Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

 

 

 

 

 

       2025            04            16                                     2025/ДШМ/22             

 

Х.Б т холбогдох

                                     шийдвэр гүйцэтгэх ажиллагааны

материалыг хянасан тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнхжаргал,

ялтан Х.Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ХМШЗ/9 дүгээр захирамжийг эс зөвшөөрч ялтан Х.Б , түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1/24290353 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон, торгуулийн ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 19.550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.550.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож  шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь ялтан Х.Б т холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгч, баталгаа гаргуулан, ялтны эрх үүргийг танилцуулжээ.

Шийтгэх тогтоол 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр болж, торгох ялыг биелүүлэх шүүхээс тогтоосон хугацаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан.

Ялтан Х.Б  нь ял эдлэх хугацаандаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.250.000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 3.250.000 төгрөг, 08 дугаар сарын 19-ний өдөр 3.250.000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 3.250.000 төгрөг, нийт 14.500 нэгж буюу 14.500.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлсэн байна.

Ялтан Х.Б  нь торгуулийн ялыг бүрэн биелүүлээгүй тул ялтны хүсэлтийг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр биелүүлэх хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгасан бөгөөд сунгасан хугацаанд төлөлт хийлгүй, торгох ялыг биелүүлэх хугацаа 2024 оны 11 дүгээр сарын дугаар сарын 04-ний өдөр дууссан.

Ялтан Х.Б  нь шүүхээс оногдуулсан 19.550 нэгж буюу 19.550.000 төгрөгийн торгуулийн ялаас 14.500 нэгж буюу 14.500.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлж, 5.050 нэгж буюу 5.050.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад: ...торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" гэж хуульчилсан бөгөөд ялтан Х.Б  нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй болох нь ялтны тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, торгох ялыг хорих ялаар солих үндэслэл тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ялтан Х.Б т шүүхээс оногдуулсан 19.550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.550.000 төгрөгөөр торгох ялаас түүний биелүүлээгүй 5.050 нэгж буюу 5.050.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 336 хоног буюу 11 сар 06 хоногийн хорих ялаар солиулахаар прокурорын дүгнэлт үйлджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/182 дугаар тогтоолоор ялтан Б-д оногдуулсан  20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 5.050.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 366 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б миний бие Эрүүгийн хуулийн 17.3.2 зүйл анги буюу хохирлоо бүрэн барагдуулж дууссаны улмаар торгох ял буюу 20.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаатай төлж барагдуулах ял авсан. 2024 оны 04 сараас 10 сарын 05-ны хүртэл торгуулийн 20.000.000 төгрөгөөс 14.500.000 төгрөгийг графикийн дагуу төлсөн боловч үлдэгдэл 5.050.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Цагаан-нуур сумын иргэн хувиараа тариалан эрхлэгч Б.С, Ж.Ж нараас авлагаа авах байсан боловч улаан буудайгаа борлуулж амжаагүй гурилын үйлдвэрт тэнцэхгүй байна гэсний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдээ хэлж сунгах хүсэлт тавьж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж өгөөч гэсний дагуу нэг сараар сунгасан болно. Эхнэр О.У 10 дугаар сарын 17-нд эрт илрүүлээгээр хавдрын онош илэрч хоёр эмнэлэгт эд эсийн нарийн шинжилгээ өгч умай хүзүүний хорт хавдраар 3 дугаар үе шатандаа хүнд хэлбэртэй гэсэн оноштой болж, Солонгос улс руу эмчилгээ, хагалгаанд орох шаардлага гарсан тул Б  миний эхнэрийн эмчилгээний зардал мөнгө олох гэж Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгаа өөрийн зарим техник зарах гэж хугацаа алдсаны улмаас үлдэгдэл 5.050.000 төгрөгийн хугацаа хэтрүүлж хийсэн болно. Иймд шүүхээс торгуулийн 5.050.000 төгрөгийг 11 сар 6 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. …” гэв.

 Ялтан Х.Б ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 1/24290353 дугаартай хувийн хэргийн 42-р талд Эрэн сурвалжлалт зарласан баримт авагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гүйцэтгэгч, прокурор ямар нэгэн санал, шийдвэр гаргаагүй үйл баримтыг хуульд нийцсэн эсэхийг хянуулахыг хүснэ. Шүүхээс Х.Б ийг 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, дуусах өдөр 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор 2024 оны 10 дугаар сарын 05-аас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 30 хоногоор сунгажээ. Х.Б ийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний эхнэр (хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг) умайн хүзүүний хорт хавдартай болох нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр оношлогдсон, торгох ялын үлдэгдлээс гадна эмчилгээний төлбөр шаардсан бодитой нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна. Холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн эх О, төрсөн эгч О нар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Б  шийдвэр гүйцэтгэгчтэй тус тус биечлэн уулзаж, торгох ялыг үлдэгдлийг төлөх гэтэл хорих ялаар солих санал нэгэнт гаргасан шалтгаанаар төлж болохгүйг сануулсан учир 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдох дансанд 5.050.000 төгрөгийг хожим бүрэн төлсөн. Х.Б  2024 оны 4, 5, 7, 8, 9 дүгээр саруудад хэсэгчлэн төлж байсан, хөдөө аж ахуйн бизнесийн онцлогоос шалтгаалж бусдаас авах авлага саатаж, сүүлийн төлөлтийг хийхэд хугацаа хожимдуулсан болохоо шүүхэд үнэн зөв мэдүүлсэн. Иймд Х.Б ийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохыг тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтны гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Эмчилгээ болон хувийн байдлаас болж төлбөрөө төлж чадахгүй гэж гомдолдоо дурдсан. Төлбөрийг 10 сард төлж чадахгүй байна гэсэн ялтны хүсэлтийг харгалзан үзэж, 1 сарын хугацаагаар сунгах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 30 хоногийн хугацаагаар сунгасан. Сунгасан хугацаанд торгох ялын үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн санал гаргах 5 хоногийн хугацаа байдаг. Тэрхүү 5 хоногийн хугацааг нэмээд тухайн хугацаанд төлбөрөө төлчих болов уу гэж хүлээсэн. 11 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн торгох ялыг солих тухай саналаа прокурорт гаргасан. Прокуророос 11 дүгээр сарын 25-ны өдөр дүгнэлт гаргаж шүүхэд шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчээс ялын санал гаргах хугацаа дуусахаас өмнө төлсөн тохиолдолд ял солих эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэтэл шүүхийн шатанд төлсөн байгаа учраас хорих ялаар солих үндэслэлтэй байсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ ялтан Х.Б  болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан бүх ажиллагааг хянахад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед болон шүүхээс тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх явцад ялтны хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11, 37.12 дугаар зүйлүүдэд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам”-д заасан хэм хэмжээнд нийцсэн байна.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар үйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б т 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ийн цагдан хоригдсон 30 хоногийг 1 хоногийн торгох ялын 15  нэгжээр тооцож шүүгдэгч Х.Б т оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөс хасаж тооцон түүний биечлэн эдлэх ялыг 19.550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.550.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Б т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, торгох ял шийтгүүлсэн ялтны дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хувийн баталгаа гаргуулан авч, торгох ял шийтгүүлсэн ялтны эдлэх эрх, үүргийг танилцуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг танилцуулах, улмаар ялтан Х.Б  нь дээрх үр дагаврыг ойлгосон болохыг илэрхийлэн баталгаа гарган өгсөн зэрэг хуульд заасан ажиллагаануудыг явуулсан байна.

            Ялтан Х.Б  нь шүүхээс оногдуулсан 19.550 нэгж буюу 19.550.000 төгрөгийн торгуулийн ялаас 14.500 нэгж буюу 14.500.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлж, 5.050 нэгж буюу 5.050.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бөгөөд торгох ялын биелэлтийн хугацааг 30 хоногоор сунгуулах хүсэлт /хх31/ гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгажээ. /хх33/

            Гэтэл ялтан Х.Б  хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихыг мэдэж байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...торгуулийг төлөөгүй бол хорих ялаар солихыг ойлгосон...” гэх /хх29/ баталгаа гаргасан атлаа 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан хугацаанд хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь түүнд эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл /хх 12-13/, сар бүр биечлэн уулзсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх26, 30/, шийдвэр гүйцэтгэгчийн ялтан Х.Б тэй утсаар ярьсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх34-37/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38-40, 44-45/, ялтан Х.Б ийг эрэн хайх талаар “эрэн сурвалжлалт зарлах” тухай баримт /хх42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт ...хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.”, 160.3-т “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.” гэж тус тус заасныг ялтан Х.Б  зөрчсөн байх тул торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ялтан Х.Б  нь “...Эхнэр О.У 10 дугаар сарын 17-нд эрт илрүүлээгээр хавдрын онош илэрч хоёр эмнэлэгт эд эсийн нарийн шинжилгээ өгч умай хүзүүний хорт хавдраар 3 дугаар үе шатандаа хүнд хэлбэртэй гэсэн оноштой болж, Солонгос улс руу эмчилгээ, хагалгаанд орох шаардлага гарсан тул би эхнэрийнхээ эмчилгээний зардал мөнгө олох гэж Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгаа өөрийн зарим техникээ зарах гэж хугацаа алдсаны улмаас үлдэгдэл 5.050.000 төгрөгийн хугацаа хэтрүүлж хийсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн,

түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нь “...2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн эх Оюунбилэг, төрсөн эгч Одхүү нар, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Б  шийдвэр гүйцэтгэгчтэй тус тус биечлэн уулзаж, торгох ялын үлдэгдлийг төлөх гэтэл хорих ялаар солих санал нэгэнт гаргасан шалтгаанаар төлж болохгүйг сануулсан учир 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдох дансанд 5.050.000 төгрөгийг хожим бүрэн төлсөн. Х.Б  2024 оны 4, 5, 7, 8, 9 дүгээр саруудад хэсэгчлэн төлж байсан, хөдөө аж ахуйн бизнесийн онцлогоос шалтгаалж бусдаас авах авлага саатаж, сүүлийн төлөлтийг хийхэд хугацаа хожимдуулсан болохоо шүүхэд үнэн зөв мэдүүлсэн. Иймд Х.Б ийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Ялтан Х.Б  нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу түүнд оногдуулсан торгох ялаас 14.500.000 төгрөгийг төлсөн хэдий ч 5.050.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлж барагдуулаагүй байх бөгөөд хугацаа хожимдуулсан үндэслэлээ “...Эхнэр У нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, эмчилгээний мөнгө шаардлагатай болсон. Сэлэнгэ аймагт газар тариалангийн техникээ зарах гэж яваад холбоо барих боломжгүй болж хугацаа алдсан...” гэж тайлбарласан боловч энэ талаар шийдвэр гүйцэтгэх газарт болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, ялын үлдэгдэл 5.050.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байхаас гадна Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.”, 156.2-т “Прокурор шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор үндэслэлийг хянаж, хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.”, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.7 дахь заалтад “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан санал ... хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлтийг шүүхэд гаргах, шүүх хуралдаанд оролцох” гэж тус тус заасны дагуу холбогдох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж ялтан нь торгох ялыг заавал хугацаанд биелүүлэх үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих императив хэм хэмжээг заажээ.

Өөрөөр хэлбэл, ялтан Х.Б  нь шүүхээс оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг хугацаанд эдэлж дуусгавар болгох үүргээ биелүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аливаа хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг зөрчсөн, хуулийн хугацаа хэтрүүлж төлсөн байдал нь ял шийтгэлийн үр нөлөөтэй, гарцаагүй байх зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн, шүүх ялтан Х.Б ийн хугацаа хожимдуулж төлсөн төлбөрийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр ялтан Х.Б  болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжид Төрийн сангийн 100200100988 тоот данснаас 2.100.000 төгрөгийг, 100900012060 тоот данснаас 2.950.000 төгрөгийг тус тус гаргуулж ялтан Х.Б т буцаан олгосон нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Б ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “Төрийн сангийн 100200100988 тоот данснаас 2.100.000 төгрөгийг, 100900012060 тоот данснаас 2.950.000 төгрөгийг тус тус гаргуулж ялтан Х.Б т буцаан олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад хэсэг заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Х.Б  болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Б ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА