2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/08423

 

 

 

 

 

 

    2025             10              20

                                         192/ШШ2025/08423

                  

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, ********байр, *** тоотод оршин суух, Х******* овогт О******* Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, **** байр, ****тоотод оршин суух, А******* овогт Э******* Г******* /РД:*******/-д холбогдох, 

 257,371,950 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н******* нь 257,371,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие О.Н******* нь зээлдэгч Э.Г*******тэй зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 200,000,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай, 1 сарын 2,7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ хугацаанд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4,850,000 төгрөгийн хүүг төлсөн. Гэрээний дагуу сар бүрийн 23-ны өдөр хүү төлж хугацааны эцэст үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймээс хариуцагч Э.Г*******эс үндсэн зээл 200,000,000 төгрөг, 10 сарын зээлийн хүү 49,150,000 төгрөг, хоног тутмын алданги 0,3 хувь 8,221,950 төгрөг, нийт 257,371,950 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөнгөн зээл, үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд мөн хуулийн зорилго нь барьцаалан зээлдэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаанд байнга ашиг олох зорилгоор иргэний эрх зүйд бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох, зээл, түүний хүү төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэх хуулийн үзэл байгаа. Тус хууль нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. О.Н*******, Э.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 5 сарын дараа байгуулагдсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна, 3.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэсэн байдаг. Талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ 06 тоот зээлийн барьцааны гэрээ, гэрээний үүрэгт үл хөрөнгө хөрөнгө барьцаалж Н.Г*******д 200,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр тохиролцож байгуулсан. Энэхүү зээлийн гэрээ байгуулагдсан хэлбэр, агуулга, түүний заалтууд, стандарт нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, зээлийн харилцаа гэж харагдахгүй байна. Мөн ашиг олох зорилгогүй гэх гэх заалттай үл нийцэж байна. Тухайн зээлээр алданги тооцоод явсан нь ашиг олох зорилготой гэдгийг хангалттай нотолж байгаа. Мөнгөн зээлд ашиг олохын тулд эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж, тодорхой сургалтад хамрагдаж мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хууль ёсны зөвшөөрөл авсан байх ёстой гэх шаардлага 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдөж эхэлсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч О.Н******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бол байхгүй гэдэг нь сүүлд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн албан тоотоор нотлогдсон. Хариуцагч О.Н******* нь шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. О.Н*******гоос Н.Г хамаатан болох н.Н мөн 2018 онд 350,000,000 төгрөгт тодорхой хүүг тооцсон зээл олгож төлж барагдуулж байсан баримт байдаг. Нэхэмжлэгч талаас энэ тал дээр маргаан үүсгээгүй тул зээл олгож байсан гэхийг зөвшөөрсөн байна гэж үзэж байгаа. О.Н******* нь нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэдэг нь холбогдох хуулиар хангалттай тогтоогдож байгаа тул төлсөн 5,000,000 төгрөг орчим мөнгөө хасаад үлдэх зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тооцох эрх зүйн үр дагавар байгаа хэдий манай тал маргахгүй байгаа. Манай талаас 200,000,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0610 дугаар Зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0610 дугаар Барьцааны гэрээ, төлбөрийн баримт, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйлгээний баримт, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30з4-1/5470 дугаар албан бичгийн хуулбар, Э.Г гар бичвэр, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/26186 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

           

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.Н*******, хариуцагч Э.Г******* нар нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2,7 хувийн хүүтэй, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь зээл авснаас хойш 4,850,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж тус тус зааснаар хариуцагч нь хүү, алдангийг уг хуулийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Н******* нь байнга ашиг олох зорилгоор иргэдэд зээл олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн  иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй  зээлийн харилцаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль үйлчлэхгүй болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, мөн хуулийн  232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,  232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д “... нэг сарын 2,7 хувийн хүүтэй”, мөн гэрээний 3.7-д “ ... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө “ гэж тус тус зааснаар хүү, алдангийг харилцан бичгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч хүү, алданги  шаардах эрхтэй байна. 

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж зааснаар нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ  байна.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн үүрэгт 200,000,000 төгрөг, хүү 49,150,000 төгрөг, алданги 8,221,950 төгрөг, нийт 257,371,950 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, **** байрны **** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,973,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,973,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232.4, 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Г*******эс 257,371,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Н*******д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Г******* үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, **** байрны **** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,973,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,973,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ