Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг,

улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Б.Лхагвасүрэн,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Дашдулам ҮД:07-25 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-ганцаараа, Баянзүрх дүүргийн 27  дугаар хороо, Сэлбийн 6 дугаар гудамжны 150 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

1. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар Эрүүгийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар талууд эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хорих ялыг оногдуулж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

 3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэг дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 201 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

4. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сарын хорих ялын 2 сарын хорих ялыг нэмт нэгтгэн, нийт 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар, 08 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн Боржигон овогт Н.М/РД:УХ88100196/

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн /105/2018/0100/Э индекстэй 2017 2501 1969 хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Н.М нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны орчимд иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хурдан удмын 1 тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул дахин ярихгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Ар гэрийнхэнээс нь уулзсан зүйл байхгүй. Энэ хүн цагдаад олдохгүй байна гэхээр нь “Нарантуул” зах дээр явж байхаар нь захын цагдаагаар бариулсан. Энэ хүнтэй нэг удаа таарсан. Эгч нь нэг удаа уулзсан. Хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Эгч нь энэ үнэлгээгээр гаргуулаач, би өгөх боломжгүй байна гэсэн тул энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

            Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн:…2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хүргэн ах Эрдэнэ-Очир 11 цагийн үед над руу утсаар залгаад танай адуу алдагдсан байна гэж хэлэхээр нь би гадуур явж байсан учраас 12 цаг өнгөрөөд очсон. Намайг очтол Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд 15 цагийн үед албаны нохойтой бүрэлдэхүүн ирээд нохойгоор нилээд хайлгаад 17 цагийн үед явсан. Тэгээд би цагдаа нараас салаад гол руу алхаж байтал араас далан дагуу явж байсан саарал өнгийн жижиг суудлын тэрэгтэй хүүхэн залуу хоёр чи морио алдчихсан хайгаад байгаа юм уу, би нэг адуу худалдаж аваад махалчихсан юм. Чи очоод нэг хараадхаач мөн байж магадгүй гэж хэлэхээр нь дагаж очоод хашааных нь засвараар хартал мөн байсан. Тэгэхээр нь буцаад цагдаа дуудаад өгсөн. Адуу бол Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дарь-Эхийн 16-385 тоотод байх хашаанд байсан. Тэгээд алдагдах үедээ бол ард талын хашааны гадна чөдөртэй аргамжаатай байсан. Тухайн үед манай хүргэн ах Эрдэнэ-Очир харж байсан юм. Тэгээд гэр рүүгээ ороод цай уугаад гараад иртэл алга болчихсон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Сэргэлэндолгорын:.. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүргийн “Бүрд” худалдааны төвд хоолонд ороод гараад явж байтал “Сансар-32” дэлгүүрийн машиныхаа цонхыг онгойлгон хэдээр зарах юм гэсэн чинь 250.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь доошоо байгаа юм уу гэхэд 200.000 төгрөгөөр ав гэхээр нь би намайг дагаад явчих манайх ойрхон байгаа гээд миний машиныг дагаад морио хөтлөөд манай хашаанд ирсэн. Тэгээд манай хашаанд морио уяад тэр залуутай эргэж гараад би бөгжөө ломбарданд 200.000 төгрөгөөр тавиад тэр залууд мөнгө өгөхдөө малынхаа гарал үүслийн бичгийг өг гэсэн чинь би хотын хаягтай болохоор тийм бичиг байхгүй би танд иргэний үнэмлэхнийхээ лавлагааг аваад өгье гээд “Бүрд” худалдааны төвийн ТҮЦ машинаас өөрийнхөө хурууны хээг уншуулаад надад иргэний үнэмлэхнийхээ лавлагаа аваад ард мориныхоо зүсийг бичээд худалдсан нь үнэн болно гэж бичээд гарын үсгээ зураад надад өгсөн юм. Тэгээд би орой 18 цагт хүн гуйж нөгөө адуугаа янзлуулсан юм. Тэгсэн хүмүүс 19-20 цагийн орчим манай тэр хавиар морь хөтөлсөн хүн харсан уу гээд цагдаа нар ирчихсэн асуугаад явж байна гэхээр нь би машинаа асааж гараад цагдаа нартай нь уулзах гээд явж байтал энгийн хувцастай 3 хүн байхаар нь дуудаад та нар нөгөө морь хөтөлсөн хүн асуугаад яваад байсан хүмүүс мөн үү гэхэд мөн байна бид нар морины эзэд нь байна гэхээр нь би худалдаж авсан учир байдлаа хэлээд гэртээ очоод харуултал тэр хүмүүс нь өө та яах гэж янзалж байгаа юм бэ гээд цагдаа дуудаад тэгээд цагдаа нар ирсэн юм…гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Нармандахын:.. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчим манай хүргэн Эрдэнэ-Очир надруу утсаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт задгай хашаанаас морио хулгайд алдлаа гэж над руу ярьсан. Тэгээд би нөхөр Лхагвасүрэнгийн хамт явж очоод ойр орчмоор нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа алба хаагч нартай цуг эрэл хайгуул болж явсан. Тэгээд би орой 18 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явсан, манай нөхөр ах нар цагдаа нартай хайгаад үлдсэн юм. Тэгсэн манай нөхөр орой 20 цагийн орчимд “Сансар-32” худалдааны төвийн арын хашаанд манай морийг нядалчихсан байна чи хүрээд ирээ гэхээр нь би очоод хартал дөнгөж нядлаад дуусаж байгаа болтой мах гэдэс нь шинээрээ халуунаараа байсан. Намайг очих үед цагдаа нар зураг аваад байж байсан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62, 64-65-р тал/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Н.М нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны орчимд иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хурдан удмын 1 тооны адууг хашааных нь гадаа аргамжаатай байхад хулгайлан авч  махны ченжид 200.000 төгрөгөөр худалдсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Н.М нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны орчимд иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хурдан удмын 1 тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Мыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Мөнхболдын гэм буруугийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Б.Лхагвасүрэнгийн хулгайд алдагдсан хонгор зүсмийн адуу нь   хурдан удмын адуу болох нь хэрэгт авагдсан өргөмжлэл, талархал, медалиуд зэргээр тогтоогдож байна. /хх-н 68-75, 78-р тал/

           Иймд шүүгдэгч Н.М нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны орчимд иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хурдан удмын 1 тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв

            Шүүгдэгч Н.М урьд нь 4 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр  шийтгэгдэж байсан байх ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сарын хорих ялын 2 сарын хорих ялыг нэмт нэгтгэн нийт 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 08 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 47-52, 109-120-р тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... хорих  ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт  оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж   хуульчилсан ба Н.Мөнхболдыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 08 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан хяналтын хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд дууссан байна.

          Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Лхагвасүрэнд учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирогч Б.Лхагвасүрэнд учруулсан 3.500.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн эгч Н.Мөнхзаяа 100.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх хохирол болох 3.400.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 80.000 төгрөг, нийт 3.480.000 төгрөгийг Н.Мөнхболдоос гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэх үндэстэй байна./ хх-н 62-67-р тал/

            Шүүгдэгч Н.М хэргийн улмаас Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №160 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар 2018 оны 02 дугаарын сарын 07-ныг хүртэл цагдан хоригдож байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 89 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэстэй байна. /хх-ийн 86-87, 121-125-р тал/,

   Шүүгдэгч Н.Мөнхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Мөнхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, бусдад учруулсан хор, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж шүүх үзлээ.

             Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт Н.Мбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Н.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мын нийт цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Моос 3.480.000 /гурван сая дөрвөн зуун наян  мянган/ төгрөгийг хохирогч Балдандоржийн Лхагвасүрэнд /РД:УК81120212/  гаргуулан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ