Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00684

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00684

 

 

 

 

Г.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 17-ны өдрийн 104/ШШ2018/00055 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ганбаатарт холбогдох

Хамтран гүйцэтгэх зээлийн гэрээний үүргээс ногдох хэсэг 4 806 748 18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Алтантуяа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Ганбаатарын ах Д.Баатарзоригт, түүний эхнэр Ч.Одгэрэл нар машин авахад нь мөнгө дутаад байна, хүнээс мөнгө зээлэх гэхээр өндөр хүүтэй байгаа тул цалингийн зээл аваад өгчих хүүгийн хамт төлж өгнө гэсний дагуу Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар Төрийн банк ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЭБ15/131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөг зээлж, 7 000 000 төгрөгийг Ч.Одгэрэлийн данс руу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг Д.Ганбаатарын машины засварт зарцуулсан. Гэтэл Д.Баатарзоригт, Ч.Одгэрэл нар зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул Г.Алтантуяа цалингаасаа үндсэн зээл, хүү нийт 6 336 716 төгрөг төлсөн.

Мөн Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар Төрийн банк ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 31200058135 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2 600 000 төгрөгийг нэмж зээлсэн. Уг зээлийн төлөлтийг Г.Алтантуяа 2017 оны 10 дугаар сарыг дуустал 3 269 960 төгрөг нийт 9 606 676 төгрөг төлсөн. Д.Ганбаатар уг зээлээс нэг ч төгрөг төлөлцөөгүй. Иймд түүнд ногдох үүргийг Г.Алтантуяа биелүүлсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар Д.Ганбаатараас шаардах эрхтэй. Г.Алтантуяа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоогоо буруу хийж 16 613 496 төгрөгөөс бусдад зээлдүүлсэн 7 000 000 төгрөгийг хасч 9 613 496 36 төгрөгийн тал 4 806 748 18 төгрөгийг нэхэмжилсэн байгааг багасгаж 9 606 676 төгрөгийн тал 4 803 338 төгрөгийг хариуцагч Д.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Г.Алтантуяа, хариуцагч Д.Ганбаатар нар 1998 онд гэр бүл болж, 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба өнөөдрийг хүртэл албан ёсны гэр бүл хэвээр байгаа. Харин Г.Алтантуяа 2017 оны 01 дүгээр сард гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ явсан. Д.Ганбаатар хүүхдүүдийн хамт гэртэй байна. Нэхэмжлэгч Г.Алтантуяа, хариуцагч Д.Ганбаатар нарын гэр 2013 онд шатсан. Тэд байшингаа засварлаж, гэртэй тавилга, өөрсдөдөө хувцас авах зорилгоор Д.Ганбаатарын ах Д.Баатарзоригт, бэр эгч Ч.Одгэрэл нараас 7 000 000 төгрөг зээлсэн. Уг мөнгөө төлөх зорилгоор эд хөрөнгөө барьцаалж Төрийн банкнаас хамтарч 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ч.Одгэрэлийн данс руу 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг хоол, хүнс гээд дундын хэрэгцээнд зарцуулсан. Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банктай 31200058135 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж нэмж 2 600 000 төгрөг авсан. Уг мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан. Үүнд: хүүхдийн сургалтын төлбөр, хувцас, хоол унд, Д.Ганбаатарын машины засвар зэрэгт зарцуулсан. Зээлийн эргэн төлөлтийг Г.Алтантуяа цалингаасаа төлж байсан ч Д.Ганбаатар хуваариа хөдөлмөр эрхэлж машинаар ачаа тээвэрлэн гэр бүлээ тэжээж ирсэн.

Мөн Г.Алтантуяа 2017 оноос эхлэн тусдаа амьдарч, Д.Ганбаатар хүүхдүүдээ тэжээж байгаа ч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг зээлээс төлнө гэж хэлсэн амлалтандаа хүрч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 323 500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 320 000 төгрөг төлсөн. Цаашид төлөх мөнгийг ээлжлэн төлөхийг зөвшөөрч байгаа. Харин хамт амьдарч байх хугацаандаа төлсөн мөнгийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганбаатараас 4 803 338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Алтантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 857 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдолдоо:

Г. Алтантуяа, Д. Ганбаатар нар Төрийн банкнаас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЭБ15/131 тоот барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөг зээлсэн. Энэ гэрээний дагуу зээл.хүү 6 336 716 төгрөг төлсөн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 31200058135 тоот барьцааны гэрээ байгуулж, 2 600 000 төгрөгийг нэмж зээлсэн. Уг зээлийн төлөлтийг Г. Алтантуяа 2017 оны 10 дугаар сарыг дуустал 3 269 960 төгрөг, нийт 9 606 676 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь НД-ийн ХХҮХ-т ажиллаж байгаад, ажлаас халагдсан учир зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон ба зээл төлөлтийн хугацаа хэтэрч эхэлсэн. Хамтран зээлдэгч Д. Ганбаатар 2017 оны 11 дүгээр сараас хойш зээлийг хуваарийн дагуу Г. Алтантуяатай ээлжлэн төлөх саналыг Төрийн банк ХХК-д гаргасан.

Үүнээс дүгнэхэд, Д. Ганбаатар нь Г. Алтантуяагийн өмнөх төлөлт хийсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Г. Алтантуяа шүүхэд ИХ-ийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д. Ганбаатарыг ямар ч баримт нотолгоогүйгээр гэр бүлээ тэжээн тэтгэж байсан байна гээд ИХ-ийн 108, 130 дугаар зүйлд зааснаар Д. Ганбаатар, Г. Алтантуяа нарын бусдын өмнө хүлээсэн үүргийг хуваах боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэ

 

 

н байна. Г.Алтантуяа төрийн байгууллагад ажилладаг, сард 538 224-680 319 төгрөгийн цалин авч, үүнээс 372 748 төгрөгийн зээлийг төлж, үлдсэн мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг байсан. Иймд МУ-ын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт гэр бүлийн хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарахгүй гэсэн хуулийн ямар нэгэн хориг байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь хариуцагч Д.Ганбаатарт холбогдуулан хамтран гүйцэтгэх зээлийн гэрээний үүргээс ногдох хэсэг 4 806 748 18 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээгээр авсан мөнгийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан гэж маргажээ.

Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар Төрийн банк ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЭБ15/131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 31200058135 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, дахин 2 600 000 төгрөгийг тус тус зээлсэн, тэд зээлийн мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлэх, машины засварын зардал болон хүүхдийн сургалтын төлбөр төлөх, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэх зэргээр зарцуулсан, Г.Алтантуяа нь зээлийн эргэн төлөлтөд 9 606 676 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 5-7,8-10, 11-24 дүгээр тал/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нар өөрийн өмчлөлийн гэрийн тавилга, хөдлөх эд хөрөнгө, цалин болон түүнтэй адилтгах орлого, үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа байшинг банкинд барьцаалжээ.

Зээлийн гэрээний зээлдэгч талд Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар нь гарын үсэг зурснаар уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 242.12 дах хэсэгт заасантай нийцсэн.

Г.Алтантуяа, Д.Ганбаатар нар нь гэрлэгчид бөгөөд тэдгээр нь тусдаа амьдарч байгаа боловч гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг гэрээгээр хуваагаагүй байх бөгөөд банкнаас авсан зээлийг буцаан төлөх үүргийг хуваарилаагүй байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, гэрлэлт цуцлаагүй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө хуваагдаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг мөн хуваарилах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 17-ны өдрийн 104/ШШ2018/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 805 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ