Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01620

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01620

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01235 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

ХариуцагчР.И.М-ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие сургууль албан ёсоор байгуулагдаж 2004 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр тус сургуулийн Үйл ажиллагаа хариуцсан менежер албан тушаалд томилогдон ажилласан. 2007 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа аваад, 2008 оны 9 дүгээр сард эргэн ажилдаа орсон боловч хүүхэд харах хүнгүйн улмаас 1 сар ажиллаад хүүхэд харах чөлөөг үргэлжлүүлсэн. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөсР.И.М-ХХК (Рафлес институт)-ийн маркетингийн менежерийн албан тушаалд ажилд орсон ба Сингапураас ирсэн бүс удирдсан захирал Жое Тантай 3 сарын туршилтын хугацааны гэрээ байгуулан ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын дундуур Марк Чао гэх захирал шинээр томилогдож ирсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр туршилтын хугацаа дуусахад үргэлжлүүлэн дахин 3 сарын хугацаатай гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хийсэн. Миний бие Хүний нөөцөөс яагаад байнгын ажлын байранд дахин 3 сараар гэрээ хийж байгааг тодруулахад ...сургуулийн захирал Монголын хуулийг дагахгүйгээр 3 сараар дахин гэрээ хийнэ гээд 3 сараар гэрээ хийхгүй бол ажлаас чөлөөлнө хэмээн гэрээг хийлгэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 01 дүгээр сарын 31 -ний өдрийг дуустал 6 хоногийн ээлжийн амралтаа авсан хугацаанд ажлаас хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Тухайн ажиллаж байх хугацаанд гэрээ дуусгавар болгох тухай ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг зөрчсөн билээ. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний биеР.И.М-ХХК-ийг хариуцагчаар татан маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан юм. Уг нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч миний өмгөөлөгч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй улмаас шүүгчийн нэхэмжлэлийг буцаах тухай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 03401 дугаартай захирамж гарсан. Иймд Б.А- намайгР.И.М-ХХК-ийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:Р.И.М-ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 32/18 тоот тушаалаар Б.А-ыгР.И.М-ХХК-ийн маркетингийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаанд авч ажиллуулсан. Уг туршилтын хугацаа дуусахад манай сургуулийн захирал солигдож ирээд удаагүй байсан, Б.А-ын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан байдал, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа гүйцэтгэхгүй байдал ажиглагдаж байсан тул түүнд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон. Ингээд Б.А-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Энэ нь туршилтын хугацаа биш юм. Ийнхүү ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн эрх юм. Ажилтан Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандсан зөрчлүүдийг гаргасан байдлыг нь харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин сунгахгүйгээр дуусгавар болгосон. Түүнчлэн Б.А- нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох тухай ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход энэ талаар мэдэгдэх шаардлагагүй тул хууль зөрчөөгүй болно. Иймд ажилтан Б.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.А-ыгР.И.М-ХХК-ийн Борлуулалт маркетингийн албаны маркетингийн менежер-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаарР.И.М-ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,962,790 төгрөгийг гаргуулж Б.А-д олгож, Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 404,609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.А-ын ажилгүй байсан 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийгР.И.М-ХХК-ийн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 142,355 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.А-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд ажил олгогчийн эрхийн асуудал. Хөдөлмөрийн гэрээний 13.3 дахь заалт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцээгүй, хүчин төгөлдөр бус заалт юм. Ажил олгогч ур чадвар муутай цаашид ажиллах чадваргүй ажилтныг ажиллуулахгүй байх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон атал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд бус хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.А-ыг маркетингийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаанд авч ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээний 14.3 дахь хэсэгт гэрээ дуусгавар болоход энэхүү заалт хэрэгжээгүй. Техникийн алдаа гэдэг нь харагдана. Талууд ингэж тохиролцож байгаагүй гэдэг нь нэхэмжлэгч үргэлжлүүлэн 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нөхөртэйгээ зөвшилцсөний үндсэн дээр зөвшөөрлөө гэсэн мэйлээр батлагддаг. Логик утгаараа ойлгомжтой байдаг. Ажилтан Б.А-ын манай компанид үйл ажиллагаа хариуцсан менежер-ийн албан тушаалд ажиллаж байсан нь маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагчР.И.М-ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2004 оноос хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтад хэн аль маргаангүй.Р.И.М-ХХК нь Б.А-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг маркетингийн менежерийн албан тушаалд томилон ажиллуулж байсан нь хэргийн 10-28 дахь талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаал зэрэг баримтаар нотлогдож байна.

УлмаарР.И.М-ХХК-ийн захирал 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09/19 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 9,35,36/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа болон уг гэрээг цуцалсан үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэгч Б.А-ын томилогдсон маркетингийн менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр болох нь хариуцагч компанийн ажил, албан тушаалын жагсаалтаар тогтоогдож байна. /хх81-86/ Иймээс хариуцагчР.И.М-ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг. Талууд хөдөлмөрийн гэрээний 13.3 дахь заалтаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас гуч /30/ хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах мэдэгдэл аль нэг талдаа өгөөгүй бол уг хөдөлмөрийн гэрээ нэг /1/ жилээр сунгагдсанд тооцогдоно гэж тохиролцсон байна. Энэ нь талууд хуулийн хүрээнд тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцжээ. Хариуцагчаас уг гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй учир тэдгээрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдсанд тооцно./хх20-28/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг хөдөлмөрийн гэрээний 13.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж дүгнэн улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД