| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01318/И |
| Дугаар | 312/ШШ2025/02464 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/02464
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 312/ШШ2025/02464 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө .....-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ....7/-д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-нд иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай танил бөгөөд 2023 онд 32,100,000 төгрөг зээлдүүлээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаан авч байсан харилцаатай билээ. Энэ зээлээс хойш ******* нь 2023 оны 10 дугаар сард *******аас дахин 22,500,00 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дансаар, нийт 25,000,000 төгрөг зээлэн авч, барьцаанд нь ******* улсын дугаартай Лексус LХ-470 маркийн автомашиныг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлж, автомашиныг ******* өөрөө унаж, эзэмшиж байгаа болно. Дээрх зээлийн дагуу 25,000,000 төгрөгөө нэхэхэд хариуцагч нь 25,000,000 төгрөгийг ... удахгүй өгнө, ГОК-оос мөнгө орж ирэхээр өгнө, ирэх 7 хоногт өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт огт хийгээгүй байна. Иймд хариуцагч *******гээс 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас ******* надад 25,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүний 2,500,000 төгрөгийг дансаар, 22,500,000 төгрөгийг 1ХВеt нэртэй бооцоот сайтын данс руу шилжүүлсэн гэж дурдсан байна. Бодит байдалд 2,500,000 төгрөгийн миний бие дансаар хүлээн авсан нь үнэн, харин 22,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй, мөн уг гүйлгээтэй холбоотой аливаа гэрээ, хэлцэл, тохиролцоо хийгдээгүй болно. Нэхэмжлэгчийн уг гүйлгээ нь өөрийн санаачилгаар, өөрийн нэр дээр нээсэн бооцоот (мөрийтэй тоглоомын) сайтын акаунтад 22,500,000 төгрөг хийсэн атлаа надаас нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Миний хувьд бол дансаар хүлээн авсан 2,500,000 төгрөгийг төлөхийг бол хүлээн зөвшөөрч байна, харин 22,500,000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрөхгүй би хүлээн аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч ******* хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэргийн 8 дугаар тал, хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар Тэмүүжин, Заяабаяр нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэрийгээ буцааж төлсөн асуудал харагддаг. Эдгээр асуудал нь дандаа дансаар явдаг. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг авсан, гэтэл 22,500,000 төгрөгийг авсан, өгсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Хаанаас энэ мөнгийг гаргаж ирээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл 22,500,000 төгрөгийг өгсөн баримт байхгүй. Хаанаас ийм мөнгө гаргаж ирээд нэхэмжлээд байгаа асуудлыг тодруулахаар дансны хуулгыг гаргуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан, шүүхийн зүгээс хангахаас татгалзсан. Үзлэг хийх явцад 2.5 сая төгрөг өгөөд машинаа авна дүү гэж байгаа. 2.5 хийгээд 2.5 шагнал гэсэн утгатай зүйл байгаа боловч 22,500,000 төгрөгийн асуудал яригдахгүй байна. Өнөөдөр 22,500,000 төгрөг гэдэг нь төрийн албан хаагчийн жилийн цалин байна. Тэгэхээр хэзээ ч энэ мөнгийг бэлнээр өгөхгүй, нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас 2,500,000 төгрөгийг төлсөн байгаа гэв.
7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, 35-77 УНН улсын дугаартай Lexus LX470 маркийн автомашины цахим гэрчилгээний лавлагаа /хх-4/, *******ын Хас банкны дансны хуулга /хх-5-8/, Д.Тэмүүжинтэй харьсан зурвас /хх-9-12/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь хариуцагчтай танил бөгөөд 2023 онд 32,100,000 төгрөг зээлээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаан авч байсан. Энэ зээлээс хойш ******* нь 2023 оны 10 дугаар сард *******аас дахин 22,500,00 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дансаар, нийт 25,000,000 төгрөг зээлэн авч, барьцаанд нь 3577-УНН улсын дугаартай Лексус LХ-470 маркийн автомашиныг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлж авсан. Уг мөнгөө төлөөгүй тул 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...дансаар 2,500,000 төгрөгийг зээлж авсан тул уг мөнгийг хурлаас өмнө Заяабаярын данс руу шилжүүлсэн, үлдэх 22,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй тул зөвшөөрөхгүй.. гэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д 2024 оны 01 дүгээр сарын 08-нд 2,500,000 төгрөгийг дансар шилжүүлж зээлсэн болох нь нэхэмжлэгчийн Хас банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд 2,500,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-нд хариуцагчаас нэхэмжлэгчид төлж баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 22,500,000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх боловч хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч ямар ч мөнгө бэлнээр аваагүй гэж тайлбарлаж маргасан.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл хариуцагчид зээлсэн гэх 22,500,000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй, талуудын хоорондоо харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр 22,500,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлснийг нотлохгүй байна.
10. Иймд хариуцагч нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгийн шаардлагыг биелүүлснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан 22,500,000 /хорин хоёр сая таван зуу мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар харицагч ******* нэхэмжлэгч *******ын 2,500,000 /хоёр сая таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ