| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2312001060049 |
| Дугаар | 2025/ДШМ/265 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/265
2025 02 25 2025/ДШМ/265
Ж.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дөлгөөн,
шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Оргил,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Оргил нарын хамтран гаргасан заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Ат холбогдох эрүүгийн 2312001060049 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ж.А, 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................... оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.................../;
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн ....................... дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар тогтоож, 2004 оны 4 дүгээр сарын 20-нд хугацаа дуусч суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн ...................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн .................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн ................ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялаас зарим болох 02 жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сарын хугацаагаар тогтоож, уг ялаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялыг тэнссэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар захирамжаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн,
Шүүгдэгч Ж.А нь амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 09-ний орой ........................... дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу ..................нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч “кастер” нэртэй тамхи 4 хайрцаг, “Хараа” нэртэй 750 граммын архи 3 ширхэг мөн бэлнээр 2.180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Сд нийт 2.258.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр .................... тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай буюу байшинд нэвтэрч “Samsung S10” загварын гар утас, “Sharp” 65 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Аод 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн прокурорын газраас: Ж.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.17
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ат 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Ж.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аын цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ааас 3.968.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Сд 2.258.000 төгрөгийг, хохирогч Ч.Аод 1.710.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ж.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.А давж заалдах гомдолдоо: “...2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолын 9 дэх талд “нэг төрлийн гэмт хэрэгт урьд найман удаа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж дээрдүүлэх зорилгыг удирдлага болгон 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх” хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 жилийн хорих ялаар шийтгэж байгаад гомдолтой байна. Гэтэл шийтгэх тогтоолын 9 дэх талд шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж үзсэн боловч хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдалд үндэслэн ял шийтгэлийг хүндрүүлж шийтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдал” буюу урьд өмнө биечлэн эдэлж дууссан ял шийтгэлд үндэслэн өндөр ял шийтгэсэн гэж үзэж байна. Дээрх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 10 хоногийг нэмж нэгтгэн 7 жил 10 сар 10 хоногоор тогтоосон байна. Гэтэл анх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөр хэрэгт үргэлжилсэн үйлдлүүд бүхий нэг хэрэг байгааг хамтад нь нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдлүүд тухайн 2024 оны шийтгэх тогтоол дахь үйлдлүүд болон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2311022411561 дугаартай тогтоол дахь хэргүүд нь үргэлжилсэн нэг хэрэг бөгөөд нэгтгэн шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Оргил нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нь төлбөрийн чадваргүй, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа гэмт хэрэг нотлогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэсэн санал гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Урьд шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоног гэсэн зөрүү байгаа, үүнийг нэмж нэгтгэн нийт 3 жилээр 11 сараас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж дэглэмийг нээлттэй хорих ангид ял эдпүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүх Ж.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ат 6 жил хорих ял шийтгэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан. Иймд эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй гаргасанд гомдолтой байна.
2. Өмгөөлөгчөөс зүгээс анхан шатны шүүх хуралдаанд "мөрдөн шалгах ажиллагаанд Ж.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч тухайн үед яллагдагчаар татсан тогтоолд өөрийнхөө хийсэн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал байгаа. Шүүх эцсийн шийдвэр гаргахдаа анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзнэ үү гэсэн саналтай байна. Хэргийн нөхцөл байдлыг судлаад үзэхээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, биечлэн эдэлж байх явцдаа энэ хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Хэрэгт 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тасалбар болгож ялын тооцоо гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс энэ ялын тооцоог гаргаснаас хойш хугацааг цагдан хоригдсон хоногийг нийт эдлэх ялаас нь хасах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тухайн ялын тооцоо дээр нийт 1 жил 10 сар 10 хоног байсан гэж харж байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогч М.С, Ч.Аод төлөх төлбөртэй. Эрүүгийн хариуцлагын хувьд 5 жил 3 сарын хорих ялыг хаалттай дэглэмд ял оногдуулахаар улсын яллагч гаргаж байгаа саналтай санал нийлэхгүй байна. Учир нь 2024 оны шийтгэх тогтоолыг харахад тухайн үйлдэл нь эрх зүйн байдлаа дордуулж шийдүүлсэн. Анхан шатын шүүх хуралдааны үед Ж.А өөрөө хэллээ. Тухайн үед Архангай аймагт хэрэгт шалгагдаж байгаа гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Шүүгчээс хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад яагаад хэлээгүй вэ гэж асуусан. Тухайн үед цагдаа, прокурорт хэлж байсан гэдэг асуудлыг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд харахад 2023 оны 6 дугаар сарын 9, 2023 оны 10 дугаар сарын 21-ний урьд шийтгэх тогтоолын үргэлжилсэн үйлдэл энд үргэлжилсэн байна. Тухайн үед нэг мөр шийдүүлсэн бол нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулах боломж байсан байна. Улсын яллагч 5 жил 3 сар хорих ял оногдуулахаар санал гаргасан бөгөөд уг энэ хоёр үйлдэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг харахад дахин гэмт хэрэг үйлдсэн мэтээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж ял сонсгож байгаад санал нийлэхгүй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж хэлсэн. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Ж.Аын холбогдсон 2 үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл байгаа. Урьд удаа дараа гэмт хэрэг шалгагдаж байсан хувийн байдлыг харгалзан үзэж гэж байна. Энэ шийтгэх тогтоолуудыг харахад миний үйлчлүүлэгч урьд хэдий олон удаагийн ял шийтгэлтэй боловч ялыг биечлэн эдэлж дууссан. Өнөөдрийн энэ үйлдлээр нэгэнт ялаа биечлэн эдлээд дууссан нь хүндрүүлэх нөхцөл байдал буюу хувийн байдлыг хүндрүүлэхээр байгаатай санал нийлэхгүй байна. Урьд шийтгэх тогтоолд нээлттэй хорих дэглэм авсан. Тэгэхээр дэглэмийн хувьд өмгөөлөгчийн зүгээс нээлттэй хорих дэглэмд ял эдлүүлж өгнө үү ...гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргасан. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй нэг талыг хэт барин ялыг хүндрүүлж өгсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хурлын дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхээ эдэлж чадаагүйд гомдолтой байна.
3. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдэлж, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож ялын тооцоо гаргасан. 2024 оны 11 дүгээр сарын 07 өдрийн 2024/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Ат 06 жил хорих ял шийтгүүлсэн нь 2-8 жилийн хорих ялтай хэрэгт нийт 9 жил хорих ял биечлэн эдлэхээр болоод байна.
4. Урьд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхээр шийдүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэг мөр хэргээ шийдүүлье гэж санал хүсэлтээ илэрхийлсэн байдаг боловч 60 хоногийн хугацаанд хэргүүдийн нэгтгэж оруулж ирээгүй байдаг.Одоо 2023 оны 10 дугаар сарын 26 өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Сүрэнхорлоогийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Ат ял сонсгож.яллагдагчаар татсан байна. Уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр 461 дүгээр хорих ангийн цагдан хорих байранд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Шинэхүү нь Ж.Ат танилцуулахаар ирсэн гэдгээ өмгөөлөгч нартаа уулзалт ярилцлагын явцад хэлсэн. Ирээдүйд эрх зүйн байдал нь дордохыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Ат 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, өмнөх шийтгэх тогтоолоор энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Энэ гэмт хэргийн улмаас 3,968,000 төгрөгийн хохирол учирсан. Гэм буруу дээр маргадаггүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрөөд явсан. Шийтгэх тогтоол гарахаас өмнө яллагдагчаар татагдсан нөхцөл байдал илэрсэн. Мөн анхан шатны шүүхээс Ж.Ат яагаад 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулсан гэхээр шүүх хувийн байдлыг нь харгалзаж үзсэн гээд байдаг. Шүүгдэгч Ж.А нь урьд 8 удаагийн ял шийтгэл авсан гэх нөхцөл байдлыг харгалзаад хүндрүүлсэн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Прокурор Б.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Аын өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Ноцтой зөрчил гаргаагүй. Учир нь, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн үйлдсэн гэмт хэргийнх нь ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргахдаа урьд нь гэмт хэрэг үйлдсэн байдал, ял шийтгүүлсэн байдлыг харгалзаад хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж саналаа гаргасан. Гэтэл шүүх прокурорын саналыг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулсан мэтээр давж заалдах гомдолдоо тусгасан байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал дээр прокурорын зүгээс тогтоогдоогүй гэх дүгнэлт гаргасан. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн байгаа. Ж.Аын урьд 8 удаагийн ял шийтгэлтэй гэдэг байдлыг харахаас биш эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсныг нь буруугаар ашиглах гээд байгаа юм байхгүй. Шүүгдэгч Ж.А нь нийгэмд аюултай гэмт хэргийг удаа дараа үйлдээд байна гэдэг байдлаар тайлбарласан. Хувийн байдлыг нь харгалзана гэдэгт эдийн засаг, санхүүгийн байдал, ар гэрийн байдал, мэргэжил, боловсрол, зан төлөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон зөрчил, эрүүгийн хэрэгт холбогдож байсан байдлуудыг давхар харгалзаж үзнэ. Учир нь, эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бусад хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хамгаалах зорилготой. Эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын саналаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд яллагдагч гэсэн нэр томьёо байдаг. Яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэсэн заалт байдаг. Болно гэсэн нь үүрэг болгосон зохицуулалт биш. Тухайн мөрдөн шалгах ажиллагааг боломжит хэмжээгээр нь тухайн хэргийнх нь бодит байдлыг тогтоогоод тал бүрээс нь бүрэн бодитой шинэчлэн судлаад яллагдагчид эрүүгийн хариуцлага оногдуулах л ойлголт байгаа. Яллагдагчаар татсан байгаа тохиолдолд тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах гээд өөрийнхөө хэргийг шийдвэрлүүлэх гэсэн байдлаар ханддаг тохиолдол байхгүй. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагчаар татсан тохиолдол байгаа бол бид хэргийг нэгтгэж шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байгаа. Нэгэнт хэрэг шүүхэд шилжээд шүүх шийдвэрээ гаргасан тохиолдолд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн боломжгүй гэж харж байна. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй гэж заасан. Үйлдсэн гэмт хэрэг болгонд нь ял шийтгэл оногдуулаад нэмж нэгтгэх журмаар нэмж нэгтгээд явдаг хуулийн зохицуулалттай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Ж.А нь амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу Орхон нэртэй хүнсний дэлгүүр нэвтэрч кастер нэртэй тамхи 4 хайрцаг, Хараа нэртэй 750 граммын архи 3 ширхэг мөн бэлнээр 2.180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Сд нийт 2.258.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
хохирогч М.Сын “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагаас 23 цагийн хооронд манай гэрийг сахиж байсан Отгонцэрэн айлын хүүхэд түр харж байгаад эргээд ирэхэд нь манай гэрийн цонхоор хүн ороод эд зүйл хулгайлсан юм шиг байна гэж надад утсаар мэдэгдсэн. Би өөрөө ирээд шалгахад манай гэрийн талын жижиг цонхоор хүн ороод дэлгүүр гэр хоёрын дунд байдаг дотор хаалганы цоожийг эвдэж хөшөөд дэлгүүрийн модон лангууны ард байсан шар өнгийн модон шүүгээг ухсан байсан. Тухайн модон шүүгээн дотор миний хадгалж байсан бэлэн 2.000.000 төгрөгийг мөн дэлгүүрийн лангуун доор байдаг орлогын мөнгө хийдэг utep хайрцгаас 100.000 төгрөг, дэлгүүрийн лангуун доор байсан Хараа нэртэй 750 граммын архинаас 3 ширхэг, манай гэрийн унтлагын өрөөнд байдаг бурхны гуун дотроос 80.000 төгрөг, дэлгүүрийн лангуун доор хайрцагтай байсан кастер нэртэй тамхинаас 4 ширхгийг тус тус хулгайлсан байсан. ...” /1хх 11-12, 21-22/,
гэрч Д.Огийн “......Намайг гэрт нь орох үед галын хайч нь газар, жижиг өрөөний цонх нь онгорхой дэлгүүр гэр хоёрын дунд байдаг дотор хаалга онгорхой байсан учраас хулгайч орсон гэж бодоод М.С эгчид энэ талаар утсаар мэдэгдсэн. ...” /1хх 15-16/,
гэрч Б.Аийн “...Тухайн өдөртөө Төвшрүүлэх сумын төвд Ж.Аыг олдохгүй болохоор нь гайхаад санаа зовоод сууж байхад Анхбаатар над руу утсаар ярьсан. ...М.С гэх хүний дэлгүүрээс 2.000.000 төгрөг авсан байхаар нь би энэ хохирол мөнгийг нь төлөөд өгье гэж М.Стай уулзаж байсан. ...” /1хх 59-60/ зэрэг баримтуудаар,
2. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай буюу байшинд нэвтэрч “Samsung S10” загварын гар утас, “Sharp” 65 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Аод 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Аын “...Эхнэр бид хоёр цуг 19 цагт гэртээ ирсэн. Охин араас удалгүй орж ирсэн. Тэгсэн манай гэрийн үүдэнд хар юм байхаар нь аваад үзсэн нөүтбүүкийн цүнх байсан. Тэгээд гэрийн хаалга цоожтой би онгойлгоод ороод ирсэн гэрийн маань доторх эд зүйлсийг эмх цэгцгүй болгоод хулгай орсон байдалтай байсан. Тэгээд тойроод үзсэн чинь жижиг өрөө болон гал тогооны өрөөний цонх онгорхой байсан тэгээд шууд цагдаа дуудсан. Манай гэрээс 65 инчийн “Sharp” брэндийн зурагт 1 ширхэг, “Dell” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 1 шил “Jack виски” алга болсон байсан. Зурагтыг 4 жилийн өмнө 1.600.000 төгрөгөөр, нөүтбүүк 3 жилийн өмнө 1.570.000 төгрөгөөр, Samsung S10 гар утас бас байгаа тэрийг 2018 онд 1.500.000 төгрөгөөр авсан. Энэ бол үнэндээ биш доторх зураг нь их чухал зүйлүүд их байгаа юм. ...” /1хх 165-166/,
шүүгдэгч Ж.Аын “...Тухайн айл руу орохоор шийдэж цонхыг нь түлхэж нэвтэрч орсон. Бусдын гэрт ороод дотроос нь зурагт, нөүтбүүк, нэг ширхэг утас зэргийг хулгайлсан. Тэрхүү эд зүйлийн брэнд, загвар зэргийг тодорхой мэдэхгүй байна. Өөрийн авсан эд зүйлээ замд таарсан хүнд зарж борлуулсан. Замын хүнд өгсөн тул тухайн хүнээ одоо харвал танихгүй. Бэлнээр 400.000 төгрөгөөр зарж борлуулсан санагдаж байна. ...” /1хх 172-173/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 021426 дугаар: “...Шинжилгээнд тэнцэх №10, 13 цаасан хайрцгууд дээрээс” гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөрүүд нь Ж.Аын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” /1хх 184-186/ гэсэн дүгнэлт,
2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 157-161/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 181-182/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Аыг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ат “үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 6 жил хорих ял оногдуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хорих ял оногдуулж шийтгэхээр зохицуулсан.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийн 2 удаагийн л үйлдэлтэй, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар харьцангуй бага зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Оргил нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “... 6 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... 4 жил хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “... нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “... нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА