Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Хохирогч Д.Б ,

Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Улаансуунаг овогт Б-ын А-д холбогдох 1816001290061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн ...... сумын ....... багийн 3-20 тоотод оршин суудаг, 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... регистрийн дугаартай, Улаансуунаг овогт Б-ын А .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б-ын А  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон  хохирогч  Д.Б хамтран амьдрагч Б.А-д  удаа дараа зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь  байнга үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.А  үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Шүүгдэгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Өөрийн гэм бурууг ойлгож байна. Цаашид ханьдаа гэмтэл учруулсан хохирлыг барагдуулмаар байна. Ялын хамгийн бага хэмжээг хүсэж байна... би өөрөө хөдөө явж байгаад орж ирээд хүмүүстэй архи уусан. Өөрөө тухайн үйл явдлаа санахгүй, яаж гэрийнхээ гадаа ирснээ санахгүй байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа... Би сэтгэлээр унасан үед уудаг. Эхнэр хүүхдийнхээ хажууд уудаггүй. Энэ янз бүрийн юм ярихаар нь гараад уучихаад байдаг. 7-8 удаа зодсон гээд манай хүү буруу мэдүүлэг өгсөн байна. Би тэгж их зоддоггүй. Цаашид өөрөө эмэгтэй хүн гомдоож зовоож байхаар ял шийтгэлээ эдлээд хохирлыг нь барагдуулаад хоёр тийшээ больё... Өмнө нь тархи толгойг нь гэмтээж байгаагүй. Сая л гэмтээсэн байна. Манай хүн өмнөөс сарвалзаад байдаг. Урьд нь телевизор хагалж байсан удаа байгаа. Үүнээс хойш хань нь зовоохгүй, буруугаа ойлгоод энэ ял шийтгэлээ эдлээд хохирлыг нь барагдуулна. Уг нь сална гэсэн бодол байхгүй, алийн болгон ингэж явах уу больё. Хадам ахтай таарамж муутай байдаг. Хавар эмнэлэгт хэвтэхэд цай хоол хийгээгүй, хэрэгцээтэй үед хажууд байгаагүй би 14 хоноод эмнэлгээс гарсан. Тийм зүйл бодож яваад ийм үйлдэл гаргасан байх... Байнга зоддог гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хааяа цохидог, юу гэж ханийгаа өдөр болгон зодох уу, зарим мэдүүлэг бол худлаа байна. Гэхдээ би өөрийнхөө бурууг ойлгож байна. Ямар ч гэсэн тархи толгойг нь хот явж эмчлүүлнэ. Баривчлах шийтгэл авах юм  бол мөнгө олох боломжгүй болно. Бага сараар баривчилж өгнө үү... Сүүлийн 2, 3 хоног тусдаа амьдарч байгаа. Зүгээр гэртээ сайхан амьдарч байхад гэрээ ав гээд сонин үг хэлэхээр нь гараад архи уучихдаг. Зүгээр байж байхад сэтгэлд орсон үг хэлэхээр нь гараад архи уучихдаг. Би тийм архичин биш больё гэж бодож байгаа... хуримаа хийсэн. Гэрлэлтээ батлуулаагүй, яагаад батлуулаагүй юм тэрийг сайн санахгүй байна... Би эхнэр хүүхдэдээ хайртай, охиноо ялгаж салгаж байсан асуудал байхгүй. Ганц асуудал надад л байна. Би хааяа архи уучихаад зовоогоод байна. Салья гэж хэлээд байгаа нь байнга цагдаагаар явах юм өөрөө ухааръя хүмүүжье, хүүхдийнхээ дансанд мөнгө төгрөг хийгээд явъя гэж бодож байна. Эмэгтэй хүнийг зовоож байхаар болъё гэж бодож байна... Өөрийн гэм бурууг ойлгож байна. Ханийхаа хохирлыг барагдуулаад хот руу эмчилгээнд авч явна. 8 сарын хорих ял гэдэг миний хувьд их хугацаа байна. Хамгийн бага хэмжээ гэж байдаг юм болов уу. Архи уухаа больчих юм бол манай амьдрал сайхан болно. Олон жилийн өмнө хоёр хүн зодолдож байхад голоор нь ороод салгаж тархи цохиулаад гэмтэж байсан гэж хэлж байсан. Өөрийн бурууг ойлгож байгаа учраас эмчилгээнд явуулна. Алтанд явахаа больдог юм уу гэж бодож байна. Ажил олж хийнэ... Ханийнхаа тархи толгойг эмчлүүлж өгнө. Гэрээ ав гэдэг нь сэтгэлд юм оруулж байна. Хүүгийнхээ төлөө амьдрахаас цааш хүүгийнхээ нэр дээр мөнгө хийгээд амьдарна гэсэн бодолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...05 дугаар сарын 28-ны шөнө гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад 2 цаг 20 минутын үед ирсэн. Ажлаас ирэхэд байхгүй болохоор нь хүргэн болох гээд байгаа залуутайгаа алтанд явчихсан юм байх гэж бодоод унтаж байсан чинь шөнө согтуу ирсэн. Тэгээд ирчихээд аймаар согтуу ирсэн. Ухаан мэдрэл байхгүй байсан. Тэгэхээр нь энэ согтуу хүнтэй юу ярих уу маргааш өглөө босож байгаад хэлье гэж бодсон. Тэр үед манай ахынх Land 80  гэдэг машин авсан байсан. Тэднийх машин авч уналаа чи эгч, ах хоёртойгоо нийлж машин авч уна өөрөө өөрийнхөө амьдралыг бод ахтайгаа нийлээд сайхан амьдар гэдэг. Энэ зодсон бол ахынх машин авсантай холбоотой зодолт болсон байх. Ер нь архи уухаараа зоддог. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Хүүхдээ хүмүүлж байгаа хүн болоод хүүхдийнхээ толгой руу шааж унагаадаг. Тэрийг нь хэлэхээр би тэгээгүй гэдэг. Архи уусан үедээ өөрийгөө хянаж чадахгүй. Чи ингэлээ гээд хэлэхээр би тасарчихсан байсан мэдэхгүй байна гээд бүх муу юмаа архиндаа оруулчихдаг. Чи хүүхэд алах шахлаа хүүхэд тэгж байна ингэж байна гэхээр би мэдээгүй гэдэг зүйлийг хэлдэг. Зурагт хагалсан болохоор хотоос нэг хүн ирээд утсаар ярьсан байсан цэнэглэгч аваад савсан чинь цэнэглэгчний толгой сугарч очоод зурагт хагалсан. Шүүх цагдаагаар олон удаа явж байна. Цагдаа дээр ирээд гомдолгүй гээд гарсан, шүүх дээр ирээд гомдолгүй гээд хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй гээд гардаг. Шүүх, цагдаагаар явсан тохиолдолд хоёр гурван сар архи уухгүй тохиолдол гарсан. Ойр зуурын мөнгө төгрөгний хэрүүл болохоор архи уугаад зодоод өгдөг. Мөнгөнөөс болж манайд их хэрүүл гардаг. Би зах дээр комиссын бараа зардаг. Энэ өөрөө алтанд явдаг. Зунд бол хоёулаа алтанд явдаг. Зодуулахаас өмнө хэлээд байсан. Энэ зун хоёулаа явж байгаад өрөө дараад хашаа аваад амьдралын төлөө зүтгэе гээд хэлээд байсан. Тэгнэ тэгнэ гэж явж байгаад зуны гурван сарыг 100 төгрөгийн орлогогүй өнгөрүүлэх гэж байна. Намар болохоор би хоёр хүүхдээ дагуулж явж юмыг нь авч өгдөг. Хоёр хүүхдэдээ бараг оймс, дотуур хувцас ч авч өгдөггүй. Мөнгөний хэрүүл маш их гардаг. Өвөл, хавар машин унаад яваад байна өдөр 20.000 төгрөгөөр бензин хийгээд өгөхөд сард хэдэн төгрөгөөр бензин хийж явж байгаагаа мэдэж байгаа юм уу. Машин өөрийнх нь өмч юм шиг унаад явдаг. Голын хайрцагийг нь хоёр хүүхэд очоод уудалхаар цохиж алчих гээд аюул болдог. Надтай сууснаар сайхан амьдарч байгаа. Хэний буянд хэдэн машин, мотоцикль солиод уначихсан ямар хэмжээнд яагаад явж байгаа билээ гэдгээ бас бодож байх хэрэгтэй. Бид гурвын төлөө амьдрахгүй. Дүү нарынхаа төлөө амьдарна. Намайг 05 дугаар сарын 28-нд гэмтээчихээд өчигдөр уржигдрыг хүртэл алтанд явж байна. 5, 6 сая төгрөг олсон тэрийгээ архинд зарцуулж байгаа. Өмнө нь архи уухаараа машинтай архи ууж юм мөргөнө, журмын хашаанд орно тэрэнд мөнгө нь зарцуулагддаг. Тэрийг өөрөө мэддэг юм уу, би тэрийг нь маш их хэлж өгдөг... Цагаан сарын дараа гомдоод байна гэдэг нь 2012 оноос хойш билүү 2014 оноос эрүүл мэндийн дэвтрээ таглуулаагүй зуун дөчин хэдэн мянган төгрөг гарсан байсан. Би дүү нарыг нь дуудаад хэдүүлээ мөнгө төгрөг нийлүүлж байгаад нийгмийн даатгалын дэвтрийг нь бөглөөд өгье гэж хэлсэн. Эмэгтэй дүү нь ирж янз бүрийн үгээр доромжлоод байхаар нь араас очоод чи хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог юу юм бэ? би явахгүй биш явж л байна. Угаасаа юм идэхгүй байсан өглөө каш хийж аваачиж өгч байсан хоёр дүү нь цагаан сарын үеэр барьж авч зодсон. Архи уухаараа ирж зоддог. Тэрнээс хойш архи уугаагүй байж байгаад 5 сарын 28-нд архи ууж ирж зодсон... Энэ жилийн тухайд 5 сард зодсон... 2012 оноос хойш 2, 3 удаа үснээс зулгайж зодож байсан... Сална гээд байдаг. Салах юм байлгүй гэж бодоод гэрийг нь чөлөөлөөд өгсөн байгаа. Өөрийн тавилгыг авсан өөрийн гэрт хоёр хүүхэдтэйгээ цуг амьдарья манайх ахынхаа хашаанд байсан ярьж байгаа тал мөнгийг нь өгөөд хашааг нь авсан байгаа. Энийг гэрээ авах юм бол өөрийнхөө гэрийг авч ирж барьна гэсэн бодолтой байгаа. Өөрөө гэрээ авахгүй байгаа. Хамгийн бага хугацаагаар нь ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байтал А ганцаараа нилээн согтуу ирээд гэрийн гадаа машинтайгаа хаазлаад зогссон. Тэгээд намайг унтаж байхад янз бүрийн юм яриад хэрүүл хийгээд байхаар нь би согтуу хүнтэй юу ярих бэ гэж бодоод хэвтэж байтал миний үснээс зуурч татаад галын хайч аваад намайг цохиж зодсон. Би зодуулж байгаад хоёр хүүхдээ аваад түлшний амбаартаа зугтаж орсон чинь араас гарч ирээд хайж байгаад машинаа унаад хашаанаас гарсан чинь манай доод хашааны Эрдэнээ гэдэг хүн гарч ирээд чи эхнэр хүүхдээ аллаа шүү дээ гээд согтуу машин барьж яах нь бэ гээд машиных нь түлхүүрийг булааж авч байсан. Өмнө нь олон удаа зодож байсан. Манай хамаатан садангууд бүгд мэднэ...” гэсэн мэдүүлэг/хх 13-14-рт/,

Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ер нь байнга л зодсон цохиулсан гэж хэлж байдаг. Б надтай хамт зах дээр зогсдог болохоор бүх л зүйлээ ярьдаг. А байнга мөнгө төгрөгний хэрүүл хийж, хардаж сэрдэж байдаг гэсэн. Мөнгө л олдвол архи авч уудаг. Миний дүүг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж зодож, цохиж байдаг. Болохгүй бол сал гэж олон удаа хэлсэн. Би А-тэй уулздаггүй юм. Хэрүүл зодоон болно гэж бодоод...” гэсэн мэдүүлэг /хх 22-рт/,

Насанд хүрээгүй гэрч А.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай аав, ээж, дүү, бид гурвыг унтаж байхад орж ирж ээжтэй хэрүүл хийгээд ээжийг орондоо хэвтэж байхад нь үснээс нь татаж зодсон. Бас галын хайч аваад толгой руу нь цохисон. Би айгаад хажуу айл руу орж нагац ахын эхнэр Т-ийг дуудаад хамт орж ирэхэд аав ээжийг зодохоо болисон. Өмнө нь нилээд олон удаа зодож байсан дандаа ээжийн үснээс нь зулгааж толгойруу нь цохидог...” гэсэн  мэдүүлэг /хх 23-рт/,

Насанд хүрээгүй гэрч А.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Архи их уудаг, согтуу ирэхээрээ ээжтэй хэрүүл маргаан хийгээд тэгээд ээжийг зоддог. Олон удаа ээжийг зодсон. 1 сарын өмнө байх манай аав, ээж, эгч бид гурвыг унтаж баихад согтуу орж ирээд ээжтэй хэрүүл хийгээд, ээжийг орондоо хэвтэж байхад үснээс нь татаад зодсон, бас галын хайч аваад толгойруу нь цохисон. Аав ээжийг өмнө нь 7-8 удаа зодож байсан. Дандаа архи уусан үедээ ээжийг үснээс нь зулгааж, толгойруу нь цохиж зоддог...” гэсэн мэдүүлэг /хх 24-рт/,

Гэрч Ш. Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн шөнө 01-02 цагийн үед гэртээ байж байтал хамар хашааны А-гийн эхнэр Баярмаа уйлаад гэрээсээ гараад ирсэн. Яасан юу болов гэхэд А  согтуу ирээд агсам тавиад зодоод байна гэхээр нь гэрт нь яваад ортол орилоод байж байсан..." гэсэн мэдүүлэг/хх 25-26-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын 2018 оны 05 сарын 31-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №136 дугаартай “...1.Д.Б-гийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд щарх, дух, баруун шанаа, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн дээд зовхи, зүүн хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн гуя, толгойн орой, дагз хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн уйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 16-17-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.А  хохирогч Д.Б  нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь оролцогч нарын “...2010 онд хуримаа хийсэн, гэрлэлтээ бүртгүүлээгүй...” гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар аймгийн Прокурорын газраас  шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Б-ын А-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А   нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй,хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар эмчилгээтэй холбоотой хохирлоо нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ын А-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 6  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,  ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч Б  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА