Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/393

 

    

 

  2025            04             02                                        2025/ДШМ/393                                                                                             

Д.М ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Н.Цогням,

хохирогч Э.С , түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.С ын гаргасан давж заалдах гомдлоор Д.М ад холбогдох эрүүгийн 2409019921223 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М  нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Э.С ыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан Хаан банкны 5021227794 тоот дансны картыг нь авч, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө 10 тоот Ардын хоршоо худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 23:54 минутад 20,000,000 төгрөгийг, 23 цаг 55 минутад 8,000,000 төгрөгийг, 04:28 минутад 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны **** тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.С т нийт 28,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх:  Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.С  нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Э.С  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Д.М  нартай хамт Sunrise зочид буудалд хамт пиво ууж байгаад өөрийн Хаан банкны картаа алдаж, уг картаас нийт 28,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж мөнгөө алдсан юм. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж миний мөнгийг тухайн үед надтай хамт зочид буудалд пиво ууж байсан Д.М  гэгч намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг далимдуулан хулгайлж авсныг тогтоогдсон юм. Хэрэг асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байх үед М  нь надтай утсаар ярьж “...би чиний мөнгийг хулгайлж аваагүй, чи өөрөө надад зээлээ биз дээ” гэх зэргээр намайг гүтгэж, байнга дарамталдаг байсан. Д.М ын энэхүү байдлыг хавтаст хэрэгт авагдсан түүний Улсын Ерөнхий Прокурорын газар хүртэл гаргаж байсан удаа дараагийн хүсэлт, гомдлоос харж болно. Д.М  нь харин хэрэг шүүхэд очсоны дараа миний данс уруу 31,350,000 төгрөгийг өөрөө сайн дураараа шилжүүлсэн. Энэ байдлыг анхан шатны шүүх Шийтгэх тогтоолдоо “...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.С ын данс руу 31,350,000 төгрөгийг М аас шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.” гэж дурдсан байгаа. Д.М аас анх 31,350,000 төгрөг миний дансанд орж ирэхэд түүнийг хийсэн хэрэгтээ гэмшээд, надад учруулсан сэтгэл санааны болон алдагдсан боломжийг бас тооцоод ингэж илүү мөнгө өгсөн юм байна гэж түүнд баярлаж байсан. Гэтэл шүүх хуралдааны дараагаас Д.М  нь “...би чамд 2,850,000 төгрөг илүү шилжүүлсэн, энэ мөнгөө авъя” гэж байнга дарамтлах болсон. Би М аас дээрх мөнгийг өг гэж хэлж, шаардаагүй, харин би хулгайлж авсан мөнгөө авъя гэж хэрэг гарсны дараа ярих гэж хэд хэдэн удаа залгаад хэлсэн, сүүлдээ ганц ч холбогдохгүй байж байгаад (утас руу удаа дараа залгахад утсаа авдаггүй, эсвэл салгаатай байсан) гэнэт л 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэрэг шүүх рүү шилжсэний дараа миний данс руу 31.350.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Д.М  уг мөнгийг өөрөө сайн дураараа өөрийн санаачилгаар миний данс руу шилжүүлсэн байсан. Миний бие 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр данснаасаа мөнгөө алдсан өдрөөс хойш хэрэг асуудал шийдвэрлэгдэх хүртэл хагас жилийн хугацаанд өөрөө гэмт хэрэг үйлдсэн мэт цагдаа, прокурор, шүүх зэрэг хуулийн байгууллагуудаар ажил, амьдралынхаа цаг заваа үрэн байж явсан цаг хугацаа, сэтгэл санааны дарамт, стресс гэх зэргийг тооцвол түүний илүү өгсөн 2,850,000 төгрөг харьцуулшгүй юм. Д.М ын дээрх зохисгүй үйлдэл нь надад учруулсан бодит болон сэтгэл санааны хохирлоо огт ойлгоогүй, хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаагүй, гэм буруугаа ухамсарлаж ойлгоогүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 550 цагийн нийтэд тустай ажил хийх ял хөнгөдсөн байна гэж хохирогчийн зүгээс үзэж байгаа тул миний энэхүү гомдлыг харгалзан үзэж Д.М ад оногдуулах ялыг хуулийн дагуу өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан. Шүүх энэхүү хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Учир нь, Д.М  нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэрэг шүүхэд шилжих хүртэл гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж прокурорын бүхий л шатанд гомдол гаргаж байсан. Мөн миний үйлчлүүлэгчийг “Би чамаас мөнгө зээлж авсан биз дээ” гэж гүтгэж байсан. Энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “Би зээлж авсан, хулгай хийгээгүй” гэсэн тайлбараас нь харагдана. Улмаар гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргахгүй” гэсэн зүйлийг ярьсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.С  руу залгаж “Хулгайн хэрэгт ямар хүү яригддаг юм бэ, 2,850,000 төгрөгөө авъя” гэж нэхсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт Далайцэрэн гэх хамт байсан гэрчийг байгаагүй гэж үзсэн тул шүүхээр намайг нотлох хүн байхгүй, ийм нөхцөлд ял авах нь ойлгомжтой юм байна гэж үзээд би хэргээ хүлээж орсон. 28,500,000 төгрөгийг Э.С т өгөхийн тулд манай ээж байраа зарж, миний өмнөөс хохирол төлсөн. Бид хоёр анхны байцаалтад мэдүүлэг өгөхдөө 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр ярилцсан болохоос хулгай хийж байна гэж мэдээгүй. Э.С  “Яг үнэн, баталгаатай биз дээ” гэж хэлээд надад өөрөө картаа өгсөн. Хулгай хийж байгаа хүн өөрийгөө баригдуулахгүйн тулд бүхий л аргыг хэрэглэнэ. Би хэнээс ч нуугдахгүйгээр АТМ орж өөрийнхөө данс руу Э.С ын данснаас мөнгө шилжүүлж, 10 хувийн хүүтэй нь буцааж өгье гэсэн бодолтой байсан...” гэв.

 

Шүүгдэгч Д.М ын өмгөөлөгч Ж.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хохирлын асуудлыг нэг мөр, тодорхой, ойлгомжтой шийдвэрлээгүйгээс Д.М , Э.С  нарын хооронд Д.М ын хүүнд гэж төлсөн 2,850,000 төгрөгийг буцааж өгөх, өгөхгүй асуудал үүссэн. Хохирогчийн гомдолд 2,850,000 төгрөгөө буцааж авна гэж нэхлээ гээд ял хөнгөдсөн гэсэн асуудлыг дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Анхан шатны шүүх бодит хохирлыг 28,500,000 төгрөг гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэгт бодит хохирлыг төлүүлэх асуудал яригддаг бөгөөд бодит хохирлоос илүү төлөгдсөн 2,850,000 төгрөг ямар үндэслэлээр хохирогч гэх Э.С т үлдэх ёстой талаар шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэл байхгүй. Д.М ын зүгээс “хүү болон зээлд” гэсэн утгатайгаар мөнгийг шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл уг мөнгийг зээлж авсан, тухайн үед Э.С  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан гэж худал хэлж байна, бидний энэ нөхцөл байдлыг мэдэх гэрч Далайцэрэн гэж хүн бий, түүнийг гэрчээр оролцуулж өгөөч гэсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэе гээд хэлэлцээгүй орхисон ч гэм буруугийн хуралдаанд Далайцэрэнг гэрчээр оролцуулах асуудал шийдвэрлэгдээгүй, шүүх хуралдаанд шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцсон, шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Өөрөөр хэлбэл, нэг талд нь хуулийн мэдлэг бүхий улсын яллагч, нөгөө талд ямар ч хуулийн мэдлэггүй шүүгдэгч нар ямар ч мэтгэлцэх боломжгүй бөгөөд мэтгэлцээн явагдсан гэж үзэх үндэслэлгүй тул үүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй учраас илүү төлөгдсөн гэх 2,850,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гэм буруугийн хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн байгаа нь хэргийн материалтай танилцахад тодорхой харагдаж байна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлоогүй, хохирогчийн мэдүүлэг агуулгын зөрүүтэй буюу тэрээр “Би Өсөхбаяр, М  нарт өөрийнхөө картыг болон пин кодыг огт хэлээгүй” гэж, эсхүл “Дэлгүүр рүү М ад картаа өгч, пин кодоо хэлж явуулсан” гэдэг. Түүний мэдүүлгийг алийг үндэслэл бүхий гэж үзсэн, нөгөө мэдүүлгийг нь хэрхэн үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн нууц, далд аргаар, шунахайн зорилгоор мөнгийг авсан гэдгийг тодорхойлохын тулд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан байдлыг далимдуулан гэж дүгнэсэн. Гэтэл хамт байсан Өсөхбаярын мэдүүлэгт хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан гэсэн үг, өгүүлбэр байдаггүй. Улсын Дээд шүүхийн 259 дүгээр тогтоолд “Бага буюу өндөр настай, ухаан мэдрэл бүрэн бус, хүнд өвчтэй, согтуу унтаж байсан, мөн тахир дутуу, сохор, дүлий зэрэг шалтгаанаар болж байгаа үйл явдлын шинж чанарыг мэдэхгүй буюу илчлэх чадваргүй байдлыг далимдуулсан бол хулгайн гэмт хэрэг гэж үзнэ” гэж тайлбарласан. Э.С  согтуу унтаж байсан гэдгийг тогтоосон үйл баримт хэрэгт байхгүй. Болж байгаа үйл баримтыг мэдэхгүй, илчлэх чадваргүй байсан гэдэг нотлох баримт байхгүй байхад зөвхөн хохирогчийн өөр өөрөөр өгсөн мэдүүлгийг үндэслэж, энэ байдал тогтоогдсон гээд хулгайн гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагаа ноцтой зөрчигдсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байгаа учраас энэ талаар дүгнэлт, саналаа хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт заасан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Цогням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс Д.М ыг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутай гэж үзээд эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг хэрхэн төлсөн болон өмнө хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан. Шүүх уг саналын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Энэхүү гэмт хэргийн улмаас 28,500,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 12 дугаар сард 31,350,000 төгрөгийг төлсөн байсан. Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хохирогчид илүү төлсөн гэх тухайн мөнгөн хөрөнгө нь ямар нэгэн байдлаар хураасан, битүүмжилсэн, хязгаарласан хөрөнгө биш бөгөөд сайн дураараа шилжүүлсэн мөнгийг хууль бусаар гаргуулах зохицуулалт байхгүй. Хэрэг гарсан гэх шөнө хохирогч, шүүгдэгч нар нь согтуурсан байдалтай байсан бөгөөд хоорондоо юу гэж тохиролцсоноо санадаггүй. Яллагдагчийн мэдүүлгээр “Хоорондоо тохиролцож, зээлийн гэрээг амаар байгуулж, надад картаа өгсөн” гэдэг боловч тухайн үед хохирогч гар утастай байсан тул зээлсэн гэх мөнгийг гар утсаараа шилжүүлэх боломжтой байсан. Мөн хохирогч өглөө сэрээд дансандаа мөнгө байхгүй гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол гаргасан. Иймд гэмт хэргийг нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна...” гэв.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

1. Шүүгдэгч Д.М  нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/455 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байхад тухайн ял шийтгэлүүдийг эдэлж дууссан эсэх, энэ шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэх ял бий эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.  

2. Хавтаст хэргийн 102 дахь талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Д.М ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцлах хүртэл хүчинтэй байхаар зааж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан боловч шийтгэх тогтоолоор тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар 3 удаагийн гүйлгээгээр 28.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон, 31.350.000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид шилжүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...хохирогч Э.С  нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан ямар хохирол, хор уршгийн зардлыг жич нэхэмжлэх эрхтэй талаар дурдаад байгаа нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн улмаас хохирогч Э.С ын сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан эсэх талаар холбогдох хууль, журамд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүйн улмаас шүүгдэгч, хохирогч нар хохирлын талаар өөр өөрөөр ойлгож маргах үндэслэл үүссэн гэж үзэхээр байна. 

4. Хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан ялын төрлөөс хамгийн хөнгөн ялыг сонгон оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй, өмнөх ял шийтгэлийг эдэлж дуусгавар болсон талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд, хохирогч Э.С ын “...шүүгдэгч Д.М  нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаагүй, гэм буруугаа ойлгоогүй байхад 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг ял хөнгөдсөн гэж үзэж байна. Мөн Д.М  нь өөрөө сайн дураараа миний данс руу 31.350.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад учруулсан бодит болон сэтгэл санааны хохирлоо огт ойлгоогүй, гэм буруугаа ойлгоогүй гэж үзэж байна..” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Д.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 

2. Шүүгдэгч Д.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                   С.БОЛОРТУЯА