гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “М” ХХК-ийг төлөөлж “Б” ХХК-тай гэрээнүүдийг байгуулсан гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудад энэ талаар нэг ширхэг ч баримт байхгүй. Ямар байдлаар хийсвэрлэн дүгнэж ийнхүү шийдвэрлэснийг ойлгохгүй юм. Талуудын хооронд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр энэхүү гэрээ байгуулагдсан буюу иргэний эрх зүйн харилцаа үүснийг огт анхаарахыг шүүх хүсээгүй юм. Ер нь гомдол, мэдээлэл гаргасан болгон эрүүгийн хэрэг болдог гэсэн ойлголтоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг, завших гэмт хэрэг мэт олон зүйл ангиар шалгаж байснаас харагдана. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлд зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа тул хууль буруу хэрэглэн үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэгт бодит дүгнэлт хийгээгүй эрүүгийн хэргийг буруу шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Г.З г үргэлжилсэн үйлдлээр "Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж үзээгүй гэж үзэж байна. “М” ХХК нь гэрээ байгуулж төлбөр төлөөгүй учраас Г.З  нь “М” ХХК-д хохирол учруулаагүй байна. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан ... үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж тодорхойлжээ. Тиймээс тухайн гэмт хэргийн объектив талын нэг шинж нь хуулийн этгээдэд учирсан "үлэмж хэмжээний хохирол" байна. Тухайн хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учраагүй бол энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй. Манай тохиолдолд “М” ХХК гэх хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учраагүй байна. Учир нь “Б” ХХК нь хохирогч гэх “М” ХХК-тай гэрээ байгуулж байгаагүй. Харин 2022 оны 6 сарын 20-ны өдөр “Ө” ХХК (дараа нь “М” ХХК болж нэрээ өөрчилсөн)-тай "Ажил гүйцэтгэх гэрээ" (1хх-52) мөн 2022 оны 10 сарын 3-ны өдөр “М” ХХК-тай "20га 50га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ"-г (1хх-89) тус тус байгуулжээ. Өөрөөр хэлбэл Г.З  болон “Б” ХХК нь тус эрүүгийн хэргийн хохирогч гэх “М” ХХК-д ажил үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж байгаагүй байна. Гэтэл яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд "М” ХХК нь гүйцэтгэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулсан гэж буруу дүгнэлт хийжээ. Дээрх гэрээнүүдийн төлбөрийг “М” ХХК бус харин “М” ХХК 5 удаагийн гүйлгэЭэр “Б” ХХК-д шилжүүлжээ (2хх-н 240-244). Өөрөөр хэлбэл, Г.З  болон “Б” ХХК нь тус эрүүгийн хэргийн хохирогч гэх “М” ХХК-аас ямар нэг төлбөр хүлээж авч байгаагүй байна. “М” ХХК нь ийнхүү өөрийн данснаас “Б” ХХК-д мөнгө шилжүүлснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар тухайн гүйлгээг зардал гэж хүлээн зөвшөөрөөд албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон байх учиртай. Гэтэл шийтгэх тогтоолд “М” ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З т шилжүүлсэн гэж буруу дүгнэлт хийжээ. Төсөл хэрэгжих газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа зэрэг нь “М” ХХК-ийн нэр дээр байдаг (Гэрч Д.Мэндсайханы мэдүүлэг 3хх-204). Төсөл хэрэгжих газар баригдсан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг “М” ХХК авсан ба “Б” ХХК-ийн бэлтгэсэн зургийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгүүд нь ч “М” ХХК-ийн өмчлөлд байдаг (Г.З  энэ талаар мэдүүлдэг ба прокурор үүнийг шалгаагүй) “М” ХХК болон “М” ХХК-ийн хамаарлын талаарх асуудлыг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгчөөс асуусан байдаг. Харамсалтай нь хохирогчийн төлөөлөгч Я.Бямбадаржаа нь "М ХХК-ийн данснаас бүх мөнгөн гүйлгээнүүд гарсан учир М ХХК нь хохирогч болох боломжтой" гэсэн ташаа мэдүүлэг өгсөн байдаг (3хх 193). Гэвч мөнгө шилжүүлсэн баримтуудаар энэхүү мэдүүлэг худлаа болох нь тогтоогддог (2хх-240-244). “М” ХХК-ийн 2024 оны 2 сарын 05-ны өдрийн 01/12 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Г.З  тус компанид хохирол учруулаагүй тухай тодорхойлсон байдаг (4хх-219). Дээрх баримтуудаас Г.З  нь “М” ХХК-д хохирол учруулаагүй гэдэг нь маш тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийн "эд хөрөнгө"-д хохирол учруулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Хэрвээ Г.З гоос Э.З т мөнгө шилжүүлэх замаар хохирол учруулсан гэж үзвэл тэрхүү хохирогч нь “М” ХХК бус харин “М” ХХК байх учиртай. Уг асуудлыг ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тавьсны дагуу шүүхээс түүнийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Гэвч “М” ХХК, “М” ХХК гэсэн хоёр өөр хуулийн этгээд байгаа нь илэрхий байсан. Тухайн гэрээг байгуулах үед “М” ХХК нь “М” ХХК-ийн 83 хувийг эзэмшиж байсан гэх үйл баримт нь “М” ХХК-д хохирол учруулсан гэдгийг нотлох үндэслэл болохгүй. Компанийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу охин болон толгой компани нь хэн нэгнийхээ үүргийг хариуцах үүрэг хүлээхгүй. “М” ХХК-ийн толгой компани нь “М” ХХК учраас “М ХХК хохирогч гэсэн логикийг баримталбал “М” ХХК бус харин “М” ХХК-ийн эцсийн эзэмшигч иргэн Ж.Оджаргал өнөөдөр хохирогчийн статустайгаар шүүх хуралдаанд оролцох ёстой болов уу (5хх-н 196). Бодит хохирол учраагүй Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэжээ. Эндээс “М” ХХК-д бодит хохирол учирсан уу гэдэг асуулт үүсэж байна. Хохирогчийн төлөөлөгчийн зүгээс "хэрвээ Золбаяр анхнаасаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “Б” ХХК-тай анхнаасаа бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан гэж таамагласан мэдүүлгийг өгдөг (3хх-175). Гэтэл “М” ХХК-д 50 саяын бодит хохирол учирсан гэх баримт байдаггүй.

Г.З  нь Э.З т 50 сая төгрөг хувиасаа шилжүүлсэн гэдэг нь “М” ХХК-д 50 саяын хохирол учирсан гэсэн үг огт биш. Хэрвээ Г.З  нь Э.З т бүх мөнгөө шилжүүлсэн бол “М” ХХК 240 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үү гэсэн логик үүснэ. Ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд 50 га + 20 га газрын зураг төсөл ажлыг нийт 130 сая төгрөгөөр буюу маш хямд үнээр “Б” ХХК гүйцэтгэсэн. Энэ нь ч бодитой. Учир нь тухайн ажлын зөвхөн нэг хэсэг буюу 50 га газрын зураг төслийг 244 сая төгрөгөөр “Т” гүйцэтгэх саналыг ирүүлсэн (3хх 175, 193). Эндээс “Б” ХХК-ийн санал нь зах зээлийн ханшаас 2-3 дахин хямд байсныг төвөггүй харж болно. Дээрх нөхцөл байдалд хэрэв прокурор эргэлзэж байвал шинжээч томилоод өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан ч прокурор үүнийг хүлээж аваагүй. Гэрээг тендер шалгаруулалтын журмаар байгуулаагүй учир үнийн санал нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "үнийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “М” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан гэжээ. “Б” ХХК-ийн хувьд өгсөн үнийн саналаа өсгөөгүй буюу анхны өгсөн үнийн саналаараа гэрээг байгуулсан. Хэрвээ “Б” ХХК-ийн гэрээ байгуулах үнийн санал нь өндөр байсан гэж “М” ХХК үзсэн бол гэрээ байгуулахаас татгалзах эрх нь нээлттэй байсан. Учир нь гэрээний эрх чөлөөний зарчмаар гэрээ байгуулах (байгуулахаас татгалзах) эрхийг талууд чөлөөтэй эдэлдэг (Иргэний хуулийн 189.1). Харин гэрээг тендер шалгаруулалтын аргаар явуулсан бол үнийг урьдчилан тохиролцож өсгөсөн гэдэг асуудал нь хууль бус болно. Хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Худалдан авалтын журмын 6.1-т зааснаар 300 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй ажил үйлчилгээнд тендер шалгаруулалт зарлахгүйгээр үнийн санал авч үнийн харьцуулалтын аргаap худалдан авалтыг зохион байгуулахаар заасан (1хх-н 236-242). Өөрөөр хэлбэл, огт тендер шалгаруулалт явагдаагүй гул үнийн саналыг нэмэгдүүлсэн гэх асуудал байх боломжгүй. Хуулийг төсөөтэй хэрэглэсэн.  Бодит байдал дээр Э.З  нь өөрийн албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Г.З гоос мөнгө нэхсэн. Хэрвээ үүнийг хууль бус үйлдэл гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд заасан Хахууль авах (нийтийн албан тушаалтнаас бусад этгээд) гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах" гэмт хэрэг нь "...хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байх" шинжийг хангахыг шаарддаг. Анхан шатны шүүхийн тогтоолд "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох ба харин "давуу байдал бий болгосон" гэж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно" гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл Э.З ын Г.З гоос мөнгө нэхсэн үйлдэл нь хэн нэг этгээдэд давуу байдал бий болгоогүй, мөн ямар нэг үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхад чиглээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Харин тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд заасан Хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж болзошгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд "Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд. эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан байх" шинжийг хангахыг шаарддаг. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ., 4.1-д хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг дэлгэрэнгүй дурдсан ба 4.1.3-т "төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" гэж заасан. Иймээс Э.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн диспозицод дурдсан нийтийн албан тушаалтнаас бусад этгээд буюу хахууль авах гэмт хэргийн субъект болох боломжтой. Гэвч тухайн мөнгийг авах үед Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл батлагдаагүй байсан учраас прокурор хуулийг төсөөтэй хэрэглэж тус хуулийн 22.12 дугаар зүйлээр зүйлчилсэн байна. Хэрвээ өнөөдөр ийм үйлдэл болсон бол түүнийг Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлээр гэмт хэрэгт буруутгах нь гарцаагүй байсан биз ээ. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 сарын 15-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, эрүүгийн 2309016100458 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нэгдүгээрт, хохирогч “М” ХХК, “М” ХХК гээд миний хувьд “М” ХХК энэ хэрэгт хохирогчоор орж ирэх ёстой гэдэг нь тодорхой байгаа. Дараагийн чухал асуудал нь хохирол гэдэг зүйл учирсан эсэх асуудал тодорхой байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д шууд үр дагаврыг хохиролд тооцно гэж заасан. Гэтэл энэ компани гэрээ байгуулж, гэрээний чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн гэрээнээс татгалзахгүйгээр саналыг хүлээж аваад гэрээ байгуулж, ажлаа хүлээж аваад ажлын хөлсийг тодорхой хэмжээд төлсөн. Юуг хохирол гэж үзэж байгаа юм бэ гээд хэргээс хайхад 3 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үзсэн. Уг мэдүүлэгт “Э.З  анхнаасаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “Б” ХХК-тай бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан” гэж дурддаг. Энэ нь таамагласан мэдүүлэг юм. ТЭхээр манайх ийм боломжтой байсан, тийм боломжтой байсан байна гэж мэдүүлэхээр тэр нь гэмт хэргийн шууд үр дагавар хохирол гэж үзэж болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Жишээлбэл, манайх 50 га 20 га талбайг 130.000.000 төгрөгөөр санал өгсөн. Гэтэл “Т” ХХК 50 га талбай дээр 244.000.000 төгрөгийн санал өгсөн. Манай компаниас 2 дахин илүү үнийн санал өгсөн компани шалгараагүй, манай компани бага үнийн санал өгсөн учраас шалгарч гэрээ байгуулсан. Иймээс бодит хохирол гэж чухам юуг хэлэх вэ гэдэг дээр нэлээн бодож шийдвэр гаргахгүй бол компанийнх нь ажилтан очоод тэр нөхрийг дарамталж байгаад мөнгө авчихаар нь тэрний авсан үнийн дүнгээр манайх хохироод байгаа юм байна гэдэг логик дүгнэлт хийгээд гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь байж боломжгүй асуудал гэж үзэж байгаа. Энгийн логикоор бодвол 240.000.000 төгрөгийг тэр чигт нь Э.З т зээлээд юм уу өгсөн бол бид нар 240.000.000 төгрөгөөр хохироосон болж таарах нь байна. Энэ логикоороо бид нар үнэгүй ажил хийж өгөөд тэр дүн нь 240.000.000 төгрөгөөр нэмэгдсэн юм шиг ийм мангар гаргалгаа руу орчихоор байгаа юм. ТЭхээр энэ байж болохгүй, бодит хохирол учраагүй гэдэг нь тодорхой. Гэхдээ өмгөөлөгч нарын зүгээс үүнд уян хатан хандсан. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол шинжээч томилоод тэр ажил хэдэн төгрөгийн өртөгтэй ажил, хэдэн төгрөгийн зардалтай, ямар үнийн дүнгээр хийгдэх ёстой байсан, зах зээлийн ханшийг тодорхой болгож өгөөч гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гаргаж буцаасан энэ ажиллагаа хийгдээгүй. ТЭхээр дараагийн шат нь гэмт хэргийн талаар нотолбол зохих бүх ажиллагаа хийсэн боловч тогтоогдохгүй бол хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй болно. Бидний хувьд хохирол учраагүй гэж үзэж байгаа. Энэ талаар тодорхой ажиллагаа хийсэн боловч тогтоогдоогүй, таамагласан мэдүүлгээс өөр хэрэгт хохирол гэж үзэх зүйл юу ч байхгүй. Гуравдугаарт, талууд гэрээ байгуулсан буюу гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар саналаа илэрхийлээд чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр байгуулагдсан. Үүнээс хохирол учирсан гэж үзэж байгаа бол иргэний эрх зүйн харилцаа болох боломжтой. Үүнд үнийн дүн нэмэгдүүлсэн, нэмэгдүүлээгүй гэх асуудал байхгүй. Учир нь, гэрээний саналыг зөвшөөрсөн. Хэрэв “Э” ХХК тендер зарлаж, тендер сонгон шалгаруулалт явуулж байхад үнэ нэмэгдсэн бол магадгүй зөрчил байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ огт тендер зарлагдаагүй, тендер гэж үзэх боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 236-242 дугаар хуудсанд тендерийн дүрэм, журам авагдсан. Тухайн журмын 6.1-д 300.000.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй ажил үйлчилгээнд тендер шалгаруулалт зарлахгүйгээр үнийн санал авч үнийн харьцуулалтын аргаap худалдан авалтыг зохион байгуулахаар заасан. Манайх үнийн дүнгээрээ үүнд хамааралгүй. ТЭхээр гэрээ байгуулж ажилласан ажил гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчим үйлчлэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан шинж рүү бүх зүйлийг оруулж хийдэг юм шиг байдлаар энэ хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйл буюу нийтийн албан тушаалтан бусад этгээдээс хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэдэг зүйл анги байгаа. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэж юу болох, 4 дүгээр зүйлийн 4.1.3 “компанийн эрх бүхий албан тушаалтан” байна гэж субъектийг тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нэхсэн идэвхтэй үйлдлүүд нь, мэдүүлгүүд байна. Шүгэл үлээж байгаа хүн хамтраад хэрэг хийсэн бол “би хамтраад өөртөө давуу байдал олоод авсан, үүнийгээ илчлээд хоёулаа нийлээд эрүүгийн гэмт хэрэгт татагдъя” гэж явах хүн байх уу. Г.З  “энэ компанийн ажилтан надаас мөнгө нэхээд цаашлаад аваад байна, би эхлээд энэ хүмүүстэй найрсаг харилцаатай бол “Э” ХХК-ийн аливаа нэг тендерт туршлагатай гэж харагдах юм болов уу гэж явж байсан чинь сүүлдээ өрөнд орсон юм мэт нөхцөл байдалтай болчихлоо” гээд шүгэл үлэЭэд компанид нь хэлснээр энэ хэрэг сөхөгдөж гарч ирсэн. ТЭхээр миний үйлчлүүлэгч албан тушаалын хэрэг дээр яривал өөрөө очиж хэргийн талаар ярьж байгаа хүн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг төсөөтэй байдлаар хэрэглэсэн гэж үзэж байна. Бодит байдал дээр мөнгө нэхэхээр нь өгч байгаад сүүлдээ давраад хамгийн аюултай нь гүйцэтгэл өгөхгүй гэхээр нь гүйцэтгэлээ гүйцэт олж авахын тулд болъё гээд шүгэл үлээсэн асуудал байгаа. Энэ мөнгө авахаар шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд хамааралгүй үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигчаар татагдсан. ТЭхээр урьдчилан амласан байх ёстой. Урьдчилан амлаж гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан, онолын ном дээр ч тодорхой байгаа. Тухайн этгээдүүд эртнээс үгсэн тохиролцож үйлдэл болон санаа бодлоороо нэгдэж, нэгдмэл нэг зорилгыг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллаж байгаа процессыг ойлгож байгаа. ТЭхээр урьдчилан амласан, урьдчилан үгсэн тохиролцсон байдлаар энэ хэрэгт хамжигчаар оролцсон процесс байхгүй. Энэ гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсаны дараа төлбөр нэхсэн, ажлыг нь аваад хийж байгаа хүний хувьд нэг удаа өгсөн, бүр даварсан үед компанид нь хэлсэн. Энэ агуулгаараа миний үйлчлүүлэгч дээрх үндэслэлээр цагаатгах үндэслэлтэй гэж үзсэн учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар болон шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэх дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх, мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаардана.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэж тодорхой заасан бөгөөд тухайн этгээдэд хэн хамаарах талаар Компанийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.”, 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж тус тус зааснаас дүгнэхэд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх бүрэн чадвартай этгээд хууль зүйн хувьд хамаарахаар байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Э.З  нь “М” ХХК-ийн үйл ажиллагааны газарт барилгын инженерээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 3 сарын хугацаанд туршилтаар ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр жинхлэн ажиллуулах тушаал шийдвэр гарч, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан /6 хх-ийн 187-194, 203, 204 тал/ ажилтан болох нь, шүүгдэгч Г.З  нь “Б” ХХК-д хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан /1 хх-ийн 206-208, 6 хх-ийн 168-170 тал/ болох нь тус тус тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тусгай субъектийн шинжид хэрхэн нийцэж буйд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх стандарт шаардлагыг хангаагүй байна.

2. Нэгдүгээр хавтас хэргийн 52-59 дүгээр талд авагдсан “Ө” ХХК болон “Б” ХХК нарын дунд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн И-22-092 дугаартай “20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил” гүйцэтгэх гэрээ, 89-95 дугаар талд авагдсан “М” ХХК болон “Б” ХХК нарын дунд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн И-22-153 дугаартай “20 га, 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”, гэрээний төлбөр шилжүүлсэн баримтууд /2 хх-ийн 239-244/, мөрдөгчийн “Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /3 хх-ийн 74-76, 150-152, 4 хх-ийн 103-104/-үүд зэрэг нотлох баримтуудаар хуулийн этгээдүүдийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан, гэрээний дагуу төлбөр шилжсэн /И-22-153 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй/, үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.З гийн эзэмшлийн арилжааны банкны данснаас шүүгдэгч Э.З , түүний эхнэр Г.Энхсувдын эзэмшлийн данс руу нийт 54.797,000 төгрөг шилжиж орсон үйл баримт тогтоогдож байна. 

 Өөрөөр хэлбэл, дээрх 2 гэрээг байгуулсан нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Э.З , Г.З  нарын хооронд мөнгө өгч, авсан үйл баримтын талаар маргаагүй байх тул тухайн 54.797,000 төгрөгийг шүүгдэгч нар нь ямар арга замаар өөрсдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан эсэх, энэ нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Үүнээс гадна, И-22-092 дугаартай гэрээний үнийн дүн 130.695.444 төгрөг, И-22-153 дугаартай гэрээний дүн 110.000.000 төгрөг, нийт 240.695.444 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэх боловч гэрээний дагуу нийт 198.453.899 төгрөгийг “Б” ХХК-д төлсөн, тухайн 198.453.899 төгрөгөөс шүүгдэгч Э.З т 54.797.000 төгрөг шилжүүлсэн болон үлдэгдэл төлбөр 42.241.545 төгрөгийг ямар шалтгаан нөхцөлийн улмаас төлөөгүйг тодруулж, “Б” ХХК яг хэдэн төгрөгийг бодитой авсан зэрэг нөхцөл байдлыг бүрэн эргэлзээгүй тогтоох нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд чухал ач холбогдолтой болно.

3. Нийслэлийн прокуророос шүүгдэгч Э.З , Г.З  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З  гүйцэтгэгчээр, Г.З г хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн атлаа тэдгээрийн үйлдлийг өөр өөрөөр тодорхойлсон байхаас гадна “...“М” ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Г.З  нь Э.З т шилжүүлж...” гэж буруутгасан боловч энэ талаарх нотлох баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байна.  

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбоотойгоор өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” утга агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд Э.З , Г.З  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Шүүгдэгч Э.З , Г.З  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА