Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01713

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01713

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01992 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Цийн хариуцагч Б.Б, Б,М, Ц.Т нарт холбогдуулан гаргасан 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ц,Х, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Аюуш 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Н.Ц өв залгамжлах эрхийг авсан. Н.Аюуш 2013 оноос Ус сувгийн удирдах газрын Яармаг-Нисэхийн салбарын 351 дүгээр худаг дээр 2020 он хүртэл ажилласан. Н.Аюуш нь ажлын хамт олондоо тогтмол 10 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Нийт 3 200 000 төгрөгийг хариуцагч Б.Б, Д.Мөнхбат, Ц.Т нар болон бусад хүмүүст зээлсэн. Хариуцагч Б.Б нь мөнгө зээлүүлсэн баримтыг талийгаачийг нас барсны дараа орлож ажиллаж байх үедээ шатаасан. Б.Бг шатааж байхыг хариуцагч Б,М харсан. Хариуцагч нар мөнгө зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлдэг тул зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Мөнхбатын шүүхэд гаргасан тайлбарт: Н.Аюуштай хамт ажилдаг байсан нь үнэн бөгөөд зээл авч байгаагүй. Мөнгө зээлсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Тийн шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Аюуштай хамт ажилдаг байсан нь үнэн бөгөөд мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй, ямар ч үндэслэлгүйгээр мөнгө зээлсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан тайлбарт: Н.Аюушийн ажлыг хүлээн авсан. Ажлын байранд нь мөнгөний баримт, тэмдэглэл, хувийн тэмдэглэл байгаагүй. Мөнгө төгрөг авч байгаагүй. Хариуцагч нартай холбоотой мөнгөний бичиг, тэмдэглэл байгаагүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цийн хариуцагч Б.Б, Ц.Т, Б,М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Б.Б нь Н.Аюушийн өр зээлтэй хүмүүсийн нэрс бичсэн хар дэвтэр, эмчлүүлэгчийн карт, анкет, эмнэлгийн магадлагаа зэргийг санаатайгаар шатаасан. Уг шатааж буй үйл явцыг хариуцагч Б,М харсан байдаг. Хариуцагч Б.Б нь утсаар ярихдаа баримт бичгийг сандарсандаа шатаасан, цагдаад битгий өгөөрэй, зээл авсан хүмүүсийн нэрийг хэлж өгье гэж гуйсан. Гэрч Лхагвасүрэн, Амаржаргал, Ундраа нар Н.Аюушийг 10 хувийн хүүтэй зээл олгодог байсан, Б.Б эмнэлгийн магадлагааг айж сандарсандаа шатаасан болохыг баталсан мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Б.Б, Ц.Т, Б,М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт нас барагч Н.Аюушийн нас барсны гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, нас барагч Н.Аюушийн Хаан, Голомт, Төрийн банкин дахь дансны хуулга болон гэрч Г.Ундраа, Г.Амаржаргал, Ж.Лхагвасүрэн нарын мэдүүлэг авагдсан байна. /хх 4-5, 43-71, 88-91, 140-141/ Гэрч Г.Ундраа, Г.Амаржаргал, Ж.Лхагвасүрэн нар Н.Аюуш бусдад хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан, данс хөтөлж, өр зээлийн дэвтэрт гарын үсэг зуруулж байгаагүй, хариуцагч нарт мөнгө зээлдүүлсэн талаар мэдэхгүй гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн байна. Уг гэрчүүдийн мэдүүлэг болон нас барагч Н.Аюушийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нарт мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь нас барагч Н.Аюушийн мөнгөн хөрөнгийг өвлөн авсан болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй боловч түүний өвлөгдөх хөрөнгийн талаарх дүгнэлт энэ хэрэгт хамааралгүй болно. Учир нь хариуцагч Б.Б, Б,М, Ц.Т болон нас барагч Н.Аюуш нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нарт үүрэг үүсээгүй байна.

Хариуцагч Б.Б нь нас барагч Н.Аюушийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтыг шатаасан гэх үйл баримт гэрч Г.Ундраагийн мэдүүлгээр тогтоогдсон байх боловч уг үйл баримтыг үндэслэн хариуцагч нарыг нас барагч Н.Аюушаас мөнгөн хөрөнгө зээлдэн авсан гэж үзэх боломжгүй. Тодруулбал эмнэлгийн магадлагаа гэх баримт шатаасан нь зээл авсныг нотлох баримт биш юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ